СУРВАЛЖИЛГА: Агаар дээр амьдардаг бүсгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Их хотын өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, шилэн барилга, шинэхэн хотхоноор хүрээгээ тэлсээр. Хашаалж хүрээлсэн өндөр өндөр барилгуудын ажил ид өрнөж, том том машин механизмууд хүнгэнэн нүргэлсээр. Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа энэ үед барил­гачид дор бүрнээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, баяр бахдалаа дэлгэсээр байгаа билээ. Үүнээс хамгийн анхаарал татсан нь кранист мэргэжлээр 10 гаруй жил ажилласан турьхан бүсгүй байлаа. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байдаг барилгын талбайд тэнгэрт цойлсон краны орой дээр бүсгүй хүн сууж байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэгвэл өнөөдрийн зочноор кранист хийдэг Ц.Эрдэнэжаргал хэмээх шавилхан бүсгүйг онцолж байна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ОЛОХООР КРАНИСТ ХИЙСЭН Ч ЭНЭ МЭРГЭЖИЛДЭЭ УРВАСНЫ УЧИР

 

Ц.Эрдэнэжаргал кранистын ажилдаа тун хайртай. Гэртээ нэг өдөр өнжиж чаддаггүй, ажилдаа яаран яаран ирж барилгын ажлын хамаг хүндийг нугалах үедээ л хамгийн аз жаргалтай болдог нэгэн. Тэрбээр 2012 онд ХААИС-ийн байгаль орчны хяналт, ойн байцаагчийн мэргэжлээр сурч байжээ. Сургалтын төлбөрөө олохын тулд барилга дээр кранист хийж байгаад энэ мэргэжил рүү “хальтирсан” тухайгаа хуучлав. Хэрэв тэр мэргэжлээрээ суралцаад төгссөн бол өдийд их сургуульдаа багшаар ажиллах юм уу эсвэл ойн үнэлгээчин, мэргэжлийн хяналтын байцаагч болох байсан байх гэж байв. Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд сурч байхдаа 10 дугаар ангидаа биологийн олимпиадад хамгийн өндөр оноог авч ХААИС-д төрийн сангийн тэтгэлгээр суралцах эрх авсан ч хоёрдугаар курстээ нярайлж үргэлжлүүлэн тэтгэлэг авах боломжгүй болжээ. Түүнийг ирээдүйтэй оюутан байсан болохоор кранист болоход мэргэжлийн багш нь маш их харамсаж байсан гэдэг. Бүсгүйг энэ мэргэжил рүү урвуулсан хүн бол “Тэнгэрийн суудалтай хүмүүс” төрийн бус байгууллагын тэргүүн, барилгын салбарт 40-өөд жил кран барьсан н.Ганчимэг гэдэг эмэгтэй бий. 10-аад жилийн хугацаанд 200 гаруй кранист сургаж төгсгөсөн буянтай байгууллага ажээ.

Ц.Эрдэнэжаргал дагалдаж байхдаа өндрөөс айж толгой нь эргэж, сандарсан боловч надаас ахимаг настай хүн гараад байхад би яагаад чаддаггүй юм гэсэн хор шараар зүрх зориг орж байжээ. Тэрбээр мэргэжлийн кранистын сургалтанд явж үнэмлэхтэй болсноор 10 гаруй жил энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Хэдийгээр удам дамжсан барилгын салбарын хүн байдаггүй ч ээж нь “Миний охин чадна гэж бодож байгаа бол наад ажлаа хий” гэж зөвлөжээ.Тухайн үед кранист мэргэжилтэй бүсгүй хуруу дарам цөөхөн байв. Хамгийн анх цалин нь нэг сая төгрөг элбэг гаргаад авдаг байсан болоод ч тэр үү үеийнхэнээсээ амьжиргааны хувьд хавь илүү байсан гэдэг. Одоо бол түүний цалин гурав дахин өссөн. Дарханы спорт цогцолбор, Төв шуудангийн хажуу талын 14 давхар барилга, хотхон хороолол зэрэг олон арван барилга байшинг тэр босголцсон. Барилгын шавар зуурмаг, элс цементээс эхлээд тоосго, мод, чулуу, арматур, блокон багана, труба гээд бүхий л эд эс түүний гараар өрөгдсөн. Тэгэхээр аливаа барилга байшин кранистгүйгээр явахгүй гэсэн үг. Тиймдээ  ч үнэ хүндтэй мэргэжил. Барилгын удирдлагууд эмэгтэй хүн ажилд авах сонирхолтой байдаг гэнэ. Учир нь эмэгтэй хүн нямбай, хариуцлагатайн дээр архи, тамхи хэрэглэж ажил хийдүүлээд байдаггүйд нь олзуурхдаг тухай өгүүлж байв. Гэхдээ эмэгтэй хүн энэ мэргэжлээр ажиллахаар ар гэрийн ажил, үр хүүхэд орхигдох талтай гэдгийг ч нуусангүй. Түүний ажил тун мэдрэмж шаарддаг. Жаахан л хэмжээ дамжаа алдах юм бол эд материал эвдэж сүйдлэх, цаашлаад хүний амь нас эрсдэх, бэртэх гээд маш том хариуцлага хүлээнэ шүү дээ. Хоёр, гурван станцаар зэрэг харьцаж ажлаа түүртэлгүй хийхийн тулд байнгын тархиа ажиллуулах, тооцоолон бодох шаардлага гардаг аж. Эхэндээ баримжаа алдах, кранаа савлуулах, юм мөргөх гээд сандардаг байсан бол одоо бол гарт нь оржээ. Анх ажилд ороход баахан эрчүүд угтаж бишүүрхэж гэрэвшсээр өндөрт мацан гарч кранаа ажиллуулж эхлэхэд барилгын материалынхаа нэршлийг ч мэдэхгүй загнуулах, зэмлүүлэх явдал олонтаа гарч байжээ. Ц.Эрдэнэжаргал “Манай нийгмийн хандлага нь эмэгтэй хүн эрчүүдээс дээр албан тушаалтай байх, цалин хөлс нь өндөр байхыг нэг их таашаадаггүй юм шиг. Заримдаа хүмүүс эрчүүдийн толгой дээр “зайдалж” суучихаад гэж загнахад нь уйлах ч үе гардаг байсан” гэлээ. Ажил мэргэжлийнх нь онцлог тэр юм чинь яах билээ. Ингээд бодохоор барилгачдын хамгийн өндөрт тэр залардаг юм байна шүү дээ. Бүхнийг дээрээс харж, удирдаж яг л лего тоглоом өрөх шиг материалаа нэг нэгээр нь зөөнө шүү дээ. Эрчүүд багаасаа л иймэрхүү тоглоомоор тоглож өссөн болохоор сонирхолтой байх. Гэтэл эмэгтэй хүнд ахадсан гэмээр түүний ажил түүнд маш их тайвшралыг өгдөг гээд бод доо.  Түүний өргөсөн хамгийн хүнд ачаа бол хоёр тонн байжээ. Кранаа тэр өндөр сайхан залуу гэж өхөөрдөх дуртай. Ачаагаа зөөдөг хэсгийг сум гэнэ. Сумаа л мэдрэх чухал. Сумаа сунгах, татах холбоосыг тэрэг гэдэг аж. Краны хүчин чадлаас шалтгаалж 25-65 мерт хүртэл сунгадаг аж. Ц.Эрдэнэжаргалын хамгийн өндөрт гарсан нь 73 метр бөгөөд 24 давхар барилгатай дүйнэ л дээ. Нэг ажилдаа үнэнч тууштай ажилласан тэрбээр салбарынхаа яамнаас хүндэт жуухаар шагнуулж байсан удаатай.

 

ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХЭЭС САРЫН ӨМНӨ Л КРАН ДЭЭРЭЭСЭЭ БУУЖ БАЙЖЭЭ

 

Тэдний ажил өглөө зургаан цагаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, заримдаа хонох ч тохиолдол гардаг  байна. Зуны гэгээг хожиж, дулааны улиралд амжиж ажлаа дуусгах гэж барилгачид цаг нартай уралдах нь аргагүй. Хавар гурван сараас намар арваннэгэн сар хүртэл нэг ч амралтгүй ажиллаж өвлийн гурван сард л амсхийдэг аж. Цаг агаарын байдлаас шалтгаалж салхи шуургатай, цас бороотой үед ажиллах боломжгүй болдгийг эс тооцвол бүхий л өдрүүдэд барилгын ажил явагдана. Амарч байгаа хугацаандаа хоёр хүүхдэдээ цаг гаргах, хичээл сургуульд нь анхаарах, амжуулаагүй ажлаа хөөцөлдөх гээд амьдралын амтыг мэдрэх зав энэ л үед гардаг байна. Түүний том хүү нь одоо 11 настай. Хоёр настай бага дүүгээ хараад ээждээ тус нэмэр болж байгаа билээ. Ээж нь хүүхдүүдээ унтаж байхад хариад унтаагаар нь ажилдаа гарчихдаг. Одоо бол түүний ээж л хоёр хүүхдийг нь хараад тус дэм болж байна. Кранист бүсгүй маань хүүхдээ төрүүлээд зургаан сар болоод л ажилдаа оржээ. Учир нь гэрт удаан суухаар санхүүгийн хувьд хүнээс хараат болсон юм шиг санагдаад тогтож сууж чадаагүй гэдэг. Ц.Эрдэнэжаргал тун эмэгтэйлэг, уян зөөлөн бүсгүй л дээ. Гоо сайхан  үс зүсэндээ тун их анхаардаг, гоё сайхан явах дуртай, амьдралд хайртай нэгэн. Олны дунд хэн ч түүнийг кранист хийдэг гэж мэдэхээргүй. Эмэгтэй хүнд байх нандин эрхэмсэг, эрх танхи бүхий л чанарууд түүнээс цухалзана. Гагцхүү өндөрт гарахаараа л өөр хүн болчихдог гэлтэй. Ц.Эрдэнэжаргал “Би ажлын байран дээрээ ааш муутай, шаардлага өндөр гэж хэлэгддэг. Зарим нь өөрийгөө “тэнгэрийн амьтан” гэж боддог гээд ярьж л байдаг юм. Эрэгтэй хүн уриалгахан найрсаг занг буруугаар ойлгодог юм шиг байна лээ. Тиймээс ажил дээрээ хүн муу нэртэй байснаас ааштай гэж хэлэгдэж байсан нь дээр байдаг юм. 20-н хэдтэй залуу байхад үүнийг мэддэггүй, янз бүрийн ярианд орчих гээд байдаг байсан. Одоо бол чоно шүү дээ” гээд инээв. Бүсгүй өдгөө 30 нас хүрч байгаа. Түүнийг кранист гэхээр хүмүүс гайхах, дөлөх, бишрэх хүндлэх гээд янз  бүрийн л байдлаар хүлээж авдаг гэв. Зарим нь “Чи ёстой галзуу хүүхэн юм аа” гээд дуу алддаг бол зарим нь “Чи л лав эрүүл биш байх аа” гэж толгой сэгсрэх нь ч бий. Зарим нь бүр ажил дээр нь ирж үзээд өндрөөс айгаад толгой нь эргээд сандардаг гэнэ шүү. Эмэгтэй хүн амьдралаа авч явахын зэрэгцээ хүнд хүчир ажлын төлөө зүтгэж байгаа нь бахдууштай. Манай Монголд ийм бүсгүйчүүд мянга мянгаараа бий бөгөөд амьдрал хүүхнүүдийн нуруун дээр арай л их  байна уу даа гэсэн бодол өмөлзөөд ирэв. Ажилдаа чадмаг хүн хэний ч өмнө бардам байхын үлгэрийг түүнээс мэдрэв. Бага хүүхдээ төрүүлэхээс өмнө  сарын өмнө л кранаасаа буусан гээд бод доо. Бүхээгтээ хөдөлгөөнгүй удаан суухаар нуруу нь чилнэ, ядарна, өлсөнө, цангана. Уух, идэх юмаа нөөцөлж аваад л нам суудаг байж. Тэнгэр шиг том гэдэстэй хөл хүнд бүсгүй тэр өндөр шат руу авирч байсан гэхээр дан биетэй хэн ч ичмээр. Намайг кран өөд айдас хүйдэстэй, чичирч бэмбэгнэн мацаж явахад Ц.Эрдэнэжаргал яг л далавчтэй юм шиг дүүлээд орой дээр нь гарчихсан байлаа. Өдрийн хэд бууж, суусаар ажилдаа дадна гэж л энэ байх даа. Бидний гарсан өндөр 30 гаруй метр буюу 12 давхартай тэнцэхээр байлаа. Бүсгүй бүхээгтээ жижигхэн хөөрхөн тогоо, халуун тень, ус буцалгагч гээд ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг тавьжээ. Үүнээс хоёр дахин илүү өндөрт гардаг гэж бодохоор залуу хүний зориг зүрхийг үнэлэхгүй байхын аргагүй.

 

БИДЭНД ХАРЬЯАЛСАН БАЙГУУЛЛАГА БАЙДАГГҮЙ БОЛОХООР ЛИЗИНГ ОЛДДОГГҮЙ

 

