Түүхий эдийн судалгааны байгууллага болох “Wood Mackenzie” -гийн шинэ тайланд 2040 он гэхэд нарны эрчим хүчний салбарт хөнгөн цагаан, зэс, цайрын хэрэглээ хоёр дахин нэмэгдэх бөгөөд ингэснээр эрэлт нь нэмэгдэх болно гэсэн таамаг дэвшүүлжээ. Ердийн нарны хавтангийн дийлэнх хэсгийг хөнгөн цагаан, цайрдсан ган (цайр) бүрдүүлдэг. Харин зэсийг өндөр болон нам хүчдэлийн цахилгаан дамжуулах кабель болон дулааны нарны коллекторт ашигладаг байна. “Wood Mackenzie” -гийн ахлах шинжээч Камил Влазли үйлдвэрлэлийн өртөг болон нарны эрчим хүч суурилуулах зардлыг бууруулснаар энэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний зах зээл дэх нийлүүлэлтийн эзлэх хувь өсөх өндөр магадлалтай. Ийнхүү нарны эрчим хүчний эрэлт нэмэгдвэл үүнийг дагаад нарны хавтан хийхэд ашиглагддаг металлын ханш өснө гэдгийг онцолжээ. “Wood Mackenzie”
хөнгөн цагааны эрэлт 2020 онд ойролцоогоор 2.4 сая тонноор өссөн учир 2040 он гэхэд 4.6 сая тонн хүртэл өсөх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн 2040 он гэхэд 8.5-10 сая тонн хүртэл хэлбэлзэнэ гэсэн таамаг ч байгаа юм. Харин зэсийн эрэлт 2020 онд 0.4 сая тонноор өссөн бол 2040 он гэхэд бараг 0.7 сая тонн болж өсөхөөр байгаа аж. Цайрын тухайд 30-аас доошгүй жил ажиллах боломжтой гэж тооцогддог том хэмжээний нарны цахилгаан станцуудын бүтээн байгуулалтаас хамаарахаар байгааг шинжээчид онцолж байна. “Wood Mackenzie” -гийн тооцоолж буйгаар нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан станцууд одоогоор дэлхийн цайрын хэрэглээг ойролцоогоор 0.4 сая тонноор нэмэгдүүлээд байгаа бөгөөд 2040 он гэхэд 0.8 сая тонн болж өсөх төлөвтэй байна.
Гэхдээ зэс хэтэрхий үнэтэй болох тохиолдолд дахин боловсруулалт нэмэгдэхийн сацуу хөнгөн цагааны ашиглалт нэмэгдэх магадлалтайг шинжээчид мөн онцолж байгаа юм. Зах зээлд зэсийн шинэ уурхайнууд болон одоо олборлолт хийж буй ордуудын өргөтгөлийн төслүүдийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа юм. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнд Индонез дэх “Grasberg” уурхайн өргөтгөл, БНАКонго дахь “Kamoa Kakula”, Перу дэх “Quellaveco” төслүүд ойрын хугацаанд ашиглалтад орох хүлээлттэй байна. Ирэх арван жилд дэлхийн аж үйлдвэрийн хамгийн чухал металлын нэг зэсийн ихээхэн хэмжээний хомсдол үүсэхийг CRU групп ч тогтоогоод буы. Тус групп 2030 он гэхэд ойролцоогоор 4.7 сая тонн зэсийн хомсдлыг хаахын тулд нэмэлтээр 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )