Ариель Ахэрн: Монгол эмэгтэйчүүдийн нийгэмдээ эзлэх байр суурь бол бусад улсаас ялгарах хамгийн гоё онцлог

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

“Миний очих дуртай газар Монголын хөдөө. Монгол яг л өөрийн минь нутаг шиг санагддаг. Магадгүй би байгальд ойр, малын дэргэд өссөн болохоор тийм дотно бодогддог байх” хэмээн ярих энэ америк бүсгүйг Ариель Ахэрн гэдэг. Өдгөө Оксфордын их сургуулийн багшаар ажиллаж буй тэрбээр Монголын ёс заншил, хэл соёлыг судалдаг монголч эрдэмтэн ажээ. Түүнтэй судалгааны ажлаар Монголд ирээд байх үед нь уулзаж, ярилцлаа.


 

-Сайн байна уу. Өөрийн тань хувьд монгол хэлээр маш сайн ярьдаг юм байна?

-Сайн байцгаана уу, монголчуудаа. Баярлалаа.

-Монголыг яагаад сонгон судлах болов?

-Миний хувьд Америкт төрж өссөн. Өөрөө би хөдөөний хүн. Учир нь миний өссөн газар Америкийн хөдөө. Манай гэр бүл ямаатай, хоньтой. Миний хувьд багаасаа байгальд ойр, малын дэргэд өссөн хүн. Тийм болохоор монголчууд надад маш дотно санагддаг. Монголын ёс заншил үнэхээр гайхалтай.

-Тэгэхээр таны хувьд Америкийн аль мужид төрсөн гэсэн үг вэ?

-Муж нь бол Нью-Йорк. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа нөгөө том хот биш. Бүүр Канадтай хиллэдэг хөдөөгийн тосгонд би өссөн. Маш их ой модтой газар бий. Манай төрсөн дүү одоо тэндээ аж төрдөг. Монгол гэрт амьдардаг. Өөрөө бол Монголд ирж үзээгүй. Гэхдээ надаас сонсоод монгол гэрийг маш их сонирхоод монгол гэрт амьдардаг болсон. Ер нь манай гэр бүлийнхэн Монголд элэгтэй, хайртай хүмүүс байдаг. Тийм ч учраас миний хувьд Монголыг судалж, хэлийг нь сурч эхэлсэн.

-Монголд анх хэзээ ирж үзэж байв. Тухайн үед төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд 2004 онд анх удаа ирж үзэж байлаа. Тухайн үед 20 настай, оюутан байхдаа ирсэн. Тэр үед Улаанбаатар хот ийм олон, өндөр, шилэн байшингүй. Тухайн үед троллейбусаар хотоор явж үзэж байсан. Одоогийнх шиг ийм их машин ч байгаагүй. Би анх ирэхдээ Монголын хөдөө явж үзсэн. Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хархоринд очиж хөдөөгийн малчин айлд хэд хоног амьдарч байлаа. Монгол ёс заншлаас суралцаж байсан. Надад маш их таалагдаж байлаа. Монголоор ярьж сурахыг хичээх болсон. Тиймээс би Монгол хэлийг сурч эхэлсэн. Нэг сонирхолтой зүйл гэвэл урьд нь би франц хэлийг судалж, сурч байв. Гэхдээ франц хүнтэй францаар ярихаар би франц хүн л биш бол шууд англиар ярьдаг. Жишээ нь, миний франц хэл төгс биш байвал тэд шууд л англиар ярина. Гэтэл би Монгол хэлээр тав зургаахан үг ярихад монголчууд эх хэлээрээ надтай ойлголцохыг маш их эрмэлздэг. Англи хэлтэй Монгол хүн мөртлөө Монголоор надтай ярьдаг. Тэр нь надад маш гоё байсан. Тиймээс би Монгол хэлийг сурмаар байсан. Монгол хүнтэй Монголоор ярих маш гоё мэдрэмж авдаг.

-Ариель аа, Монголыг, монгол хүнийг судлаад 17 жил болжээ. Энэ хугацаанд монголчуудын хамгийн сайхан зан чанар нь юу санагдав?

-Аан тийм тийм. Сайхан зан чанар зөндөө бий.  Ахмад настнаа хүндэлдэг нь маш гоё санагддаг. Энэ бол онцгой ёс заншил шүү.