Ц.Эрдэнэжаргал “Кран өндөр болох тусам гоё санагддаг. Бүхнийг дээрээс харж юм бодох дуртай. Алсыг хараад бүхээгтээ ганцаараа дуу аялаад, сайхан зүйлс мөрөөдөөд, бүжиглэх нь холгүй л байдаг. Заримдаа ажлынхаа завсар зайгаар ном унших дуртай. 10 жил ганцаараа суусаар олны дунд бачимдаад байдаг болчихсон байна лээ” гэв. Бүсгүй уран зохиол,  карьер, санхүү, амжилтын түүхтэй холбоотой ном унших дуртай, ном уншихгүй бол тархи цангаад байдаг юм гэв. Үнэхээр л ном уншдаг хүний сэтгэх, бодох, ярих, харьцах хүртэл өөр шүү дээ. Түүний яриа цэгцтэй, бодол нь ч төлөвшсөн, ирээдүйдээ зорилготой, аливаад тууштай, жанжин шугамаа олсон эмэгтэй байлаа. Ц.Эрдэнэжаргал долоон хүнийг кранистаар сургаж гарынхаа шавийг бэлтгээд амж­жээ. Сүүлийн үед энэ мэргэжлээр суралцаж ажиллах хүний тоо нэмэгдэж байгаад тэр баяртай байлаа. Тэрбээр “Хэцүүгүй ажил гэж огт байхгүй. Залуучууд зүгээр сууж байгаад мөнгө ороод ирэх юм шиг, гэв гэнэт том албан тушаалтан болчих юм шиг бодоод байна. Нэг ажилдаа тууштай байвал үр дүн нь заавал гардаг. Үеийнхэн дунд мянга их дээд сургууль төгсчихөөд тогтсон ажилгүй хүн элбэг байдаг. Барилгын ажлыг залуус их голдог. Тиймээс үеийнхэндээ ажлыг голж болохгүй гэж хэлмээр байдаг” гэлээ. Ц.Эрдэнэжаргал өнгөрсөн хугацаанд цалингаасаа илүүчилж хадгаламжиндаа хийсээр орон байрны мөнгө бага багаар хураасаар иржээ. Түүний эмзэглэж явдаг зүйл нь харьяалж тухайлсан байгууллага байдаггүй болохоор байрны лизинг олддоггүй аж. Тиймээс мөнгөө хурааж байгаад 100 хувь төлбөрөө төлж байр авах зорилго тээж байна. Харамсалтай нь байрны үнэ өдрөөс өдөрт өсөөд байгаад сэтгэл дундуур байдаг гэв.

Амьдрал юм хойно хэрэгцээ, шаардлага мундахгүй, ганцаараа зүтгэж байгаа болохоор юм юманд самгардах ч үе бий. Хоёр жил гүрийчихвэл зорьсондоо хүрнэ дээ гээд инээмсэглэлээ. Зарим барилгын компаниуд илүү цагийн мөнгөө өгөхгүй унжих, байгалийн бэрхшээлээс шалтгаалж ажил зогсоход цалингаас хасах, тэр ч бүү хэл гурван сарынхаа цалинг хулхидуулж байсан ч үе бий. Тиймээс компаниа судалж найдвартай газар ажиллах нь чухал ажээ. Аливаа ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг чухал. Ганцхан л болгоомж алдах юм бол маш том аюул дагаж байдаг. Кранистын нэг брэхшээлтэй зүйл гэвэл бүхээг нь  битүү шилэн байдаг учраас зун нар шарж халууцаад, намар жиндээд даараад  байдаг гэмтэй аж. Даарахгүйн тулд халуун сэнс үлээлгэхээр арьс хуурайших, уушги хордох аюултай. Тиймээс түүний ажлыг хүнд, хортой нөхцөлд хамруулах хэрэгтэйг онцолж байв. Кранистуудын залуучуудын холбоонд 1000 гаруй кранист бүртгэлтэй байдаг бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлтэй хамтарч өөрсдийнхөө ажлын нөхцөлийг хүнд хэцүү нөхцөлд оруулахаар мэрийж байгаа ажээ. Ц.Эрдэнэжаргал тус холбооны даргаар 2015-2016 онд ажиллаж байгаад ажлаа цалгардуулахгүйн тулд албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлжээ. Энэ сарын 25-ны өдөр кранистуудын баяр болох тул бүсгүй догдлон хүлээж байгаагаа илэрхийлэв. Хүмүүс түүнээс “Юу нь сайхан болоод амьдралынхаа хамаг цагийг кранд өнгөрөөдөг байна аа” гэж их асуудаг гэнэ. Анхандаа цалин нь боломжийн болохоор урамтай байдаг байсан бол улмаар ажилдаа юу юунаас илүү хайртай болжээ. Барилцсан барилгуудаа сүндэрлэхийг хараад сэтгэлд өег санагддаг гэв. Ц.Эрдэнэжаргал “Ажлаа үгүйлээд зүгээр сууж чаддаггүй мэргэжлийн өвчин гэж байдаг. Би яг л тийм болчихсон. Ажлынхаа байран дээр алсыг хараад суух сайхан байдаг” гээд бахархангуй өгүүлэв. Агаар дээр ажиллаж, агаар дээр хооллож, агаар дээр мөрөөдөж, амьдралынхаа ихэнх цаг хормыг өнгөрүүлж буй түүнийг аргагүй л тэнгэрийн суудалтай бүсгүй гэмээр санагдлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.41) 2021 оны 09 сарын 07

Гэртээ харьдаггүй юм уу? Краны кабинд амьдараг юм уу. Газрын доор алд уурхайд ажилладаг уурхайчдыг тэгээд газрын доор амьдардаг гэх үү? Хоосон хийрхэхээ болимоор юм.

0  |  0
Top