Ц.Батсайхан: Улаанбаатарт удахгүй зургаан магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

-Барилга байшингийн чанараас хамаарч газар хөдлөлтийн эрсдэл хэд дахин үржигддэг-

 

Энэ сарын 08-нд 00:50 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын төвөөс 18 километрийн зайд хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд хүчтэй чичиргээ мэдрэгдсэн. Энэ талаар болон газар хөдлөлтийн шалтгаан, нөхцөлийн талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайхантай ярилцлаа.


-Өнгөрсөн лхагва мэдрэгдсэн газар хөдлөлт хаана, хэдий хэр хүчтэй болсон бэ?

-Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 километр зайд есдүгээр сарын 8-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлээс гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдад мэдрэгдсэн. Гэхдээ Хөвсгөлийн Ханх сум, баян талд өмнө нь болсон газар хөдлөлтөөс Улаанбаатар хотод өөрөөр мэдрэгдсэн. Өмнөх хүчтэй газар хөдлөлтүүд үргэлжилсэн байдлаар явагдсан бол саяынх богино хугацаанд нэг хүчтэй цохилтоор ирээд байшин барилга дотор байгаа унжсан, сул юмс савлах, чичирхийлэх байдлаар мэдрэгдсэн.

Мөн энэ хөдлөлтийн дараа Баянхонгор аймгийн нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хэд, хэд болчихлоо. Өнөөдөр /өчигдөр/ л гэхэд хоёр, гурван ч удаа 3.5-аас илүү хүчтэй газар хөдлөлт болсон. Ер нь газар хөдлөлтөөс ирж байгаа долгионы давтамж, барилгын үе, хөрс гэсэн гурван төрлийн давтамж ирж байгаа юм. Байшин барилгуудын өндөр, нам, чанар харилцан адилгүй учраас, ирж байгаа чичирхийллийн хэмжээг өсгөдөг.

-Энэ онд манай улсын хэмжээнд хэчнээн удаагийн газар хөдлөлт болоод байна вэ?

-Ер нь 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Долоон уул гэдэг газар 6.5 магнитудын газар хөдлөлт, давтан хөдлөлтөөс болж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа газар хөдлөлтийн тоо маш их болжээ. Бараг гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа, тооцоо бий. Өмнөх жилүүдэд 6-7 хоногтоо 3.5-аас илүү хүчтэй газар хөдөлдөг байсан бол зөвхөн есдүгээр сарын байдлаар 225 удаа хөдлөөд байна. Өмнөх жилүүдэд нэг жилд 50-60 удаа л болдог байсан. Дээрээс нь ноднин жилээс эхлээд хүч нь 4.5-аас дээшээ гарсан. Энэ хавар гуравдугаар сарын 23-нд болсон Баян талын газар хөдлөлт л гэхэд 5.5 магнитудын хүчтэй болсон. 1991 онд Сэлэнгэ аймгийн нутаг, ОХУ-ын хилтэй ойрхон газар 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоод түүний давтан хөдлөлт нь хамгийн сүүлд 1995 онд 3.5 магнитудын хүчтэй болж байсан. Харин энэ жилийн Хөвсгөл аймгийн газар хөдлөлтийн давтан нь маш хүчтэй, олон удаа болсоор байна.   

-Улаанбаатар орчимд хэдэн удаагийн газар хөдлөлт болж, мэдрэгдсэн бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд 2005 оноос хойш газар хөдлөлтийн тоо маш их өссөн. Өмнө нь 2002, 2003 оны үед ойролцоогоор нийслэлтэй ойр 200 удаа газар хөдөлдөг байсан бол 2005 онд 450 болон өсөж, зарим жилүүдэд 2100 хүртэл удаагийн хөдлөлт болж байсан. Харин 2020 оны статистик мэдээгээр 1300 орчим байна. Мөн бага магнитудын газар хөдлөлт хэдэн удаа болсноос хамаарч дараагийн газар хөдлөлт түүнээс илүү хүчтэй болох магадлал нэмэгддэг юм. Тэгэхээр Улаанбаатар хот орчимд зургаан магнитуд гарсан газар хөдлөлт болох нь гэсэн судалгаа гарч байгаа. 

-Газар хөдлөлтийн тоо ихэссэн шалтгаан нь юу вэ?

-Ер нь манай улсын газар нутаг дээр болж байгаа газар хөдлөлтийн зонхилох гол шалтгаан нь Энэтхэгийн хойгийн шахалт юм. Энэ нь 30-40 сая жилийн тэртээгээс эхэлсэн процесс. Үүний шалтгаанаар дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нуруу үүссэн. Хоёрдугаарт, Байгаль нуурын тэлэлтийн бүс байдаг. Энэ тэлэлт бас л 30 гаруй сая жилийн тэртээгээс эхэлсэн бөгөөд 6-7 сая жилийн өмнө тэлэлтийн бүс болсон. Энэ байдлаараа үргэлжлэх юм бол энэ хавьд 20-30 сая жилийн дараа нэлээд том далай үүснэ. Харин Хөвсгөл нуур маань Байгаль нууртай хүйн холбоотой. Бидний нэрлэдгээр Амурын плита гэж ангилсан хэсэг байдаг. Энэ бол Евро Азийн плитатай хиллэдэг. Энэ нь яг Байгаль нуур, Хөвсгөл аймгийн Ханх сум, Саяны нуруу орчмоор хиллэдэг юм.

-Манай улсын хэмжээнд газар хөдлөлтийг хэмжих, тогтоох станц хэд байдаг вэ. Түүнийг нэмэгдүүлэх шаардлага бий юу?

-Бид 1957 онд анхныхаа станцыг байгуулсан. Үүгээрээ багажийн судалгаагаа эхэлсэн байдаг. 1960-1970 оны үед голцуу баруун аймгууддаа найман станц байгуулж байсан. Тэр нь фото цаасан дээр дүрсээ буулгаж хэвлээд хүчтэй газар хөдлөлтийг 7-8 хоногийн дотор шуудангаар мэдээгээ авч байж боддог байсан. Одоо бол бид мэдээллээ 90 гаруй цэгээс 140-өөд станцаас нэгэн зэрэг хүлээж авч байна. Ингээд газар хөдөлсний дараа хоёр минутын дотор автомат бодолтоо хийгээд ОБЕГ-руу дамжуулдаг.

-Улаанбаатар хотын барилга байгууламж хэдэн баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн судалгаа байдаг вэ?

-1990 оноос өмнөх тооцоо Улаанбаатар хотын чичирхийллийн зураг дээр хотын нийт нутаг нь долоон баллын бүсэд хамаарч, баруун талдаа Туул голын хэсгээр найман баллын бүс байна гэж бичсэн байдаг. Тиймээс тухайн үед баригдаж байсан барилгууд бүгдээрээ долоон баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар баригдсан. Харамсалтай нь энэ тоо тийм ч бодит биш. Бид нар 2000 он гарснаас хойш судалгаа хийх явцад Улаанбаатар хот 7, 8, 9 баллын бүс гэж гарсан.

-Манай улсын хувьд яг хаана, хаана газар хөдлөлтийн идэвхтэй байгаа вэ?

-Ер нь бол Хөвсгөл аймаг буюу манай улсын баруун хойд хэсэг, баруун аймгууд хүчтэй газар хөдлөлт болох өндөр магадлалтай газрууд юм. Улаанбаатар хотоос баруун тийш хүчтэй буюу нийт газар хөдлөлтийн 90 хувь, зүүн тийшээ болохоор сулавтар буюу 10 хувь байдаг. Хорьдугаар зуунд болсон хүчтэй газар хөдлөлтүүд дандаа баруун аймгуудад болж байсан. 1905 онд Хөвсгөлийн Цэцэрлэгийн Булнайн нуруу, 1931 онд Алтайн нурууны Хятадтай хиллэдэг орчимд, 1957 онд Говь-Алтай аймагт болсон зэргийг дурдаж болно. Эдгээр нь дандаа наймаас дээш магнитудын хүчтэй болж байсан. Харьцангуй тайван 30 гаруй жил болчихсон болохоор сүүлийн үеийн идэвхжилийг онцгойлон хүлээн авч байх шиг байна.

