Д.Эрболд: Сэтгэлийн дуудлагаар тэргүүн хонгор тэргүүтэй хурдан хүлгүүдтэй учирсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Морьтны өв соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын алдарт уяач цолоо хүртээд удаагүй Дундговь аймгийн Хулд сумын уугуул Д.Эрболдыг “Өглөөний зочин” буландаа урьж, ярилцлаа. Түүнийг Дундговь аймгийн алдарт хурдан хүлэг төрийн зарлигт наадамд тав түрүүлж, тав айрагдсан Тэргүүн хонгорын эзэн гэдгээр нь монгол түмэн андахгүй биз ээ.
 


-Сайхан зусаж байна уу. Танай нутгаар зуншлага сайхан уу. Улсын алдарт уяач цолоо өлгийдөн аваад байгаа залуу уяач танд баяр хүргэе. Таны сэтгэлд омогшил, баяр зэрэгцэн байна уу?

-Манай нутгаар сүүлийн хоёр жил хур бороо муутай, малчид, уяачид отор нүүдлийн байдалтай байна. Манайх Хэнтий аймгийн Дархан сумын нутагт отроор нутаглаж, хүлэг морьдоо сойж, уяагаа бэлдэж байна. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Монгол төрийн эрхэм сайхан цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Ах дүү, төрөл садан, нутаг усныхан, уул ус, хангай, моринд хайртай Монголын ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг даах өндөр их үүрэг хариуцлага цолоор дамжин надад оноогдлоо хэмээн бодон сууна.

-Дундговийн уяачид төрийн наадамдаа бэлдээд нөр их ажил ундарч байгаа байх. Энэ жилийн хувьд наадмыг Хүй долоо худагт үзэгчгүй зохион байгуулахаар боллоо. Үүнээс өмнө наадам хийнэ, хийхгүй гэж нэлээд маргалаа. Таны хувьд ямар байр суурьтай байв?

-Дэлхий даяар тархсан цар тахал холуур өнгөрсөнгүй. Улсын наадам үзэгчгүй болохоор боллоо. Аймаг, сумдын наадам хязгаарлалттай байх сураг сонсогдоод чих тавиад байж байна. Морьтны өв соёлоо хайрлан хамгаалж, уламжлуулах их хүсэл тэмүүлэлтэй уяач бидний хувьд, малчдын хувьд жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг. Энэ үедээ улс, түмний наадмаа үзэж баярлаж, морьдоо уралдуулж урам зоригоо авдаг. Бодлоо мялаан бүтэн жил хүлээдэг төрийн наадамдаа хурдан хүлгээ уралдуулна гэдэг уяач бүрийн хүслэн байдаг.

-Хурдан хүлгүүдийнх нь тарга тэвээрэг, хурд хүч сайн байна уу?

-Сайн байна. Өвсний соргог, усны тунгалагт адуугаа бэлчээж, морьдоо сойж, хурдлуулж байна. Манай нутгийн уяачид голдуу отороор хүлэг морьдоо сойж байгаа. Түүхт 100 жилийн ойн босгон дээр Дундговь нутгаас Монгол Улсын манлай уяач гурав, Монгол Улсын алдарт уяач гурав төрж, морьтон түмнээ цэнгүүллээ.

-Таны хувьд төрийн наадамд тав айрагдаж, тав түрүүлсэн Тэргүүн хонгор гээд алдартай сайхан хүлгийн эзэн. Энэ хүлэгтэйгээ хэрхэн яаж учирч, ямар ямар амжилтуудыг гаргаад байгаа билээ?

