Цочир хүйтэрсний улмаас ургац алдаж болзошгүйг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Улсын ургацын комисс энэ намрын анхны хуралдаанаа өчигдөр /2021.09.03/ хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, тариалангийн салбарын удирдах ажилтан, мэргэжилтэн болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын  эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулж, вакцины хоёр болон гуравдугаар тунд эхний ээлжинд  хамруулах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах, хураалтын үеийн цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургацад ажиллах техник, хүн хүч, авто болон төмөр замын тээврийн хүрэлцээ хангамжийг тооцож бүрдүүлэх, зам гүүрийн засварын ажлыг шуурхайлах, бэлэн байдлыг хангах” хэрэгтэйг онцоллоо.

Энэ онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийт 655 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан аж. Урьдчилсан балансаас улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгааг албаныхан онцолсон байна. Мөн үргэлжилсэн бороо, үер, мөндөр, эрс хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон  бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна. Түүнчлэн наймдугаар сар гарсаар тариалангийн бүс нутгуудаар орсон усархаг борооны улмаас хожуу гарсан таримал хэнзлэн ургаж, шөнөдөө эрс сэрүүсэж байгаа нь болц дутуу байсан таримлын ургац хяруу, цочир хүйтрэлтэд  өртөж улмаар  нийт хураан авах ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тиймээс ургацыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалах бэлтгэлийг хангах, болц түргэтгэх энгийн механик болон химийн аргыг зөв цаг хугацаанд үр дүнтэй хослон хэрэглэхээр тооцож санхүүжилтээ шийдвэрлэх зөвлөмжийг тариаланчдад өгсөн байна. 

Энэ жил тариаланчдаас ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид,  цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн байна. Ургац хураалтад нийт 1041 комбайн,  587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг  үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг  үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Энэхүү техникийн иж бүрдлээр ургац хураалтын ажлыг цаг агаарын хүндрэл учрахгүй бол 26-30 хоногт багтаан дуусгах тооцоо гарчээ.

ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсэн байна. Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл,  төмсний 30 иж бүрдэл,  хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац  хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болжээ. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаа аж. Үүнээс Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа юм байна. Энэ жил Засгийн газрын 2021 оны 42, 49 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд  тариалан бүхий 524 иргэн, аж ахуйн нэгжид 32 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгоод байгаа ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top