ХКН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан цуврал нийтлэл
Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү
1921 оны 07 сарын 23-ны орой. Шанхай хотын Ванжи гудамжны 106 тоот буюу тухайн үеийн Францын эзэмшлийн бүс дэх нэг давхар жижигхэн саарал тоосгон байшингийн үүдээр энгийн даруу хувцасласан идэр залуу насны арав гаруй хүмүүс хэсэг хэсгээр цувран орж ирэх нь нэгэн чухал үйл хэрэгт шамдаж буй нь илт.
Тэд нар бол хэдэн мянган жилийн турш феодалын дарлалд нухлагдаж харийн түрэмгийлэлд автсан Хятадын ард түмний үндэстний сэргэн мандлын хөшгийг нээх түүхэн үйл явдал болох ХКН-ыг үүсгэн байгуулах Анхдугаар их хурлын төлөөлөгчид байлаа. 1920 оны хавраас эхлэн Бээжин, Шанхай хотод марксизм-ленинизм, коммунист онолыг судлах нийгэмлэгүүд байгуулагдаж, тухайн үеийн нийгмийн дэвшилтэт үзэлтэй шинэчлэлийг талархан дэмждэг сэхээтэн залуучуудын дунд марксист үзэл онол түгэн дэлгэрэх суурь тавигдаж харанхуй хоцрогдлын мөсөн уулыг хага ярах өөрчлөлтийн түрлэг ойртсоор байлаа.
1921 оны 6 дугаар сарын 3-нд Коминтерны гүйцэтгэх хорооны төлөөлөгч, Голландын иргэн Мари Сневлит Шанхай хотод хүрэлцэн ирж, тухайн үед Хятадын коммунист намыг байгуулах зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан Ли Да, Ли Вэйхан нартай уулзан тэдний ажлын явцтай танилцсан дараагаа Коминтерны төлөөлөгч Мари Сневлитийн санаачилгаар ХКН-ын Анхдугаар их хурлыг нэн яаралтай хуралдуулах түүхэн шийдвэр гаргав. Дөнгөж эхлэл төдий байсан ХКН-ын 50 гаруй гишүүдийн төлөөлөл болгож 13 төлөөлөгч сонгогдон хурал зохион байгуулагдах Шанхай хотод 7 дугаар сарын 21 гэхэд цуглан хурлын бэлтгэл ажил ч гэсэн жигдэрсэн байлаа. Энэ үед Коминтерны Алс Дорнодын хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газар болон Дэлхий хөдөлмөрчин коммунист хөдөлгөөний төлөөлөгч Владимир Абрамович Нейма(Никольский)мөн уг хуралд оролцохоор Шанхайд ирэв.
Ийнхүү сар хагасын богинохон хугацаанд бэлтгэлээ хангасан ХКН-ын Анхдугаар их хурлын төлөөлөгчид нь:
Шанхай хотын төлөөлөгч: Ли Да, Ли Вэйхан, Бээжин хотын төлөөлөгч Жан Гүотао, Лью Рэнжин, Чанша хотын төлөөлөгч Мао Зэдун, Хэ Шүхэн, Ухан хотын төлөөлөгч Дүн Би-Ү, Чэнь Танчю, Жинань хотын төлөөлөгч Ван Жимэй, Дэн Эньмин, Гуанжоу хотын төлөөлөгч Чэнь Гүнбө, Японд суралцагчдын төлөөлөгч Жөу Фэйхай болон ХКН-ын үүсгэн байгуулагчдын нэг, алдарт коммунист Чэнь Дүшүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бао Хуйсен нар байсан бол уг хуралд Коминтерны төлөөлөгч Мари Сневлит, Коминтерны Алс Дорнодын хэлтсийн төлөөлөгч Владимир Абрамович Нейма (Никольский) нар оролцоход Шанхай хотод бэлэн болсон байлаа. Харин тухайн үеийн ХКН-ыг үндэслэгч, их хувьсгалч Ли Дажоу, Чэнь Дүшүй нар аль аль тодорхой шалтгааны улмаас уг их хуралд оролцож чадаагүй юм.
1921 оны 7 дугаар сарын 23-нд эхэлсэн ХКН-ын анхдугаар их хурлыг Жан Гүотао даргалж Мао Зэдун, Жоу Фэйхай нар протокол хөтлөн нарийн бичгийн даргаар ажиллав. Тухайн үеийн Хятад орны эрх баригчид цэргийн дарангуйлагчдын гар хөл болсон харигч цагдаагийн мөрдлөг мөшгөлгөөс болж хурлын үйл ажиллагаа нууц байдалд өрнөж байв. 7 дугаар сарын 23-с эхэлсэн хурал 5 хоног хуралдаж ХКН-ын албан ёсоор үүсгэн байгуулах үйл ажиллагаа, Хятад улсын үндэсний ардчилсан хувьсгалын үйл явцыг түргэтгэх, Марксист үзэл онолын түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын дарангуйлагчдаас эх орноо чөлөөлөх гэх мэт олон талын асуудлыг нухацтай хэлэлцсэн байна.