-Тэргүүн хонгор маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Б.Чулуунбат гэж миний оюутан цагийн найзын унаган адуу. 2010 онд найзтайгаа хоёулаа шуудангийн унаад суугаад Халзан сум руу явж, Тэргүүн хонгороо таньж авсан. “Нутгийн өвгөчүүлийн ярьдаг алтан савт гүү гэж л энэ дээ” хэмээн бодож хүлэг морио олж авсан даа. Тэргүүн хонгор азарга маань дааган цагтаа Өмнөговь аймгийн түүхт 80 жилийн ойд айргийн дөрөв, Өмнөговь аймгийн “Говь шанх” говийн бүсийн даншигт айргийн гуравт хурдалсан. Шүдлэндээ Монгол төрийн наадамдаа айрагт орж ирсэн ч тугний гадуур ороод хараахан айрагдаж чадаагүй. Удаагүй Дундговь аймагт болсон 2012 оны “Бороотой бүс” хэмээх том даншигт түрүү магнайд хурдалж, Өвөрхангай аймгийн Есөнзүйлийн даншигт мөн түрүүлж, шүдлэн насандаа төрийн зарлигтай наадамд хоёр түрүүлсэн. Хязаалан насандаа Монгол төрийнхөө баяр наадамд аман хүзүүнд, “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн даншиг наадамд түрүү магнайд хурдалж, наадамчин олон, нутгийн ард түмнээ өндөлзүүлж сайхан уралдсан. Соёолон насандаа Дүнжингарав наадамд төр, түмнээ цэнгүүлж түрүүлсэн. Хавчиг зургаан настай азарга өнжөөд, долоон настай азарга Говь-Алтай аймгийн “Засагт Ханы хурд” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн. Дундговь аймагт болсон төвийн бүсийн даншиг наадамд 2017 онд айргийн дөрөвт хурдалсан. 2015 онд говийн бүсийн даншиг Тавантолгойн уурхайн 50 жилийн ой төрийн зарлигтай наадамд айргийн гуравт хурдалсан. Намайг аймаг, улсын цолонд хүргэсэн нь тэргүүн хонгор маань билээ. Олон жил хурдан хүлгээрээ, түүнийхээ үр удмаар бахархаж явах сайхан ерөөл хайрласан Б.Чулуунбат найздаа, аав, ээжид нь талархдаг даа.

-Хурдан сайхан хүлгийн эзэн юм аа. Таны өмнөөс омогших мэдрэмж төрлөө. Адуу нь энэ олон удаа улс бүсийн наадамд айраг, түрүүнд ороход эзэнд нь ямар мэдрэмж төрөх үү?

-Наадмын түрүүнд өөрийн морь давхиж орж ирэхэд цээжний цаана зүрх багтахгүй шүү дээ. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс бөмбөрөөд ирнэ. Ер нь ч уяан дээр хүүхдийн гийнгоо цангинаж, улс түмний наадамд морио уралдуулаад, монгол түмнээ баясгана гэдэг омогшсон, огшсон сайхан мэдрэмж байдаг.

-Морьтны соёлоо атгаж яваа залуу уяачтай ярилцах сайхан байна. Хэзээнээс малд нүдтэй болов. Багадаа морь унадаг л байсан байх?

-Балчир ахуй наснаасаа аав, ахынхаа морийг унаж, томроод морьноос хасагдаж, туслах уяачийг хийгээд, оюутны амралтаараа ч морио уялцдаг. Морьд хайртай хүүхэд байлаа. 2011 онд Улаанбаатараас их сургууль төгсөж нутагтаа очоод бие даан Овоот багийнхаа наадамд морь уяж уралдуулдаг болсон. 2014 оноос хойш тусдаа морь уяж эхэлсэн. “Тэнүүн говийн хурд” гал маань мөн онд байгуулагдаж, үүнээс хойш чамгүй хэдэн жил морь уячихлаа. 2010 оноос Сүхбаатар аймаг руу шууданд сууж очиж, өөрийн нүдээр хэдэн адуу худалдаж авсан нь Тэргүүн хонгор, Даншиг цагаан, Чоно хар гээд улс бүсэд олон айрагдаж, түрүүлсэн хурдан хүлгүүд маань билээ.

-Удамт сайхан хүлгүүдийнхээ угшил гарвалын талаар ярина уу?

-Аав маань найз Дэрэнгийн Чулуунбаатар гэж хүнээс 1999 онд цэгээн азарга авчирч, түүний үр төл зээрд адуунууд нутаг орондоо нэртэй хурдалж байсны нэг нь манай адууны толгой Аварга цэгээн морь гэж дуунд хүртэл мөнхөрсөн хурдан сайхан морь байна. Аавынхаа өмчилж өгсөн хурдан цэгээн адууныхаа удмын хэдэн гүүг хадгалж явдаг даа. Гэр бүлийнхний хувьд миний төрсөн ах Д.Эрдэнбулганы Монгол төрийн наадамд түрүүлсэн Тэнүүн хонгор гэж говь нутгийн унаган цуутай хурдан хүлэг байна. Ер нь манай нутаг хурдан хүлэг сайтай.

-Танай адууны биеийн онцлог, хурд, хүч ямар вэ?

