Дэлхийн II дайн болон чөлөөлөх дайны түүхт 76 жилийн ой өнөөдөр /2021.09.02/ тохиож байна. Дайны хор хохирол хийгээд монголчуудын тусгаар тогтнол ямар үнээр олдсон тухай, түүхээ мэдэхийн ач холбогдлын талаар Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүхч, түүхэн ухааны доктор хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.
-Дэлхийн II дайн, чөлөөлөх дайны 76 жил энэ өдөр тохиож байна. Түүхт ойн хүрээнд залуу хойч үедээ эх оронч ухамсар, үндэсний ой санамжийг нь сэрээх үүднээс ямар ямар ажлууд явуулж байна вэ?
-Хэн дуртай нь түүхийг өөрчилж, гуйвуулж ярьдаг болжээ. Түүхэн ялалтыг үнэн зөвөөр түмэн олонд хүргэх ёстой. Дэлхийн II дайн, чөлөөлөх дайны түүхт 76 жилийн ойд зориулж цар тахалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ард түмэндээ мэдлэг мэдээлэл олгохоор зорьж байна. Хүмүүс Халх голын дайны тухай яриад байдаг боловч дэлхийн II дайны учир шалтгааны тухай нарийн сайн мэддэггүй. Зөвлөлт, Герман харилцан үл довтлолцох гэрээг 1938 онд байгуулсан. Оросууд энэ гэрээнд хэт найдаж байсан нь алдаа болсон. Германчууд итгэл эвдэн гэрээгээ зөрчиж ЗХУ-руу дайрснаар, 1941 оны зургаадугаар сарын 22-нд дайн эхэлсэн байдаг. Цэрэг гэхэд л Зөвлөлтөөс 34 сая, Германаас 23 сая оролцсон. Түүнчлэн 30 мянга гаруй танк, нисэх онгоц, их буу оролцсон. Фронтын шугам нь хүртэл хэдэн мянган километр байлаа шүү дээ.
-Дэлхийн II дайнд монголчууд хэрхэн оролцсон байдаг вэ?
-Сүүлийн үеийн судлаачид 1939 оны Халх голын дайнаас дэлхийн II дайн эхэлсэн гэж үзэж байгаа. Тус оны тавдугаар сарын 28-ны өдөр Халх голын дайн эхэлсэн шүү дээ. Дэлхийн II дайн 1945 оны есдүгээр сарын 2-нд дуусах хүртэл дэлхийн 60 гаруй улс орон оролцсон байдаг. Дайны уршгаар 60 гаруй сая хүн амь насаа алдсанаас ойрын холбоотой ЗХУ 23 сая орчим хүнээ дайны хөлд алдсан гашуун түүхтэй.
Дэлхийн II дайнд 500 орчим монгол хүн дайнд оролцсон тоо байдаг. Энэ бол үнэнд ойрхон тоо. 1930-аад онд манай улсад 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга нь цаазлуулж, үлдсэнийг нь ЗХУ руу цөлсөн. Үүнээс гадна манай улс 1930-аад оноос ЗХУ-д хүмүүсээ сургаж эхэлсэн байдаг. Тэгэхээр, Украин, Беларусь, Москвад суралцаж байсан оюутнууд болон улс төрийн хэрэгт өртөж, тэнд цөлөгдөн ажиллаж байсан хүмүүс энэ дайнд оролцсон. Шууд зэвсэг бариад байлдахаас илүүтэй Москва, Киев, Ленинград хот бөмбөгдөлтөд өртөх үед тэнд байсан монгол оюутнууд бүслэлтийн дараах гамшгийг арилгах, нурангийг цэвэрлэх, гал түймэр унтраах, шархтан зөөх, хориглох саад ухах зэрэг ажилд оролцож байсан. Тэр утгаараа 500 орчим монгол хүн дайнд оролцсон нь маргаангүй юм. Мөн ЗХУ-ын Омскт суралцаж байсан монгол оюутнууд шархтануудыг зөөх тусгай хүчин болж байв. 1941 оны аравдугаар сард Германы танкууд Москвад 20 км тулаад ирэхэд монгол оюутнууд байж л байсан шүү дээ.
-Дэлхийн II дайн гарах болсон үндсэн шалтгаан юу байсан гэж үздэг вэ?
-Дайнд манай тал, дайсны тал гэж байдаг шиг Герман, Япон, Итали гэсэн гурван улс дэлхийг гурав хувааж нөлөөгөө тогтоох санаархалтай байсан. Тухайн үед энэ гурван улс хүчирхэг байжээ. Японы эзэнт гүрэн Азид ноёрхлоо тогтоохоор завдаж байв. Герман улс дэлхийн I дайнд ялагдсан хэдий ч зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлж дараагийн төлөвлөгөө боловсруулж байж. Итали улс хуучин Ромын эзэнт гүрнийг сэргээх зорилго тээж байв. Энэ гурвын тохироо гэвэл Герман улс Европыг, Япон улс Ази тивийг, Итал улс Африк тивийг эзлэх байсан юм. Дайны өрнөлөөс шалтгаалж зарим улс аль хүчирхэг талд нь дагаар орох зэргээр олон улсыг хоморголон хамруулж байжээ.
-Дэлхийн II дайнд Орос улс хамгийн их хохирол амссан шүү дээ. Хэрэв ЗХУ ялагдсан бол манай улсын хувь заяа хэрхэн эргэх байсан бол?
-Тухайн үед ЗХУ олон үндэстэн ястанг хамаарч, дэлхийн хамгийн том газар нутгийг эзэлж байсан том хүчирхэг гүрэн байсан. Эдийн засаг, улс төр, цэрэг стратегийн хувьд жин нөлөөтэй улс байсан тул Орос улсыг буулгаад авчихвал бусад жижиг улсууд дагаар ороход амархан гэж тооцоолсон байна. Германчууд Унгар, Франц, Австри, Чех гээд жижиг улсыг цөмөөд цөмөөд эзэлчихсэн шүү дээ. Гагцхүү Англи, Орос хоёр үлдсэн байсан. Германчууд Москва хүртэл түрж эзлээд байсан. Оросууд тэр олон сая хүнийхээ амиар бамбай хийж тэмцэж тэсэж үлдсэн юм шүү. Орос ялагдсан бол Монголын хувь заяа эргэлзээтэй байдалд орох байсан. Халхын голд япончууд 1939 оны дайнд ялагдаж маш том сургамж авч байсан учраас ОХУ-руу яаран хөдлөөгүй. Хэрэв дайрсан бол ОХУ алс дорнодод 300 мянгахан цэрэгтэй цэргийн хүч сул байсан. Япончууд хамаг анхаарлаа Хятад руу төвлөрүүлж байсан л даа.
-Тухайн үед монголчууд орос ах нартаа “Бүхнийг фронтод” уриатайгаар морь мал, дээл хувцас гээд бүхий л талаар тусламжийн цуваа илгээж байсан байх аа?
-Орос улс дахь стратегийн чухал нөөц, томоохон үйлдвэрүүдийг нь германчууд бөмбөгдчихсөн байсан. Тийм учраас 1941 онд Зөвлөл, Германы дайн эхлэхэд монголчууд ЗХУ-тай эв санаа нэгтэй гэдгээ зарласан. 1921 онд Ардын хувьсгалыг оросуудын тусламжтайгаар ялсан шүү дээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг үнэнч холбоот улсаа ядрахад нь туслахаас өөр аргагүй. Бэлгийн зургаан удаагийн цуваагаар 80 сая орчим төгрөгийн эд барааны тусламж өгсөн. 500 мянган агт морь, 500 мянган тонн мах хоол хүнс илгээж байсан. Манай улсын адуун сүргийн тоо 2.5 сая байхад, хагас сая буюу 20 гаруй хувийг нь ЗХУ-д өгсөн байдаг. ЗХУ-ын гурван цэрэг тутмын нэг нь монгол хонины ноосоор хийсэн шинель, эсгий гутал өмсөж байсан гэдэг. Тодруулбал, 80 мянган ширхэг хос эсгий гутал, 5.5 сая ширхэг тамхи, 628 унадаг дугуй, 50 мянга гаруй цаг, хутга зэргийг бэлэглэж байжээ. Үүнээс гадна, манай улс ЗХУ-д 43 мянган зээр, 30 мянга гаруй бодон гахай нийлүүлсэн байдаг. Монголчууд дангаараа 300 кг алт, 100 мянган ам.доллар хандивлахын зэрэгцээ 53 танк, 12 нисэх онгоцтой бригад байгуулж өгсөн байна.
