Том зах зээл, том түншлэл эрэлхийлсэн ЭКСПОГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2021 оны 06 сарын 30

Сүүлийн жил хагасын туршид дэлхийн улс орнуудад сүүдрээ тусгасан цар тахал энэ цаг мөчид ч эрсдэл, сорилтыг дагуулсан хэвээрээ байна. Хэдий тийм ч хямрал, сорилтыг даган эдийн засагт шинэ боломжууд бий болдог зүй тогтол энэ удаад ч тодорхой харагдаж буй билээ.

Хямралын үеийн СОРИЛТ, БОЛОМЖ бүхий л улс орнуудын хувьд гол асуудал болсон энэ цаг үед Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна.

Манай талаас уг ойн хүрээнд “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021”-г зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 5-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж буй юм. 

Жил болгон уламжлалаар биетээр болдог байсан уг арга хэмжээ энэ жил ковидын улмаас цахимаар болж буй нь бидэнд технологийн шийдлийг ашиглах, нөгөө талаас хил хязгааргүйгээр үндэсний бараа бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, сурталчлах, цаашлаад  экспортлох гарцыг нээж өгнө гэж үзэж буйгаа зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагч, бизнесүүдэд 10 өдрийн хугацаанд, 24 цагийн турш нээлттэйгээр танилцуулах, сурталчлах боломжийг энэ удаагийн цахим экспо олгож буйг нэмж тодотгоё. Уншигч танд цахим үзэсгэлэнг танилцуулахаас өмнө хүргэх мэдээлэл бий.

Эхэнд хэлсэнчлэн, манай улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад таван жил болж буй ч, худалдааны балансыг харахаар бид өгөөж хүртэж эхлээгүй байгаа юм. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт энэ удаагийн цахим экспо чиглэж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй. Хоёр орны холбогдох байгууллагуудын төлөөллүүдийн байр суурийг тодотгоё.


Японы гадаад худалдааг дэмжигч “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч O.Күбота:

“Семинарт оролцож буй Монголын компаниуд уг арга хэмжээгээр олж авсан мэдээлэлдээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ Япон руу  экспортлох болон Японы зах зээлд нэвтрэх талаар тодорхой арга хэрэгслийг олж мэдээд, бодитоор хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна. “Жетро” нь хоёр орны худалдаа, бизнесийг өргөжүүлэхийн  тулд Монголтой хамтран цаашдаа ч тодорхой үүрэг гүйцэтгэсээр байх болно.” гэсэн юм.

Япон улсын Эдийн засаг,  худалдаа, аж үйлдвэрийн  Дэд сайд K.Эжима:

“2016 онд Монголын анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болох Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжин эхэлж, түүнээс хойш хоёр улсын хоорон дахь худалдаа, хөрөнгө оруулалт аажим аажимаар ч гэсэн баталгаатайгаар нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч хоёр орны аж үйлдвэрийн салбарын чадавхыг харахад, хөгжлийн орон зай байсаар байгаа. Төр, хувийн хэвшил хамтран бизнесийн хандлагаа цаашид улам идэвхжүүлэх шаардлагатай гэж бодож байна” гэснийг тодотгоё.

ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан:

“Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ тоо үзүүлэлт 2020 онд нэлээд унаж, одоогийн байдлаар 7.5 хувьтай байгаа. Энэ бол 40 орчим хувиар унасан гэсэн статистик байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хүрээнд ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бараа зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы зах зээлд нийлүүлэхэд, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдож буй хөнгөлөлт, давуу талыг ашиглах асуудал чухлаар тавигдаад байна. Манай уул уурхайн бус салбарын бизнесүүд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Арав хоногийн турш үргэлжлэх цахим үзэсгэлэнд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд цахим үзэсгэлэн дэм болно гэж итгэж буйгаа илэрхийлээд амжилт хүсэж байна" гэсэн юм.

Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Баярсайхан:

“Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны гадаад худалдааны баланс ерөнхийдөө их тааруухан байв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Япон улсаас 2 тэрбум ам.долларын хэмжээний бараа худалдан аваад буй  бол гаргаж  байгаа бараа бүтээгдэхүүний хувьд гуч, дөч дахин бага. Ер нь их хангалтгүй байгаа. Тийм учраас бид жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ хүрээнд бараа бүтээгдэхүүнийхээ чанар, бүтээмжийг сайжруулж, Япон улсын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүнүүдээ гаргах зорилготойгоор жижиг, дунд үйлдвэрлэлээ, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах шаардлага үүсэж байна. Хэлэлцээрийн үр дүн бол арван жилийн хугацаанд тодорхой хэмжээний бараануудын татварыг тэглэх хэмжээнд аваачих зорилготой байгаа. Гэтэл таван жил нь ингээд өнгөрчихлөө. Ирэх таван жилд гадаад худалдааны балансыг дээшлүүлэх тал дээр талууд хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой гэж бодож байна" гэсэн юм.

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:

“Цаашдын бидний  зорилго Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөнгөн, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг Японы хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, холбоо тогтоох, Японы хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ үзэсгэлэнгээс олон гэрээний суурь тавигдан, Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, жил ирэх бүрд Япон улсад экспортлох бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж итгэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


Харин одоо цахим үзэсгэлэнгийн мэдээллийг хүргэе. Энэ жилийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчид салбар,  салбараараа Японы тухайн чиглэлийн бизнесүүдэд уулзалт танилцуулга хийж байгаа. Зургаадугаар сарын 28-нд “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт” болсон бол 29-ний арга хэмжээ “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдсан юм.

www.ExportMongolia.org  цахим талбарт бүртгүүлж, нэвтэрснээр  “Монгол Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээний семинар, үзэсгэлэнгийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг   Монгол, Япон хэл дээр авах  боломжтой.

ЦАХИМ ТАЛБАР ДАРААХ ЦЭСҮҮДТЭЙ

 

  • ҮЗЭСГЭЛЭН
  • ХУРЛЫН ТАНХИМ
  • ОРОЛЦОГЧИД
  • ТӨСӨЛ
  • МОНГОЛ
  • ТУСЛАМЖ

Үзэсгэлэн гэсэн Дэд цэс дээр дарж, нэвтэрч орсноор Японы зах зээл, бизнесүүдэд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж буй Монголын компаниудын мэдээлэлтэй танилцах юм.

Энэ жилийн цахим үзэсгэлэнд, хүнс, ЖДҮ эрхлэгч компаниудын төлөөлөл түлхүү оролцож байна. Тухайлбал, Хүнсний салбарын үзэсгэлэнд оролцож буй "Чацарганы кластер” нь “Цэс хайрхан”, “Эко Эрдэнэ”, “Шар Доктор” “Увс Фүүдс” гэсэн хэд хэдэн компанийн нэгдэл байна. 

Мөн Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн нэгдэл гэхэд “Янмал”, “Edem” брэнд, “Содон Фүүдс”, “Цаст Согоот”,” Эко Лайф Брэнд”, “Каспийн Эрдэнэс” зэрэг аж ахуйн нэгжүүдээс бүрджээ. 


ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГЭЭР БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД САНАЛ БОЛГОЖ БАЙГАА КОМПАНИУД

 

  • Хүнс үйлдвэрлэл
  • Хөдөө аж ахуй
  • Жижиг, дунд үйлдвэр
  • Хөнгөн үйлдвэр
  • Аялал жуулчлал
  • IT технологи
  • Бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бараа, бүтээгдэхүүнийн дэлгэрэнгүй мэдээллүүдээ  цахим үзэсгэлэнд байршуулжээ. 



Японы бизнес эрхлэгчдэд бизнес, брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан Монголын компаниудын мэдээллээс хүргэж байна

Х.Цэвэлмаа: Бизнесийн зардлыг бууруулахад хамтын хүчин зүтгэл чухал

“Чацарганы кластер - Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”-ны УЗ-ийн гишүүн, зөвлөх, доктор, профессор Х.Цэвэлмаа “Монгол-Японы хүнсний салбарын бизнесийн хамтын ажиллагааны боломж, сайн туршлага” сэдвээр илтгэл танилцуулсан юм.  Түүний илтгэлээс тодотговол, Чацарганы кластер их өвөрцөц, өрхүүдтэй ч, ЖДҮ-тэй ч, том компаниудтай ч хамтран ажилладаг хэмээн онцолсон. Шинэ хэрэглэгчдэд, шинэ бүтээгдэхүүн хүргэхэд хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон учраас кластерын хэлбэрийг сонгосон. Монголд бизнес эрхлэхэд зардал өндөр, зардлыг бууруулахад хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг хэлж байлаа.
 


