П.Ганхуяг: Махны чиглэлийн малын дуудлага худалдаа болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуягаас малын дуудлага худалдааны талаар тодрууллаа.


-Малын удмын сангийн үндэсний төвөөс цэвэр үүлдрийн үхэр, хонийг дуудлага худалдаагаар борлуулах гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтраад Франц улсаас импортоор авсан лимузин, ангус зэрэг цэвэр үүлдрийн 16-18 сарын настай үржлийн гунж, бухыг дуудлага худалдаанд оруулна. Үүний хүрээнд бэлтгэл ажлуудыг хангаж байна. Дуудлага худалдааг есдүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд махны чиглэлийн лимузин, хар ангус үржүүлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ үеэр нийт 176 үхрийг дуудлага худалдаанд оруулахаас гадна тухайн үхрийн арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт хийж, мэдээлэл өгнө. Худалдан авахгүй байсан ч гэсэн сонирхож үзээд цаашид манай байгууллагатай хамтран үржлийн ажлыг хийх чиглэлээр харилцан ярилцаж, ирэх жил зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээг хийлгэж болно. Энэ утгаараа үржлийн аж ахуйг бий болгох зорилготой иргэд, аж ахуйн нэгжүүдэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

-Худалдах гэж байгаа лимузин, ангус үүлдрийн үхрийн гол онцлог шинжүүд нь ямар вэ?

-Лимузин үүлдрийн 16-18 сартай гунж дунджаар 390-470 килограмм жинтэй. Үнэ нь жин болоод насны байдлаас шалтгаалж харилцан адилгүй байна. Энэ үхэр f1 буюу нэгдүгээр үеийн эрлийз биш цэвэр бух, цэвэр үнээнээс гарсан төлүүд. Мөн лимузин, ангус үүлдрийн үхэр хоёулаа махны чиглэлийнх. Лимузин үүлдрийн 18 сарын настай гунж, өсвөр үхрийн гулуузны жин франц улсдаа 310-350 килограмм байдаг. Монголд нас гүйцсэн шар хүртэл ийм хэмжээнд хүрдэггүй. Харин ангус бол харьцангуй бага ч гэсэн 250-320 килограмм гулууз гардаг учир мах үйлдвэрлэлд нэлээн бололцоотой, хөгжүүлэх боломжтой.

-Эдгээр үхэр хэр арчилгаа, маллагаа шаарддаг вэ?

-Хүмүүс битүү байр саванд маллана гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ үхэр бэлчээрийн маллагаатай. Франц, Герман, Польшид ч тэр бэлчээрээр малладаг. Мэдээж нэмэлт тэжээл зайлшгүй хэрэгцээтэй. Тэжээлийн асуудлаа шийдсэн, байр саравчаа бэлдсэн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл гарахгүй. Лимузин үхэр нэлээн арчилгаа, тэжээл шаарддаг. Ангус үхрийн хувьд манай зүүн болон төвийн бүсийн аймгууд Сэлэнгэ, Дарханд аж ахуйн нэгжүүд үржүүлж, тэр хэрээр сонирхох нь ч их байна. Ангусыг бэлчээрээр дагнасан фермерүүд авахад тохиромжтой. Харин лимузинг газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулсан, нэлээн чадавхтай, тэжээлийн нөөц баазтай аж ахуйн нэгжүүд аваад үржүүлбэл үр дүнтэй.

-Лимузин, ангус үүлдрийн үхэр үржүүлэхээр зорьж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Цаашид үржүүлэх сонирхолтой хүмүүст хэлэхэд, дангаар нь л үржүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, ангусыг герефорд, лимузинг ангустай гэх зэргээр эрлийзжүүлэхгүй дангаар нь үржүүлэх хэрэгтэй. Харин монгол үхрийг сайжруулж болно. Монгол үхрийг ангус, лимузин үүлдэртэй эрлийзжүүлэхэд их тохиромжтой. Хамгийн гол нь өсвөр насандаа өсөлт сайтай байдаг.

-Дуудлага худалдаагаар үхрээс өөр мал борлуулах уу?

-2017 онд ХХААХҮЯ-ны захиалгаар “Тайшир өргөө” компани Франц улсаас нарийн ноостой меринос үүлдрийн хонийг үржлийн аж ахуй байгуулах зорилготойгоор оруулж ирсэн. Өсвөр хуц, хээлтэгч гээд нийт 350 хонийг дуудлага худалдаанд оруулна. Үүнийг мах үйлдвэрлэлд ашигласнаар монгол хониноос 40-60 хувиар илүү гарцтай. Хурган үедээ өсөлт сайтай. Энэ хонийг сонирхож байгаа иргэд мах, ноосны гээд таваарын зориулалтаар ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top