Монголчууд Манжид эзлэгдсэнээс хойш 1945 оныг хүртэл 250 гаруй жил албан ёсоор тусгаар тогтнож чадаагүй байсан. Аугаа их эх орны дайн эхэлснээс хойш бид Оросыг дэмжиж зүтгэсний хүчээр тусгаар тогтнолоо олж авсан юм. Тодруулбал, дайн үргэлжлэх явцад 1945 оны хоёрдугаар сард АНУ, Британи, ЗХУ Крым Ялтад гурвалсан уулзалт хийсэн байдаг. Энэ уулзалтаар “Германы эсрэг Европ дахь дайн төгсгөл рүүгээ орчихлоо. Итал улс ялагдчихлаа. Гэтэл энэ гурван холбоотны нэг Япон улс Азид нөлөөтэй хэвээр цэрэг дайны үйл ажиллагаа явуулсаар байна. Япон улсыг яаж буулгаж авах вэ” гэдэг талаар ярилцсан. Мэдээж Японыг буулгаж авахын тулд ЗХУ хуурай газраар дайралт хийх ёстой. Тийм учраас япончуудын эсрэг дайнд оросуудыг оролцооч гэж гуйсан. Энэ гуйлтын хариуд ЗХУ хэд хэдэн болзол тавьсны нэг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх байлаа. 1911, 1921 онуудад монголчууд тусгаар тогтнолоо зарласан боловч ямар ч улс орон түүнийг нь зөвшөөрөөгүй бөгөөд Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан. АНУ энэ талаар Хятадын удирдагч Чин Кайшид “Хэрвээ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Японы эсрэг дайнд АНУ туслахгүй” гэж хэлсэн. Хятадын тал олон жил дайтсан япончуудыг ялахын тулд энэ болзолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Монголд 1945 аравдугаар сарын 12-нд бүх нийтийн санал асуулгаар монголчууд 100 хувь санал өгч тусгаар тогтнолоо олон улсад зөвшөөрүүлж чадсан. Монголчууд үнэлж баршгүй тусгаар тогтнолоо 1945 онд зөвшөөрүүлж чөлөөлөх дайны ялалтаа мандуулж чадсан энэ ойгоо тэгш ойг таширдуулж тэмдэглэхээсээ илүү жил бүр тэмдэглэж залуу хойч үедээ таниулан сурталчлах хэрэгтэй байна. Бид энэхүү түүхт ялалтын өдрийг өдөр бүр санаж явах учиртай.
-1939 онд япончууд Монгол руу зарлаагүй дайн эхлүүлж байсан бол 1945 оны чөлөөлөх дайнд монголчууд Японд дайн зарлаж байгаад дайтаж байсан. Энэ дайнд хэр хэмжээний хохирол амсаж байсан юм бол. Мэдээж ЗХУ-ын цэргийн тусламж маш их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг?
