-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголбанкны тооцооноос хэдийнэ давчихсан-
Монголын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд өчигдрийг эдийн засаг ярьж өнгөрүүллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд байгаа мэдээллээр цар тахлын сүүдэр дайрсан Монголын эдийн засагт гэрэл гэгээ тусах ойрхон ирсэн бололтой юм. Мөн нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нэг санаа бодолтой байгаа гэдэг сэтгэгдлийг олон нийтэд өгөх үндсэн зорилго агуулжээ. Өөрөөр онц чухал зүйл ажиглагдсангүй. Төрийн өндөрлөгүүдийн зүгээс тавьсан илтгэл, хэлэлцүүлгийн хувьд бодит ажил гэхээс илүүтэй гоё үгс эвлүүлсэн уриа лоозогнол төдий байсан. Шинэ содон санал санаачилга гараагүй бөгөөд Эм Си Эс, АПУ тэргүүтэй Монголын толгой бизнесменүүд ярьсаар ирсэн зүйлээ ярьж харагдсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэг дэвшил гараагүй ээ гэсэн үг. Зарим холбооны эзэд төрийн томчуудыг харахаараа зовлон тоочиж, нүдэнд өртөх гэсэн оролдлого давтагдав. Урьдын л адил улс төр, бизнесийнхэн цуглаж яриад, цувж бутардаг ээлжит хурал цуглаан байлаа. Тоочны тоо огт яриагүй гэж болно.
Гэтэл эдийн засгийн салбарт гарч буй бодит тоон үзүүлэлтүүдийг аваад үзэхээр төрийн ордны их танхимд яригдаж буйгаас хамаагүй бүрхэг байгаа. Жишээ нь, Монголын гадаад өрийн хэмжээг аваад үзэж болно. Монголчуудын нийт гадаад өр 2021 оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж өссөн байна. Энэ бол орлого нэмэгдээгүй сүүлийн жилийн дотор өр нь цэвэр 2.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн муу үзүүлэлт. Ганцхан улиралд 471.1 сая ам.доллароор өссөн ноцтой хандлага. Хил гаалийн хаалттай байдлаас болж валютын орох гарах урсгал татарсан энэ үед эдийн засагт эерэг бус дохио авчрах өр өсөөд байна шүү дээ. Улсын нийт гадаад өрийг ангилбал, 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байгаа бол 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газарт ногдож байна. Түүнчлэн төв банкны гадаад өр 2.2 тэрбум ам.доллар байгаа гэх мэт. Үүн дотроо Засгийн газрын нийт өр 2021 оны эхний хагас жилд 27.1 их наяд болж, жилийн өмнөхөөс 1.2 их наяд төгрөгөөр өсжээ.
Цар тахлын хугацаанд Засгийн газар төсвийн мөнгөний тэлэх бодлого явуулж, илүүдэл зардлаа гаднын зээлээр санхүүжүүлэх болсон нь үүнд голлон нөлөөлж байгаа. Улмаар Монголын нийт гадаад өр нийт эдийн засгаа бараг гурав дахин нугалчихаад байна. Бодит тооцооллоор Монголын нийт эдийн засаг 13 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол нийт өр 33 тэрбум ам.доллар болсон. Тэгвэл одоогоос таван жилийн өмнө буюу 2016 оны I улиралд 23.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байжээ. Ийнхүү ноцтой түвшинд хүрчихсэн улсын өрийг хөндөж ярих хүн өчигдрийн индэр дээр гарсангүй ээ. Эрх баригчдын хувьд энэ бүхнийг “КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй тусгай хууль”-ийн хүрээнд далдалж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг тодорхой тааз тогтоон, зааж байгаа. УИХ-аас 2015, 2016 онд өрийн таазыг нэмэгдүүлэн шинэчилж, түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүргэсэн. Улмаар 60 хувь гэдэг таазыг 2021 оноос мөрдөж эхлэхээр болж, үйлчлэх хугацааг нь хойшлуулсан. Харин олон улсад Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувийг үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, бид үндэсний аюулгүй байдал талаасаа эдийн засгийнхаа 60 хувийг гаднынхны халаасанд хийчихсэн гэдэг нь уншигдаж байгаа байх. Тэгвэл Засгийн газрын гадаад өрийн хэмжээ хэдийнэ ДНБ-ий 60 хувийг давчихаад байна. Гадаад өрийн хэмжээ бодлого тодорхойлогчдын хувьд сэтгэлийн хөөрлөөр цементэн дээр цэцэг ургуулах хэмжээний асуудал цаг биш болж ирлээ гэсэн үг.
Мөн цар тахлын үед иргэдийг туйлдуулах болсон үнийн өсөлт Монголбанкны тооцооноос хэдийнэ хальчихаад байгаа. Улсын инфляц өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 8.9 хувьтай гарсан. Төв банкнаас энэ онд инфляцын зорилтоо зургаан хувь гэж тодорхойлсон. Дээд тал нь найман хувийн үний хэлбэлзэлтэй байхаар УИХ-аар батлуулсан байдаг. Тэгвэл цар тахлын хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулгаас авч болохоор байна. Иргэдийн орлого тасалдаж, амьжиргаа дордсоор байгаа энэ үед яаралтай инфляцыг хазаарлах арга хэмжээ авахгүй үнэхээр 50 мянгатын мөнгөн дэвсгэрт шинээр зурж хэвлэх шаардлага тулгарах нь. Ерөнхийдөө эдийн засгийн бодит үзүүлэлтүүд сайн гэхээсээ илүүтэй муудаж дордсон нь давамгай байгаа. Энэ мэт цаашид ярьж хэлэлцэх зүйл ч их байна даа.
С.СҮЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан гар эрээчих юм, ядаж АН-яриад байгаа гарцыг бичих байсан юм, нээрээ тэнд гарч байхгүй, тэгхээр порорч өрөөр хайлгахаас яах вэ? бич бич
Сайхан гар эрээчих юм, ядаж АН-яриад байгаа гарцыг бичих байсан юм, нээрээ тэнд гарч байхгүй, тэгхээр порорч өрөөр хайлгахаас яах вэ? бич бич
Монголын эдийн засаг сайжирлаа, доройтлоо гэж ярьцгаах юм. Яг үнэндээ монголд эдийн засаг байхгүй, эрх мэдэлтнүүд хулгай хийдэг төсөв нэртэй иргэдийн татвар бүгдийг хаадаг. Тэр гадаад өр зээл бол эрх мэдэлтэй хүмүүсийн өөртөө авч бусдаас хулгайлж, зувчуулсан мөнгө шүү дээ. Өөрийн болгосон мөнгөө гадаад өр гэж нэрлэдэг хүмүүсийг коммунистууд гэдэг. МАН.