"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХАНЬ ДИ ХААНЫГ ЗАЙЛУУЛЖ
ЧЭНЬ ЛЮ ВАНГ БАЙГУУЛСАН ХУЛГАЙ ДУНЖУОГ БОДОЛХИЙЛЖ
МӨНДӨ ХУТГА ӨРГӨСӨН
Өгүүлэх нь: Дунжуо Юаньшаог алсугай хэмээхүйд Лирү зогсоон өгүүлрүүн: “Учир тогтохын урьд дэмий албаас болохгүй” хэмээсэнд Юаньшао гартаа сэлэм барьсаар олон сайдуудад мэхийж гараад цомцгийг зүүн хаалганд өлгөж29 Зижоугийн зүг одов. Дунжуо Дайфү түшмэл Юаньвэйд өгүүлрүүн: “Чиний ач хөвгүүн ихэд ёс бусчлав. Гэвч чиний нүүрийг харж түр уучлав. Зайлуулж, байгуулах үйл ямар аж?” хэмээхэд Юаньвэй өгүүлрүүн: “Тайвэйгийн үзэж мэдсэн нь мөн” хэмээв.
Дунжуо өгүүлрүүн: “Аюумшиггүй их зөвлөлийг хоригловоос цэргийн цаазаар аваачмуй” гэх үгэнд олон сайдууд аюуж цөм “эрхэм захиаг дагамуй” хэмээн өчив. Хуримлаж барсан хойно Дунжуо Шижун түшмэл Жоуби, Сяовэй түшмэл Ү Цюнгээс асууруун: “Юаньшаогийн энэ одсон нь ямар санаа?”. Жоуби өгүүлрүүн: “Юаньшао их л хилэнлэж одсон тул хэрвээ түргэнээ эрвээс байдал эрхгүй хувьсмуй. Нэнд Юань овогт дөрвөн үе хишиг тархааж, түүний үүдний хүмүүн тэнгэрийн дор дүүрчээ. Тэр хэрвээ эрдэмтэн сайдыг хураан олон шавь нараа цуглуулж баатар эрэлхгүүд мөн шалтгаанаар босвоос Шаньдун муж гүнгийн юм бус болмуй. Харин ялыг хэлтрүүлж нэгэн мужийн эзэн болговоос Юаньшао ялыг хэлтрүүлсэнд баярлаж, зовлон үүдэхгүй болой” хэмээсэнд Ү Цюн өгүүлрүүн: “Юаньшаод сайн бодлого авч тасалбар үгүй тул зовох учир үгүй. Үнэнхүү нэгэн мужийн эзэн болгож иргэний сэтгэлийг хурааваас болмуй” хэмээв. Дунжуо ихэд баярлан тэр өдөр даруй хүмүүн зарж Юаньшаог Бохайгийн тайшоу газрын түшмэл болгожээ.
Тэндээс есөн сарын шинийн нэгний өдөр хааныг Зядө Дянь харшид өөд болоод бичиг цэргийн олон түшмэлийг цуглуулж Дунжуо гартаа илд барьж олны зүг өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн харанхуй буурай тул дэлхий дахины эзэн болоход гүйцэхгүй. Эдүгээ тэнгэрт айлтгах бичиг нэгэн хуудас буй. Дэлгэрүүлэн уншваас зохимуй” хэмээгээд Лирүд захьж дуудуулав. Тэр бичгийн үг нь: “Сяолин хаан нь хэзээний түшмэд ардыг хаяжээ. Хааныг далайн дотоод бүхнээр эргэлзэн харсан боловч түүний төрөлх чанар нь хөнгөн цалгай бөгөөд сүр дүрэм хичээнгүй үгүйн дээр бэлэвсрэлд байгаа атал алгуурлан залхуурснаар буруу явдал нэгэнтээ илрээд, их суурийг гутаав. Хааны эх дагина нь эхийн дүрмээр эс сургаснаар засгийг ерөнхийлж,
29- Цомцгоо өлгөх гэдэг нь албан тушаалаа орхих гэсэн утга илэрхийлж байна.
ширэлдүүлэн самууруулсан хийгээд Юнлө эх дагины гэнэт хальсаныг олны шүүмжлэлд сэжиглэлтэй болой. Гурван хэлхээн ёсон бөгөөд тэнгэр газрын товчоонд үнэхээр хорогдолтой болсон бөлгөө. Чэнь Лю ван Се нь гэгээн эрдэм ихэд хэтийдсэн бөгөөд ёс дүрэм хичээнгүй номхон, жич бэлэвсрэлд ахуй уярлыг гүйцэтгэх хийгээд гажууг өгүүлэхгүй сайн нэр их алдар дэлхий дахинаа түгээмэл сонсогдсоны тулд хааны сууринг хүлээн түмэн үеийн хөрөнгийг залгамжлуулбаас зохих тул эдүгээ хааныг зайлуулж Хун Нун Ван болгоод эх дагинаар засгийг эгүүлэн Чэнь Лю ванг залж хаан болгон тэнгэрийн зүйг дагаж хүмүүний сэтгэлийг эедэн олон амьтны эргэлзсэнийг амаржуултугай!” хэмээжээ.
Лирү бичгийг дуудаж барсан хойно Дунжуо зүүн, баруун этгээдийн хүмүүнийг зандран хааныг харшаас түшин буулгаж, хааны тамгыг тайлж аваад умар зүг хандан сөгтгөж “Сайд” хэмээгдүүлэн зарлигийг сонсуулав. Бас эх дагиныг дуудан дээлийг тайлж “Хааны зарлигийг хүлээ!” хэмээсэнд хаан эх дагина цугаар шогшин уйлахуйяа олон сайд цөм нулимс унагавай. Яндрын30 дороос нэгэн сайд хилэн төрж өндөр дуугаар өгүүлрүүн: “Хулгай Дунжуо ямар аюумшиггүй тэнгэрийг дарлах арга үүсгэмүй. Би хүзүүний цусаар чамайг бялдсугай!” хэмээн гартаа барьсан зааны ясан хүбань31-аар Дунжоуг цохин илгээхэд Дунжуо ихэд хилэн төрж цэргийн хүнийг дуудаж баримтлуулав. Тэр Шаншү түшмэл Дингуань ажгуу. Дунжуо “Чирч гарган ал!” хэмээн захисанд Дингуань зогсолтгүй хараан үхтэл царай хувилгасангүй. Хожмын хүмүүний гуньсан шүлгийн үг:
“Харгис Дунжуо хаан ширээ булаахыг сэмээр бодолхийлж
Хань улсын өвгөдийн тахилгыг товрог болгон орхив.
Төр дүүрэн сайд түшмэдийг цөм нийлүүлэн бодвоос
Түүний дотор гагц Дингуань сяньшэн32 ихэс эр мөн”
Тэндээс Дунжуо, Чэнь Лү ванг сууринд дэвшүүлж, олон сайдууд ёслон мөргөж барсаны хойно Дунжуо нь Хө эх дагина, Хун Нун Ван, жич хааны фэй33 Тан овогтыг Юн Ань Гүн ордонд хүргүүлж үүдийг оньслон битүүмжлээд “Олон сайд түшмэд дураар орж болохгүй!” хэмээн цаазлав. Хөөрхий бага хаан дөрвөн сар сууринд суугаад есөн сард хөөгдөв. Дунжуогийн байгуулсан Чэнь Лю Ван Сегийн өргөсөн нэр Бо Хө, Линди хааны хоёрдугаар хөвгүүн, даруй Сяньди хаан болой. Тэр жил есөн настай бөлгөө. Оныг халж, Чүпин34-ийн тэргүүн он хэмээжээ. Дунжуо чансан болж ёслоход нэрээ нэрлэхгүй бараалхалд орвоос яаран явахгүй, илд зүүсээр харшид дэвших тул сүр буян нь хосгүй болжээ. Үүнд Лирү нь Дунжуод “Нэртэй чадалтныг хэрэглэж хүмүүний санааг хураамуй” хэмээн сануулаад дашрамд Цай Юнгийн чадлыг гарган хэлж баталсанд Дунжуо дуудуулахуйд Цай Юн ирсэнгүй. Дунжуо уур төрөөд хүн зарж хэлүүлсэн нь: “Хэрвээ ирэхгүй болбоос хүйс тэмтэрмүй” хэмээв. Үүнд Цай Юн аюуж аргагүй тушаалыг дагаж ирэв. Дунжуо Цай Юн лүгээ учраад ихэд баярлан нэгэн сарын дотор гурвантаа дэвшүүлж Шижун түшмэл өгөөд маш элэгсэв.
30 Шатны гишгүүр
31 Эртний түшмэд төрд гарахдаа барьдаг нэгэн зүйлийн эд. Зарим чухал явдлыг мартахаас
болгоомжлон түүн дээрээ бичдэг байна.
32 Ноён
33 Сул хатан
34 Тулгар түвшин
Түүнээс бага хаан, Хө эх дагина жич Танфэй лугаа Юн Аньгүн ордноо хоригдож дээл хувцас ордонд улам улмаар дутагдаад бага хааны нүдний нулимс хатахгүй. Нэгэн өдөр гэнэт хос хараацай нисэж гэрт орсныг үзээд даруй шүлэг зохиовой. Тэр шүлгийн үг нь:
“Хөх өвсөн соёолон утаарсаны дээгүүр
Хүрээний хараацай тойрон хослон нисмүй
Хөвөө урт Луо усан нэгэн эурвас хөхөвтөр
Хөдөө талын хүмүүн нар бахдан хэлэлцэх бөлгөө
Хөхөмдөг үүлсийн гүнийг холоос харахул
Хөөрхий миний хуучин ордон харш болой
Хүчилж шударга журмыг хэн хүмүүн гүйцэтгэн
Хөөгдсөн миний хэвлийн доторх хорслыг алдраамуй” хэмээжээ.
Дунжуо үргэлж хүн зарж хааны хөдөлбөрийг сураглах аж. Тэр өдөр энэ шүлгийг олж аваад Дунжуод өргөн барьсан хойно Дунжуо өгүүлрүүн: “Гасалж шүлэг зохиосон тул алахуйд нэртэй болов” хэмээгээд даруй Лирүг дуудаж арван цэрэг дагуулан ордон дотор хааныг алуулахаар илгээв. Хаан, эх дагина, Танфэй хатан лугаа цав хэмээн асар дээр байхад зарцлах охид “Лирү хүрч ирэв!” хэмээн хэлэхээр ирэхэд хаан ихэд цочив. Лирү хорт дарсыг хаанд барихад хаан асууруун: “Ямар учир?” гэхэд Лирү өгүүлрүүн:“Хаврын өдөр найрамдууд Дун чансан тусгайлан хутаг нэмэх архи хүргэж ирүүлэв” гэв. Эх дагина өгүүлрүүн: “Хутаг нэмэх дарс хэмээвээс чи урьд уугтун!” гэхэд Лирү даруй хилэн төрж өгүүлрүүн: “Чи уухгүй юу?” хэмээгээд доорх хүмүүнийг дуудаж охор илд цагаан ёнхорын дээсийг урагш бариулж өгүүлрүүн: “Дарс уухгүй болбоос энэ хоёрыг хүлээн ав” хэмээжээ.
Танфэй хатан сөгдөж гуйн өгүүлрүүн: “Би хааны төлөө дарсыг уусугай. Гүн өршөөвөөс эх хөвгүүний амийг үлдээх болов уу?”. Лирү зандран өгүүлрүүн: “Чи ямар зэргийн хүн хэмээн вангийн төлөө үхмүй” хэмээгээд дарс хундагыг өргөж Хө эх дагины зүг өгүүлрүүн: “Чи урьдаар уу!”. Эх дагина өндөр дуугаар хараан өгүүлрүүн: “Хөзинь бодлогогүйдээ хулгайг удирдан нийслэл хотод оруулж энэ өдрийн зовлонг тусгав”. Лирү хааныг цухалдуулахад хаан өгүүлрүүн: “Эх лүгээ салах ёсон хийхийг хүлээмүй!” хэмээгээд ихэд гашуудан уйлж дуулруун:
“Тэнгэр газар халуун, наран сарныг урвуулав
Түмэн тэргэтнийг хасаад мужийн газар бууруулав
Түшмэд сайдад шахамдагдаад амь бие удахгүй болов
Төв төлөв нэгэнтээ одов уйлавч талаар болов” хэмээв.
Танфэй хатан бас дуулал зохиож дуулруун:
“Хаан тэнгэр халих шахаад хатан газар нурмаар болов
Хараахан бие хааны хатан болоод хань болж чадахгүйдээ хорсмуй
Хайран амьд үхэхийн зам өөр тул хартал үүнээс салмуй.