-Ах бид хоёр хоорондоо ярьдаг юм. Бидэнд уяа заасан адуу бол манай хэдэн цэгээн адуу. Говийн адуу тэсвэр тэвчээртэй, хүч яаран авахгүй, хоол унд сайн иднэ. Манай цэгээн морь полог аваад гэдэс алдахдаа амархан. Тийм болохоор наадмын урд орой хоолыг нь хасаж өгөөд утна. Аав минь хэлдэг байсан. Адуу дороо полог авдаг учраас хоолны шингэцийг нь сайжруулахын тулд үхрийн шар тос, адууны 3-4 жил өнжсөн хөх хомоолыг шар будаатай холиод утахаар хүний ч нүднээс нулимс гарахааргүй зөөлөн шингэн утаа гардаг. Манай цэгээн адуу холыг туулах чадвар сайтай, цуцаа багатай, үе мөч богинотой, жижигхэн, хавирга сүвээ томтой, голын бяр сайтай адуунууд байдаг.

-2011 онд их сургуулиа төгсөөд шууд л нутагтаа очсон байна. Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ. Хотод их сургууль төгссөн хүмүүс хөдөө, орон нутагт очиж ажиллаж амьдрах, ялангуяа мал маллана гэвэл их ховор болсон цаг шүү дээ. Яагаад нутгаа зорихоор шийдэв?

-2011 онд Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас зохион бүтээх дизайнер мэргэжлээр төгссөн. Өвөө, эмээ, аав, ээж, ах, дүү, төрөл садан хөдөөний малчин, адуучин, тэмээчин хүмүүс байдаг. Хүүхэд ахуй наснаасаа өглөө нарнаас эртлэн босож, хөхүүрийн айраг хулаар залгиад адуундаа мордож, эмээл дэрлэж хээр хонож наадамд уралдаж явсан сайхан дурсамжууд хөдөөд үлдсэн байдаг. Залуу хүн болгон төвийг зориод байвал үр хүүхэд, ач зээдээ өвлүүлж үлдээх сайхан нутаг, морьтон соёл маань эзгүйрнэ. Тийм болохоор нутгаа, морио гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нутагтаа ирж өдий зэрэгтэй яваадаа баярлаж байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн мал сүргээ, төрийн сүлдэнд залаастай байдаг адуугаа хайрлаж шүтэж ирсэн өв уламжлалаа миний үр, ач, зээ, хотын, хөдөөгийн гэлтгүй хүн болгон хайрлаж хамгаалж яваасай гэж хүсдэг.

-Одоо танай нутагт залуу малчид олон уу. Аймгийн алдарт уяачаа хэзээ авлаа. Улсын алдарт уяачдынхаа дунд таныг залуудаа орно гэж бодож байна?

-2011 онд аймгийн алдарт уяач цолоо авсан. Хүндтэй сайхан алдарт уяач олон байдаг. Миний хувьд залуудаа орох байх аа. Намайг хөдөө гарч байх үед залуучууд хөдөө гэхээс илүү төв бараадаж, ажил мэргэжилтэй болох гэж их зүтгэдэг байсан. Одоо тэр үеийг бодоход хөдөө мал маллах залуус олон болжээ. Өвөг дээдсийнхээ өв уламжлалыг сахиж, хурдан хүлгээ уяж сойхыг хүссэн залуус цөөнгүй надтай холбогдож байсан. 

-Ингэхэд загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ер нь ажилласан уу?

-2011-2015 он хүртэл өөрөө загвараа гаргаад хувцсаа хийгээд өмсдөг байсан. Одоо ч төдийлөн зав болохгүй. Морь малнаасаа холдож чадахгүй байна. Төгсөж ирээд мал аж ахуйнхаа хажуугаар нэмнээ, хөлийн шуулт, медалийн суурь гээд хэрэгцээтэй бүхнээ өөрөө хийчихдэг байсан. Одоо бас жаахан залхуу болсон юм болов уу даа.

-Малд нүдтэй хүн гэж монголчууд ярьдаг шүү дээ. Та тийм хүн мөн болов уу. Адуунд их нүдтэй бололтой?

-Би өөрийгөө азтай, адууны хувь ерөөлтэй хүн гэж бодож ерөөж явдаг. Адуу таних ухааныг ийм адуу хурдан, тийм адуу удаан байдаг гэж нарийн зааж өгч байсан хүн байхгүй. Өөрийнхөө мэдрэмжээр, аз хийморь, моринд хайртайгийнх адуугаа таньдаг байх.

-Таны өвөө адуучин, аав тэмээчин, ах нь адуучин гэхээр удамтай уяач хүн юм. Одоо ам бүл хэдүүлээ болсон бэ. Хүүхдүүдээс нь хурдан морийг нь унадаг уу?