2015 оноос ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”-ны дэргэд байгуулагдсан Чацарганы кластерын үйл ажиллагаа 2018 оноос ТРАМ төслийн дэмжлэгтэйгээр улам эрчимжжээ.  Түүнчлэн аж үйлдвэрийн зохистой дадал, компаниудын түвшин, стандарт улам ахиж байгаа. Компаниуд өндөр соёлыг нутагшуулж, илүү өндөр хэрэглээний түвшинд хүрэхээр ажиллаж байна. Хүртээмжтэй өсөлтөд голлон анхаарч байгаа. Гадаад зах зээл, тэрдундаа Японы зах зээлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар ажиллаж байна гэлээ.


Б.Мөнхбаяр: Бизнесээ илүү далайцтай явуулахад хөрөнгө оруулалт хайж байна

Mind Tech компанийн үйлдвэрлэл хариуцсан  захирал Б.Мөнхбаяр Япон улсын зах зээлд генийн өөрчлөлтгүй ургамлын тос нийлүүлэх хүсэл, зорилготой байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр “ Манай үйлдвэр ургамлын тосоо Д витаминаар баяжуулах зорилготой байгаа. Мөн манайд байгаа сайн жимс бол  чацаргана. Тиймээс чацарганаар  баяжуулах, судалгаа явагдаж байгаа. Үйлдвэрлэсэн тосоо Япон улсад  худалдаалахыг чухам яагаад сонирхож буй талаар хэлэхдээ “Генийн өөрчлөлтгүй хүнсийг япончууд нэлээн өндөр үнэтэйгээр авч хэрэглэдэг. Канад,  Америкаас ургамлын тосоо импортоор авч хэрэглэдэг юм билээ.

Генийн өөрчлөлтгүй тос нь зах зээл дээр байгаа бусад тосноосоо хоёр дахин үнэтэй гэсэн судалгаа байсан. Бид бол Япончууддаа аль болох хямдаар зарахыг хичээнэ. Япончуудын хүнсний соёл,  ургамлын тос хэрэглэх соёл нэлээн өндөр түвшинд байдаг учраас генийн өөрчлөлтгүй эрүүл рапсын тосыг Япончуудад нийлүүлэхийг сонирхож, хүсэж байгаа.  Манай үйлдвэр, бизнест хамтран ажиллах  хөрөнгө оруулагчдыг   сонирхож байгаа. Манай үйлдвэр бэлэн болсон, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээл дээр гарсан. Бизнесээ илүү  томоор далайцтай явуулахад хөрөнгө оруулалт сонирхож байна" гэсэн юм.


Г.Энхбаяр:  Том зах зээлийн экспортыг   сонирхож байна

“Тэсо” корпорацийн Экспортын албаны дарга Г.Энхбаяр Японы бизнес эрхлэгчдэд хандан танилцуулга, мэдээлэл хийсэн. Тэрбээр “Энэ удаагийн экспод бид өөрийн тодорхой брэнд бүтээгдэхүүнүүдээр оролцохгүйгээр түүхий эдэд чиглэсэн үйл ажиллагаагаараа оролцож байгаа. Бид Японы зах зээлийг судалж үзээд өөрсдийн брэндээр оролцох нь боломжгүй юм байна гэж үзсэн. Япон хүний сэтгэхүй,  энд  Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хайрцаг саванд гарч байгаа сэтгэхүй гээд олон ялгаанууд байгаа учраас бид түүхий эд материалаар оролцох сонирхол их байгаа.

Экспортын туршлагын хувьд БНХАУ,  түүн  дотор ӨМӨЗО,  Шанхай,  Хонконг болон Казахстан, АНУ, БНСУ гээд экспортын туршлага  гайгүй болж  байгаа. Япон улс руу экспортууд хийж үзсэн. Одоо бол том зах зээлийн экспортыг сонирхож байна. Том зах зээл дээр  хамгийн түрүүнд чацарганатай бүтээгдэхүүнүүд байж болно. Хуурай чацаргана, чацарганын үрийн тос, чацарганын тос  капсултай,  капсулгүй гээд бүх төрлөөрөө байж болно. Дээрээс нь тэмээ,  ямаа,  адуу зэрэг ногоон тэжээлт амьтдын сүүг боловсруулан гаргаж болно. Мөн махан төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах байж болно. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг бид энэ экспогоор санал болгож байна” гэв.