Хай, ийм түргэнийг хэрхсү, харин сэтгэл дотор уярмуй” дуулж бараад харилцан тэврэлцэж уйлахуйд Лирү зандран өгүүлрүүн:
“Дун чансан хойш хэлэхээр одохыг зогсоосоор хүлээж буй. Та нар дураар удааж хэн хүмүүний туслахаар ирэхийг эрмэлзмүй?”. Эх дагина ихэд хараан өгүүлрүүн: “Улсын хулгай Дунжуо манай эх хөвгүүнийг шахамдуулахуйд дээд тэнгэр зөвөөр үзэхгүй бөлгөө. Та нар хортонд тусласан тул эрхгүй чиний угсаа төрөл хүйс тэмтрэгдмүй!” хэмээхэд Лирү ихэд хилэн төрж хоёр гараар эх дагиныг татаж асраас дорогш орхиод доорхи хүмүүнээр Танфэйг боомилон алуулж хорт архиар хааныг цутгаж алаад, Дунжуод хойш мэдүүлсэн хойно Дунжуо “Хотын гадна оршуул!” хэмээв. Тэндээс Дунжуо шөнө бүр ордны дотор орж охидыг ужидлан35 луугийн ширээнд унтмуй. Дунжуо нэгэн өдөр цэрэг авч хотын гадна гараад Янчэн хотноо хүрвээс тэр цагт цав хэмээн хоёр сарын үе тул гацааны ардууд тахилга тайх тохиолдсонд эр эм цөм цуглаж байсныг Дунжуо цэргээр хааж дуусган алаад эхнэрийн эд юмсыг булааж тэргэнд дүүртэл тээгээд мянга илүү тэргүүнийг тэрэгний дор өлгөн уяж нийслэл хотноо буцан ирэхэд дэлгэрүүлэн хэлсэн нь: “Хулгайг алж ихэд дийлж ирэв” хэмээв. Хотын доор хүмүүний толгойг түлээд эхнэрүүдийн эдийг цэргийн хүмүүнд түгээн өгөв.
Тэндээс Юэци Сяовэй түшмэл Үфү, өргөсөн нэр Дө Юй, Дунжуогийн догшин харгисыг мэдээд хорсож үргэлж ёст дээлийн дотор тагай хуяг (эрслэнгийн арьсан хуяг) өмсөж охор илдийг нуугаад “Дунжуог алсугай!” хэмээн хүлээв. Нэгэн өдөр Дунжуо бараалхалд орохуйд Үфү асрын дэргэд угтан илдийг гаргаж Дунжуог цавчихуйд Дунжуогийн хүчин их тул хоёр гараар тосож барив. Люйбү даруй орж ирээд Үфүгийн үсийг барьж татан унагав. Дунжуо асууруун: “Чамайг хэн урва хэмээв?” гэхэд Үфү нүдээ бүлтийлгэн их дуугаар өгүүлрүүн: “Чи миний эзэн бус, би чиний сайд бус “яахин урвав?” хэмээн өгүүлнэм. Чиний ял тэнгэр тулсанд хүн бүр “Алсугай!” хэмээмүй. Би чамайг зээлд тэргээр татан салгаж дэлхий дахиныг амруулсангүйдээ хорсмуй”. Дунжуо их л хилэн төрж чирэн гаргаж огтчин алуулав. Үфү үхтэл харааж зогссонгүй.
Хожмын хүмүүний магтсан шүлгийн үг:
“Барагдсан Хань улсын шударга түшмэл Үфүг хэлбээс
Баатар зориг тэнгэр тулж ертөнцөд хосгүй болой
Төрийн яаманд хулгайг алсугай хэмээсэн зориг өнөд мөнхөрч
Түмэн үед ихэс эр хэмээвээс үнэхээр болох биш үү?”
Үүнээс Дунжуо орох гарахад ер хуягт цэргийг дагуулан биеэ хамгаалмуй. Тэр үес Юаньшао Бохай газарт аж, Дунжуогийн эрх барьсаныг сонсоод нууц бичиг бичиж хүнээр хулган Ван Юньд бариулав. Тэр бичгийн үг нь:
35 Ужидлах: садар самуун аашлах, самуурах
“Хулгай Дунжуо тэнгэрийг сөрж эзнийг зайлуулсанд хүмүүн хэлэлцэн түвдэхгүй атал гүн чи түүний дураар талбиж түрэмгийлүүлэн дув дуугүй сонссонгүй мэт байх нь улсад хариулах журмыг гүйцэтгэх сайд хэмээгдэж болмуй? Юаньшао би эдүгээ хуяг цуглуулж цэргийг боловсруулан хааны ордныг шүүрдэж ариун болгосугай хэмээмүй. Гэвч аюумшиггүй хөнгөнөөр хөдөлсөнгүй. Гүн чи хэрвээ сэтгэл санаа буй бөгөөс завсар чөлөөг үзэж үүсгэвээс зохимуй. Хэрвээ зарах газар байваас захиа зарлалыг хүлээн шийтгэсүгэй!” хэмээжээ.
Ван Юнь бичгийг үзээд санаваас огт арга олохгүй. Нэгэн өдөр хааны ордны дотор үзвээс хуучин сайд цөм байх тул Ван Юнь өгүүлрүүн: “Энэ өдөр хөгшин хүмүүний төрсөн өдөр бөлгөө. Мөн үдэш олон сайдыг гутааж хөгшин миний гэрт эчиж36 баахан уулцсугай!”.
