Хоёр зуун хоногт шийдлээ олоогүй хоёр чухал сэдэв

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Тахлын өнгөн дээр төрийн жолоо атгасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар /2021.08.17/ хоёр зуу хоногтойгоо золгож байна. Хоёр зуун өдрийнхөө босгон дээр үүнээс хойш зөвхөн эдийн засгаа л бодно гэж палхийтэл зарлав. Өдөр хоногууд явсаар хоёр зуу болохоос бүр өмнө нэг дэх хоног дээрээсээ л энэ засгийн хамгийн чухал асуудал нь эдийн засаг байсаар ирсэн. Тахал нэрээр хилээ нам хаасан нь Л.Оюун-Эрдэнийн засгийн хамгийн хүчтэй шанаа болсон. Шанаа тусах тусахдаа уул уурхайн салбарт хүчтэй буув. Эдийн засагаа одоо л чухал гэж санаж байгаа энэ засаг цаашид эдийн засагтаа хэрхэн анхаарах вэ...

 

Тахлын шоктой эдийн засаг

Цар тахал бол үндсэндээ шок байлаа. Зөвхөн Л.Оюун-Эрдэнийн засаг ч бус өмнөх засагт дэлхий нийтийг хамарсан цар тахал шок болсон. Шок байсан учраас бид айсан. Айсан учраас судлалгүйгээр бүх зүйлээ хаачихсан. Сонгууль дөхсөн учраас оноо болох хүчин зүйл болсон ч байж мэдэх юм. Хаасныхаа дараа хүүхдүүдээ ч хориод авсан. Тэгтэл байдал арай өөр байжээ. Тархвар зүй талаасаа цар тахлаа танин мэдээгүй учраас хүн амын дунд тархах нь чухам цаг хугацааны л асуудал байсан. Үүний дараа болсон процессыг уншигч та мэдэж байгаа байх. Дотооддоо тархсан, халдвар маш богино хугацаанд өсөж, нас баралтын тоо ч өсөх болов. Энэ хугацаанд бид тахлаа ч, эдийн засгийн бодит даацаа ч тооцоолж чадалгүй “дельта” гэх шинэ хувилбартай учраад байна. Шоконд орсон хүн гэдэг амьтны инстинкт хатуу хөл хорио тогтооход хүргэж улмаар аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь тэг зогсож, Монгол Улсын эдийн засаг өдрийн 60 тэрбум төгөргийн алдагдал хүлээсэн. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь өөрт байгаа боломжийнхоо хэрээр хөл хорионы дараа чардайх гэж үзсэн ч баралгүй эргэлтийн хөрөнгөгүй болж, банкны зээлийн хүүд дарлуулсан. Энэ бүгд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөн дээр бодит байдал болон буув. Тиймээс ямар нэгэн аргаар үүний ард гарахаас өөр арга байгаагүй. Нэн түрүүнд Монголбанк бодлогын хүүгээ шат дараагаар буулгасаар зургаан хувь болгож бууруулсан. Цар тахлын үед Монголбанк бодлогын хүүгээ зургаан хувьд барьж буй. Энгийнээр тайлбарлахад тахлын хүнд хэцүү цаг үед банкуудыг иргэдэд зээл гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Төв банкнаас бодлогын хүүг бууруулдаг. Хэрвээ үүнээс доошилбол Монголын эдийн засагт эерэгээр гэхээс илүү сөргөөр нөлөөлнө гэсэн үг.

Өөр бас нэг арга хэрэглэсэн нь эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө гэгчийг санаачилсан. Үүний хоёр их наяд нь ажлын байрыг дэмжихэд зарцуулна гэж тухайн үед мэдэгдэж байв. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар нийт 21 мянган зээлдэгчид 1.6 их наяд төгрөг олгожээ. Засгийн газрын гаргасан мэдээллээр энэ мөнгөөр нийт 86.4 мянган ажлын байр хамгаалсан байна. Хэдийгээр эдийн засгаа хамгаалахад чиглэсэн алхам гэж харагдаж байгаа ч тахлын дараах нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн хүчин зүйл ч байж мэднэ. Ганцхан баримт хэлье. Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар өнгөрсөн зургаадугаар сард 27.6 их наяд төгрөгийн мөнгө нийлүүлжээ. Энэ нь тавдугаар сарынхаас 6.3 их наядаар өссөн гэсэн үг. Цар тахалд дарлуулахаас ч өмнө Засгийн газар Төв банкийг принтер гэж хардаг байсан. Гэхдээ эдийн засаг бага зэрэг сэргээд банкууд зээл гаргах сонирхолтой болоод ирэхийн цагт энэ бүгд яг урвуу хамаарлаар 6.6 хувьтай байгаа инфляцын түвшин 10 руу ойртоод, нэг кг махны үнэ 20 мянгад дөхөж мэднэ. Тэр цагт чухам ямар арга хэрэглэх вэ гэдэг нь дараа, дараагийн Засгийн газрын биелэгдэшгүй даалгавар байх болно.

