Тимановскаягийн нөхөр эх орноосоо явжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Токиогийн олимпын үеэр шигшээ багийнхаа удирдлагуудыг шүүмжилж, Минск рүү хөөгдсөн Беларусын гүйгч бүсгүйн нөхөр эх орноосоо явжээ.

Кристина Тимановскаягийн нөхөр Арсений Зданевич яагаад Беларусаас явсан талаараа “Эхнэрийн маань Instagram сторины дараа Беларусын хэвлэл мэдээллийнхэн орон даяар түүний талаар мэдээлэл цацаж эхэлсэн. Би эх орноосоо явахаас өөр аргагүй болж, харин Кристина Элчин сайдын яам руу очиж тусламж хүсэх хэрэгтэй болсон” гэж ярьжээ.

Түүнд ямар нэгэн аюул заналхийлэл ирээгүй ч Кристинаг нөхрөөр нь дамжуулан оролдож магадгүй гэнэ. Беларусаас явах нь Арсенийгийн өөрийнх нь шийдвэр байжээ.

Гүйгч бүсгүйн нөхөр Украинд очоод, тэндээсээ Польш руу ниссэн байна. Тэрбээр “Украинд байдаг танилууд маань бидэнд тусаллаа” гэжээ.

Тимановская Польш улсаас хүмүүнлэгийн виз авсан талаар Польшийн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн билээ. Токиод аюулгүй байдалд зочид буудалд байгаа Кристинаг Польшийн Элчин сайдын яамныхан хамгаалж байгаа бөгөөд бүсгүй удахгүй Польш руу нисэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top