Олон түшмэд цөм өгүүлрүүн: “Эрхгүй насан хутагт баярлахаар очмуй” хэмээв. Ван Юнь тэр үдэш хойд танхимд хурим бэлтгэж олон гүн, чингийн зэрэг түшмэд цөм хүрч ирсэнд баярлан уулцсаар халамшсаны хойно Ван Юнь гэнэт нүүрээ бүтээж уйлахуйд олон түшмэд цочин асууруун: “Эрхэм Сытүгийн төрсөн одөр атал юуны учир гаслан уйлмуй?”. Ван Юань өгүүлрүүн: “Энэ үнэнхүү хөгшин миний төрсөн өдөр бус олон түшмэдийг залж хэлэлцсүгэй хэмээвээс Дунжуогийн сэжиглэхээс эмээж тийнхүү төрсөн өдөрт түлхсэн болой. Дунжуо эзнийг мэхлэн эрхийг атгасан тул улс төрийг өглөө үдэш хамгаалан чадахад бэрх болжээ. Санаваас Гаозү хаан Цинь улсыг арилган, Чү улсыг мөхөөж сая дэлхий дахиныг олсон бөлгөө. Хэн санав, улирсаар энэ өдөрт хүрээд харин Дунжуогийн гарт алджээ. Энэ учирт би уйлсан болой” хэмээх тэр үгэнд олон түшмэд цөм гаслалцахад суусан газраасаа нэгэн хүмүүн алга дэлдэн ихэд инээн өгүүлрүүн: “Улсын хотлоорын гүн, чингүүд шөнөөс гэгээртэл уйлж өглөөнөөс үдэш болтол гаславч харин Дунжуог уйлсаар үхүүлэн чадмуй уу?”. Ван Юнь үзвээс харин Сяовэй түшмэл Цаоцао болой. Ван Юнь хилэн төрж өгүүлрүүн: “Чиний өвөг эцэг бас ч Хань улсын пүнлүүг идэж явсан бөлгөө. Эдүгээ улсад хариулахыг санахгүй, харин гэдрэг инээмүй үү?”. Цаоцао өгүүлрүүн: “Миний инээх нь өөр явдал бус. Олон сайд нарт гагц Дунжуог алах нэгэн арга үгүй учирт инээмүй. Цаоцао би хэдий эрдэм үгүй боловч дуртайяа арга үүсгэж Дунжуогийн тэргүүнийг цавчаад хотын хаалганд өлгөж дэлхий дахиныг амруулсугай!” хэмээв. Ван Юнь даруй суусан газраас босож асууруун: “Мөндө37-д ямар эрхэм арга буй” гэхэд Цаоцао өгүүлрүүн: “Ойрд би биеэ гутааж Дунжуог үйлдэх нь чухамдаа завсрыг үзэж алсугай хэмээх санаа болой. Эдүгээ Дунжуо намайг ихэд итгэмжлэх учир Цаоцао би ойрчлон чадмуй. Сонсвоос Сытүд долоон одот эрдэнийн илд буй хэмээмүй. Хайрлалгүй надад зээлэн өгвөөс би чансангийн ордноо орж хороосугай. Хэдийгээр үхэвч хорсох газар үгүй!”. Ван Юань өгүүлрүүн: “Мөндөд үнэнхүү энэ сэтгэл байваас дэлхий дахины завшаан болой” хэмээгээд өөрөө нэгэн хундага архи нэрж Цаоцаод барихад Цаоцао архийг цацаж амалдсаны хойно Ван Юнь эрдэнийн илдийг авчирч өгөв. Цаоцао илдийг нуугаад уулцаж барсны хойно даруй босож олон сайдаас ёслон салж одов. Түшмэд бас нэгэн үе суугаад бас ч тархав. Тэндээс дэд өдөр Цаоцао эрдэнийн илдийг зүүж чансангийн ордноо ирж “Чансан хаана буй?” хэмээн асууваас доорх хүмүүн өгүүлрүүн: “Бичгийн гэрт буй амуй” хэмээв. Цаоцао даруй орж үзвээс Дунжуо их ширээн дээр сууж Люйбү хажууд нъ зогсох ажээ. Дунжуо асууруун: “Мөндө юунд ирсэн нь удав?”. Цаоцао өгүүлрүүн: “Морь тарган үгүй тул ийн удлаа”.
