Бэлэн боловсорчихсон ургацаа алддаг гашуун түүх давтагдах вий!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

ХҮНСЭЭ ДОТООДООСОО ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДНААС ИМПОРТООР АВЧ НӨХНӨ

 

Монголчууд бид намрын их ажил хаяанд ирсэн энэ өдрүүдийг ТЭЗҮ байхгүй төмөр замын шав тавих маягтай л өнгөрүүлж байна. Өнгөрсөн 2020 онд бүтэн жилийн уналттай байсан эдийн засаг энэ жилийн эхний хагаст 6.3 хувийн өсөлт үзүүлсэн гэдэг мэдээ манай дарга нарыг өдөөчих шиг болсон. Ямартаа ч эдийн засгийн өсөлтийн задаргааг аваад үзэхээр дэлхийн зах зээл дээрх уул уухайн түүхий эдийн өндөр ханш, түүнийг дагасан орлого Монголын орлогыг торгоож байгаа бололтой. Уул уурхайн араас үйлчилгээний салбар бага зэрэг өсөлт үзүүлснийг эс тооцвол, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн бүхэлдээ уналт үзүүлжээ. Тэр дундаа дотоодын хэрэгцээг хямд, баталгаатай хүнсээр хангах учиртай хөдөө аж ахуйн салбар 4.6 хувиар агшсанаар хамгийн өндөр уналт үзүүлэв. Одоо хөдөө аж ахуй салбарын гол найдвар нь намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл болж үлдээд  байгаа. Энэ жил бүх нутгаар хур тунадас сайн байсны нөлөөгөөр тариа будааны болц сайн гэдэг дүгнэлттэй явж байна. Мал сүрэг ч ойрын арваад жилд байгаагүй тарга тэвээрэг авсан гэдгийг малчид ярих болсон. Хүнсний гол бүтээгдэхүүний нөөцөө дотоодоосоо хангах бүрэн боломж байна гэсэн үг. Гэхдээ баярлах болоогүй. Намар хөрсөн дээр эрт сэрүүсэж, хур тундас унах магадлалтай талаар цаг уурын байгууллагууд сануулсаар байгаа. Дээр нь намрын ажил алдах, ургац хураалтын үеэр хүний хүчний хүрэлцээгүйгээс тарьчихсан ургацаа алдсан тохиолдол өнгөр­сөн хил гарч байлаа. Өнгөрсөн жилийнх шиг хүнсээ дотоодоосоо хангаж чадахгүй бол гаднаас импортоор авч нөхнө. Дэлхийн нийтээрээ цар тахлын онцгой дэглэмийн үед хүнсний нөөц бүрдүүлж, экспортод хязгаар тавьж энэ үед нь импортод найдна гэдэг хэтэрхий өндөр өртөгтэй бөгөөд эрсдэлтэй зүйл.

Монгол Улс өнгөрсөн хавар улсын хэмжээнд 600 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн мэдээ бий. Үүний 400 орчим мянган га талбайд үр тариа, үлдсэн хэсэгт нь төмс, хүнсний ногоо тэргүүтнийг тариалсан. Үр тарианы хувьд нэг га талбайгаас 12 центнер гэж тооцвол, 470 орчим мянган тонн улаанбуудай хураах тооцоо гарчээ. Монгол Улсын улаанбуудайн хэрэгцээ 320 гаруй мянган тонн байдаг гэж үзвэл, ирэх жил дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах мэдээг салбарын яамнаас  байна. Гэхдээ салбарын яам өнгөрсөн онд ч үүнтэй ойролцоо тооцоо танилцуулж байсныг санах хэрэгтэй. Тодруулбал, 2020 оны хавар 364 мянган га-д тарьж, намар 487 мянган тонн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо танилцуулж байсан юм. Улмаар намар эрт цас унаж, ургац хураалтад оролцох хүн хүч хүрэлцээгүйн гэдэг шалтгаанаар Монгол Улс өнгөрсөн онд ургацынхаа 40 хувийг алдсан. Сүүлд бараг бэлэн боловсорчихсон ургацынхаа 50 хувийг алдсан гэдэг мэдээлэл бий. Улмаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас ОХУ-аас улаанбуудай импортлох чиглэл гаргаж байсныг санаж байгаа байх. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Алдагдлаа цар тахлын үед хүнсний гол хэрэгцээг хангах нэрийдлээр ОХУ-аас импортолж нөхсөн гашуун түүхтэй. Ингэхдээ гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, дотоодын зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр оруулж ирсэн байдаг. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын бороо, аравдугаар сарын цас газар тариалангийн гол бүс нутгууд болох Сэлэнгэд тэдэн га, Төв аймагт эдэн га, цаашлаад Дорнод, Увс, Хөвсгөл аймгуудад улаанбуудайн тариалан нилэнхүйдээ цасанд дарууллаа гэдэг мэдээ тасраагүй. Тухайн үед нэг хэсэг нь алдагдал өндөр хэмжээнд хүрснийг тэнгэр хангай руу чихээд өнгөрсөн бол нөгөө хэсэг нь залуус бага цалингаар ургац хураалтад оролцохгүй байгааг шүүмжилж байсан. Нэг талаас бэлтгэлгүй байсныг илрэл, нөгөө талаас зохион байгуулалт дутагтсаныг өнгөрсөн жилийн алдагдал илтгэж байлаа. 

Тэгвэл энэ жил цар тахлын нөлөөлөл хүнсний салбарт өнгөр­сөн жилийнхээс ч  хүчтэй тусаж байгаа. Манай хөрш орнууд стратегийн тодотголтой хүнсний бүтээгдэхүүний экспортын бод­логоо өнгөрсөн хавраас эхлэн чангатгасан. Тэгэхээр стратегийн хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотоодын түүхий эдээр хангах төрийн бодлогын хэрэгжилт  энэ жил бүр хүчтэй хөндөгдөх нь. Ургацын дүн мэдээнээс харахад, Монгол Улс сүүлийн таван жилийн хоёрт нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алджээ. Үлдсэн гуравт нь хур бороо дажгүй, сайхан цаг агаартай байсан. Харамсалтай нь тухайн жилүүдэд мөн л тодорхой хэмжээний улаанбуудайн импорт хийсэн юм. Тухайлбал, 2015 онд 21.1 мянган тонн, 2016 онд 158.2 мянган тонн, 2017 онд 13.6 мянган тонн, 2018 онд 232 мянган тонн, 2019 онд 14.4 мянган тонн, 2020 онд 80 мянган тонныг импортолсон.  Хэдий цаг агаар таатай байсан ч Монгол Улс стратегийн хүнс улаанбуудайн хувьд бие даагаагүй гэдэг нь  үүнээс харагдана. Мөн энэ алдагд­лын араас цэцэглэдэг бизнесүүд нэгэнт бий болсон. Төрөөс дутсан гурилын хэрэгцээгээ хангахын тулд импортын квот олгож, хөнгөлөлттэй зээл гарган гурил үйлдвэрлэгчдийг дэмждэг. Үүнийг нь эсэргүүцсэн тариаланчдыг татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулж, ам хаадаг. Эцэст нь шийдвэр гаргасан дарга, тариаланч, гурил үйлдвэрлэгч аль нь ч үүний төлөөсийг төлдөггүй. Зөвхөн татвар төлөгчид төлдөг.­­

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top