"Мон-Атом"-ыг хэвлэлтэй шүүхдэхийнхээ оронд ураны уурхайдаа хяналт тавихыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Бадрах энержи” ХХК ураны хайгуул, олборлолт хийж байгаа тухай орон нутгийн эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийн дагуу “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр сонины “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл  хэвлүүлсэн. Уг нийтлэлтэй холбогдуулан “Бадрах энержи” компанийн 34 хувийг эзэмшдэг “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаардсан байдаг. Тиймээс өчигдөр “Өглөөний сонин”-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн хуралд “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан, сэтгүүлч С.Өлзийбаяр, МСНЭ-ийн хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, Монголын үндэсний эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бич­гийн дарга Ш.Түвдэнбалжир, “Урангүй Монгол” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай нарын хүмүүс оролцон мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

“Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан: Хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна

 

-Хоёр үндсэн шалтгаанаар энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Нэгдүгээрт, Төрийн өмчит “Мон-Атом” компани 34 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” ХХК-ийн уран олборлолттой холбоотой нийтлэл манай сонинд гарсантай холбогдуулан Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган, албаны нэр төр унагаасан хэмээн 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл олж авах, түгээх, хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрх гээд Үндсэн хуулийн гол заалт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон бусад хууль журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Хэрвээ ийм жишиг тогтох юм бол цаашдаа үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд ардчилалын язгуур эрх устах аюултай. Хоёрдугаарт, энэ хурлаар ураны хор холбогдолын талаар мэдээлэл өгнө. Нэмж хэлэхэд, албаны нэр төрийг унагасан хэмээн 100 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч яг ямар байдлаар тэр нэр төр нь уначихсан, тэр нь чухам яагаад 100 сая төгрөг болсон нь тодорхойгүй. Гэтэл “Бадрах энержи” компани үйл ажиллагаа нь доголдох нь бүү хэл үндсэн ордынхоо олборлолтыг эхэлчихээд байгаа юм билээ. Бид нар үүгээрээ уул уурхайг эсэргүүцээд байгаа юм биш. Харин хариуцлагатай уул уурхай гэдэг асуудлыг л ярьж байгаа юм.

 

МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа: Төрийн өмчит компани хуулийн хүрээнд хийж л байвал нэр төрийн асуудал яригдах боломжгүй

 

-2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Төрийн өмчит “Мон-Атом” компани “Өглөөний сонин”-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагадаа тодорхой хэмжээний асуудлуудыг хөндсөн. “Өглөөний сонин”-ы нийтлэл дээр манай нэрийг буруу бичсэн, үүсгэн байгуулагч компаниуд өөрчлөгдсөн байхад бид нарын тухай буруу мэдээлэл тараасан, уранаас болоод мал, амьтанд гажиг нөлөө үзүүлж байгаа талаар Засгийн газар, мэргэжлийн хяналтын газрын хамтарсан Ажлын хэсгийн тогтоол шийдвэр гарсаар байтал манай компанийг буруутай гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас Иргэний хуулийн 21-р зүйлд заасан нэр төр, алдар хүндийг сэргээх, түүнээс учирсан хохирол 100 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн байгууллага “Өглөөний сонин”-оос нэхэмжилсэн. Энэ маргаан шүүх хурал нь зарлагдсан боловч одоогоор хойшилсон байгаа. Шүүх дээр явж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боложгүй. Учир нь шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэдэг асуудал яригдана. Төрийн өмчит компани өөрөө нэр төр, алдар хүндийн талаар ярих нь өрөөсгөл ойлголт. Төрийн өмчит компаниуд, Засгийн газрын агентлагууд өөрсдөө ажлаа сайн, хуулийн хүрээнд хийж л байвал түүн дээр нэр төрийн асуудал яригдах боломжгүй. Яагаад гэхээр хууль зөрчсөн асуудал байгаа бол төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай тэдний тухай хэвлэл мэдээллийн байгууллага баримттайгаар хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Гэтэл төрийн өмчит компани өөрсдийнхөө хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйгээс болсон үр дагаврыг хэвлэл мэдээллийн байгууллага нийтэд буруу мэдээлэл өглөө гэж 100 сая төгрөг нэхэмжлээд байвал энэ улс оронд хэн, хаана, юу дуугарч болох вэ. Тийм учраас МСНЭ энэ маргаан дээр өмгөөлөгч гаргаад миний бие ажиллаад явж байна. Хэргийн талаар шүүх хурал болсон тухай бүрд нь яриад, мэдээлэл өгөөд явж болно. Төрийн өмчит компани өөрөө нэр төрийн асуудлыг хөөцөлдөөд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг ямар эх үүсвэрээр гаргаж байна гээд улам дэлгэрүүлээд ийм байдлаар гаргасан кэйс бүр дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө сурвалжилаад явбал сонирхолтой шинэ тохиолдол гарч ирж байна.