36 Эчих: явах, одох, очих
37 Цаоцаогийн өргөсөн нэр
Дунжоу өгүүлрүүн: “Надад Силянгаас хүргэж ирсэн сайн морь буй. Фэнсянь38 биеэр очиж нэгэн сайныг сонгон Мөндөд өг!” хэмээсний хойно Люйбү захиаг гарч одов. Цаоцао дотроо санаруун: “Энэ хулгайн үхэх цаг болов” хэмээн даруй илдийг гаргаж “Цавчсугай” хэмээвээс хулгайн хүчин ихээс эмээн хөнгөнөөр хөдөлсөнгүй. Дунжуо ер махлаг тул удтал сууж тэсэхгүй даруй эсрэг хандан хэвтэв. Цаоцао бас санаруун: “Энэ хулгайн бие барах шахав” хэмээн даруй илдийг татаж гаргаад сая “Хороосугай!” гэтэл санамсаргүй Дунжуо дээш хандахад толин дотор Цаоцао арын хойноос илдийг татаж гаргах нь үзэгдэв.
Даруй бие эргэж асууруун: “Мөндө яанам?”. Тэр үес Люйбү бас морийг авчирч хаалганы гадна иржээ. Цаоцао айж илдийг өргөн сөгдөж өгүүлрүүн: “Цаоцао надад нэгэн эрдэнийн илд буй. Өршөөлт чансанд өргөсүгэй!” хэмээв. Дунжуо хүлээн авч үзвээс тэр илдний урт нэгэн тохой илүү, долоон эрдэнээр шигтгэж, маш хурц, үнэхээр эрдэнийн илд болой. Даруй Люйбүд тушаан өгч “Хураан талби” хэмээхэд Цаоцао хуйг тайлж Люйбүд өгөв. Дунжуо, Цаоцаог дагуулан гарч морь үзэхэд Цаоцао тал өгөн мөргөж өгүүлрүүн: “Нэгэнтээ унаж үзэхийг хүсмүй” хэмээхэд Дунжуо эмээл тохуулж өгөв. Цаоцао морийг унан хүрээнээс гараад дахин дахин ташуурдан зүүн өмнө зүг оджээ. Люйбү Дунжуогийн зүг өгүүлрүүн: “Цаоцао анхад эцгийг хороох байдалтай арга сэрэгдэхэд хүрснээр даруй илд өргөхөөр ирснээр шалтагласан мэт” хэмээсэнд Дунжуо өгүүлрүүн: “Би ч бас мөн сэжиглэмүй” хэмээн хоёул хэлэлцэж байтал Лирү хүрч ирэв. Дунжуо тэр учрыг хэлж өгөхөд Лирү өгүүлрүүн: “Цаоцаод эм хүүхэд үгүй тул буусан гэрт гагцаар буй. Хүн зарж дуудуулсугай! Тэр сэжиглэлгүйгээр даруй ирвээс илд өргөхөөр ирсэн нь үнэн. Хэрвээ сэжиглэн шалтаглаж ирэхгүй болбоос эрхгүй хороохоор ирсэн болой. Тийм болбоос даруй барьж асууваас зохимуй” хэмээв. Дунжуо тэр үтийг “Мөн!” хэмээгээд даруй гяндны дөрвөн цэргийг зарж Цаоцаог дуудуулахаар илгээв. Явж нэлээд удаад хойш ирж хэлрүүн: “Цаоцао түүний буусан гэрт эгсэнгүй39. Нэгэн морийг унаж нисэх мэт зүүн хаалгыг гарч одохуйяа хаалга сахих хүмүүн асуухад Цаоцаогийн хэлсэн нь: “Чансан намайг яаралтай хэрэгт зарав хэмээн морь довтолгон одов” хэмээмүй. Лирү өгүүлрүүн: “Цаоцао хулгай айгаад оргон одов. Хороохоор ирсэн нь сэжиглэлгүй болов”. Дунжуо ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би энэ мэт хүндэд хэрэглэж атал тэр гэдрэг намайг алсугай хэмээмүй” хэмээсэнд Лирү өгүүлрүүн: “Түүнд эрхгүй хамт зөвлөгсөд буй. Цаоцаог олсон хойно сая мэдэж болмуй”.
38 Люйбүгийн өргөсөн нэр
39 Эгэх гэдэг нь буцах, эргэх гэсэн утгатай.
Үүнд Дунжуо даруй Цаоцаог бариулахаар нийтэд бичиг тархааж байдал дүрийг зурж баримтлан ирэгчдэд мянган лан алт шагнаж түмэн өрхийн Хоу40 өргөмжилмүй. Хэрвээ нуун далдлагчид аваас адил ял хэлэлцмүй” хэмээн зарлав.