-Харин дутагдалтай тал нь?

-Зарим залуучууд болон зургаа, долоон настай хүүхдүүд чөлөөтэй ярьж чаддаггүй. Магадгүй тэр жаахан хүүхдүүд хааяа их бухимддаг байж мэдэх юм. Жишээ нь, хөдөөгүүр явж байхад нэг хүүхэд нэг юм яримаар байсан. Гэтэл томчууд нь түүнийг шууд “Дуугүй бай” гээд зандарсан. Гэхдээ би тэр томчуудыг ойлгож байна. Хүндлэх хэрэгтэй. Гэвч хааяа хүүхдийн үгийг сонсоод сэтгэлийг нь уудлах ёстой. Магадгүй монгол хүмүүс жаахан ичимхий байна. Яахав монголчуудыг би сайн мэдэх учраас энэ байдлыг нь ойлгоод харьцдаг. Харин монгол хүнийг мэдэхгүй гадаад хүмүүс бол буруугаар ойлгож магадгүй. Ичээд дуугүй байгаа байдлыг нь ажаад өөрт нь муу хандаж байна гэж ташаа бодож ч магад /Инээв/. Мэдээж энэ бол соёлын ялгаатай холбоотой. Нэг жуулчин Монголд ирвэл нээлттэй ичихгүйгээр харьцахгүй бол “Яанаа энэ хүн надад дургүй” гэж бодож мэднэ.

-Монголын нийгмээс онцолж харсан хамгийн таатай зүйл юу байна вэ?

-Би байгальтайгаа их ойр өссөн. Би малчин гаралтай. Тийм болохоор монголчуудыг харахаар сэтгэл их хөдөлдөг. Миний өөрийн амьдрал шиг санагддаг. Шал өөр соёлтой мөртлөө нэг л дотно ойр санагддаг. Нөгөө талаар Америк соёл, Монгол соёл нэг талаараа төстэй. Тэр нь ЭРХ ЧӨЛӨӨ гэж их ярьдаг. Монголд байгаа өөр нэг хамгийн гоё зүйл нь эмэгтэйчүүдийн манлайлал хүчтэй байгаа байдал. Энэ бол үнэхээр гайхалтай. Монголын эмэгтэйчүүд маш  их ухаантай, боловсролтой. Бусад улс орнуудаас ялгагдах гол давуу тал нь гэж хэлж болно.

Монголд ПСР шинжилгээ үнэтэй байгаа нь иргэдэд маш их хүндрэлтэй байгаа ажиглагдсан

 

-Өөрийн тань хувьд Монголд  “Ковид-19” цар тахлын халдварын хамгаалал хэр байгаа талаар судалгааны ажил хийж байгаа гэж  сонссон?

- Би Оксфордын их сургуульд багшилдаг. Манай сургуулиас цар тахлын үед дэлхийн ядуу буурай орнууд “Ковид-19”-ын эсрэг хэрхэн тэмцэж буй талаар багц судалгаа хийж байгаа. Энэ судалгааныхаа ажлын хүрээнд Монголд ирээд бараг хоёр сар болоод буцах гэж байна. Би нийслэл Улаанбаатараас гадна Баянхонгор, Архангай, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудаар явж ажилласан.

-Таны бодлоор монголчууд цар тахлын халдварын эсрэг хэр сайн ажиллаж байна вэ?

-Магадгүй Америкчуудыг бодоход маш сайн хамгаалсан гэж бодож байна. Жишээ нь, Америкт одоогоор  олон хүн вакцин хийлгэхгүй байна. Гэтэл Монголд бүгд вакцинаа хийлгүүлж байна. Миний хувьд Англид амьдардаг. Англид одоо бараг маск зүүдэг хүн ховор болсон. Харин Монголд маскыг маш сайн зүүж байна. Миний анзаарснаар монголчууд ингэж сайн хамгаалаад байгаа ч үр дүн тааруу байх шиг. Төрөөс гаргаж буй бодлого нь тэгш хүртээмжтэйгээр хэрэгжих боломжгүй нь ажиглагдсан. Энэхүү хийж буй судалгаанд Тайвань улсын малчид, баруун Африк, зүүн Африк, Ливан, Итали, Монгол гэсэн улсуудад судалгаа хийж байна. Бидний судалгааны гол асуудал бол цар тахлын халдвараас хамгаалахад малчдад чиглэсэн бодлого байгаа юу гэдэг дээр төвлөрч судалж байгаа. Хэрвээ байгаа бол ямар бодлого байгаа вэ гэсэн асуумжаар судалгаагаа хийж байна.

