СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дээд ангийнхандаа зодуулсан сурагч ГЭМТЭЛД ХҮРГЭГДЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

-Нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт буурч, сургууль завсардсан-

Сургууль дээрх хүчирхийлэл, сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчил, зам тээврийн ослоос сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтнууд урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр сургуулийн удирдлага зохион байгуулалт, багш нарын хараа хяналт муугаас сургууль хүүхдэд аюултай орчин болоод байна.

Сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн даваа /2021.09.06/ гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн наймдугаар ангийн 14 настай сурагчид доод ангийнхаа 13 настай хүүг бүлэглэн зодож, хөлийг нь хугалсан харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор хохирогч хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн өвдөгний яс хугарсан гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бол хэрэгт холбогдсон хүүхдүүдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм. 

Энд сануулахад, одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны зургаадугаар сарын 19-ны өдөр хэрэг гарсан дээрх 79-р сургуулийн талбайд хөлбөмбөг тоглож байсан хүүгийн дээрээс хаалганы хөндлөвч төмөр унаж амиа алдсан золгүй хэрэг гарч байсан юм. Тухайн үед ажлын хэсгийн дүгнэлтээр 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

“Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны тайланд дурдсанаар нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирсон байна.

Мөн коронавирусний цар тахлын үеэр сургуулиудыг түр хаах арга хэмжээ авсны улмаас зохистой бүтэц, хяналт байхгүй нөхцөлд хүүхэд, залуучуудын цахим хэрэглээ эрс нэмэгдсэн нь цахим дарамтад өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн гэжээ.

Ерөнхий боловсролын бүх сургуульд нийгмийн ажилтан байдаг ч хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ, асуудалд хандсан үйл ажиллагааг дорвитой хэрэгжүүлэхгүй байна гэж дүгнэж болно.

Нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байдгийг хүүхдүүд мэддэггүй бөгөөд нийгмийн ажилтнууд тэдний нууцыг хадгалж чадахгүй байх гэж боддог тухай судалгаанд дурджээ.

Тиймээс хүүхдийн хувийн нууцыг хадгалах, эрхийг хүндэтгэх, үе тэнгийнхний хүчирхийллээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах бодлого, хариуцлагын тогтолцоотой болоход  бодлого гаргагч Боловсрол, шинжлэх ухааны яам болон боловсролын салбарын бүх шатны байгууллагууд анхаарах шаардлага бий болоод байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(172.69.252.140) 2021 оны 09 сарын 09

Новшнууд.

0  |  0
Mgl(103.9.90.130) 2021 оны 09 сарын 09

ерөнхий боловсролын системийг үндсээр нь өөрчлөх цаг уг нь болсон тэгэхгүй бол тэндээс хүмүүжилгүй амьралын ухаангүй суурь боловсролгүй хэнч бишүүд гарч бгаа. гайгүй гэр бүлийн хүмүүжилтэй хүүхэд ч эвдрээд бүдүүлэг зэрлэг балмад этгээд болж гарч ирж бн зодолдох архи тамхи юу ч биш

1  |  0
иргэн(172.69.252.142) 2021 оны 09 сарын 09

Зодооч нөхдийн хөлийг нь адилхан хугал.

0  |  0
уул үүл(172.69.252.141) 2021 оны 09 сарын 08

хахууль горьдоод бж бдаг сургууль болсон бна лээ. уг нь бас ч гайгүй сайн багш нартай л бсан даа

0  |  0
Top