Тэндээс Цаоцао хотоос гарч нисэх мэт Цяозюний зүг явсаар Жунмоу сумыг өнгөрөхөд хаалга сахих хүмүүнд баригдаад сумын түшмэлд учруулав. Цаоцао хэлрүүн: “Би худалдааны хүмүүн, давхар овог Хуанпү” хэмээжээ. Сумын түшмэл сайтар шинжээд сая хэлрүүн: “Би Луо Янд тушаал эрэхээр одохдоо чамайг Цаоцао хэмээн таньсан бөлгөө. Яахин нуун далдалмуй. Үүнийг гянданд хоригтун. Маргааш нийслэл хотод хүргэж шан хишиг авсугай!” хэмээн өгүүлээд хаалга сахисан хүмүүнд архи мах шагнаж илгээв. Үдэш гүн болсны хойно сумын ноён ойр дагалтыг дуудан ирээд сэмээр Цаоцаог гяндангаас гаргаж хойд гэрт аваачиж асууруун: “Би сонсвоос чансан чамайг ихэд өршөөн тэжээмүй хэмээсэн бөлгөө. Юунд өөрөө зовлон эрэв?”. Цаоцао өгүүлрүүн: “Хараацайн бялзуухай яахин хараацай шувууны санааг мэдмүй. Чи нэгэнт барьж авсан тул даруй хүргэж шан хишгээ гуйваас барав. Юунд элдэв дэмий асуумуй?”. Сумын түшмэл дэргэдэх хүмүүсийг зайлуулаад өгүүлрүүн: “Чи намайг битгий доромжлон үзэгтүн! Би ерийн түшмэл бус. Гагц сайн эзэнд учирсангүй болой” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Миний өвөг эцэг үе улиран Хань улсын пүнлүүг идсэнээр хэрвээ улсад хариулахыг санахгүй болбоос гөрөөс шувуунаас юун өөр. Миний биеэ дорогш болгож Дунжуод үйлдсэн нь тохой өргөж алаад улс гэрийн төлөө муу зовлонг арилгасугай хэмээсэн бөлгөө. Эдүгээ үйл бүтсэнгүй нь лав тэнгэрийн цаг болой” хэмээсэнд хошуу ноён өгүүлрүүн: “Мөндө эдүгээ явбаас хааш очсугай?” хэмээмүй. Цаоцао өгүүлрүүн: “Уг нутагтаа одож хуурмаг зарлиг бичиг тархаан дэлхий дахины мужийн эздийг цуглуулаад цэрэг байгуулж хамт Дунжуог алах нь миний хүсэл болой” хэмээсэнд хошуу ноён тэр үгийг сонсоод өөрийн биеэр хүлсэн дээсийг тайлаад дээр түшин суулгаад дахин ёсолж өгүүлрүүн: “Гүн үнэхээр дэлхий дахины шударга журамтай хүмүүн аж”. Цаоцао бас сумын ноёны нэр овгийг асуухад тэр сумын ноён хэлрүүн: “Миний овог Чэнь, нэр Гүн, өргөсөн нэр Гүнтай. Хөгшин эх, эм хүүхэд цөм Дун зюнь41 газар буй. Эдүгээ гүнгийн журамтайд гэсэгдэж дуртайяа энэ тушаалыг гээгээд гүн чамайг дагаж оргосугай!” хэмээсэнд Цаоцао ихэд баярлав. Мөн шөнө Чэньгүн хүнс, мөнгө бэлтгэж Цаоцаогийн хамт дээл хувцсаа хувьсган өмсөөд тус тус нэгэн илд зүүж морь унан хуучин гацааны зүг явав.
40 Эртний хэргэмийн нэр, ноён, тэргүүн гэсэн утгатай.
41 Зүүн муж
Түүнээс гурван өдөр яваад Чэнгао нэрт газар хүрэхэд тэнгэр үдэш болсон тул Цаоцао ташуураар гүн шугуйг зааж өгүүлрүүн: “Энд нэгэн хүмүүн буй. Овог Люй, нэр Бошө, миний эцгийн мөргөсөн ах дүү бөлгөө. Бид тийш одож гэрийн мэдээг асууж нэгэн шөнө хоновоос ямар?” Чэнь гүн “Маш сайн” хэмээгээд хоёул гацаанд хүрээд мориноос буун гэрт орж Люй Бошөд мөргөн золгохуйяа Люй Бошө өгүүлрүүн: “Би сонсвоос хаан нийтэд бичиг тархаан чамайг барих нь маш шахам хэмээмүй. Үүнд чиний эцэг Чэнь Лю газарт зайлжээ. Чи хэрхэн олж энд хүрч ирэв?” хэмээсэнд Цаоцао урьдын хэргийг цөм хэлж өгүүлрүүн: “Чэнь сумын ноёноос бус болбоос миний яс мах цөм хэмхрэх бөлгөө” хэмээсэнд Люй Бошө Чэнгаод мөргөж өгүүлрүүн: “Бага хөвгүүн ноён эцгээс бус бөгөөс Цао овгийн төрөл угсаа хүйс тэмтрэгдмүй. Ноён сэтгэлээ сулхан талбиж энэ үдэш энд өнжтүгэй!” хэмээгээд даруй босож дотогш оров. Нэлээд удаж гарч ирээд Чэньгүнгийн зүг өгүүлрүүн: “Хөгшин хүмүүний гэрт сайн дарс үгүй. Баруун гацаанд очиж сайн архи нэгэн лонх худалдан авч ирээд уулцсугай!” хэмээн санд мэнд илжгээ унаж явав.