-Монголын малчид ковидоос хэр хамгаалж чадаж байна вэ?

-Яг энэ судалгаагаа Баянхонгор, Дундговьд хийсэн. Баянхонгор аймаг өнгөрсөн өвөл маш хүнд өвөл болсон. Өлзийт сум л гэхэд зудын улмаас малынхаа бараг 30 хувийг алдсан байдаг. Түүний хажуугаар ковидын халдвар тархаад маш хэцүү байдалд орсон байсан. Эдийн засгийн хувьд хүнд. Ер нь тэндхийн малчид ковидын асуудал хоёрдугаар асуудал байсан байгаа юм. Нэгдүгээр асуудал нь амьжиргааны гол эх үүсвэр малаа хамгаалах л хэрэг гарсан. Тиймээс өөр аймаг сумын нутаг руу оторлосон. Тэжээл, идэш зэрэг нь маш их үнэтэй, төвөгтэй байдал үүссэн байгаа юм. Малчдын өмнө бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байв. Тухайн өрхийн орлого эрс хумигдсан. Гэхдээ тэд ковидоос маш сайн хамгаалсан байсан. Сумынх нь эмнэлэг тусгаарлалтын байр нээсэн. Улаан бүс нээж, ковидтой хүмүүс тэнд хэвтэж байна. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь шинжилгээ авах асуудалтай. Ковидыг илрүүлдэг гол шинжилгээ болох ПСР хийдэг газар суманд нь байхгүй. Шинжилгээгээ хол явуулж хариугаа авдаг. Маш олон өдөр хүлээнэ. Хөдөөгийн малчдад тулгамдсан бас нэг асуудал нь оторт явж байх хугацаанд нь хөл хорио тогтоочихдог. Эргээд эх нутагтаа харих гэхээр хөл хорио гээд хорьдог. Бас нэг анзаарагдсан зүйл нь мэдээлэл багатай байх шиг. Бид 30 өрхөөс ковидын шинж тэмдгийн талаар судалгаа авахад тэд сайн мэдэхгүй байсан. Тиймээс хөдөөгийн малчид тэр тусмаа өндөр настай хүмүүст ковидын шинж тэмдгийн талаар сайн тайлбарлаж өгөх шаардлагатай санагдсан. Мөн үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Уг нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг олон л арга хэмжээ, зөвлөмж гаргаж байгаа юм билээ. Харамсалтай нь тэр арга хэмжээ нь малчдад хүртээмжтэй биш байна. Мөн гаргаж байгаа заавар зөвлөмжийг малчдын орчин нөхцөлд мөрдөх хүндрэлтэй.

-Та Англид амьдардаг гэсэн. Тэнд жишээ нь ПСР-ийг яаж авдаг вэ?

-Англид бол үнэгүй шинжилгээ өгч болно. Бид гэртээ шинжилгээ хийлгүүлж болдог. Хүсвэл өдөр болгон шинжилгээ хийлгүүлээд байж болно. Харин Монголд шинжилгээ авах үнэтэй. Гэхдээ ч их үнэтэй биш ч монголчуудын амьжиргааг нь бодохоор асар үнэтэй байна. Ажилгүй хүмүүс их байна. Тийм хүмүүс ПСР шинжилгээг мөнгө төлж хийлгэхэд маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, Монголд ковидын илрүүлэг шинжилгээ учир дутагдалтай байна.