Г.Баянмөнх:  “MORI” маш чухал биологийн үйлдэлтэй бүтээгдэхүүн

“Бурхан сутай” ХХК-ийн үйлдвэрийн менежер Г.Баянмөнх Японы бизнес эрхлэгчдэд  “МORI” брэндийн танилцуулгыг хүргэсэн юм. Тэрбээр “Монгол адууны яснаас гарган авсан бэлдмэл болох “MORI” брэнд нь 20 төрлийн органик амин хүчил агуулсан бөгөөд дархлааг дэмжихээс гадна түүнд агууллагддаг олон төрлийн амин хүчлүүд нь ясны сийрэгжилт, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие организмын бодисын солилцоог сайжруулах, биеийн өсөлт хөгжлийг дэмжих, хүний биед нэн хэрэгцээтэй уураг, үл орлогдох амин хүчил, эрдсийн хэрэгцээг нөхөх зэрэг өндөр ач холбогдолтой. Хүнснээс авах шаардлагатай бүхий л төрлийн амин хүчил, уураг зэргийг бүх насны хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр авч болно. Манай бүтээгдэхүүн маш чухал биологийн үйлдэлтэй бүтээгдэхүүн. Манай Монгол адуу бол хамгийн эрүүл, хамгийн дасан зохицох чадвартай, салаа туурайтай. Малын өвчнөөр өвчилдөггүй, дархлалын онцлог системтэй амьтан” гэсэн юм.


 

н.Агар-Эрдэнэ: Чацарганы тос манай компанийн экспортын гол бүтээгдэхүүн

“Хаан жимс SBT”  ХХК-ийн гадаад харилцаа хариуцсан менежер н.Агар-Эрдэнэ Японы бизнес эрхлэгчдэд  “Хуба Хаяа” чацарганы бүтээгдэхүүнүүд болон үйлдвэрийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хуба Хаяа” брэнд нь чацарганы цэвэр охь,  шүүс, луувантай хольсон чацарганы нухаш, чацарганы үрийн тос болон зөөлөн эдийн тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнээс бүрддэг. Чацарганы тос бол тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн. “Хуба Хаяа” үйлдвэр 2016 онд байгуулагдсан. Чацаргана тариалах, хурааж авах, боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж ХБНГУ-аас орж ирсэн. 2019  онд үйлдвэр ISO гэрчилгээгээ гардаж авсан.  Монгол Улсын Сэлэнгэ болон Төв аймгуудад өөрийн талбай дээр чацарганаа тариалдаг” хэмээн танилцуулсан юм.

“Хос Аз” ХХК Японы зах зээлд экспортоо эхлүүлсэн

“Хос Аз” ХХК-ийн захирал,  Монгол Улсын зөвлөх инженер Н.Зоригт  Японы  талтай хамтран ажиллах саналаа танилцуулсан. Тэрбээр уг экспод оролцож буй зорилгоо,  Монголд үйлдвэрлэсэн хүүхдийн өвөл,  зуны гутлыг Японы  зах зээлд гаргах,  шинээр баригдаж буй жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх үйлдвэртээ  хөрөнгө оруулах түншүүдийг олох гэсэн юм.


“Хос Аз” гутлын үйлдвэр 2005 онд байгуулагджээ. Монголын цэрэг,  цагдаа зэвсэгт хүчинд 40-өөд  мянган хос гутал нийлүүлж эхэлж байсан бол 2015 онд шинээр хүүхдийн  гутлын үйлдвэр байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Итали технологи, хийцээр үхэр, ямааны арьсаар үйлдвэрлэдэг гутлын чанар сайн. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг Н.Зоригт хэлж байна. Тус компани жилд 1.5-3 сая ам.долларын гутал үйлдвэрлэдэг. 2017 оноос Японы зах зээлийг  судалж байгаа. “Монгол экспорт”  компанитай хамтраад Японы хүүхдийн гутлын зах зээлийг судлан, анхны экспортоо эхлүүлсэн. Японы зах зээлд доод тал нь 30-40 мянган хос гутал экспортлох төлөвлөгөөтэй байгаа. АНУ-ын зах зээлд хүүхдийн гутал нийлүүлж байгаа гэлээ.


“Монголын хаан Ширхэгт” тэмдгийг танилцуулав

 “Монголын Ноос, Ноолуурын Холбоо” цахим экспод оролцож,  Монгол ноос, ноолуур, бусад ширхэгтийн чанар, давуу талыг дэлхийд таниулах “Монголын Хаан Ширхэгт”  тэмдэгийн талаар Японы бизнесүүдэд танилцуулсан. Ноолуур бол уул уурхайн дараа хоёрдугаарт бичигдэх Монголын экспортын бүтээгдэхүүн. Японы зах зээлд  5-6 сая ам.долларын ноос ноолуурын бүтээгдэхүүн экспортод гаргадаг. 2018 онд 7 сая ам.долларын ноос, ноолуур, бүтээгдэхүүн   экспортод гаргаж байсныг мэдээлэлдээ дурдсан. “Жетро” төслийн хүрээнд бүтээгдэхүүний чанар,  мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах ажлууд хийж байсан. Цаашид Японы зах зээлд ноос ноолуурын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Монгол Улсын Засгийн газар, Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран  Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр  “Монголын Хаан Ширхэгт”  тэмдэгийг хөгжүүлж байгаа гэлээ.

“Монголын Хаан Ширхэгт” тэмдэгийн АЧ ХОЛБОГДОЛ НЬ Монгол Улсын ширхэгт бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, зөв сонголт хийхэд тусална. Бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэрэглээний үзүүлэлтүүдийг бүрэн хангасан Монгол улсын өндөр чанартай ширхэгт бүтээгдэхүүн гэдгийг  илтгэнэ. Хамгийн сайн ширхэгт эдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгийг гэрчилнэ. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгчийн шаардлагыг хангаж, нэмүү өртөг шингээсэн болохыг гэрчилнэ гэсэн мэдээллийг өгсөн. Энэ удаагийн  цахим экспогийн хүрээнд Японы бизнесүүдтэй интернэт худалдаа,  бизнес уулзалтууд хийхээр зорьж байна гэсэн юм.

 


“Lhamour”-ын философийг бусад улс орны хэрэглэгчид ч ойлгож, хүлээж авч байгаа гэв

Арга хэмжээнд “Lhamour Mongolia” ХХК-ийн  захирал Д.Хулан оролцож, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулсан.  2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани Монголынхоо газар доорх биш газар дээрх баялгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүний арьсны асуудлыг шийдэж өгдөг болохыг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон. Lhamour брэндийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад “Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, эх дэлхийгээ хайрла” гэсэн философийг нь дэлхийн бусад улс орны хүмүүс ч ойлгож, хүлээж авч байгаа. Тус компанийн үйлдвэр хаягдалгүй, бүх түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хэн хэн нь хэрхэн яаж байгальд ээлтэй байх вэ гэдэгт анхаардаг.  Арьс арчилгааны брэнд гэхээсээ эрүүл амьдралын хэв маягийн брэнд болсон гэдгийг Д.Хулан хэлж байсан.

“Lhamour Mongolia” ХХК-ийн  бүтээгдэхүүнүүдийн экспорт 2016 оноос эхэлсэн. Австрали,  Тайланд, АНУ, Япон, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудад “Lhamour”-ын бүтээгдэхүүнүүд хүрч байна. Япон улс руу экспортоо хийхийн тулд 2 жилийн хугацаа шаардагдсан. Тус улсын лабораторийн шинжилгээнүүд нэлээн уддаг юм байна. Тиймээс лабораторийн хариу нь гарсан бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь экспортод гаргаж байгаа  гэв. Японы хэвлэлүүд  “Lhamour”-ын бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй гэдгээр  онцлон бичиж байгаа гэсэн юм.


Үндэсний интерьерийг бүтээгч ХААДЫН ГЭР

“Хаадын гэр” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулсан.Монголын түүх, өв соёлд тулгуурласан, орчин цагийн хэрэглээнд нийцсэн  “Хаадын гэр” брэнд Монголын интерьерийн салбарт Үндэсний интерьерийг бий болгон, шинэ инновацыг нэвтрүүлж, орон сууц, хаус, аялал жуулчлал, зочид буудалд  үндэсний онцлогоо шингээсэн үеэс үед өвлөгдөх бүтээгдэхүүнийг урлан хэрэглэгчдэдээ бэлэг барихыг зорьдог болохыг мэдээлэлдээ онцолсон.

Анх 2014 оноос үйл ажиллагаа явуулж, Монгол гэр хийж эхэлсэн бол жилээс жилд бүтээгдэхүүний хөгжүүлэлт амжилттай хийгдсээр, сүүлдээ интерьерийн хөгжүүлэлтийн түвшинд анхааран ажиллаж байгаа аж. Цэвэр байгалийн түүхий эд  буюу нарс, царс  мод, шавар,  ноос гэсэн түүхий эдүүдээр,  түүх, уламжлал, орчин цаг  гэсэн гурван концепцид тулгуурласан дахин давтагдашгүй загвар хийцтэй бүтээлүүдийг 100 хувь гар аргаар,  үеэс үед хэрэглэгдэх удаан эдэлгээтэйгээр бүтээдэг гэдгээ Японы бизнесүүдэд танилцууллаа. Хүннүгийн үеийн бэлгэдэл, дүрслэл бүхий бүтээлүүд Монголчууд болон гаднын хэрэглэгчдийн анхаарлыг татдаг гэсэн юм.


