Хүний амьдралд нэртэй, зүстэй явах шиг сайхан зүйл гэж үгүй. Хүн хүнээ гэдэг орчлонд амьдралын төлөө, ажлын төлөө, хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа хүн бол Б.Баярбаатар билээ. Тэрбээр Ховд аймгийн Дарви сумын уугуул хүн. Хар багаасаа л ээжээсээ, эмэг эхээсээ хөдөлмөрт шимтэхийн сайхныг суралцаж, “Шударга бай, хүнд хэлснээ биелүүлж бай” гэдэг зарчмыг яс махандаа шингэтэл ойлгосон нэгэн. Хань Ш.Батдэлгэрийн хамт 2003 онд бусдын адил Солонгос улсыг зорьж хөдөлмөр эрхэлж хөөсөнцрийн үйлдвэрт хүртэл ажиллаж байлаа. Гурван жилийн гэрээгээр явж ирээд эх орондоо хүсэж мөрөөдөж явсан компаниа байгуулсан нь хамгийн зөв шийдвэр байжээ. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг шиг ам тосолсон “Тосон тогоо” компанийн тогоо олон жил айл өрхийн гал дээр дүүрэн бялхаж байна.
“ҮНЭНЧЭЭР ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ БИДЭНД ЖДҮ ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙ НЬ ШУДАРГА БУС САНАГДДАГ”
Б.Баярбаатар 1992-2003 он хүртэл хөнгөн цагаан эдлэлийн үйлдвэрт ажиллаж арвин туршлага хуримтлуулжээ. Дээшээ харсан амсартай сав гэдэг арвижин өөдлөхийн бэлгэдэлтэй. Айл бүхний гал дээр түүний хийсэн тогоонд сүүтэй цай даргилж, амтат хоол бялхаж, аз жаргал цалгиж байгаа гэж бодохоор сэтгэлд өег. “Тосон тогоо” нэртэй компани нь анх хоёрхон хүний бүрэлдэхүүнтэй эхэлж, айлын хашаанд үйлдвэрлэлээ явуулж байсан цагаас хойш өдгөө 12 хүний бүрэлдэхүүнтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд өөрийн гэсэн газартай болж, хоёр ч цехтэй товхийсэн үйлдвэр болсон байна. Түүний анх ажиллаж байсан Хөнгөн цагаан эдлэлийн үйлдвэр сүүлийн хоёр жил үйл ажиллагаа нь зогсож, одоогоор тогоо үйлдвэрлэдэг ганц компани нь “Тосон тогоо” болоод байгаа ажээ. “Тосон тогоо” ХХК нь үндэсний үйлдвэрлэгч гэдгээр Б.Баярбаатар тун их бахархах дуртай.
Тогоо гаргахын тулд эхлээд түүхий эдээ худалдаж авна, цэвэрлэнэ, хөнгөн цагаанаа хольж хайлуулна, хэвлэнэ, зорно, хуурайдна. Долоон дамжлага дамжиж байж энэ бүхний эцэст бүтээгдэхүүн болж зах зээлд нийлүүлдэг аж.
Орон нутгийн ченжүүд болон томоохон захын худалдаачдад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Тэднийх 3-25 литрийн тогоо үйлдвэрлэдэг юм байна. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох хайлш, хөнгөн цагааны үнэ жилийн өмнө нэг кг нь 1700 төгрөг байсан бол одоо 2800-2900 төгрөг болжээ. Тиймээс эцсийн бүтээгдэхүүнээ эдийн засгийн шаардлагаар бага зэрэг нэмсэн ч хэрэглэгчдээ бодоод их үнэ нэмж төвдөөгүй гэдгээ ч учирлаж байв.
Б.Баярбаатарын харамсаж явдаг зүйл нь тэдний бүтээгдэхүүн хоёр, гурван ченжийн гараар дамжиж ард түмний гар дээр өндөр үнэтэй очдог явдал юм. Хөдөөний дэлгүүрүүдээр 20 мянган төгрөгний үнэтэй тогоо нь 35 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээний. Үйлдвэрээсээ 20 литрийн тогоо 38 мянган төгрөгөөр гардаг бол зах зээл дээр 50-60 мянган төгрөг гараад талийж өгнө.
