Гадаад валютын зах зээлийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн өгч буй мэдээллийг хүргэе.
Тэрбээр “Сүүлийн саруудад зах зээлийн хүлээлт тогтвортой байсны дээр экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрэлтийн өөрчлөлтийг даган гадаад валютын орох урсгал сайжирсан нь төгрөгийн ханш тогтвортой байхад голлон нөлөөлж байна. Тодруулбал, 2021 оны эхний таван сарын байдлаар гадаад валютын цэвэр орох урсгал өмнөх өмнөх жилийн дунджаас 450 сая орчим ам.доллароор их байна. Мөн үүнээс гадна Монголбанк Ковид 19-ийн хүндрэлийн үед валютын зах дээр огцом савлагааг үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авч ажилласны үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байж оны эхнээс 0.04%-аар чангараад байна.
Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хурдацтай хийгдэж, томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлж байна. Манай Улсын экспортын гол бүрэлдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ 2021 онд 10-аас дээш хувиар өсөөд байна. Тухайлбал, 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар зэсийн үнэ 28%-аар, нүүрсний үнэ 11%-аар, төмрийн хүдэр 14%-аар өслөө.
Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ
Түүхий эдийн 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн үнийг суурь болгож индексжүүлсэн
Үнийн өсөлтөөс гадна экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 82 хувиар сайжирснаар 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бүтээгдэхүүний орлого өмнөх оноос өсөж, гадаад худалдааны тэнцэл 535.0 сая ам.долларын ашигтай гарлаа. Ийнхүү түүхий эдийн үнэ болон экспортын хэмжээний өсөлт нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна.” гэв.
Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвийн талаар хэлэхдээ “Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2020 оны дөрөвдүгээр улиралд 1,259 сая ам.долларын ашигтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1071 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт болсон. Улмаар жилийн дүнгээр төлбөрийн тэнцэл 2020 онд 787 сая ам.долларын ашигтай гарлаа. Харин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 170 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд 2021 оны эцэст төлбөрийн тэнцэл 580 орчим сая ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байна.
Эх сурвалж: Монголбанк
Засгийн газраас 2020 оны аравдугаар сард 600 сая ам.долларын бондыг 5.1 хувь буюу харьцангуй бага хүүтэйгээр олон улсын зах зээлд шинээр гаргаж ойрын хугацаанд хүлээгдэж буй Мазаалай, Чингис бондуудын эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр болсон бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард Мазаалай бондын төлбөрийг амжилттай төлж дуусгасан. Энэ нь Монгол Улсын богино хугацааны өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын дотоодын захад эерэгээр нөлөөлөхөөс гадна, олон улсын үнэлгээний байгууллагууд болон хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулж байна. Үүний нэг тод жишээ бол Фитч агентлаг 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” хэвээр үлдээж, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлж буйгаа зарласан явдал юм.
Гадаад валютын албан нөөц 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар түүхэн дээд хэмжээнд буюу 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Ийнхүү гадаад валютын албан нөөц нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь эерэгээр нөлөөлөхөөс гадна Монголбанкны үнэт металл худалдан авалт чухал нөлөө үзүүлж байна. Монголбанк сүүлийн таван жилд нийт 100.0 гаруй тонн үнэт металл худалдан авсан бөгөөд 2020 онд түүхэн дээд хэмжээнд буюу 23.6 тонн үнэт металл худалдан авсан. Харин 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Ингэснээр гадаад валютын албан нөөц нэмэгдэж улмаар олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм” гэв.
Цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төлөвийн талаар “Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдгийн хувьд ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Голдман сакс зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд, мэргэжлийн шинжээчид цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлсэн талаар мэдэгдэж байна. Мөн томоохон хөрөнгө оруулагчид эрсдэлээ тархаах зорилгоор их хэмжээний таваарын гэрээ хэлцэл байгуулж байгаа зэрэг нь Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байна.
Түүнчлэн, манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээрээс дүгнэхэд төгрөгийн ам.доллартой харьцах ханш цаашид тогтвортой байх төлөвтэй байна. Оны эхнээс төгрөгийн ханш бага зэрэг чангарсан үзүүлэлттэй байгаа. Цаашид дотоод болон гадаад орчны эерэг өөрчлөлтүүд хэвээр хадгалагдсан тохиолдолд төгрөгийн ханш үргэлжлэн чангарах ч боломжтой юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )