Б.Баттулга: Хийлдэг завь хагарч, хүүхэд усанд осолдох эрсдэл их байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

-Таван том хүн, гурван хүүхдийг живэхээс аварч, есөн автомашиныг голоос татаж гаргалаа-

Нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Б.Баттулгаас завьт эргүүлийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.


 

-Зургаадугаар сарын 10-наас завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа. Сүүлийн өдрүүдэд бороо их орж байгаа нь ажилд нөлөөлж байна уу. Үер, усны байдал ямар байна вэ?

-Зургаадугаар сарын сүүлээр бороо их орж байна. Долоодугаар сарын хувьд ч газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орно. Улаанбаатар ч бороотой гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тиймдээ ч гол үертэй байна. Завьт эргүүл 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 10-наас нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтраад завьт эргүүлийг хийж байгаа. Аврах ангиас хоёр бүлэг гарч ажиллаж, нэг нь 24 цаг, нөгөө нь өглөө 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл Туул гол дагуу хэсэгчлэн эргүүл хийж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр дулаахан байсан учраас Туулын эрэг хүн ихтэй байлаа. Туулын эрэг бороотой өдрөө бол хүн багатай юу?

-Тийм ээ. Бид завьт эргүүлээ Баянзүрх дүүргийн Минж үржүүлгээс Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Зайсангаар нэг бүлэг яваад, нөгөө бүлэг Зайсангаас баруун зүгт Сонсголонгийн гүүр хүртэл явж байна. Дулаахан өдөр голын эрэг орчмоор хүний бөөгнөрөл их байгаа.

-Зургаадугаар сарын 10-наас хойш хэдэн автомашиныг голоос гаргаж, хэдэн хүний амь насыг аварсан бэ?

-Нийт зургаан удаагийн дуудлагаар таван том хүн, гурван хүүхдийн амь насыг аварсан. Нэг хүн эндсэн. Есөн автомашиныг голоос татаж гаргаж, аюулгүй байдлыг хангасан.

-Ихэвчлэн иргэдээс дуудлага өгөх үү?

-Тийм ээ. Завьт эргүүл голоор явж байгаад ослын дуудлагаар цаг алдалгүй шуурхай очиж ажилладаг. Иргэд, гэр бүл, албан байгууллагууд амралт зугаалгаар явж байх үед бага насны хүүхдэд хараа хяналт тавиагүйн улмаас ус руу ойчих, насанд хүрсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд унах тохиолдлууд байна. Халууцаад усанд шумбахаар ирэхдээ, загасанд явж байна гээд согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол ч бий. Энэ үед яаравчлан аврах ажиллагаа зохион байгуулдаг.

-Согтууруулах ундаа хэрэглэх болон бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгах нь ослын голлох шалтгаан болдог байна. Иргэдэд шаардлага тавихад хэр биелүүлдэг вэ?

-Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэртээ удаан байсан хүмүүс, зуны улирлаас хамаараад ч тэр амралтын өдрүүдээр голын эрэг дээр олноороо ирж байна. Иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж хэлэх, сэрэмжлүүлэх хуудас тараах зэргээр аюулгүй байдлыг хангах, автомашинаа голд угаахгүй байх талаас нь шаардлага тавьдаг. Цагдаагийн бүрэлдэхүүн ч шаардлага тавьж ажилладаг.

-Шаардлага эсэргүүцэх хүмүүс бас байдаг уу?

-Тэр тал дээр гайгүй.

-Аврах анги хэдүүлээ, хэчнээн техник хэрэгсэлтэй ажиллаж байна вэ?

-Манай аврах ангийн хувьд нэг өдөр 12 албан хаагч, хоёр машин техниктэй ажиллаж байна. Усны багаж, хоёр завьтай. Бидэнтэй дөрвөн цагдаа нэмэгдэж ажилладаг.

-Сонсголонгийн гүүрний баруун талд гол руу орох хэсэгт хаалт тавьсан байна лээ. Гол руу орох гарцуудыг энэ мэтчилэн хааж байгаа юу?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийг бөөгнүүлэхгүй байлгах үүднээс зарим зам, гарцыг хааж байгаа. Гэсэн хэдий ч иргэд хаалтыг давах, үерийн далан давж гол руу орох зэргээр зөвшөөрөлгүй замаар зорчдог. Энэ тал дээр аврагч нарын хувьд торгох заалт байхгүй. Бид иргэдийн аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэх үүрэгтэй. Туул гол дунд автомашинаа угаахад торгуулийг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу тавьдаг.

-Иргэдийн амь насыг аврахад баярлаж талархаж байгаагаа хэлдэг биз?

-Зарим иргэн баярлалаа гэж хэлнэ. Заримдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс бараг юу болсныг санадаггүй.

-Наадам тэмдэглэхгүй гэж байгаа ч өмнөх жилүүдийн жишгээр баярын өдрүүдэд ачаалал нэмэгддэг. Амарч зугаалах хүмүүс энгийн өдрүүдээс олон болдог. Тиймээс гамшиг ослоос урьдчилан сэргийлж иргэдэд зөвлөгөө өгнө үү?

-Аялал зугаалгаар гэр бүл, албан байгууллага, хамт олноороо явахдаа бага насны хүүхдээ сайтар анхаарах хэрэгтэй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол битгий ороорой. Баталгаатай зам гарцаар гарч баймаар байна. Өмнө нь ирэхэд энэ хэсгээр ус бага байсан, болно гээд гардаг. Гэтэл үертэй байхад баталгаагүй замаар гарч эд хөрөнгөөрөө хохирох, автомашинаа живүүлэх, амь насаараа хохирч болзошгүй. Түүнчлэн хүүхдүүд хийлдэг тоглоом их хэрэглэж байна. Стандарт бус тоглоомууд хагарах, хийлдэг завь хөмрөх, ингэснээр хүүхдийг гэмтээх эрсдэлтэй. Хогоо ил задгай их хаях юм. Эдгээрт иргэд хамгийн их анхаармаар байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За(202.179.25.125) 2021 оны 07 сарын 04

Хийлдэг завь биш хагардаг завь хэрэглэж амиа хорлох гэсэн бололтой.

0  |  0
Top