Тэрбээр 15 жилийн туршлагатай, үндэсний хэмжээний цор ганц үйлдвэрээ нэрийн дэлгүүртэй болгох чинхүү мөрөөдөлтэй. Импортоор оруулж ирж буй том том шинжтэй хувин, 40-ийн бидон зэргийг дотооддоо үйлдвэрлэж үндэсний үйлдвэрлэлийнхээ төрлийг өргөжүүлэхийн зэрэгцээ, гадагшаа эскпортлох зорилго тээж яваа. Цар тахлын үед бүхий л газрууд үйл ажиллагаа нь зогсож, дампуурлаа зарлаж байхад тэдний үйлдвэр зогсолтгүй ажиллажээ.
Ажилчдаа ээлжээр ажиллуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, цалин цагааг нь таслахгүй өгч ирсэн нь тун олзуурхууштай. Энэ үйлдвэр зогсох юм бол 12 өрхийн 60-аад хүн хоолгүй өлсөнө гэдгийг үйлдвэрийн захирал хүний хувьд тэр сайн мэднэ. Хэдий санхүүгийн бэрхшээлтэй байсан ч банкнаас зээл тавьж ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэдэнд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл огт олдоогүй гэнэ. Банкны өндөр хүүтэй зээлийг төлж, өрнөөс өрний хооронд ажиллаж, хамгийн гол нь ажилчдынхаа ахуй амьдралын төлөө санаа тавьж байгаа ажээ. Тэрбээр “Хувиараа бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйдвэрлэлийн зээл олддоггүй. Гэтэл дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авч байгаа нь шударга бус санагддаг. Тэрбум нь байг ээ, хэдэн сая төгрөгийн зээл гарчихад л үйлдвэрээ өргөжүүлж, олон хүнийг ажлын байртай болгох боломж нөхцөл үүснэ. Ковидын үед хэчнээн жижиг дунд үйлдвэр үүд хаалгаа барив даа. Түүний цаана ядуурал, ажилгүйдэл нүүрлэж ард түмэн элгээрээ хэвтэхэд ойрхон байна шүү” гэж халаглаж байлаа.
ТАВАН АЖИЛТНЫХАА ОРОН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ, ХОЁР АЖИЛТАНДАА МАШИН АВЧ ӨГЧЭЭ
Б.Баярбаатарынх хөдөө гадаа явж байхад очсон айл болгон тэдний тогоог хэрэглэж байгааг харах сэтгэлд нь дүүрэн байдаг гэв. Хөдөөний айлууд сүү, тараг, шар тос, ээзгийгээ боловсруулах тогоо нь тус тусдаа байдаг болохоор том, жижиг олон тогоотой. Цагаан идээ бялхалзсан цалин цагаан тогоонуудаа тэд шууд хараад л танина. Орсон айл бүрдээ тогоо бэлэглэхээр гэрийн эзэд маш их баярлаж дээшээ харсан сав хэмээн бэлгэшээн тосож авдаг гэнэ. Тэрбээр “Хөдөө явж байхад орон нутгийн хөгжил бахь байдгаараа л байх юм. Орон нутгийнхан өөрийн гэсэн онцлогтоо тохируулсан үйлдвэрлэл явуулж, ажилгүй байгаа залуусыг ажиллуулбал залуу хүмүүс нутагтаа тогтон суурьшиж амьдарна даа гэж дандаа боддог” гэлээ.
Мөн тэрбээр ”Хөдөөнийхөн хамаг малаа зараад хот руу орж ирээд хөл алддаг нь цөөнгүй, хэдэн жил хотод гудамж метрлэж, барилга дээр ажиллаж байгаад хөдөө рүүгээ буцдаг нь ч бий. Зарим нь гэмт хэрэгт өртөх нь ч элбэг байдагт эмзэглэдэг” гээд санаа алдсан юм. Үйлдвэрлэл явуулж байхад иргэд янз бүрийн хэл ам гаргадаг аж. "Утаа гаргаад байна" гээд Мэргэжлийн хяналт дуудчихсан байжээ. Харин Мэргэжлийн хяналтынхан ирээд дандаа монголчууд ажиллуулж байгаа, маш сайхан буянтай ажил хийдэг үйлдвэр байна гээд дэмжиж ажиллахаа илэрхийлээд явсан аж.
