Хэний охин өсөж, хэний айраг исэж үү хэмээн нутгийн ах нар айл саахалтаараа бууж мордож явдаг даа. Айраг исэж гэнэ. Охид ч өсөж гэнэ. Гүүгээ барьж, унагаа татаж айлууд хөхүүрээ дүүргэжээ. Гол дагасан хөдөөх гэрүүдийн хаяанаас айраг шуугих чимээ сонсдож, гол дэвтээн аманд чимчигнэх айргийн амт араанд часхийж байна гэнэ. Айраг гэнгүүт арааны шүлс асгардаг монгол зан арилахгүй нь. Хаа холоос сэнхийсэн үнэрээрээ даллаж, 18-тай охид айраг бүлэнгээ амандаа тоо тоолон инээмсэглэх шиг дүр зураг сэтгэлд буув. Хүүхэд байхад эмээ минь биднийг “Айраг бүл, хүн бүхэн мянга, мянга тоол” гэдэг сэн. Нэг, хоёр, гурав гээд тоолж гарна даа. Исчэн шуугих айраг үсчин шаагиж гэзэг үс норгох нь энүүхэнд. Заримдаа нүүрэндээ айраг түрхээд унтчихна. Өглөө босоод хул дүүрэн айраг залгилаад гараад хониндоо чавхдахад өл даагаад л сайхан даа.
Зуны цагт монголчууд цагаан идээгээ голдуу хэрэглэж, айраг уусан шигээ л өнгөрөөдөг дөө. Айрганд цагаалсан хүүхдүүдийн арьс цайгаад л, хацар нь бондойгоод л ирдэг сэн. Өвлийн цагт ханиад шуухинаа эргүүлээд байдаг жаалуудын биенд нь айраг түрхээд элсэн дээр тавьчихна. Намар цаг дөхөж, найр наадмын сураг нисэлдээд ирэхээр хөхүүртээ чангарсан айраг ширээ дүүрэн мэлтэлзээд л айлын эгчийг алсаас сүйлээд аваад явчихдаг сан. “Хэзээ намайг авахаар хэний үр ирэх бол оо” гэж гэгэлзэх 16-тай мөрөөдөмтгий охин уулын орой ширтэн, үүлсийн галбир сонжин, гаравч оровч тольддог болчихно. Ай даа, айраг гэхээр анир алдрах багын дурсамж, аатай ах нар, жаатай эгч нар, Хөх уулын хөндий, хүмүүл таанын үнэр бодогдоно.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ одоо юу донгосоо вэ? Яасан ч ахархан бодолтой усан иэнэг вэ?