-1945 оны есдүгээр сарын 2-нд монгол, зөвлөлт цэрэг чөлөөлөх дайнд оролцож Манжуурыг Японы Квантуны армиас чөлөөлснөөр энэ дайн өндөрлөсөн. Японы Квантуны арми тухайн үед 700 гаруй мянган хүнтэй байсан. Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн болон хязгаарын цэргийн нийтдээ 22 мянган цэрэг оролцсон. Энэ дайнд ЗХУ-ын 1.5 сая цэрэг алс дорнодын нэг, хоёрдугаар фронт, Өвөр байгалийн фронт гэж гурван фронтод хуваагдсан. Манай цэргүүд Өвөр байгаль фронтод багтаж өмнөд бүлэглэлд монгол-зөвлөлтийн морьт механикжуулсан группт хуваарилагдсан. Энэ бүлэг нь 40 гаруй мянган хүнтэй байсны тал хувь нь буюу 22 мянга нь Монгол ардын хувьсгалт цэргүүд байсан. Энэ дайнд монголчууд 130-140 орчим хүний хохиролтой бөгөөд үүнээс 10 гаруй хүн нь үхэж, бусад нь яасан нь мэдэгдэхгүй алга болсон гэдэг. Аюуш, Жанчив, Дампил, Данзанваанчиг зэрэг баатрууд энэ дайнаас төрөн гарсан. Энэ дайны зорилго бол туурга тусгаар Монгол Улсаа мандан бадраах, зовж салсан Өвөрмонголын ахан дүүсээ нэгтгэх зорилготой байсан боловч нэгдэж чадаагүй. Тухайн үеийн Хятадын удирдагч Чан Кайши манай улсыг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрнө, нэгдэн нийлсэн том улс болгохыг зөвшөөрөхгүй гэсэн. Энэ нэг бодлын харамсмаар үйл явдал боловч нөгөө талаар тусгаар тогтнол маш том үнэ цэнээр олдсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дайны хөлд япон цэргийн ихэнх хувь нь буюу 670 мянган цэрэг Монгол, Зөвлөлтийн талд олзлогдсон. Манай улсад 10-аад мянган олзны цэргийг өгч бусдыг нь Оросын тал авсан. Улс орны эдийн засгийн байдал хүнд байсан учраас гаднын 10-аад мянган цэргийг тэжээх хэцүү. Улс орны аж ахуйн сэргээн босголтод дайчлах, дайны хохирлыг төлүүлэх үүднээс олзны цэргүүдээр барилга байшин бариулсан. Хэдий олзны цэрэг ч гэлээ амь үрэгдсэн цэргүүдийг хүндэтгэж хөшөө дурсгалыг нь босгож өгсөн шүү дээ. Манай орны эрс тэс цаг уурыг тэсэхгүй үхэх, өвчин тахалд нэрвэгдэх, оргож байгаад үрэгдэх гээд олзны цэргүүд цөөрч байсан. Дайны үед Японы 731 дүгээр тусгай отряд монгол болон оросын олзны цэргүүдэд маш харгис туршилтууд явуулж байсан шүү дээ. Бактерилогийн зэвсэг турших, өвлийн цаг уурын нөхцөлд яагаад тэсвэртэй байдгийг нь туршиж нүцгэн зогсоож хөлдөөж үзэх, төрөл бүрийн гэдэсний халдварт өвчин, тахал халдааж туршиж байсан хүнлэг бус түүх бий.
-Та ярианыхаа эхэнд залуу хойч үе эх оронч ухамсар, үндэсний ой санамжаа алдаж байна гэлээ шүү дээ. Хойч үедээ өнгөрсөн түүхээ таниулахын тулд бид яах ёстой вэ?
-Чөлөөлөх дайны ойг 1990 он хүртэл хөшөө дурсгал босгох, түүхэн ном товхимол гаргах, жил бүр хурал хуй хийх зэргээр улс төрийн өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг байсан. Тэр ч бүү хэл, Жанчхүүгийн даваан дээр босгосон Аюуш баатрын шарил дээр цэрэг армийн удирдлага болон төрийн томчууд очиж цэцэг өргөдөг байжээ. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр чөлөөлөх дайны ойг тасралтгүй тэмдэглэж ирсэн. Ноднин жил хэдийгээр цар тахлын хөл хориотой байсан ч манай хүрээлэн ОХУ-тай хамтарч “Манжуурын эсрэг стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж байсан. Мөн “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвтэй гэрэл зураг, архивын үнэт зүйлсээр үзэсгэлэн нээж байлаа. Энэ жилийн тухайд мөн л ковидоос шалтгаалаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллаж байна. Хөл хорио гайгүй болохоор эрдэм шинжилгээний хурал хийх төлөвлөгөөтэй байна.
-Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа нь хэд байдаг юм бол. Тэдний түүхэн гавьяаг алдаршуулах ямар ажлууд хийж ирсэн бэ?
