Шинэ бонд гаргаж, “Чингис”, “Гэрэгэ”-г дахин санхүүжүүлнэ

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

-Монгол Улсын Засгийн газрын өр өнгөрсөн нэг жилд 1.1 тэрбум ам.доллароор өсжээ-

Энэ талаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг мэдээлжээ. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад санал болгохоор бэлтгэж буй ам.долларын бондод “B” гэдэг үнэлгээ өгсөн байна.

Бондын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалтуудыг энэ сарын 21-ний өдрөөс зохион байгуулж байгаа аж.  Төсөлд олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд болох  “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley”, “Nomura” нар хамтрагч, зөвлөхөөр ажиллаж оржээ. Засгийн газар шинээр татан төвлөрүүлэх хөрөнгөөр 2022, 2023 онд хугацаа нь дуусаж буй бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлж магадгүй гэнэ. Одоогоор шинэ бонд гаргаж, хэдий хэмжээний хөрөнгө босгох нь тодорхойгүй байгаа бөгөөд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ мэдээллийг баталгаажуулжээ.

Үүний өмнө буюу өнгөрсөн сард “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В”, төлөвийг “тогтвортой” гэж тогтоосон. Ингэхдээ Монгол Улсын засаглал болон нэг хүнд ногдох орлого ижилхэн “В” үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад сайн байгааг онцолж байлаа. Мөн Монгол Улсын зээлжих төлөвийг “тогтвортой” гэж хэвээр үлдээсэн нь эдийн засгийн энэ онд бий болох сэргэлт, Засгийн газрын өр болон ДНБ-ийн харьцааг харгалзан үзжээ. Гэхдээ агентлаг төсвийн алдагдал, гадаад зах зээлийн нөлөөлөл талаасаа эрсдэлтэй гэдгийг анхааруулж байсан юм. Учир нь манай төсвийн орлого гадаад зах зээлээс шууд хамааралтай бөгөөд төсвийн алдагдал нэмэгдсэн тохиолдолд Засгийн газрын өр өсөх эрсдэлтэй. Тэгвэл зээлжих зэрэглэл тогтоогч өөр нэг агентлаг болох “Мүүдис” өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулсан. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг онцолж байсан юм.

Тухайлбал, Мон­гол Улсын Засгийн газрын 2020 оны есдүгээр сард авч хэрэгжүүлсэн гадаад өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 онд төлөгдөх гадаад өрийн дарамтыг бууруулсан байна. Улмаар 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөрийн дарамт буурч, ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад дарамт бага байна.
 

Улмаар Засгийн газрын нийт зээлийн хэрэгцээ 2021 онд ДНБ-ийн 13.6 хувь гэж сайнаар үнэлсэн байдаг. Ийнхүү олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улс өрийн удирдлагадаа дэвшил гаргасан гэж дүгнээд байгаа. Гэвч энэ сар гарсаар  вакцинжуулалтын үр дүн эрх баригчдын мэдээлж байснаас өөрөөр эргэж,  цар тахлын нөхцөл байдал  Монгол Улсын гол орлого болох түүхий эдийн экспортыг зогсоогоод байгаа. Төсвийн алдагдал төдий чинээгээр буурна гэсэн үг. Энэ нь гадаад өрийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай болж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар болж, цар тахлын нөлөөнд өнгөрүүлсэн өнгөрсөн нэг жилд 1.1 тэрбум ам.доллароор өссөн. Засгийн газрын гадаад өрийн хэмжээг авч үзвэл 2016 оны I улиралд 4.07 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 8.4 тэрбум болж, таван жилийн дотор бүтэн нугалчихаад байгаа. Улсын гадаад өр ийнхүү өссөнийг КОВИД-19 цар тахалтай холбон тайлбарлаж болох юм. Үүний сацуу Засгийн газар сүүлийн жилүүдэд өрийг өрөөр дарах буюу бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээг удаа дараа авсан. Засгийн газар төсөв дэх ачааллаа бууруулахаар өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Энэ зорилтын дагуу Засгийн газар зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн. 

Эргэн сануулахад, 2020 онд “Номад” бондыг гаргаж, “Мазаалай”, “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн бол 10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлсэн. “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.долларыг өнгөрсөн дөрөвдүгээр сард төлж барагдуулсан юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Зас­гийн газар 2024 оныг хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ гэдгийг мэдэгдээд байгаа. Ирэх онуудад төлөгдөх өр төлбөрийн хувьд 2022 оны арванхоёдугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай”, 2026 онд “Номад” бонд байгаа юм. Тэгэхээр одоо гаргах шинэ бондын хөрөнгөөр “Чингис”, “Гэрэгэ” бондуудыг дахин санхүүжүүлж таарах нь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top