“Шилмэл Дизайн” ХХК  Японы зах зээлд гарахад дэмжлэг хүсэв

 “Шилмэл Дизайн” ХХК оролцож, үйл ажиллагаа,  бүтээгдэхүүнээ Японы бизнес эрхлэгчдэд танилцуулсан. 2009 оноос хойш оёдлын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани бүх төрлийн ажлын хувцсыг захиалагч байгууллага, иргэдийн хүссэн өнгө, загвар хийцээр хурдан хугацаанд хийж өгдөг арвин туршлагатай. Дүүргийнхээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвтэй хамтран кластераар өрх болон бичил бизнес эрхлэгчдийг хөгжүүлж ажил үйлчилгээ, шардлагатай тохиолдолд нэмэлтээр тоног төхөөрөмжөөр ханган амжилттай ажиллаж байгаагаа танилцууллаа.

2020 оноос эхлэн Төсөөллөөс урган гарсан “Содкашмер” брэндийг үүсгэн байгуулж эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ноосон пальтог зах зээл дээр амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өрөгжүүлэн ажиллаж байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний Содкашмер  нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголдоо төдийгүй дэлхийд таашаагдах брэндийг бий болгохыг зорьж байна.Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлох эрхэм зорилготой тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь, Хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэглэл үйлдвэрлэх бөгөөд бүтээгдэхүүнүүдийнхээ давуу талыг Японы бизнесүүдэд танилцуулсан юм. Бүтээгдэхүүнүүдээ Японы зах зээлд гарч,  байр сууриа эзлэхэд  дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүмүүсийг хайж буйгаа тус компанийн зүгээс мэдэгдлээ.


Накамура: Үнэ, Чанар, Тээвэрлэлт тогтвортой байх ёстой  

Цахим форумын өчигдрийн арга хэмжээнд Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвөөс “Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын боломж” сэдвийн хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгснийг тодотгоё. Уг төвийн үйл ажиллагааг Монголд эрхлэн явуулагч эрхмүүдийн нэг Накамура хэлэхдээ “20 жилийн хугацаанд арьс, шир, нүүрс гээд Монголын олон бүтээгдэхүүнийг Японы зах зээлд танилцуулсан. Монголын бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд тогтвортой нийлүүлэхэд, анхаарах ёстой 3 зүйл бий. Үнэ, Чанар, Тээвэрлэлтийн цаг хугацаанд анхаарах шаардлагатай байдаг.  Тогтсон чанартай зүйлийг тогтсон цагт тогтсон үнэтэйгээр хүргэж чаддаггүй нь Япон руу хийх экспорт сайн нэмэгдэж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж тэр үзэж байна. Япон руу хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу арьс шир гаргаж байсан. Тэгэхэд чанарын хувьд нийцэж байсан ч, тогтсон цагтаа,  тогтсон үнэтэй гаргаж чадаагүй учраас бизнес болж чадаагүй гэсэн юм. Тиймээс дээрх гурван зүйл дээр импортолж байгаа бизнесүүд ч анхаарах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр дээрх гурван асуудалд цогцоор нь анхаарал хандуулж, амжилттай үйл ажиллагаа явуулж буй компанийг танилцуулсан.“Hush Tug Mongolia” компани эцсийн бүтээгдэхүүн хүртэл нь Монголдоо  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы зах зээлд амжилттай гаргаж байгаа. Сард 500 сая монгол төгрөгийн борлуулалт хийж байгаа. Үнэ,  чанар,  тээврийн асуудалдаа анхаарал хандуулсан. Японы чанарын хяналтын мэргэжилтэн Монгол дахь тус компанид ажиллаж, Японы хэрэглэгчдийн хүсэж буй чанарын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн тус зах зээлд нийлүүлдэг. Япон, Монгол хоёр орны иргэдийн хүсэл, мөрөөдөлд бага зэргийн ялгаа бий. Хоёр талын тэрхүү зөрүүг олж харж,  нөхөхөд бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй  гэж зөвлөлөө.


Монгол Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ долоодугаар сарын 5-ныг хүртэл www.ExportMongolia.org цахим талбарт үргэлжлэн, явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top