Дэлхий дахинд долоо хоногт дөрвөн сая хүн халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын нийт дөрвөн сая тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.5 сая хүнээр бага бөгөөд долоодугаар сарын дундаас хойш бүртгэгдэж буй хамгийн доод үзүүлэлт юм.

Халдварын тоо буурахтай зэрэгцэн нас баралт мөн буурч байна. Өнгөрөгч долоо хоногт халдварын улмаас 58 мянга орчим хүн эндсэн нь өмнөх долоо хоногоос 12 мянгаар цөөн үзүүлэлт юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мариа ван Керкховегийн мэдэгдсэнээр, КОВИД-19 нөхцөл байдал тогтворжсон ч харьцангуй өндөр түвшин хадгалагдсан хэвээр байна.

Хойд Америк

Халдварын шинэ давлагаа Хойд Америкт үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 25 орчим хувь нь зөвхөн АНУ-д ногдож байна. Одоогоор тус улсад хоногт 160-180 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бол нас баралт оны эхний байдалтай харьцуулахад дахин нэмэгдэж, хоёр мянгыг давж байна.

Канадад хоногт батлагдаж буй халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн мянгаас давж байна. Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 10 хувиар өсжээ.

Европ

Баруун Европт нөхцөл байдал өнгөрсөн наймдугаар сараас тогтворжиж эхэлжээ. Франц улсад өвчлөл 1.5 дахин буурч, хоногт 13 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бол Испанид халдвар зургаа дахин буурч, хоногт зургаан мянга орчим шинэ тохиолдол батлагдаж байна.

Харин Их Британид өнгөрсөн наймдугаар сартай харьцуулахад халдварын шинэ тохиолдлын тоо бараг хоёр дахин нэмэгдэж, хоногт 37 мянган хүн халдвар шинээр авч байгаа бол Германд халдвар зургаа дахин өсөж, хоногт 12 мянган шинэ тохиолдол батлагдаж байна.

Зүүн Европын хувьд цар тахлын шинэ давлагаанд мөн өртөөд байна. Чех улсад халдвар 1.5 дахин нэмэгдсэн бол Украинд дөрөв, Польш улсад тав дахин өсөөд байна.

Ази

Ази ихэнх улс орнууд халдварын шинэ давлагааг дараад байна. Индонез улсад энэ оны долоодугаар сард хоногт 50 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол өдгөө 10 дахин буураад байна. Нас баралт мөн дөрөв дахин буурч, хоногт 500 хүн халдварын улмаас эндэж байна.

Харин Зүүн өмнөд Азид нөхцөл байдал хүнд хэвээр байна. Филиппинд хоногт 22 мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж байгаа бол Малайз улсад 20 мянга орчим бүртгэгдэж байна. Долоо хоногт Филиппинд нас баралт 15 хувиар буурч, 140-д хүрсэн бол Малайз улсад хоногт 350 хүн эндэж байна.

Энэтхэгт халдварын тохиолдол хоногт 35 мянга хүртэл, нас баралт 350 болж буураад байна.

Иранд халдварын тоо 20 хувиар буурсан хэдий ч нас баралт өндөр хэвээр байна. Тус улсад хоногт халдварын улмаас 550 орчим хүн эндэж байна. Турк улсад халдвар эрчимжиж эхэлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хоногт 17 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол өдгөө 23.5 мянга болж, өсөөд байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 225 478 589 хүн коронавирусний халдвар авч, 4 644 170 хүн эндэж, 202 057 901 өвчтөн эдгэрээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top