НЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой гэдгийг албаныхан онцолж байсан.
Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжийн үйлчилгээг иргэдэд танилцуулсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцсон.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлсэн үгэндээ “Энэ өдөрлөгөөр гэр хорооллын иргэдэд мэдээ, мэдээллийг өгөх, түлшний зартыг нь шинэчлэх, орон гэрийг нь дулаалах тал дээр зөвлөгөө өгөх, зорилтод бүлгийн иргэдийн гэр, байшинг үнэ төлбөргүй дулаалж өгөх зэрэг ажлыг хийнэ. Мөн дэвшилтэд технологийн халаагуурыг монголдоо үйлдвэрлэгчид, гаднас оруулж ирдэг компаниудаа танилцуулжээ.
Мөн угаар мэдрэгчийн бүртгэлийг хийж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг томоохон ажлуудыг хийж байна” хэмээн ярилаа. Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлшээр гэр хорооллын 220 мянган айл өрхийг хангаснаар нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж үздэг. Тэгвэл цаашид энэ хувийг улам нэмэхийн тулд яндангийн тоог бууруулах, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэх гээд олон ажлыг хийх ёстойг мөн тэрээр онцоллоо.
Агаарын бохирдол гэдэг зөвхөн яндангаас гарч байгаа утаанаас болдоггүй. Тийм ч учраас орчны тоосжилт, автомашины утаа зэргийг ч мөн давхар бууруулах хэрэгтэй. Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг байна. Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулсан. Мөн дизель хөдөлгүүрт болон газан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосжилт, хорт бодисын хэмжээг туршин үзүүлж, холбогдох албаныханд “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно” гэдгийг учирлаж байлаа.
Д.Миняа: Шахмал түлшийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл 50 хувь хямдралтай олгоно
Энэхүү өдөрлөгийн үеэр “Тавантолгой түлш” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняагаас дараах тодруулгыг авлаа. Сануулахад, энэ жил гурав дахь жилдээ нийслэлийн айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх гэж байгаа юм.
-Өнгөрсөн жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдгийг албаныхан онцолж байгаа. Цаашлаад 80 хувь бууруулна гэсэн. Энэ зорилтдоо хүрэх боломж бололцоо хэр байгаа вэ?
-Ер нь Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжээд агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан. Энэ бууралт мэдээж олон хүчин зүйлээс шалтгаалсан. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээр агаарын бохирдол буурдаггүй. Бүх төрлийн цахилгаан халаалт хэрэглэх, төвлөрсөн дулаанд холбогдох гээд ажлууд цаашдаа үргэлжлээд явах байх. Ингэснээр дээрх зорилтдоо хүрэх боломж, нөхцөл үүснэ. Сайжруулсан шахмал түлшний хувьд энэ жил борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад явж байна.
-Энэ жил баруун бүсийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулах уу. Нөөцийн хувьд хэр байгаа вэ?
-Одоогийн байдлаар 45 мянган тоннын нөөцтэй байна. Нөөц гэдэг нь ид ачааллын үед үйлдвэр дээр доголдол гарвал түүнийг нөхөх зориулалттай. Нөөц бүрдүүлэлтийн ажил үргэлжилж байгаа. Аравдугаар сарын 01 хүртэл нөөцөө 60 мянга хүргэх зорилготой байгаа. Баруун үйлдвэрийн хувьд энэ жил ажиллана. Тус үйлдвэр дээр энэ жил маш их хэмжээний засвар, үйлчилгээний ажил хийгдсэн. Аравдугаар сарын 01-нээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Харин зүүн үйлдвэр мөн энэ сарын 15-наас ажиллаж эхэлнэ.
-Иргэд угаартаж нас барсан тохиолдол гарсан. Энэ тал дээр ямар ажлуудыг танайхаас хийж байна вэ?
-Харамсалтай нь угаартаж нас барах тохиолдол жилийн жилд гарсаар байна. Энэ нь нэг талаасаа иргэдийн болгоомжгүй байдлаас болж байгаа. Бороо орж, хүйтэрсэн тохиолдолд айлууд яндангаа сугалж, өрхөө бүтээх тохиолдол байсаар байна. Нийт иргэддээ дахин сануулахад галлагаа хийж байгаа үедээ хэрхэвч яндангаа сугалж, өрхөө бүтээж болохгүй. Өвөл дөхөж байгаа учраас айлууд маань өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, ханан пийшин, зуухныхаа битүүмжийг шалгах, яндангаа хөөлөх зэрэг ажлыг хийх хэрэгтэй. Манай “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-аас айл өрхүүддээ сэрэмжлүүлэг хүргээд ажиллаж байна. Мөн угаар мэдрэгчээ шалгах хэрэгтэй. Зуны улиралд гал түлээгүй болохоор ажиллаж байгаа эсэх, зай нь дууссах зэргийг шалгах ёстой.
-“Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-аас зуух, пийшингийн битүүмжийг сайжруулах, яндан хөөлөх зэрэг ажлыг өмнө жилүүдэд хийж байсан. Энэ ажил үргэлжилэх болов уу?
-Өнгөрсөн жилүүдэд бид энэ ажлуудыг зохион байгуулж ирсэн. Мэдээжийн хэрэг хүн хүчний бололцоо, төсөв санхүү хязгаартай. Гэсэн хэдий ч энэ жил тодорхой түвшинд хийнэ. Айл бүр дээр очиж янданг нь хөөлөхгүй. Гэхдээ энэ жил зорилтод бүлгийн, нэн шаардлагатай айлуудынхаа жагсаалтыг гаргаад үйлчилгээгээ үзүүлээд эхэлсэн.
-Угаарын хий мэдрэгчийг энэ жил дахин олгохдоо үнэтэй олгох уу?
-Өнгөрсөн жил Засгийн газраас айлуудад угаарын хий мэдрэгчийг үнэгүй олгосон. Энэ жилийн хувьд нийслэлийн суурьшлын бүсэд шинээр ирсэн айлуудад үнэгүй олгох асуудал яригдаж байгаа. Харин дахин авах, нэмж авах хүсэлтэй хүмүүс хувийн хэвшлийн зарж байгаа угаар мэдрэгчийг худалдан авах боломжтой.
-Үнэ ханшийн хувьд хэд байдаг вэ?
-Ойролцоогоор 20-70 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Энэ жилийн хувьд айлууд өрөө бүртээ шинээр байрлуулах нь ихэсч байна. Ингэснээр гэр бүлийнхээ хүмүүсийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хийж байгаа ухаалаг үйлдэл гэж ойлгож байгаа.
-Сайжруулсан шахмал түлш энэ жил хэдэн төгрөгөөр худалдаалагдах вэ?
-Сайжруулсан шахмал түлшний үндсэн үнэ 3750 төгрөг байдаг. Энэ жил цар тахалтай холбоотойгоор ирэх жилийн дөрөвдүгээр сарын 01 хүртэл гэр хорооллын айл өрхүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдах шийдвэр гарсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )