"Европын хатан хаан" титмээ шилжүүлэхэд цөөхөн хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг нэгэн цагт “Европын хатан хаан” гэдэг  байв. Гэхдээ энэ бол түүний олон арван хоч нэрийн ердөө нэг нь. Германы хүчирхэг Канцлер энэ сарын 26-нд болох Бундестагийн сонгуулийн дараа улс төрийг бүрмөсөн орхихоор зэхэж байгаа тул түүнийг цаашид “Европын хатан хаан” хэмээн хочлохгүй болно.  Үнэндээ барууны өндөр хөгжилтэй улс орнуудын улс төрд түүн шиг тогтвортой удаан ажилласан лидер ховор. Өнгөрсөн 20  жилд Европоос бусад Ази, Африк, Арабын орнуудын удирдагч нар, Туркийн Эрдоган, Оросын Путинийг л нэрлэж болох юм.

Меркель Германы Христийн ардчилсан холбооны намын даргаар 18 жил ажиллаад 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Тэрбээр зөвхөн Европын холбооны 100 орчим дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Түүнчлэн  цагаачлалын болоод  еврогийн хямрал, КОВИД-19, тэр ч байтугай “Brexit”-ийн асуудлыг шийдэхэд ч гар бие оролцсон. Меркелийн "Болгоомжтой өсөлт"-ийн бодлого ХБНГУ-ыг  хэд хэдэн хямралыг даван туулахад тусалж ирсэн ч өнөөгийн сорилтын өмнө хүчин мөхөсдөж байгааг судлаачид онцолж байгаа юм.   Меркелийг орлох гол өрсөлдөөн Социал демократ намын дарга Олаф Шольц болон Христийн ардчилсан намын лидер Меркелийн залгамжлагч Армен Лашчет нарын хооронд өрнөж байна. Германы ард иргэдийн дунд явуулсан саяхны санал асуулгаар Лашчет ердөө 10 хувийн саналыг авсан бол Шольцын хувьд саналын 31 хувийг бүрдүүлжээ. Гэсэн ч ХБНГУ-ын Канцлер хэн болохоос  үл хамааран шинээр байгуулагдах засгийн эрхийг барих эвсэл коронагийн хямралыг гэтлэх цаашдын шийдлийг олох хэрэгтэй болно. Ерөнхийдөө ямар  эвсэл засгийн эрхийг барихаас их зүйл шалтгаалах болно. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Бундестагийн шинэ гишүүд санал хураалтаас хойш 30 хоногийн дотор хуралдах ёстой. Канцлерын бүрэн эрхийн хугацаа шинэ парламентын анхдугаар хуралдааны дараа дуусдаг боловч албан ёсоор Канцлерын үүрэг гүйцэтгэгч болж, бүх эрх мэдэл нь хэвээр байдаг аж.

Шинэ Канцлер Ерөнхийлөгчийн итгэмжлэх жуухыг хүлээж авсны дараа албан тушаалдаа орно. Гэхдээ намууд эвсэх тухай хэлэлцээ дууссаны дараа л итгэмжлэх жуухыг гардуулдаг байна. Дөрвөн жилийн өмнө ийм хэлэлцээ хийхэд 172 хоног зарцуулж байжээ. Германчуудын хувьд туршлагатай, авхаалжтай, нэр нөлөөтэй Меркелийн эрин үе дуусах гэж байгаа нь багагүй айдсыг төрүүлж байна. Тэрбээр зарим талаар тус улсын хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээр үлдэх бөгөөд "Мутти" буюу ээж гэдэг хоч нь түүний удаан хугацаанд тогтнож ирсэн улс төрийн үүргийг илтгэж байгаа юм.  2021 оны намар болох ээлжит сонгуульд намаа удирдаж оролцохгүй гэж мэдэгдсэн Ангела Меркель уржнан жилээс хойш залгамжлагчаа хайсан билээ. Эхлээд Меркель намын даргын албан тушаалд Аннегрет Крамп-Карренбауэрыг нэр дэвшүүлэхдээ 2021 он гэхэд энэ эмэгтэй улс төрийн буурь сууж, улмаар Канцлерт өрсөлдөж чадна гэж тооцоолжээ. Гэвч жилийн дараа Крамп-Карренбауэр намын нөхдөө манлайлах нэр хүндтэй удирдагч болж чадахгүй нь гэдгээ ойлгов. Иймээс намын даргын сонгуулийг дахин зарлалаа.  Өдгөө цагийн Барууны улс төрийн хамгийн хүчтэй дүр төрх болох энэ эмэгтэй зөвхөн Германы төдийгүй Европ, дэлхийн улс төрд том орон зай үлдээх хугацаа ойрсоор байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top