Улс шоронгийн ялтнаас эхлээд сэргээштэй бөх хүртэл өршөөнө

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2021.06.30/ хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтсон юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад буюу нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх хуулийг баталж байжээ. Анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдаж, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд зарим этгээдэд захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байсан аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хуулийн төслийг боловсруулахдаа өршөөлд хамруу­лахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заас­наас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан” гэжээ.

Ялаас өршөөхөд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.7.1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дэх зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй бол­гохоор төсөлд холбогдох зохицуу­лалтуудыг тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялтны ялаас дүйцүүлэн хасах юм байна. Мөн салбарын сайд Х.Нямбаатар “Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад зөрчил үйлдэж, оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор төсөлд тусгасан” гэжээ.

Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй байхаар хууль хэрэглэх журмыг тусгасан байна. Мөн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр төсөлд тусгажээ. Тус хууль нь 2017 оны долоодугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэлх хугацаанд 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна.

Тус хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх аж. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 39156 этгээд хамрагдах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй. ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх хоёр жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top