-Англид ковидын халдварын үеэр сургууль цэцэрлэгийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Аан тэр бас хэцүү. Бараг нэг жилийн турш хүүхдүүд цахимаар хичээлээ орсон. Ээж аав нар аймар их ачаалал авсан. Монголд хөдөө хүүхдүүд бараг хоёр жил хичээлд суугаагүй гэнэ. Нэг хүн хүүхдийнхээ цахим хичээлийг давтуулахын тулд машинаар уул руу яваад тэндээ хүүхдээ хичээлийг нь хийлгэдэг байснаа ярьж байсан. Тэр хүүхэд маш их ичиж байсан гэнэ. Видеоныхоо камерыг нээмээргүй санагдсан гэсэн. Учир нь тэр хүүхэд машинд хичээлээ хийж байгаа бол  харин ангийнх нь өөр хүүхдүүд маш гоё танхимд суух жишээтэй. Бас машинд хичээл хийх хүйтэн байх аа. Миний бодлоор Монголын Засгийн газар малчдаа дэмжих хэрэгтэй. Хөдөөнийхөө газрыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ жил ирээд харж байхад нийслэл нь бол маш их хөгжсөн байна. Шинэ байшин, музей олон баригджээ. Харин хөдөө хөгжил муу. Хөдөөгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тийшээ мөнгө явуулах хэрэгтэй гэсэн үг.

-Хоёулаа ярилцлагаа арай өөр сэдвээр үргэлжлүүлье. Ариель, Монголын ямар хоолонд дуртай вэ?

-Хөдөөгүүр явахдаа гурилтай шөл идэх дуртай. Монголын борцтой гурилтай шөл ёстой гоё. Хааяа цуйван иднэ. Чанасан мах мэдээж гоё. Ер нь Монгол хоолонд би их дуртай.

-Таны бодлоор дэлхийд Монголыг хэр сайн мэддэг вэ?

-Мэддэг, мэддэг. Ер нь хүн бүр мэддэг. Америкт бол хүмүүс Чингис хаанаар нь таньдаг. Монголчууд бол гайхалтай түүхтэй ард түмэн. Гэхдээ өнөө үед Монголд юу болж байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ нь дараах шалтгаантай байх гэж би боддог. Жишээ нь, социализмын үед Орос, Төв Азийн улс орон хаалттай байсан. Бараг 70 жил мэдээлэл хаалттай байсан байгаа юм. Энэ бол хайран хугацаа. Мэдээлэл хаалттай байснаас болж, зүүн Европын улс орнууд Монголыг сайн мэддэггүй. Магадгүй нэг нэгнээ дэлхийн хоёр талд байгаа юм шиг төсөөлдөг байсан.Тийм болохоор өнөөгийн Монголыг ямар улс байдгаг талаар сайн мэдэхгүй байдаг. Гэхдээ Монголын тухай сонссон хүмүүс маш их сонирхож байна. Сүүлийн хэдэн жил Монголд уул уурхай их явагдаж байна. Хэдийгээр эдийн засаг нь өсөх сайн талтай ч хамгийн гол анхаарах зүйлээ монголчууд мэдэхгүй байх шиг санагддаг.

-Хамгийн гол анхаарах асуудал гэж юуг хэлээд байна вэ?

-Монголд ирээд миний гол анзаарч судалж байгаа нэг зүйл бол уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчинд ямар хор хохирол учирч байна вэ гэдэг асуудал. Монголд аливаа уул уурхайн компани үйл ажиллагаа явуулахдаа ганцхан л “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийж байна. Харамсалтай нь тэр үнэлгээнд тусгагдсан стандартаа ч нарийн сайн баримталдаггүй. Үүний улмаас байгаль маш их сүйрч байна. Хөгжингүй орнуудад бол уул уурхайн компаниуд “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-нээс гадна “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-г давхар хийдэг. Энэ бол маш чухал асуудал. Тиймээс  Монголын Засгийн газраас “Нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний эрхзүйн орчныг бүрдүүлж, уул уурхайн компаниудад мөрдүүлэх шаардлагатай. Монголд алт, зэс, нүүрс, жонш, бүр ураны хүртэл уурхай байдаг юм байна. Уран бол онцгой ашигт малтмал. Тийм учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ ураны уурхай ажиллах гэж байгаа бол асар нарийн, чанга стандартыг мөрдүүлэх хэрэгтэй. Хяналт маш чухал.

-Манай улсад Францын “Арева” компанийн охин компани “Бадрах энержи” ураны хайгуул, туршилтын олборлолтын ажил эрхэлж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн иргэд ураны олборлолтын хор уршгаас болж хохирч байгаагаа хэвлэл мэдээлэлд ярьдаг. Тэр мэдээллийг нь хэвлэл нийтлэхээр Монголыг төлөөлж, тухайн компанийн хувьцааг эзэмшиж байгаа төрийн өмчит компани нь мэдээлэл нийтэлсэн хэвлэлийг шүүхэд өгчихсөн жишээ байна. Та энэ асуудалтай хамааралтай шүүх хуралд ажиглагчаар оролцохоор ирсэн байсан. Тодорхой мэдээлэлтэй байгаа байх. Байр сууриа илэрхийлээч?

-Энэ асуудал дээр би маш их санаа зовж байна. Би үнэхээр их айж байна. Уг нь Монголыг нээлттэй нийгэмтэй орон гэж боддог. Гэтэл байгаль орчны сэдвээр бичсэн, хүний эрхийн төлөө дуугарсан хэвлэлийг шүүхэд өгч байна гэж бодохоор үнэхээр аймшигтай. Энэ яг хаалттай нийгэм юм шиг санагдаж байна.  Сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг л хангаж байгаа. Мэдээлэл нээлттэй байхгүй бол нийгэм аймар хэцүү болно. Чөлөөтэй нийгэм байхгүй байх шиг. Магадгүй тэр компани өөрийгөө хүчтэй юм шиг санагдуулж байвал маш аюултай асуудал.  Энэ асуудал манай улсад болбол бид яг галзуурах байх. Тиймээ, энэ бол маш галзуу үйлдэл. Ерөнхийдөө миний анзаарснаар Улаанбаатар хотын хүмүүс хөдөөгийнхөө хүмүүст тулгамдаж байгаа бүх асуудлыг мэддэггүй. Ойлгохгүй байна.

-Би  зүгээр сонирхож асууж байгаа юм шүү. Ураны асуудлыг  Англи, Америкт хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ураны уурхай бол маш их эрсдэлтэй. Маш их судалгаа хийх хэрэгтэй. Эрсдэлүүдийг эхлээд тооцох хэрэгтэй. Учир нь уран олборлох процесс нь хүмүүсийн эрүүл мэндэд маш их аюултай. Маш чанга стандарт байхгүй бол үнэхээр ноцтой. Хамгийн гол нь уран олборлоод хаашаа экспортлогдож байна вэ гэдэг сонин. Үүнийг анзаарах ёстой. Энэ асуудал дээр болгоомжтой байх хэрэгтэй шүү. Магадгүй Хойд Солонгос руу явуулбал яах вэ, тийм ээ. Олон Улсын геополитикийн чухал асуудал. Энэ бол миний хувийн л бодол шүү. Уран бол маш их аюултай. Танай улсад үүсээд буй асуудлыг өөрийнхөө хэмжээнд анзаарч ажиглана. Хэрвээ хүний эрхийн асуудал болоод байгаль экологийн ноцтой аюул ураны олборлолтоос болж нүүрлэвэл  олон улсын хүний эрхийн байгууллагын хараа хяналтанд оруулахын тулд чадлаараа хичээнэ.

-Ариель, сонинд нийтлэл бичдэг гэлүү?

-Би Английн Гарденыг уншдаг. Үнэндээ миний хамгийн дуртай сонин бол “Нью-Йорк таймс”. Өдөр болгон уншдаг. Мөн тийшээ мэдээлэл явуулдаг.

-Монголд дараа хэзээ ирэх вэ?

-Ер нь ковидоос хамаарна. Хил нээгдвэл боломж нээгдэнэ. Миний хувьд Монголд ирэх боломж гарах л юм бол заавал ирнэ.

-Баярлалаа. Цаг гаргаж, ярилцлага өгсөн Ариельдаа амжилт хүсье. Дараа дахин уулзахын ерөөл өргөе.

-Ерөөл бат оршиг ээ. Танай сонины хамт олонд маш их баярлалаа. Монгол эх орон, монгол түмэнд маш их хайртай шүү гэдгээ дахин хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯРЛАЛАА(172.69.45.138) 2021 оны 09 сарын 14

Ямар сайхан хүнээс ярилцлагаа аваа бэ. Баярлалаа сэтгүүлч С.Өлзийбаярт Хэл шинжлэлийн уханны доктор хүн байнаа би

0  |  0
Top