Хурал 6 дахь өдрөө үргэлжилсэн 30-ны өдөр хурал эхлээд удаагүй байтал тухайн үеийн харгис цагдаагийн тагнуул энгийн хувцас өмсөн орж ирэн хурал болж буй газрыг илрүүлмэгц олон жилийн хувьсгалт тэмцлийн туршлагатай Мари Сневлитийн саналаар хурлыг түр завсарлуулах шийдвэр гарган тус тусдаа өөр өөр газарт очин байрлахаар яаравчлан тараад тун удаагүй байтал хотын эрх баригчдын заавраар цагдаагийн бүрэлдэхүүн ирж уг барилгыг бүрэн нэгжлэг хийв. Уг гэнэтийн үйл явдлаас болж хотын цагдаагийн газар Шанхай хотод коммунистуудыг баривчлах мөрдлөг өргөн хүрээнд өрнүүлж ХКН-ын төлөөлөгчид түр хугацаанд нууц байранд нуугдах болов. Хурлын үйл ажиллагаа бүрэн дуусаагүй мөн хамгийн чухал олон бичиг баримтыг батлаагүй байсан тул хурлыг зохион байгуулах ажлыг голлон хариуцаж байсан Ли Да эхнэрийн хамт олон газар судлан үзсэний дараа хурлыг үргэлжлүүлэх хамгийн аюулгүй тохиромжтой газар гэж үзэн Жяшин хотын Өмнө нуурт хөвж байдаг жижиг оврын загасчны онгоц дээр 8 дугаар сарын 2-ны орой хурлаа үргэлжлүүлэв. Ийнхүү нууран дээрх загасчны жижиг онгоцон дээр үргэлжилсэн ХКН-ын анхдугаар их хурал 8 дугаар сарын 3-ны үүрээр өндөрлөж ХКН-ын үндсэн дүрэм болох ХКН-ын эрхэмлэн явах мөрийн хөтөлбөрийг баталж гаргаж, анхны удирдах байгууллага болох ХКН-ын Төв Товчоог байгуулан товчооны даргаар Чэнь Дүшүй, Зохион байгуулалтын хэлтсийн даргаар Жан Гүотао, суртал ухуулгын хэлтсийн дарга бөгөөд “Коммунист нам” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр Ли Да тус тус томилогдон намын цаашдын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах болов. Намын нэрийг албан ёсоор Хятадын Коммунист нам (ХКН) гэж нэрлэх болов.
Ийнхүү Хятадын ард түмний хүсэл зорилгоор эвлэлдэн нэгдсэн ХКН үйл ажиллагаагаа асар хурдан өргөжүүлж гишүүдийн тоо ч өргөжихийн зэрэгцээ гадаад харилцаагаа тэлж БХК(б)Н, Коминтерны Гүйцэтгэх хорооны дэмжлэгийг авч боловсон хүчнээ сургах, үзэл санаа суртал ухуулгын олон ажлыг хамтран хэрэгжүүлэх болов. Франц, Герман зэрэг өрнөдийн орнуудад суралцаж байсан Хятадын оюутан залуусын дунд ХКН-ын салбар үүрүүд байгуулагдан зохион байгуулалтад орж улмаар БХК(б)Н-ын туслалцаатайгаар Москва хотод Дорно дахины хөдөлмөрчин коммунистуудын их сургууль, хожим нь Сун Ятсены нэрэмжит их сургуульд 1600 гаруй хятадын коммунист залуучууд сургалцан төгсөж тэд цаашдын ХКН болон БНХАУ-ын удирдан жолоодож явсан юм. Тэдгээр оюутнуудын дунд Лю Шаочи, Жоу Эньлай, Дэн Сяо нарын БНХАУ-ын төр засгийн том удирдагч нар байлаа.
МАН, ХКН-ын түүхэн харилцааны эхлэл
1921 онд Монгол орон 200 гаруй жилийн хугацаанд дарлан захирч байсан Манжийн хаант засгийн дарлал, харийн худалдаачдын шунахай мөлжлөгийг сөрөн тэмцэж ард түмэн эвлэлдэн нэгдэж дайчин зоригт хөвгүүдийнхээ удирдлагаар харийн дайсныг хөөн Ардын хувьсгалын ялалтын уухай цуурайтаж ардын засаг байгуулагдан тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах ардын засгийн газрыг байгуулан олон зуун жилийн хоцрогдлоо таягдаж хаяж шинэ нийгмийн байгуулалд алхан ороод байв.
1925 оны 4 дүгээр сард тухайн үеийн БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн А.Амар, БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайд Цэцэнхан Наваанцэрэн нар Хятад улсад томилогдон ажиллаж А.Амар дарга ХКН-ын үүсгэн байгуулагчдын нэг Ли Дажоутай уулзаж хоёр намын харилцааны суурийг тавьж байжээ. Мөн тэр жил МАН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадоржийн санал болгосноор 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МАН-ын Төв Хорооны хурлын 22-р тушаалаар ХКН-ын удирдлагатай уулзах МАН-ын Төв Хорооны албан ёсны төлөөлөгчөөр нөхөр Ц.Гүрсэдийг томилон одуулсан тухай архивын баримт сэлт МУҮТА-д хадгалагдаж байдаг юм.
МАН-ын Төв Хорооны албан ёсны төлөөлөгч, нэрт дипломатч Ц.Гүрсэдийг 1925 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ХКН-ын үүсгэн байгуулагч, үндэслэгчдийн нэг Ли Дажоу хүлээн авч уулзан хоёр намын хамтын ажиллагаа, Монгол Хятадын хувьсгалын үйл хэргийн тухай зөвшилцөн цаашдын нам хоорондын албан ёсны харилцааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байдаг.
Дээрх 2 уулзалт бол МАН, ХКН-ын түүхэн харилцааны эхлэлийг тавьж хожмоо улам гүнзгийрэн хөгжсөөр өнөө цаг үетэй золгожээ.
2021.07.01
Сэтгэгдэл ( 2 )
Хужаа 1949 онд байгуулагдсан худлаа Монголтой адилтгахаа боль хог данжаадын ялгадасаа вирустэйгээ тоник Монголоос зайл гамин гуай.
ХКНийн түүх бидэнд тийм чухал юмуу Энийг яагаад сурталчлаад байнаа МАН ын 100 жил хамаатай болохоос ХКН ын 100 жил нэг их хамаагүй