Иргэдийн эндүүрэл дээр боссон койныг хуульчлан, хүлээн зөвшөөрөх нь зөв үү

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Яг үнэндээ өнөөдөр Монголд мобайл банкны гүйлгээг койны арилжаатай андуурах хүн гурван сая гаруй байгаа. Тэгвэл ийм үед койны арилжааг хуулиар хүлээн зөвшөөрөх нь юу руу хөтлөх вэ. Энэ зах зээлд оролцогчид өнгөрсөн хугацаанд биткойны ханш өссөөр ирсэн учраас ирээдүйд  багахан ашиг зулгаах гэсэн хүслээр оролцох болсон. Гэхдээ олон улсад нэрд гарчихсан биткойны Монголд төрсөн “дүү нар” баталгаатай эсэх өөрөө эргэлзээтэй. Оролцогчид нь цөөн бөгөөд хязгаартай. Бас итгэл төрүүлэхүйц сурталчилгаа ихтэй юм.

Учир нь ямар ч үнэ цэнэгүй, ардаа баталгаа болох юмгүй, нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлгүй  койн гэх зүйлийг бүртгэн хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг санаачлагчаар Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүү зохицуулах хороо тодроод байгаа. Хуулийн төсөл санаачлах болсон шалтгаан нь маш энгийн. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас Монголд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангахын тулд хийж буй ажил гэх. Тайлбар нь эхний ээлжид хуульчлан төлбөрийн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрөн  бүртгэлжүүлье, харин иргэд өөрсдөө эрсдэлээ тооцоолон арилжаанд ёстой гэв. Мэргэжилтний энэ үгнээс хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг зохицуулалттай зах зээл дээр иргэд өөрсдөө эрсдэлээ хүлээн арилжаанд оролцдог шиг Монгол Улс койн тэргүүттэй виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж буйг ойлгож болно. Ийнхүү Монголын шилдэг гэгддэх мэргэжилтнүүд нэг баг болон эрсдэлийг нь тодорхойлох боломжгүй зүйлүүдийг албан ёсны мэт харагдуулах хуулийн төслийг бэлэн болгожээ. Гэвч үүний ард нэг асуудал хаягдаж байгаа нь иргэдийн эрх ашиг. Нөгөө Үндсэн хууль тэргүүтэнд бичсэн “Монгол төр иргэний эрх ашгийг дээдэлнэ” зэргийг төр таягдах нь. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд иргэдийг эд мөнгө, сэтгэл санаагаараа хохирохоос сэрэмжлүүлсэн удаа дараагийн анхааруулгыг Монголбанк, Санхүү зохицуулах хорооныхон өөрсдөө гаргаж ирсэн. Хамгийн сүүлд Монголбанкны ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн гэхэд л “Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш учраас  иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл” гэсэн. Аливаа улсын эдийн засагт төв банкных нь ерөнхийлөгчийнхөөс том мэдэгдэл гэж юу байх вэ. Тэгвэл Монголд “Ард”-ын ч юм уу, алиалагч ч юм уу хэдэн нөхөд хуулийн зохицуулалтгүй гэдэг үндэслэлээр чөлөөт зах зээлийн буяныг давуулан эдэлж байна.

Ер нь дэлхийн улс орнуудын төв банкууд криптовалют, койноос маш ихээр болгоомжилж байгаа. Тэр дундаа олонх нь болгоомжлох бус бүр хатуу цээрлэх маягтай болж ирсэн. Орос, Хятад төдийгүй чөлөөт эдийн засгийн баримжаатай Америк, Англи, Японы төв банкуудын томоохон албан тушаалтнууд криптовалют, койныг технологид суурилсан санхүүхийн пирамид, амиа холрох казиногийн рулеттэй зүйрлэсэн байх юм. Манайхаар бол гудамжинд гутал өнгөлөгчний саванд шоо сэгсэрдэг “аз, од” нэртэй тоглоом юм уу даа. Бүр зарим тохиолдолд 50 хувийн хожих магадлалтай “аз, од”-оос ч найдваргүй гэж тодорхойлсон явдал зөндөө. Арилжаа хэнээс гаралтай нь тодорхойгүйн адилаар хил хязгааргүй гэж үнэлэгдээд байгаа учраас бодлого тодорхойлогчид хяналтгүй мөнгө буруу гар руу хөтөлнө гэж үзэх болсон. Тэгвэл нөгөө талдаа койны хяналтгүй арилжаа нь ирээдүйн өсөлтийн үндсэн суурь гэж тайлбарлах шинжээчид цөөнгүй бий. Технологид суурилсан учраас хэрэглэгчдийн тоо хязгааргүй, арилжааны цар хүрээ тодорхойлох боломжгүй зэрэг нь өсөлтийн хүрээг жижиг оролцогчдоор тэлэх гэнэ. Үүнийг зохицуулалттай мөнгөний эсрэг зохицуулалтгүй мөнгөний сөргөлдөөн гэж тодорхойлсон тохиолдлууд байна. Монгол Улс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй ч бүртгэх төдий заалттай хуультай болно гэж үзвэл, дээрх хоёр байр суурьны аль нэгийг дагалгүй төвийг сахих гэж буй нь илт байгаа. Түүнчлэн УИХ дээр лоббины хууль батлагддаг олон жишээ давтагдахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ олон улсын түвшинд явж буй эдгээр тайлбарыг Монголд шууд буулгаж хэрэглэх нь дэндүү эргэлзээтэй, эрсдэлтэй. Ялан­гуяа Монголд явагдаж буй койны арил­жаанууд бодит мэдээлэл бус хэрэглэгчдийн сэтгэл хөөрөл, сан­хүүгийн судалгаа тооцоо бус шунал дээр дөрөөлсөн тоглолт яваад байгаа учраас...

Одоогоор Монголд гарсан хэд хэдэн койны анхдагч арилжаа амжилттай гэж сурталчлагдсан. Мөн л анхдагч арилжаанд хэн, хаанаас оролцсон нь тодорхойгүй. Амжилттай болсон гэдэг мэдээллээр Монголын цахим ертөнц тархиа угаалгав. Одоо дараа дараагийн койнууд мэндлэх нь гарцаагүй. Зах зээл хэдхэн минутын дотор шуураад өнгөрсөн учраас ийм хүлээлт  байгаа. Үүний урьтал болгож “Монгол Улс удахгүй криптовалют, койнуудын арилжааг албан ёсоор хүлээн зөвшөөрч, Засгийн газрынх нь санаачилгаар төрийн эрх барих дэд байгууллага буюу УИХ нь зохицуулсан хууль баталж өгнө. Тиймээс энэ чиглэлийн арилжаа цаашид хүрээгээ тэлж, хэрэглэгчид үр өгөөжөө хүртэх болно” гэсэн агуулгатай мэдээллүүд хөвөрч эхэллээ. Нөгөө л ах нар сурталчилгаанд нь голлож, аймар баяжсан гэдгээ гайхуулна. Улмаар хуулийн зохицуулалтгүй хийгдчихсэн койнуудын арилжаанд олон хүн оролцон хохирч мэдэх нь. Яг л Житайм тэргүүтэй санхүүгийн пирамид  луйврууд олон хүн элсүүлж чадсан шиг зүйл болно. Гэсэн хэдий ч койнууд ардаа үнэ цэнэгүй гэдгийг мэдэлгүй хөрөнгө мөнгөө оруулсан олон хүний эрх ашгийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд багтаагүйг санаачлагчид нь өөрсдөө хэлж байна. Эдгээрийн нийлбэр дээр иргэд хялбар аргаар баяжих хүслэнгээсээ болж хохирч үлдэнэ. Алдсан хүн арван тамтай гэдэг л болно гэсэн үг.

Уг нь криптовалют, койн өөрөө ямар ч үнэ цэнэгүй гэдгийг хуулийн төсөлдөө хүртэл тов тодорхой оруулчихсан байгаа. Төсөлд “Виртуал хөрөнгө гэж дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий “эдийн бус” хөрөнгийг ойлгоно гэж тусгажээ.  Тэгвэл ФАТФ-аас гаргасан нэр томъёонд виртуал хөрөнгө гэж дижитал хэлбэрээр арилжаалагдах, хувирах, шилжүүлэгдэх боломжтой төлбөр тооцоонд эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах боломжтой “үнэ цэнэ”-ийг ойлгоно гэж тодорхойлжээ. Хуулийн төсөл санаачлагчид энэ хоёр өөр утгыг андуурсан байж болох ч Монголын төр иргэний эрх ашиг гэдэг нэн тэргүүний ойлголтыг эдийн засгийн ашиг гэдэг салаа утгатай хольж хутгамааргүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд  виртуал хөрөнгийг зохицуулах албан ёсны хууль байхгүй нь үнэн. Цаашид зах зээл өөрөө хуулийн зохицуулалт шаардахыг үгүйсгэхгүй. Гэхдээ виртуал хөрөнгө гэж иргэдийг төөрөлдүүлэхээсээ урьтаж,  цахим мөнгө,  койны хоёрын ялгааг таниулах хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар цахим мөнгө, криптовалют гэж хоёр тусдаа ойлголт явж байгаа.  Блокчейн технологид суурилсан криптовалютыг Монгол Улсад бараа, үйлчилгээний төлбөрт ашигладаггүй. Зөвхөн цахим төлбөр тооцоог Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр хүлээн зөвшөөрч байгаа. Одоо энэ хоёрын зөрүүн дээр олон төрлийн койнууд нэмэгдсэн. Энэ мэт энгийн эндүүрэл дээр бий болсон ойлтуудыг хуулиар зөвшөөрөх нь байдлыг улам дордуулна даа.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top