Тэндээс Цаоцао, Чэньгүн лүгээ удаан сууж гэнэт сонсвоос гэрийн хойно хутга билүүдэх дуу гармуй. Цаоцао өгүүлрүүн: “Люй Бошө миний ойр төрсөн бус. Энэ одсон нь ихэд сэжиглэлтэй. Хулгаж сонсвоос зохимуй хэмээгээд хоёул сэмээр гэрийн хойно хүрвээс хүмүүний “Хүлж албаас ямар?” хэмээн хэлэлцэх дуун сонстмуй. Цаоцао өгүүлрүүн: “Мөн болой. Эдүгээ хэрвээ урьд гар хөдлөхгүй болбоос эрхгүй баригдмуй” хэмээгээд Чэньгүн лүгээ илдээ гарган шууд гэрийн дотор орж эр эмийг асуухгүй цөмийг алав, бүгд найман ам хүмүүн бөлгөө. Хойно нэгжин явсаар будааны гэрт хүрвээс харин нэгэн гахайг хүлж “Алсугай!” хэмээж буй. Чэньгүн өгүүлрүүн: “Мөндөгийн сэжиглэх хэцүү. Сайн хүмүүнийг ташааран алжээ!” хэмээгээд хоёул даруй морийг унаж гацаанаас гарч яваад хоёр газар явсангүй Люй Бошө илжгэнд хоёр лонх архи ачиж гартаа жимс ногоо барьж ирээд дуудан өгүүлрүүн: “Мэргэн ач, сумын ноён лугаа юунд даруй явмуй” Цаоцао өгүүлрүүн: “Ялтай болсон хүмүүн удаан сууж чадах үгүй!”. Люй Бошө өгүүлрүүн: “Би нэгэнтээ гэрийн хүмүүнд захиж нэгэн гахай алж бэлтгэ. Мэргэн ач, сумын ноёныг хүндлэсүгэй хэмээсэн бөлгөө. Юунд нэгэн үдшийг яармуй. Даруй унашаа эргүүлмүй” хэмээсэнд Цаоцао хойш үзэхгүй морио ташуурдан одов. Хэдэн алхам явсангүй гэнэт илдийг гарган хойш эгэж Бошөг дуудаж өгүүлрүүн: “Энэ ирэх нь яасан хүн?” хэмээсэнд Бошө хойш хандаж үзтэл Цаоцао Бошөг илжигнээс цавчин унагав. Чэньгүн их л цочин өгүүлрүүн: “Анхан нь эндсэн болой. Эдүгээ яав?” Цаоцао өгүүлрүүн: “Люй Бошө гэртээ хариад олон хүмүүний алсныг үзвээс яахин талаар зогсмуй. Хэрвээ олныг дагуулан нэхэхээр ирвээс эрхгүй зовлонг амсмуй” хэмээсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Мэдэж агаад алах нь ихэд журамгүй болой”. Цаоцао өгүүлрүүн: “Би дэлхий дахины хүмүүсийг үтээрэхээс42 дэлхий дахины хүмүүст би үтээрэгдэж болохгүй” хэмээв.
42 Итгэл хөсөрдүүлэх
Чэньгүн огт үг дуу гарсангүй. Шөнө хэдэн газар явж гэгээн сарны доор хонох гэрийн үүдийг тогшин орж буув. Морийг сайтар идүүлээд Цаоцао урьдаар унтжээ. Чэньгүн дотроо санаруун: “Би Цаоцаог сайн хүмүүн хэмээн тушаалаа гээж даган ирэв. Харин нэгэн хэрцгий хүмүүн аж. Эдүгээ үлдээвээс хожим эрхгүй зовлон болмуй” хэмээн илдээ сугалж Цаоцаог алахаар ирэв. Энэ чухамхүү:
“Хэрцгий хорт сэтгэлийг өвөрлөх нь сайн эрдэмтэн бус
Цаоцао, Дунжуо харин нэгэн аймаг хүмүүн аж» Эгнэгт Цаоцаогийн амь ямар болохыг доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )