Сайн дурын даатгуулагчийн шимтгэл НЭГ ХУВИАР буурлаа

2021 оны 07 сарын 01

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн дагуу сайн дураар нийгмийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 1.0 хувиар буурлаа.

Даатгуулагч та энэ сараас эхлэн сайн дурын даатгалын гэрээнд тусгасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо 13.5 хувиар тооцож шимтгэлээ төлөөрэй.

Жишээ нь 420 мянган төгрийн цалинтай хүн 56.700 төгрөгийн шимтгэл төлөх юм.


Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал:
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Бусад иргэн
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?
Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө. Жишээ нь: (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 онд 420 000 төгрөг) Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*13.5%)=56700 төгрөг байна.
  • Тэтгэврийн даатгалд-11,5%
  • Тэтгэмжийн даатгалд-1,0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1,0%

0-3 насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүд сайн дурын даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх вэ?

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос хариуцан төлнө.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*12.5%)-26250=26250 төгрөг байна.
  • Бусад буюу жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгоогүй хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эх сайн дурын даатгалын шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*12.5%)-26250=26250 төгрөг байна.
  • Тэтгэврийн даатгалд-11,5%
  • Тэтгэмжийн даатгалд-1,0%
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш дүнгээр сайн дураар даатгуулах бол тодорхойлсон цалин хөлснөөс 13,5 хувиар тооцож төлөх шимтгэлээс 26250 төгрөгийг хасч үлдсэн шимтгэлийг даатгуулагч төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (800 000*13,5%)-26250=81750 төгрөг байна.
  • Тэтгэврийн даатгалд-11,5%
  • Тэтгэмжийн даатгалд-1,0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1,0%
    Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодорхойлох вэ?
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.
Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?
Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.
Сайн дураар даатгуулагч шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна.
Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?
Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална
  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
  • Тэтгэвэр тогтоолгох
  • Хүүхэд нь 3 нас хүрсэн эхчүүд
  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө
Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрхтэй вэ?
Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.
  • Тэтгэврийн даатгалын сангаас
    • Өндөр насны тэтгэвэр
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Тэтгэмжийн даатгалын сангаас
    • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
    • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
    • Оршуулгын тэтгэмж
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
    • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
    • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
    • Тэтгэврийн даатгалын шимтгэл
    • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
    • Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал
Сайн дураар даатгуулагч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хүлээх вэ?
Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.
  • Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх
  • Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах
  • Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх
Сайн дураар даатгуулагчид ямар тохиолдолд хариуцлага хулээлгэх вэ?
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах асуудлыг ямар байгууллагад тавьж шийдвэрлуулэх вэ?
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална
Сайн дураар даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээлгэж болох уу?
Болно. 1960 оны 1 дугээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимэтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ.
1995 оноос өмнө ажилласан хугацааг нэрийн дансны орлогод оруулан тооцох уу?
Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй
Сайн дураар даатгуулахад ямар баримт бүрдүүлэх вэ?
  • Иргэний үнэмлэх
  • 3x4 хэмжээний зураг — 2 ш
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох вэ?
  • Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.
  • Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top