-Өнгөрсөн жил 78 ахмад дайчин байна гэсэн тоо гарсан. Жил ирэх тусам ахмад дайчид цөөрч, хөгшид маань таван жил, 10 жилийн ойг хүлээж чадахгүй. Тэднийхээ түүхэн гавьяаг алдаршуулж дурсамж дурдатгалын номуудыг социализмын үед гаргаж байсан юм билээ. Үүнд ихэвчлэн намын гишүүд, хороо дивизийн дарга нар л орж байсан талтай. Тэгвэл энэ жил Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол цэргийн музей, Батлан хамгаалах яам, Архивын ерөнхий газраас санаачлаад 1939, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон бүх ахмад дайчдын судалгааг гаргаж дурдатгалыг тэмдэглэх ажил эхлүүлж байна. Эгэл жирийн дайчид, нэр нь үл мэдэгдэх баатруудыг 21 аймгаас судалгааг нь түлхүү авч ахмад дайчдынхаа ботийг цувралаар гаргана. Мөн амьд үлдсэн дайчдынхаа бичлэгийг хальсанд мөнхрүүлж авах ажил хийхээр эхэлсэн.
-Түүхэн ялалт, эх түүхээ түмэн олонд хүргэж сурталчлан таниулахын тулд кино урлагаар дамжуулах нь тун их нөлөөлдөг юм шиг. Хятад, Солонгос, Орос улсууд маш их хөрөнгө хаяж цуврал түүхэн кино их хийдэг шүү дээ. Манай улс энэ тал дээр хэр оновчтой шийдвэр гаргаж байна вэ?
-Солонгос улсыг жишээ татахад оточ Жангумаа л Викториа хатан шиг өргөмжлөөд олон ангит кино хийчихсэн. Оросууд ч ялгаагүй. Бидэнд үнэн бодит бахархам түүх баялаг атлаа түүнийгээ уран бүтээлээр хүргэхдээ учир дутагдалтай байдаг. 1990 оноос өмнө “Бид мартахгүй”, “Говь хянганд тулалдсан нь” зэрэг түүхэн кино их хийдэг байсан. Түүнээс хойш мафи, алаан хядаан, хүчирхийлэл, хайр дурлал, секс, хэрүүл уруултай кино их хийдэг болжээ.Халх голын 80 жилийн ойгоор Дандар баатрын тухай “Бууны сумыг буцааж болдоггүй” гэдэг нэртэй нэг ангит кино хийсэн. Энэ жил “Эрхэт Монгол” медиа групп “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвтэй реалити шоу хийлээ. Энэ шоу маш өгөөжтэй ажил болсон. Миний хувьд түүхэн зөвлөхөөр нь ажилласандаа баяртай байна. Олон нийтийн зүгээс тус шоу эерэг үнэлгээ авсан. Үүнээс санаа авч бусад телевизүүд түүхэн сэдэвтэй олон нэвтрүүлэг, шоу хийх болсон. Энэ зун МҮОНТВ-тэй хамтарч “Ардын хувьсгал Алтанбулгаас эхтэй” нэвтрүүлгийн зураг авалтаар Сэлэнгэ яваад ирлээ. Төр засгийн зүгээс киноны хууль баталж төсөв баталсан. Түүний тодорхой хэсгээс түүхэн киноны зардалд зориулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
энэ сэдвийг их дээд сургуулийн түүх судлалын программд оруулах хэрэгтэй. 10 сарын 12-ныг Монголын тусгаар тогтнолын өдрөөр зарлах хэрэгтэй
энэ сэдвийг их дээд сургуулийн түүх судлалын программд оруулах хэрэгтэй. 10 сарын 12-ныг Монголын тусгаар тогтнолын өдрөөр зарлах хэрэгтэй
Монгол хүмүүс өнөө үед мэдлэг чадвартай болохгүй бол хэцүүднэ шүү дээ.
ТЕЛЕКИНО ҮЙЛДВЭР ГЭЖ БАЙХАД ХАЛХЫН ГОЛ - ЗАЛУУ НАС МИНЬ ГЭДЭГ НЭРЭЭР 5 БҮЛЭГ БАРИМТАТ КИНО БАЙДАГ.,ОДОО ГАРГАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.
ЭНЭ СЭДВИЙГ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЗААВЛ МЭДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ИЙМ ТҮҮХИЙГ МЭЭХГҮЙ ХҮМҮҮС ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ЧАДАХГҮЙ.