Түүний хамгийн их айдаг зүйл нь бороотой өдөр бөгөөд өндөр хүчдэлтэй зуух, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь тог цохих, аянга татах эрсдэлтэй байдаг аж. Аянга зайлуулагч суурилуулж, дээврээ зузаалж, бүхий л арга хэмжээг авсан ч сэтгэл амар байдаггүй гэнэ. Бороотой өдөр түүний эхнэр нь их олзуурхдагийн учир нь “Хань минь ашгүй амрах нь, тарьсан ногоо минь ургах нь” гэж баярласных.
Тэднийх хашаандаа гүний худагтай, гэр, байшин хоёр нь тогоор халдаг тул ямар ч байрны айлаас дутахгүй тохилог, дулаахан өвөлжинө шүү дээ. Хөнгөн цагааны үйлдвэр гэдэг хүнд хортой нөхцөл бөгөөд өндөр градусын халуунд ажилладаг. Ажлыг хүнд гэлгүй хөдөлмөрлөж, хал үзэж халуун чулуу долоож, ган болд мэт хатаагдсан ажилчдадаа тэр үргэлж талархаж явдгаа ч илэрхийлэв. Ажилчид нь ар гэртээ санаа зовохгүй ажиллахад ажлын бүтээмжид шууд нөлөөлнө.
Б.Баярбаатар цагтаа өөрөө ажилчин байсан болохоор амьдралын нугачаа, бэрхшээл бүхнийг өөрийн биеэр мэдэрчээ. Тийм болохоор унаж явсан машин, хашаа байшингаа зараад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд таван ажилтныхаа орон байрны асуудлыг шийдэж, хоёр ажилтандаа машин авч өгчээ. Байрны урьдчилгаагүй байсан учраас “Би Ланд-200 унах нь дээр үү, манай ажилчид орон байртай болох нь дээр үү” гэж бодож байгаад энэ шийдвэрийг гаргажээ. Хоёр ажилтандаа ажлынх нь ойролцоо хашаанд хоёр давхар хаустай болгохдоо дутаж гацсан бүхий л материалыг нь банкны зээл авч, татан авч өгчээ.
Б.Баярбаатар анх ахынхаа гэрийг гуйж, айлын хашаанд амьдарч байсан үеэ дурсах дуртай. Юу ч үгүйгээс юм, юмтай болж өдгөө өөрийн гэсэн хашаандаа дүүхэлзсэн өргөө цагаан гэртээ тав тухтай амьдарч буйдаа сэтгэл дүүрэн байдаг аж. Тэднийх иж бүрэн сийлбэртэй монгол гэртээ аж төрж байна.
Урлагийн бүтээл гэлтэй уран тансаг гэрийнх нь бүхий л сийлбэрийг ардын гавьяат цолтой Даваадорж гэдэг хүн урлажээ. Тэрбээр “Орон сууцанд амьдарч үзлээ, идээшихгүй юм байна лээ. Сайхан монгол гэртээ амьдрах чинь л эрүүл саруул байхын үндэс юм байна” гэв. Тэднийх хашаандаа өвөл, зуны хүлэмжтэй. Хүлэмжиндээ нарийн ногоо, хүнсний ногоо тарьж хоол хүнсэндээ хэрэглэдэг аж. Тарьсан ногооныхоо амт шимтийг гайхуулсан шинэхэн ногооны салат, бургерээр биднийг дайлангаа Б.Баярбаатар “Хөдөлмөрч хүнийг бурхан шагнадаг. Монголд махны хөлс дусалдаг бол Солонгост ясны хөлс дусалдаг” гэж хэлсэн юм.