 

Монголын үндэсний эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир: Уусган баяжуулалтын технологи байгалиас тусдаа хийгдэх ёстой

 

-Ураны асуудлаар бид нар маш олон жил ярьсан. Хамгийн түрүүнд бид нар олборлолтын технологи нь буруу гэдгийг ярих ёстой. Уусган баяжуулалтын технологи байгалиас тусдаа, битүү хаалттай орчинд хийгдэх ёстой. Гэтэл ард иргэдийнхээ төлөө тэмцдэггүй, эрх ашгийг нь боддоггүй манайх шиг улсад энэ компани байгаль дээр шууд уусган баяжуулалт хийж байна. Одоогоос 80-аад жилийн өмнө 25 мянган хүнтэй Японы Минамата гэх тосгонд дайны дараах эдийн засгаа сэргээхийн тулд  байгаль дээр уусган баяжуулалт хийсэн. Улмаар 10 гаруй мянган хүн нь халдвар авч, өвчилсөн гунигт түүх байдаг.  Үүнтэй адил үйл явдал өнөөдөр Монголд болох гэж байна. Уусган баяжуулалтын улмаас байгальд нөлөөлөх нөлөөллийн тайланг нь шүүхэд өгөх гэсэн боловч шүүх хурал хүлээж авахгүй байна. Тэгэхээр шударга шүүх хурал болох эсэх нь эргэлзээтэй.

 

“Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр: Нийтлэл маань байгаль орчин, хүний эрхийн төлөөх асуудал

 

-Манай сонины нийтлэлийн бодлогод буй нэг гол зүйл нь байгаль экологийн асуудлыг хөндөж бичдэг. Энэ утгаараа 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр сониныхоо "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" буланд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүсээд байгаа асуудлын талаар нийтлэл бичсэн. Би нийтлэлээ зохиогоогүй, нутгийн иргэдээс ирсэн мэдээлэл, эх сурвалждаа үндэслэн бичсэн. Түүнээс гадна өнгөрсөн зургаадугаар сард тус суманд очиж, сурвалжилга, нийтлэл бэлтгэсэн. Нийтэлж, нэвтрүүлсэн долоон цуврал материал маань бүгд байгаль орчин, хүний эрхийн төлөөх асуудал. Түүнээс биш хэн нэгэн хувь хүн, компани руу дайрсан асуудал огт биш. Ийм байхад төрийн өмчит “Мон-Атом” компани нь манай сониныг шүүхэд өгөөд, нэр төрд халдсан гэж байгааг их гайхаж байна. Энэ нь өөрөө маш ноцтой асуудал гэж бодож байна. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд саад учруулах гэсэн оролдлого юм болов уу гэж бодож байгаа.

 

“Урангүй монгол” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай: Хүчлээр уусгах аргыг манайд ашиглаж байна

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Стратегийн ордыг ашиглахдаа  байгаль, орчны аюулгүй байдлыг хангах ёстой” гэж зааж өгсөн. Мөн байгаль орчны нөлөөллийг иргэд, орон нутгийн хүмүүс мэдэх эрхтэй. Гэтэл дэлхийн хаана ч хэрэглэхгүй байгаа хүчлээр уусгах аргыг манайд ашиглаж байна. Өнөөдөр хүчлээр уусгаж дэлхийн хаана ч авахгүй байгаа. Австрали, Казакстанд сул хүчил, Америкт шүлт ашиглаж байсан бод манайд хэт хүчлээр уусгаж байна. Бид үүнийг эсэргүүцэж 11 жил тухайн орон нутагт ажиллаж байна Байгальд хортой энэ уусган баяжуулалтыг хийсний улмаас эрэмдэг төрсөн хүүхдийг шүүх хурлын дараа олон нийтэд харуулна. Мөн хоёр жил дараалан төрөөд 11, 13 хоноод хүүхдүүд нь нас барсан тохиолдол ч гарсан. Ийм асуудал Улаанбадрах сумын олон өрхөд бий. Харин байгальд учирч байгаа хор хөнөөл нь гүний усыг маш их хордуулж байна. Ундны усны 10 гаруй худгийг ашиглах боломжгүй болсон. Энэ мэт байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг монгол түмэн мэдэх хэрэгтэй.

 

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: “Мон-Атом” компани нийгмийн нөлөөллийн судалгаа хийсэн бол энэ төсөл хэрэгжихээргүй байсан

 

-Сэтгүүлчид, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нийтийн эрх ашгийн төлөө буюу нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, энэ эрх хэрхэн хангагдаж байна гэдгийг хөндөж бичсэн, энэ талаар дуу хоолой болж яваа юм. С.Өлзийбаяр сэтгүүлч нэг ёсондоо хүний эрхийн хамгаалагчийн үүргийг гүйцэтгэсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр УИХ-аар Хүний эрхийн хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хууль долоодугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх, байгалийн баялгийг ашиглах талаар мэдээлэл авах, хайх эрхтэй. Үүнийхээ хүрээнд газар дээр очиж нөхцөл байдал нь ийм байна гэдгийг сэтгүүлчийнхээ хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бичсэн. Гэтэл төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгсөн нь Хүний эрхийн хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна. Тухайн хууль батлагдаж байхад УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Сэтгүүлч, өмгөөлөгч, байгаль орчныг хамгаалагчид зэрэг хүмүүсийг хамгийн түрүүнд нухчин дарах, айлган сүрдүүлэх, дарамтлах, нөр төрд халдсан хэмээн шүүхэд хандаж, урт удаан хугацаанд байцаалгадаг, залхаан цээрлүүлдэг байдал нь тэдгээрийн дуу хоолойг боох гэсэн оролдлого юм” хэмээн хэлсэн. Хоёрдугаарт, “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг ТВ8 телевиз, “Өглөөний сонин” гээд газруудтай байгаль орчныг хамгаалагчид маш нягт холбоотой ажилладаг. Гэвч цар тахал гэсэн шалтгаанаар сэтгүүлчдийг орон нутаг руу явуулахгүй, орон нутгийн иргэдийг хотод ирж дуу хоолойгоо хүргэх гэхээр оруулахгүй байна. Ийм байхад яваад, газар дээр нь очоод нөхцөл байдлыг баримттайгаар бичсэн сэтгүүлчийг ингэж залхаан цээрлүүлж байгаа нь тун хор нөлөөтэй. Бизнесийн нэр хүнд гэдэг хүний эрх, нийгэм, экологид халгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Харин хариуцлагагүй байдлыг нь олон нийтэд мэдээлэхээр нэр хүнд уналаа гэж болохгүй. Хэрвээ “Мон-Атом” компанид Улаанбадрах суманд ураны зөвшөөрөл олгохдоо нийгмийн нөлөөллийн судалгаа хийсэн бол энэ төсөл хэрэгжихээргүй байсан. Даанч аль 2012 онд хууль нь батлагдсан ч аргачлалыг нь Засгийн газар өдийг болтол батлаагүй байна. “Мон-Атом” компани хэрвээ бизнесийн нэр хүндээ бодож байгаа бол нэн яаралтай нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг Эрүүл мэндийн сайдад хандаж, төлбөрөө төлөөд хийлгэх хэрэгтэй. Ингэж байж нийгмийн шударга ёс тогтоно, бид нар хүсэж байгаа нийгмээ бүтээнэ. 

Эргэн сануулахад, энэ асуудлаар есдүгээр сарын 02-ны өдөр “Глоб интернэшнл” төвөөс “Төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоох гэсэн үйлдэл болов” гэсэн мэдэгдлийг гаргаж байсан билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amar(124.158.67.89) 2021 оны 09 сарын 07

Монголоос францын ураны хөрөнгө оруулалтыг хэний хөрөнгө бас явуулгаар шахах гээд байгааг шалгаач.Сэтгүүлчид ээ. Энэ чинь монголын нүүрсийг зөөх төмөр замыг тасалдуулж байгаад нэг мэдсэн оросууд төмөр замаар бидний оронд нүүрс хятадад нийлүүлсэнтэй яг адил зүйл шүү дээ.Ойлгож хайрлаач.Сэтгүүлчид ээ.

0  |  0
Amar(124.158.67.89) 2021 оны 09 сарын 07

Монголоос францын ураны хөрөнгө оруулалтыг хэний хөрөнгө бас явуулгаар шахах гээд байгааг шалгаач.Сэтгүүлчид ээ. Энэ чинь монголын нүүрсийг зөөх төмөр замыг тасалдуулж байгаад нэг мэдсэн оросууд төмөр замаар бидний оронд нүүрс хятадад нийлүүлсэнтэй яг адил зүйл шүү дээ.Ойлгож хайрлаач.Сэтгүүлчид ээ.

0  |  0
Top