Яагаад мөнгө тараагаад байна вэ гэхээр бид сайндаа биш донор орнуудын дэмжлэгтэйгээр гэдгийг хэрсүү уншигч та гадарлах байх. Коронавируст цар тахлын үед төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсан байна. Байгуулсан гэрээний 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авчээ. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт энэ оны дөрөвдүгээр улиралд орж ирэх хүлээлттэй байна. Тэгэхээр бид хүний мөнгөөр хүүдэгнээд хэдэн жилийн дараа үүнийгээ эргүүлж төлөөд, мөнгө хэвлэснийхээ үр дүнг давхар төлнө гэсэн үг. Яг л 100 мянгын компьютер ломбарданд тавиад 100 мянгын өртэй үлддэг явган шог шиг...

 

Шокноос гараагүй уул уурхай

Монголын эдийн засаг бол уул уурхай. Уул уурхай нь өөрөө эдийн засаг болсоор шинэ мянганы 21 дэх онтой золгоод байна. Чухамдаа энэ л салбар экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, ДНБ-ний 20 гаруй хуль, улс төсвийн орлогын 25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тахлын сүүдэр энэ салбарт дэндүү хүнд туссан. Ялангуяа нүүрсний салбарт. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр I-VII сард нийт 9.9 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оныхоос 11 хувиар буурсан үзүүлэлт. Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 130 автомашин гарсныг “SXCoal” цахим хуудас мэдээлж. Өнгөрсөн оныхтой харьцуулахад долоо дахин буурсан үзүүлэлт аж. БНХАУ-ын талаас Монголын талын жолоочдын халдвар халдварын эрсдэлийг бууруулахын тулд хил дээр бөөгнөрөл үүсгэсэн юм. Энэ нь дэд бүтэцгүй арай ядан урд хөрштэйгөө харилцаж буй уул уурхайн салбарт маш том асуудал болсон. Цар тахал уул уурхайн салбарт сүүдрээ тусгаж байгаатай зэрэгцэн өөр нэгэн мэдээлэл гарсан нь АНУ коксжих нүүрсний салбарт БНХАУ-д голлох нийлүүлэгч болсон явдал. Сар гаруйн өмнө Монгол Улсын нийлүүлэлт саарсан, дээрээс нь Австралийн нүүрсний импортод хориг тавьсан явдал нь АНУ-г ийнхүү БНХАУ-ын голлох нийлүүлэгч болгожээ. Оны эхний дөрвөн сард АНУ БНХАУ-д 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг тав дахин өссөн дүн болж байна. Харин зургаадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлээд байгаа ажээ. Түүнчлэн Монгол болон Австралийн экспорт буурсан энэ үед ОХУ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Зургаадугаар сард тус улс БНХАУ-д 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ.Энэ онд 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлаас үүдэлтэйгээр энэ хэмжээ буурах судалгаа бий. Экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил эхэлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн. Чингэлэгт терминал ирэх есдүгээр сард ашиглалтад орно.

Уг нь бид соргог байж чадвал нүүрсний салбарт гялтах мэдээ бишгүй байна. БНХАУ-ын засаг захиргаа нүүрсний уурхайнууддаа аюулгүй байдлын үзлэг, шалгал хийхээр болжээ. Үзлэг шалгалтаар дотоодоо хангах эсэхийг шийднэ. Энэ хяналт шалгалтын дүн ОХУ болон Монголын нийлүүлэлтийг БНХАУ-д нэмнэ гэж “Global Times” сонин мэдээлсэн байна. Хяналт шалгалт нь тухайн уурхайн аюулгүй ажиллагааны зэргийг тогтоож шаардлага хангаагүй уурхайг хаах бөгөөд мөрдөх стандартыг улам чангатгах ажээ. БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Циньхайд үер бууж үйл ажиллагаагаа зогсоосон. Өвөр Монголд ч мөн адил хэд, хэдэн осол гарсан нь нийлүүлэлт саарах нөхцөл болжээ. Хятадын “Global Times” сонины мэдээлж буйгаар Хятадын нүүрсний гол боомт болох Циньхуандао боот дээр өнгөрсөн баасан гарагийн байдлаар 4.23 сая тонн нүүрс байгаа нь өмнөх долоо хоногоос 4.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Өмнөд Хятадын Гуандон мужид оршин Гуаньжоу боомт дээр нүүрсний нөөц 2.45 сая тонн байгаа нь өмнөх долоо хоногоос зургаан хувиар буурсан үзүүлэлт. Магадгүй энэ нь БНХАУ-ын гол нийлүүлэгч болсон АНУ-ын байрыг эзлэх гол шалтгаан болж мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард Аюуш (192.82.77.252) 2021 оны 08 сарын 18

Төрийн алба болон яамдуудад ОЮУЭРДЭНЭ шигээ мэдлэг боловсролгүй нөхдүүд ихээр чигжин суурьшжээ

0  |  0
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 18

Уул уурхайг хамтын ашиглалтын гэрээ байгуулахдаа л Монголын засаг, засаг ч гэж дээ авилгын жортой шуналт олигархууд шоконд оруулсан ш дээ. 2009 оны УИХ ын гишүүд үүнд авилгадуулж оролцсон. Тэр бүх хүмүүс зүгээр өнгөрнө гэж бүү горьд, тэнгэр нэг л өдөр ниргэнэ

0  |  0
Top