“МИНИЙ ХАНЬД ЗҮГЭЭР СУУСАН ӨДӨР ГЭЖ ҮГҮЙ”
Тэднийх хоёр хүүхэдтэй бөгөөд олон ч ач, зээтэй болжээ. Нэг хүүхэд нь Шведэд ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсний дараа бургерийн цех байгуулж өдгөө дэлхийд нэртэй сүлжээ компани болох CU дэлгүүрийг бургерээр хангаж байна. Аав, ээжээсээ үлгэрлэн ажилч хөдөлмөрч байхыг багаасаа суралцсан хүүхдүүд нь дор бүрнээ завгүй. Эхнэр Ш.Батдэлгэр нь Архангайн уугуул хүн. Бага залуудаа машин үйлдвэрийн технологийн инженер мэргэжлээр төгсжээ. Улмаар “Отгонтэнгэр” их сургуулийн цэцэрлэгийн эрхлэгч, багшийн ангид эчнээгээр суралцан төгсөөд 2013 онд “Номт ирээдүй” нэртэй хувийн цэцэрлэг байгуулсан юм.
Гэр хорооллын захын айл өрхийн хүүхдүүдийг хямд үнээр цэцэрлэгтээ хамран сургаж иржээ. Анх өөрсдийнхөө байшинг цэцэрлэгийн зориулалттай тохижуулан засварлаж хүүхдүүдээ авах болсон гэнэ. Иргэдийн амьдралын түвшинд нь тааруулж харьцангуй хямд үнээр сургахад аав, ээжүүд тун тааламжтай ханддаг аж.
Цэцэрлэгийнхээ орчин нөхцөлийг нь сайжруулж “Цагдаа” хотхонд хоёр ширхэг хоёр өрөө байр авч тохижуулаад хүүхдүүдээ сургаж эхэлжээ. Үүний ачаар цэцэрлэгийн багш, тогооч, туслах, үйлчлэгч гээд олон хүнийг ажлын байртай болгосон.
Цэцэрлэг гэдэг тун хариуцлагатай, чимхлүүр ажил. Хүүхэд бүрийн онцлогт тааруулж харьцана, тэдний аюулгүй, эрүүл байдлыг хангана, нас сэтгэхүйд нь нийцүүлсэн хөтөлбөрөөр сургана.
Цар тахлын улмаас бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хаагдсан билээ. Тэр үеэр Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар нэгдэж үлдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээ эмзэг бүлгийн айл өрхөөр тарааж л дээ. Тэгэхэд тэдгээр айлуудад хөдөлмөрийн насны, хөл гар нь бүтэн, эрүүл саруул залуус гараа хумхиад хэвтэж байхтай олон таарчээ.
Харамсмаар дүр зурагтай учирсан цэцэрлэгийн эрхлэгч нар “Энэ хүмүүс эмзэг биш эрх нь дэндсэн залхуу хүмүүс байна” гэж халаглажээ. Ш.Батдэлгэр өөрийнхөө хорооны Засаг даргаас эмзэг бүлгийн айл өрхийн бүртгэл авч, баахан хүмүүс дагуулаад очтол нүүр хийх газаргүй болтлоо ийнхүү ичсэн гэдгээ ч нуусангүй. Хүний өмнөөс ичнэ гэдэг хэцүү. “Ядуу л гэнэ. Ядуу сэтгэлгээтэй хүмүүсийг л ядуу гэдэг юм байна” гэж Ш.Батдэлгэр толгой сэгсрэн өгүүлсэн юм.
Тэрбээр “Миний ханьд зүгээр суусан өдөр гэж үгүй. Өглөө таван цагаас босчихоод л гарч ороод, борви бохисхийлгүй ажилладаг. Ийм хүний хажууд ямар ч хүн ажилсаг болж хувирдаг” гээд инээмсэглэв. Айл гэрийн эхнэр хүний хувьд Ш.Батдэлгэр бүсгүй тун халамжтай, уян зөөлөн сэтгэлтэй атлаа цаанаа хүчирхэг дайчин шинж чанартай, ажигч гярхай хүн. Ханиа бүхий л талаар бахархан магтаж, хүндлэн дээдэлдэг нь яриа бүхнээс нь харагдана. Сайн ханийн халамж түшигээр нэгэн айл өрх төдийгүй олон хүний хувь заяа ийнхүү тэгш дүүрэн байдаг аж хэмээн бодогдож байлаа.
