Загас хаанаас барьснаа битгий зарлаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Зуны дэлгэр цагт зугаалахаас татгалзах монгол хүн гэж үгүй. Жилийн ихэнх хугацаанд хахир хүйтэн байдаг манай орны ганц баяр баяслын улирал болохоор өөр яах ч билээ. Харин өнөө жилийн хувьд цар тахлын аюулаас болоод ах дүү нартаа очих, аймаг хошуу дамжин наадамлах явдал хязгаарлагдаад байна. Гэхдээ гол, нуураас загас барьсан шиг хээрээр аялах явдал элбэгшиж байгаа.

Аялал зугаалгыг хориглоно гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс загасчлах гэж байгаа хүмүүст зориулж хэлэхэд Амьтны тухай хуулийн 9.2.3-т “Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл”, 9.2.4-т “Буйр нуурын загасыг жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл”, 9.2.5-д “Омоль загасыг жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл”, 9.2.6-д “Зарам загасыг жил бүрийн есдүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл”, 9.2.7-д “Алтайн сугас загасыг жил бүрийн зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл” хориглосон байдгийг сануулъя.

Хориотой үед загасчилсан бол мэдээж эд хэрэгслээ хураалгахаас гадна бага биш торгууль хүртэнэ. Гэхдээ эдгээр дурдсанаас гадна барих загас олон бий. Тэдний үржлийн үе эрт дуусдаг тул зургаадугаар сарын 15-ны өдрөөс хойш агнах нь нээлттэй. Орчин үеийн залуус амьтны амь дэмий үрэхээс цээрлэдэг болсон нь жилээс жилд мэдэгдэж байна. Бариад тавьдаг, зөвхөн хүнсэндээ хэрэглэх гэж ганц, хоёрыг л авдаг загасчид бараг дийлэнх нь байх шүү. Харин үүнийгээ цахим хуудсандаа байрлуулахдаа байршил, газраа тодорхой хариулаад байдаг бол тун ч хуумгай үйлдэл юм.

Загас ихтэй газар янз бүрийн санаа бодолтой хүн очих магадлал өндөр. Үгүй юм гэхэд байгалийн хэсэгхэн газар олноороо цуглах сэдэл төрүүлэх нь хорлосноос ялгаагүй шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top