-Ам бүл дөрвүүлээ. Эхнэр маань Өлзийт сумын харьяат. Манайхан андахгүй байх. Талын Цэрэн гэж дуучдын удмын бүсгүй байна. Хоёр хүүтэй. Том хүү Жамбалсүрэн 2010 оных. Гурав, дөрвөн жил наадмын морь унаад энэ жил хасагдаж байна. Бага хүү Жамъянсүрэн энэ жил дөрөв дэх жилдээ наадмынхаа морийг унаж хурдлуулж аавынхаа ажлыг нугалж байна. Миний хоёр хүү хоёулаа моринд дуртай. Мундаг унаач хүүхдүүд бий.

-Морь маллах уламжлалт арга ухаанаасаа сонирхуулна уу. Уламжлалт мал аж ахуй, хурдан морьд, Монгол уралдааны өв соёлоо авч үлдэх, хайрлан хамгаалахад одоо юу хэрэгтэй гэж та боддог вэ?

-Манай өвөө нэгдлийн адуучин байсан. Өвөө маань бидэнд хэлж захихдаа сав сааль сайтай, хөл бүдүүн, толгой том, бөгтөр нуруутай гүү сайн. Азарга тавихад хөл бүдүүн, дэл сүүл өтгөн зэргээр шинжээрэй гэдэг байсан. Биднийг хүүхэд байхад цагийн бэрхшээлийг даван туулах чадвар сайтай, сүү сааль ихтэй, дэл сүүл сайтай мал аж ахуйг бий болгохыг зааж өвөлж сургадаг байсан. Одоо бол өвөөгийн захиасаас гадна адуугаа сайжруулах, хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх, бэлчээрээ сайжруулах гээд үр хүүхэддээ үлдээх өв уламжлал, сайн морьдоо бодож явдаг.

-Монголын морин спортын хөгжил, уралдааны чанар, хурдан хүлгүүдийн чансааны тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Эрлийз, монгол адуу гээд ярьж байна. Монгол адууныхаа өв уламжлалыг авч яваа уяачид, шинэ цагийн монгол адууг бий болгож адууг хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх эрмэлзлэлтэй уяачид байа. Аль алийг нь би үгүйсгэдэггүй.

-Монголын морин спорт уяачдын холбооны бодлого, үйл ажиллагаанд оролцож дэмждэг үү?

-Уяачдыг нэгтгэсэн хамгийн том холбоо учраас монголчууд төрөө хүндэлдэг шиг холбооны бодлого, үйл ажиллагаанд оролцдог, дэмждэг. Сүүлд уяачид, хурдан морьдыг цахим бүртгэлд оруулж, нэгдсэн цахим бүртгэлтэй болох гэж байгаа юм билээ.

-Ковид-19 халдвар гараад хоёр жил орчим болж байна. Цар тахал учраас иргэдийн ажил, амьдрал, бүх зүйлд л нөлөөлөх юм. Энэ дунд цахим наадам ч орно. Ер нь энэ үүссэн нөхцөл байдлууд нь уяачид, малчдын аж амьдралд нөлөөлж байна уу?

-Коронавирусний улмаас зарим ажил хойшилж байгаагаас бусдаар болохгүй, бүтэхгүй бүхнийг цар тахал руу чихэж болохгүй. Дэлхий даяар гарсан цар тахлыг бэрхшээлгүй даван туулахын төлөө л байх ёстой. Малчид хөдөө цэвэр агаартаа цагаан идээгээ идээд гайгүй байна. Харин аймаг, сум, нийслэлийн төвд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдлын албан хаагчдад хэцүү жилүүд өнгөрч байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа тэдгээр хүмүүст их талархаж байгаа шүү. Нэмж хэлэхэд, ковид гээд хаврын уралдааныг зохион байгуулахгүй гэсэн яриа их гарах болсон. Улмаар хүүхдийг морь унуулж болохгүй, хүүхдийн эрх гэж хэт нэг талыг барьж ярих хүмүүс байдаг. Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд яалт ч үгүй чухал. Гэхдээ зарим хэт туйлшраас болоод өв соёлоо хайрлах гэсэн морь унах хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүд буурч байна. Бид чинь хүүхэд байхаасаа морин дэл дээр өсөж, уурга, ташуур, чулуу шүүрээд л, тал нутгаараа давхиж омголон сайхан өссөн монголчууд. Хурдан морь унахыг өв соёл, монгол хүн болох талаас нь бас нэг хараад үзээсэй гэсэн нэг бодол надад байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top