“ОДООНЫ ЗАЛУУС АЖИЛ ГОЛОХООС ГАДНА АЖИЛДАА ГОЛОГДОЖ БАЙНА”
Б.Баярбаатар 10 жилийн 34 дүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсжээ. Зургаадугаар ангиасаа л авто засварын заводад ажиллаж, амьдралын ухаантай болсон нэгэн. Эгэл даруухан, хөдөлмөрч зантай түүнийг одоогоос дөрвөн жлийн өмнө Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. Шагнал гэдэг нүдээ олох сайхан. Дарга нарын цүнх барьдаг хүмүүс юм уу, эсвэл танил талтай хүмүүс том том гавьяа шагнал хүртээд байх малгай нь томдсон хүүхэд шиг л харагддаг юм. Гэтэл үнэн халуун хөдөлмөрөөрөө хөлсөө дуслуулан зүтгэж буй хүн юм бүхний ард чимээгүйхэн хоцорчихдог талтай. Монголдоо тогоо хийдэг ганцхан үйлдвэр гэхээр хэр барагтай хүн мэддэггүй аж.
Б.Баярбаатар багадаа Шадивлангийн лагерт зусаж ээжтэйгээ өглөө таван цагт босож үнээгээ саадаг байжээ. Мөн эмээтэйгээ авто засварын заводын хөнгөн цагаан халбагыг хуурайдаж өнгөлж өнгөрөөдөг байснаа дурсав. Үеийн хүүхдүүд нь Пионер зусланд амардаг байхад тэр зусланд явж үзээгүй ажээ. Тэрбээр “Одоо үеийн хүүхдүүд үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг болж. Залхуу хүнийг ядуу гэнэ. Одооны залуус хар ажилд тун муу. Нэг л их дээд боловсролтой ажилгүйчүүд болж. Аав, ээжийнхээ хэдэн малыг барж их дээд сургууль төгсөнө. Төгсөөд ажил голохоос гадна ажилдаа өөрсдөө гологдоно. Ширээний ард дарга болох сонирхолтой, бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр ажилчдыг олноор бэлдэх хэрэгтэй байна” гэлээ.
Мөн “Төр засгийн толгой яаж өөрчлөгдөх нь сонин биш, тэд биш бид өөрсдөө улс орноо хөгжүүлнэ. Өө хайж байгаад юм л бол энэ засгийг унагаа, тэр засгийг дэмж гэцгээх юм. Улс орны хөгжил замын хөдөлгөөнд оролцох, биеэ авч явах соёлоос эхлээд хувь хүний хөгжлөөс шууд хамаарна шүү дээ. Сүүлийн үеийн хүүхдүүдийн боловсролын сургалтанд ахмад настнаа хүндлэх, мэндлэх угтах, үдэх ёсыг маш сайн зааж сургамаар байна. Амны салиа нь арилаагүй жаахан хүүхдүүд тамхины гал асуух жишээний. Даруулгатай, хүмүүжилтэй байхыг багаас нь заахгүй бол том болоод сурна гэж байхгүй шүү” гэдгийг онцолсон юм даа.
Ийнхүү өөрийн гэсэн бодолтой, зөв явахыг түмэн олондоо үлгэрлэж яваа “Тосон тогоо”-ныхон олон ч хүнийг амыг тосолж явна. Нэг зүйлдээ үнэнч тууштай явахын сайхныг, хийж дадсан ажилдаа чадварлаг байхын сайныг яруу тод харуулж байгаа Б.Баярбаатар хэмээх даруухан эрийн далайцтай амьдралын нэгээхэн түүх энэ буюу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Мундаг байна. Амжилт хүсье...
АМЖИЛТ ХҮСЬЕ\n
мундаг ажилсаг зөв хүмүүжилтэй зөв хандлагатай жинхэнэ баатар байна даа ийм хүн олон бол ч дороо л хөгжинө дөө удам судраараа хөдөлмөрч хүмүүс байна бахархаж байна улам их амжилт эрүүл энхийг хүсье
Ийм л залуучууд олон бол ... улс орны хөгжил, хүн зоны амьдрал цэгцэрнэ дээ. Хүүхдийн хүмүүжилд л анхаарах нь маш чухал шүү. Санал нэг байна. Баярбаатар болон гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Амжилт.