Ираны Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Али Шамхани “Иран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхэд тулгарч байсан улс төрийн саад бэрхшээлээ даван тууллаа. Одоо Иран ШХАБ-ын байнгын гишүүн болох эсэхийг гишүүн орнуудын хурлаар эцэслэн шийдвэрлэх болно” гэжээ. Иран тус байгууллагад элсэх хүсэлтээ 2008 онд өгч байжээ. Гэсэн ч НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас 2015 оныг хүртэл тус улсыг элсүүлээгүй байна.
Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдсанаар тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсан ч өөр нэгэн асуудал үүссэн юм. Тодруулбал, Иран, Тажикистаны хооронд маргаан үүссэнээр Ираны ШХАБ-д элсэх хүсэлтэд хориг тавьсан юм. ШХАБ нь Орос, Энэтхэг, Хятад, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Узбекстан гэсэн найман гишүүн оронтой. Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчийн статустай бол Армен, Азербайжан, Камбож, Балба, Шри Ланка, яриа хэлэлцээний түнш статустай. Турк, Иран хоёрыг тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох тухай яриа нэлээд дээр үеэс гарсаар байсан юм.
Иран, Турк ШХАБ-ын байнгын гишүүн болсноор Евразийн интеграцийн гол хүчнүүд тус байгууллагад төлөөлөлтэй болно гэсэн үг. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани АНУ-ыг эрс хатуу шүүмжилж, “АНУ бүс нутаг болон дэлхий дахины тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж буруутгадаг. Үүний сацуу тэрбээр “Иранд хөрөнгө оруулахад бэлэн байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын бүх компани, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж амлаж байсан билээ. Иран бол Шинэ Торгоны зам дахь чухал зангилаа газар юм. Харин Ираны удирдлагын хувьд, Евразийн эдийн засгийн асар том тогтолцооны дотор зөвхөн интеграциар дамжин урагшлах боломжтой гэдгийг сайн ойлгож байгаа. Тегерантай цөмийн хэлэлцээ хийсэн Франц, Их Британи, Герман гэсэн Европын орнууд Ираны эдийн засгийг аварч чадахгүй юм. Нөгөө талаас Иран “Бүс ба Зам-ШХАБ-Евразийн Эдийн засгийн холбоо” гэсэн интеграцын замын зургийн яг голд нь оршдог. Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэрийн асар их нөөцтэй, дотоодын зах зээл нь том улс бөгөөд хар тамхи болон зэвсгийн наймааны жим болон жихадистуудын холхидог зам дээрх фронт орчмын улс юм.
Гэхдээ Баруун-Өмнөд Ази дахь Орос, Иран хоёрын ашиг сонирхол зөрчилддөг билээ. Гэсэн хэдий ч, Москвагийн хувьд, Кавказ болон Төв Ази руу жихадистуудыг нэвтрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Түүнчлэн Сирид тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчний баазуудаа байлгаж байх нь ч мөн чухал. Харин Тегераны хувьд, Сирийн талаарх Москва, Тель-Авив хоёрын албан бус тохиролцоог огт таашаадаггүй. Израильчууд “Хэзболла” бүлэглэл болон Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын объектууд руу агаараас дайралт хийж байгаа бол Оросын цэргийн хүч рүү довтлохгүй байгаа юм. Үүний сацуу хоёр талын дипломат бодлого дахь маневр хийх орон зайд тодорхой хязгаарлалтууд бий болж байна. Гэхдээ эдгээр нь том өөрчлөлт биш юм.
Ираны Дээд удирдагч аятолла Хаменеи тоглоомын шинэ дүрэм гаргажээ. Тодруулбал, импортыг боломжит хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах, нефть-хийн экспортоос хамаардаг байдлыг багасгах, улс орны дотоод дахь улс төрийн зөрчлийг намжаахаас гадна Орос, Хятад хоёр бол мөнхийн хувиршгүй анд нөхөд мөн гэсэн зарчмыг баримтлах явдал юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )