“Түм түжигнэж, бум бужигнадаг” их сургуулийн хичээл эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

“Нэг цагийн цонхтой. Дараагийн цаг ортол уулзах уу. Уулзалгүй удсан юм чинь сонин хачин их байгаа байх” хэмээн хажуугаар зөрөх охины утсаар ярих нь их сургуулиуд танхимаар хичээллэж эхэлснийг илтгэнэ. 
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 88 их дээд сургуульд 147,293 оюутан суралцах талаар салбар яамнаас мэдээлсэн.

Есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхэлсэн ч их, дээд сургуулиудын хичээл цахимаар орж байсан. Тэгвэл өнөөдрөөс /2021.09.13/ танхимаар хичээллэж эхэлжээ. Тиймээс танхимын хичээлийн эхний өдөр хэрхэн өрнөж байгаа талаар сурвалжиллаа.

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

09.35 цагийн алдад Монгол Улсын Их Сургууль /МУИС/ руу очив. Хичээл орох цаг хэдийн эхэлсэн учир сургуулийн гадна хүн цөөнтэй байлаа. Хичээлийн нэгдүгээр байрны урд сандал дээр ганцаар бодлогоширон суух охинтой ярилцав. Тэрбээр МУИС-ийн Хүмүүнлэгийн Ухааны сургуульд энэ жил элсэн суралцаж байгаа шинэхэн оюутан аж.

Тэрбээр Ерөнхий боловсролын сургууль танхимаар хичээллэхгүй хоёр жил орчим болсон болохоор танхимаар ороход гэнэтийн байгаа талаар ярилаа. Шинэхэн оюутан Б.Энхжин 9.20 цагаас 119 тоотод хичээлтэй байсан ч ангиа олоогүйн улмаас хичээлдээ орж чадалгүй ийн суугаа гэнэ.

Сургуулийн хаалгыг татахад л хамгаалагчийн “Халуунаа үзээд, гараа ариутгаарай” гэх нь сонсогдох бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгаа нь тодхон харагдана. Тэрбээр “Оюутнууд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байна. Бүгд амны хаалттай, зарим нь гар ариутгагч биедээ авч явж байна. Нэгдүгээр курсийн оюутнууд ангиа асуугаад л байгаа. Зааж, чиглүүлээд явуулж байна” хэмээн ярив.


2. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ШУТИС-ийн ойр орчимд очиход л удаан уулзаагүй нэгэнтээгээ уулзсан, хичээл орох ангиа хайсан оюутны "хөлд дарагдсан" байв. Танхимын хичээлийн эхний өдөр "түм түжигнэж, бум бужигнаж" байгаа ч  ШУТИС мөн л халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж байлаа.

ШУТИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Хувьтөгөлдөр  хичээл танхимаар орох нь илүү үр дүнтэй байгааг хэлж байлаа. Тиймээс цаашид ч мөн танхимаар ороосой гэж бодож байна гэв.

ШУТИС-ийн хувьд нэг ангид хичээллэх сурагчдаас хамаарч цахим болон танхимаар хичээллэж байгаа аж. Тухайлбал 40-өөс дээш оюутан  хичээллэх ангиуд цахимаар, 40-өөс цөөн оюутантай анги танхимаар орохоор болжээ. 


3. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Хичээлийн хоёрдугаар цаг завсарлахын алдад Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/ руу орлоо. Ангиудын хаалга зэрэг онгойж, хичээлийн цаг нь дууссан оюутнууд "дараагийн цаг хаана билээ" гэсээр гарч ирэв. 

МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүйн багш С.Энхсаруул "Ерөнхий боловсролын сургуулийн ширээнээс дөнгөж салаад нэгдүгээр курст орсон оюутнуудад анхны хичээл заалаа. Оюутнуудын хувьд хоёр жилийн турш танхимаар хичээл судлаагүй учраас сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдүүд танхимын сургалтыг маш их санасан байна. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад танхимын сургалтаа явуулсан нь  аль аль талдаа хэрэгтэй гэж бодож байна. Цахимаар орох нь давуу талтай ч дутагдалтай зүйл их байгаа нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиглагдсан" хэмээв.

МУБИС-ийн Багшийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Болорчимэг “Лекц нь цахимаар, семинар нь танхимаар орно гэж бидэнд хэлсэн. Тиймээс хичээлдээ суух гээд иртэл цахимаар орохоор болсон гэж хэлж байна. Учрыг нь асуутал халаалт ирээгүй болохоор хүйтэн байгаа. Улмаар ханиад томуу гарах эрсдэлтэй учир халаалт ирэхээр танхимаар орно гэсэн” гэлээ.

Сургуулийн захиргаанаас семинар, дадлагын хичээлд танхимын багтаамжаас хамаарч 20-40 хүртэлх, лабораторийн хичээлд 20 хүртэлх оюутан оролцохоор зохицуулалт хийх талаар мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийн тухайд зөвхөн шинэ элсэгчдийг танхимаар хичээллүүлж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top