-Манай улсад хамгийн их хор, хохирол учруулсан газар хөдлөлт хэзээ болсон байдаг вэ?

-Түүхэн баримтаас үзэхэд 1270 онд Улаанбаатарын баруун талд байгаа Хустайн нуруунд хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Тухайн үеийн зарим барилга байгууламж нурсан учраас хот, суурин газрууд нүүсэн шинжтэй баримт бий. Мөн 1761 онд маш хүчтэй газар хөдлөлт болсон. XX зуунд дөрвөн удаа хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнээс 1957 онд Говь-Алтай аймагт болсон газар хөдлөлтийн талаар бид нар илүү мэдээлэл сайтай. Энэ үед арав гаруй хүний амь эрсдэж, олон мал амьтан үхсэн. Харин цохилтоосоо биш уулын чулуу нурснаас үүдэн ингэж их хор хохирол учруулсан юм. Газар хөдлөлт маань өөрөө байгалийн процесс. Энэ нь шууд хүний амь насыг хохироох магадлал маш бага. Харин бид нарын өөрсдийн барьж байгаа барилга байшингийн чанараас хамаарч газар хөдлөлтийн эрсдэл хэд дахин үржигддэг. Тийм болохоор сүүлийн үеийн барилгуудад холбогдох газруудаас нь маш өндөр шаардлага тавьж байгаа юм билээ.  

-Газар хөдлөлтийг мэдсэн даруйдаа хүн хамгийн түрүүн яах ёстой вэ?

-Газар хөдлөөд эрсдэлд орох тохиолдолд амжин гарах систем гэж байдаг. Аль болох хурдан хүүхэд, хөгшдөө аваад барилгаас гарах хэрэгтэй. Ингэхдээ шатаар явж болохгүй гэх мэт дүрмүүд бий. Энэ талаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсээс илүү мэдлэгтэй байдаг. Мөн ОБЕГ-аас нийслэлд байгаа 50 гаруй дуут сигнал өгөх газраар зарлан мэдээллэнэ. Харин ойрхон газар хөдлөөд түүний чичирхийлэл мэдрэгдсэн тохиолдолд энэ сигнал ажиллахгүй. Булганы Могодын бүс, Дундговийн Дэрэнгийн бүсэд хүчтэй газар хөдлөөд Улаанбаатар хотод эрсдэл учруулах хэмжээнд хүрвэл дуут дохио ажиллана. Байгуулагдсан 5-6 жилийн хугацаанд азаар ийм байдалд хүрээгүй болохоор дуут дохио ажиллаагүй юм.

-Балл, магнитудын ялгаа нь юу вэ?

-Газар хөдлөлт маш эртнээс болж л байсан зүйл. Үүнийг тайлж мэдэх гэж хүн төрөлхтөн маш их оролдсон. Багажийн судалгаа хараахан яваагүй байхад XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үед Италийн эрдэмтэд байшин барилгыг юугаар барьснаас хамаарч, мөн давхраасаа шалтгаалан янз, янз нурдаг юм байна гэдэг тооцоо гаргасан. Хүнд мэдрэгдэх байдлаар нь үл мэдэгдэх, айж сандраах, унтаж байгаа хүнийг сэрээх, дотор муухайрах, ухаан алдуулах гэдгээр нь ангилаад хүний мэдрэмжээс нь хамаарсан байдлыг балл гэж нэрлэдэг болсон. Газар хөдлөлтийн голомтоосоо холдох тусам балл багасдаг. Харин газар хөдлөлтийг мэдрэх, судлах багаж XIX зууны сүүлчээс бий болж эхэлсэн. Өнөөдөр дэлхий дахинд ажиллаж байгаа багажууд нэг стандарттай болсон. Газар хөдлөлтөөс үүдэж байгаа хүчийг багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлж байгаа хэмжигдэхүүнийг нь магнитуд гэдэг. Дэлхийн түүхэнд хамгийн их хүчтэй магнитудын газар хөдлөлтөөр 1961 онд болсон Чилийн газар хөдлөлтийг тооцдог. Мөн 2011 онд болсон Японы газар хөдлөлт 9.1 магнитудын хүчтэй болж, цунами үүсэж 20 гаруй мянган хүний амь эрсэдсэн.

-Та түрүүн яриандаа энэ янзаараа үргэлжилбэл олон сая жилийн дараа Байгаль нуур орчимд том далай үүснэ гэсэн. Тэгэхээр манай улс цаашдаа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байсаар байна гэж ойлгож болох уу?

-Манай Монгол Улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог. XX зуунд л гэхэд найм ба түүнээс дээш магнитудын дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон. Харин сүүлийн 30 орчим жил их тайван байсан. Одоо буцаад хүч нь нэмэгдэж, давтамж нь ихсэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(66.181.160.115) 2022 оны 11 сарын 03

үнэн юм хэлсэн хүн хүн өшөөтэй. яаж амьд гарахаа бодох хэрэгтэй. хүмүүсийн анхаарлыг үнэнээс холдуулах сэтгэхүйтэй хүмүүс бол жинхэнэ дайснууд мөн

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 11

Энэ муухай бузар амтай өвгөн байна. Ажлаа сайн хийж мэддэггүй хүмүүс л нилд нь ингэсгээд худлаа нялзаагаад хаях санаатай юм байна.Өдий болтол үхсэнэнэ хянан судлаж суудаг юм

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 11

Энэ муухай бузар амтай өвгөн байна. Ажлаа сайн хийж мэддэггүй хүмүүс л нилд нь ингэсгээд худлаа нялзаагаад хаях санаатай юм байна.Өдий болтол үхсэнэнэ хянан судлаж суудаг юм

0  |  0
Зочин(172.70.49.138) 2021 оны 09 сарын 10

Монгол улс эх газрын улс. Далайгаас асар хол, дээр нь маш хатуулаг, нягт хөрстэй учир хүчтэй газар хөдлөлт болох магадлал бага. Газар хөдлөлтийн хүч, болох хугацааг хэн ч хэлж чадахгүй. Япончууд энэ талын судалгааг маш нарийн хийж байгаа ч урьдчилан ард иргэддээ анхааруулж чадахгүй л байна. Манайх японд нарийн мэргэжилтэн бэлдэж авах хэрэгтэй. Ард иргэдээ айлгаж, сэтгэл санааг нь тогтворгүй болгох биш, үнэн зөв мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ зөв авч сурах хэрэгтэй.

1  |  0
Зочин(172.70.49.170) 2021 оны 09 сарын 10

Монгол улс эх газрын улс. Далайгаас асар хол, дээр нь маш хатуулаг, нягт хөрстэй учир хүчтэй газар хөдлөлт болох магадлал бага. Газар хөдлөлтийн хүч, болох хугацааг хэн ч хэлж чадахгүй. Япончууд энэ талын судалгааг маш нарийн хийж байгаа ч урьдчилан ард иргэддээ анхааруулж чадахгүй л байна. Манайх японд нарийн мэргэжилтэн бэлдэж авах хэрэгтэй. Ард иргэдээ айлгаж, сэтгэл санааг нь тогтворгүй болгох биш, үнэн зөв мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ зөв авч сурах хэрэгтэй.

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 10

Энэ ямар муухай эвэр амтай хүн бэ? Монголчууд бид цар тахалтай тэмцэж олон сайхан хүнээ алдлаа. Тийм л юм бүү болоосой.

0  |  0
Top