СУРВАЛЖИЛГА: Хүнд хагалгаанууд цусны нөөцгүйн улмаас хойшлогдож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

“ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХАГАЛГААНД ОРОХООР ТӨЛӨВЛӨСӨН Ч ЦУСНЫ НӨӨЦ БАЙХГҮЙН  УЛМААС ОРЖ ЧАДААГҮЙ”

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг. Энэ зүйрлэл бидний сурвалжлагын сэдэвтэй агуулгаараа тохирох тийм нэг гачлантай үйл явдлын талаар энд өгүүлэх гэж байна. Э.Болорсайхан гэх бүсгүй элэг шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай болжээ. Түүнд элэгний донор олдсон ч II-р бүлгийн цусны нөөцгүйн улмаас хагалгаа нь хойшлоод байгаа аж. Э.Болорсайхан тавдугаар сард хагалгаанд орохоор байсан ч цар тахлын улмаас элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхгүй байсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногоос хагалгаа хийж эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Э.Болорсайхан мэс засал хийлгэх ба өнгөрсөн долоо хоногт хагалгаа хийхээр төлөвлөсөн ч цусны нөөцгүйн  улмаас хагалгаанд орж чадаагүй аж. Энэ долоо хоногт бас л орж чадахгүйд хүрээд байна. Амьдрах хугацаа цаг минутаар хэмжигдэж байгаа эгзэгтэй үед донор нь байсан ч цус байхгүйн улмаас хагалгаа хойшлогдоод байна гэхээр юутай харамсалтай...

Иймд цусны нөөцийн асуудлыг газар дээрээс нь тодруулахаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг зорилоо. Улсын хоёрдугаар эмнэлгийн ард байрлах ЦССҮТ-ийн төв байр руу очив. Гадаах үүдэнд  их хотын өнгө төрхийг ажин, тайван амгалан зогсох хамгаалагчаас өөр хүнгүй, эл хуль байх юм. Дотогш ороход бас л ажин түжин. Үүнээс харахад л цусны нөөц багасахаас аргагүй юм даа гэж бодогдов.

Бидний ирсэн энэхүү төв салбарт нэг дор 18-20 хүнээс цус авах боломжтой гэнэ. Гэтэл тэр олон цэгийн ганцхан цэг дээр нь цусны донор байгааг хараад сэтгэл үймрэх шиг болов. Сувилагч эмч “Цар тахлаас болоод ч тэр үү ирж цусаа хандивлах хүн багассан” хэмээн бидэнд учирлалаа.

Цусны нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүнээр тодорхойлдог байна. Манай улсын хувьд 14-21 хоногийн нөөц үүсгэж явдаг. Гэтэл одоо 3-5 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ нь энгийн үеийнхээс 2-3 дахин буурсан үзүүлэлт болоод байна.

Улс орон хөгжихийн хирээр эрүүл мэндийн салбарын хөгжил ч нэмэгдэж, хүнд хагалгаануудыг дотооддоо хийдэг болоод буй. Эрхтэн шилжүүлэх мэс засалд дунджаар 60 литр цус хэрэглэдэг байна. Харин нэг хүнээс 400-500 гр цус авдаг. Ингэж бодоход ойролцоогоор 150-200 хүн цус хандивласнаар Э.Болорсайхан хагалгаанд орох боломжтой болох юм.  Гэтэл цар тахлын улмаас иргэдийн цусаа өгөх нь багасаж, цусны нөөц 2-3 дахин буурсан байна. 

Э.Болорсайханы мэс засалд шаардлагатай цусны захиалгын талаар ЦССҮТ-өөс тодруулахад “Бидэнд албан бичгээр захиалга ирдэг. Үүнийг мэс ажилбараас 21 хоногийн өмнө өгөх ёстой байдаг. Ингэснээр бид тохирох цусыг энэ хугацаанд бэлддэг. Э.Болорсайханы захиалга сая ирсэн” гэх тайлбарыг өгсөн юм. Иймд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсээс халуун дулаан сэтгэлээр цусаа хандивлахыг хүсэж байна.

30 ГАРУЙ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД ШААРДЛАГАТАЙ ЦУСНЫ ЗАХИАЛГА ИРСЭН

Улс орон хөгжихийн хирээр эрүүл мэндийн салбарын хөгжил ч нэмэгдэж, хүнд хагалгаануудыг дотооддоо хийдэг болсныг дээр дурдсан. Хэдэн зуун саяар үнэлэгдэх элэг шилжүүлэн суулгах хагалгааг манайх дотооддоо хийдэг болсон нь сайшаалтай. Сайны хажуугаар саар гэгчээр цусны нөөц багасаж байгаа нь харамсалтай. Одоогийн байдлаар 22 элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай цусны захиалга нэгдүгээр эмнэлгээс ирээд байгаа аж. Мөн ХӨСҮТ-өөс 10 гаруй захиалга ирсэн гэнэ. Үүнээс харахад цусны хэрэгцээ, шаардлага маш их байгаа юм.

Цус судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа ололт амжилтын хүрээнд цусны захиалга 2030 он хүртэл өснө гэсэн судалгаа гарсан. Тухайлбал, Монгол улсад өмнө нь оношилж, эмчилдэггүй байсан элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт өвчнүүдийг эмчилдэг болсон учраас үүнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэх дүр зурагтай байна” гэлээ.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН 14-28 ХОНОГИЙН ДАРАА ЦУСАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

Цусаа өгөхөөр ирсэн ч өгч чадахгүй буцах тохиолдол их байдаг аж. Тухайлбал гепатитын B, C вирустэй, архаг хууч өвчтэй хүмүүс цусаа өгөх боломжгүй байдаг. Харин вакцин хийлгэсэн, эм тариа хэрэглэсэн, ковид-19 өвдсөн хүмүүс түр хугацаагаар цусаа өгөх боломжгүй юм.

Вакцин хийлгэсэн хүн хэр хугацааны дараа цусаа өгөх боломжтой талаар тодруулахад “Вакцины төрлөөс хамаараад өөр байгаа. Файзер вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой болно. Харин бусад төрлийн вакцин хийлгэсэн бол 21,28 хоног, ковид-19 тусаад эдгэснээс нэг сарын дараа цусаа өгч болох юм” гэж ЦССҮТ-ийн ерөнхий захирал тайлбарлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
new(197.211.58.64) 2021 оны 09 сарын 03

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай\nТэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг тан

0  |  0
Top