Эдийн засагтаа цар тахлаас ч илүү цохилт өгсөн бодлогын алдаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

-Монголд худалдааны нэгдсэн, тууштай бодлого үгүйлэгдсээр байна-

 


Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйн жишээг Монголын худалдааны салбарт үүссэн шок илтгэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөөдөр илэрч байгаа зүйл биш. Цар тахлын үеийн эдийн засгийн дэглэмд хүчтэй сэдэрч буй ужиг шалтгаан юм. Уул уухайн экспортоор орлогоо бүрдүүлж, импортоор хэрэглээгээ нөхдөг Монголын хувьд гадаад худалдаагаа хумина гэдэг аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сараас хойш үнийн өсөлтийг өдөөсөн бараа бүтээгдэхүүний хомсдол цар тахлаас үүдэлтэй нь үнэн. Гадаадаас бараа бүтээгдэхүүн татан авах ачаа тээврийн хөлс огцом нэмэгдсэн, хил гаалийн нэвтрүүлэх чадвар муудсан зэрэг албаны тайлбар явж байгаа. Гэвч Монголын гадаад худалдаанд тулгарсан энэхүү гэнэтийн сорилт ил харагдах үр дагавар төдий юм. Далд бүхэл бүтэн салбар хаягдсан асуудал бий. Шалтгааныг нь дор тайлбарлая.     

Алдагдаж буй боломж

Албаны тоон мэдээллээр, Монголын гадаад улс орнуудтай хийсэн худалдаа сүүлийн таван жил дараалан ашигтай гарав. Цар тахлын үед экспорт, импортын тэнцэл бүр ч сайжирсан. Тоо үзүүлэлтээр хожсон мэт боловч алдсан нь их, импортын үнийн нэмэгдлээр дамжин ард түмний халаасыг тэмтэрч буй инфляцын өсөлт Монголбанк, Сангийн яам тэргүүтэй бодлого тодорхойлогчдын тооцооноос даваад явчихлаа. Их алдсаны тухайд, гадаад худалдааны бараа эргэлт мөнхийн өсөж төлжин, төрөлжиж байх учиртай. Хэрэглээнд тулгуурласан эдийн засаг ингэж тэлдэг. Тэгвэл өнгөрсөн онд Монголын гадаад улсуудтай хийсэн нийт бараа эргэлтийн хэмжээ буурсан. Нэг ёсны ухралт хийсэн.

Гадаад худалдаа 2019 онд 13.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2020 онд 12.8 тэрбум болж, тэрбум орчим ам.доллароор агшсан байгаа. Энэ онд үргэлжлүүлэн муудах төлөв гараад байна. Ирээдүйд ирэх тэр боломж, бүтэн жилийн худалдааны тэлэлтийг алдана гэдэг өөрөө эдийн засгийн өсөлт, энгийнээр бол ажлын байр, иргэдийнхээ орлогыг үгүй хийж байгаа хэрэг.

Монгол Улс зэс, нүүрс, төмрийн хүдэр, тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүнээр экспортын гол орлогоо бүрдүүлдэг. Дээр нь алт, ноолуурын орлого нэмэгдэнэ. Ерөнхийдөө ноолууран бүтээгдэхүүнийг эс тооцвол эцсийн бүтээгдэхүүн нэн ховор. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний хувьд буурснаар том алдагдал хүлээлээ. Төсвийн орлого ч төдий чинээгээр буурч байгаа. Монгол Улсын бараг сүүлийн гурван он дараалан жил бүр 42 сая тонн нүүрс экпортлохоор төлөвлөж, төсвөө баталсан байдаг. Гэвч Хятад гэх дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч, гол худалдан авагчтайгаа дипломат байдлаар тохирч, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Улмаар гадаад худалдааны бодлогоо төсвийн тооцоололтойгоо нийцүүлэн хэрэгжүүлж чадсангүй. Ялангуяа, нүүрсний ханш сүүлийн арван жилийн дээд түвшиндээ хүрээд буй супер циклийг бараг алдаад байна. Уг нь худалдааны зөв бодлогоор дэмжигдэх экспортын орлого тухайн улсад валютын нөөцийг бүрдүүлж, гадаад өрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ мэт алдагдаж буй боломж өөрөө ирээдүйн өсөлтөө баллуурдаж ирсэн. 

Иргэдэд ирсэн дарамт

Импортын үнийн өсөлт хэрэглэгчдийн төлбөрийн чадварыг шууд муутгаж байгаа. Монголд сүүлийн хоёр жил импортын өртгөөр дамжин, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Өнгөрсөн 2020 онд инфляц 2.3 хувь гарсны 50 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан. Тэгвэл энэ он гарсаар инфляц 8.9 хувь гарсны 49.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Тэр дундаа импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулгад дурдсан.

Инфляцын тооцоололд авч үздэг үнийн судалгааны сагс дахь 373 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 200 нь импортынх бөгөөд бид өргөн хэрэглээнийхээ 50, түүнээс илүү хувийг нь гадаадаас худалдан авдаг. Бүр том зургаараа бол Монгол Улс нийт хэрэглээнийхээ 80 хувийг гадаадаас хангасаар байгаа. Монголын эдийн засаг импорт дээр тогтдог гэсэн үг. Ийм хэврэг бүтэцтэй эдийн засагт худалдааны нэгдсэн бодлого үгүйлэгдэнэ гэдэг бүр ч дархлаагүй болгож байгаа юм.

Худалдааны салбарт дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй байгаа нь ийм учиртай. Түүнчлэн гадаад худалдааны цогц бодлоготой улс байна гэдэг нь зөвхөн байгаа бүхнээ экспортод гаргахын нэр биш аж. Хэрэглэгчийн хувьд тогтвортой, тасралтгүй нийлүүлэлт чухал байгаа биз. 

Гарц нь...

Монгол Улс, Орос Хятад гэсэн хоёр их гүрнээр хүрээлүүлдэг. Газар зүйн хувьд энэ хоёроос өөр худалдааны түнш, хөршгүй гэдэг хэнд ч ойлгомжтой зүйл. Мөнхийн хоёр хөрштэйгөө харилцан ашигтай худалдаа хийх асуудал нэн тэргүүнд яригддаг. Бүс нутгийн интегралчлал ярих болсон нь үүнтэй холбоотой. Хөршүүдийн хөдөлгөөнд тохируулахгүйгээр далайд гарцгүйн зовлонгоо гэтлэхгүй гэсэн үг. Тэгээд ч дэлхийн хоёр аварга зах зээлийн дунд оршиж буй. Гэвч монголчууд өөрсдөө хамтын ашигтай худалдааны талаар зүтгэл гаргадаггүй талаар гаднын шүүмжлэл их. Энэ нь тусгайлсан худалдааны яам байгуулж, гадаад худалдааг нэг цонхоор харах асуудал гэдгийг дипломат алба, эдийн засаг судлаачдын зүгээс хэлсээр ирсэн. Эрх баригч нам УИХ-ын 2020 оны сонгуульд Соёлын яам байгуулах мөрийн хөтөлбөртэй орсон. Сонгуулийн өмнөхөн Засгийн газрын бүтцэд гадаад худалдааны чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагатай болох асуудал яригдаж байсан ч “Соёл” гэдэг үг түмэнд илүү таалагдсан байдаг. Энэ жишгээр өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны бодлогын асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьялуулсныг бодлогын том алдаа гээд байгаа. Мөн гуравдагч түншүүдтэй хийх худалдааны зохицуулалт бол олон жилийн өмнөх сэдэв. Салбарын эрдэмтэд бараг 30 жил үүнийг тойрч ярьсан ч тусыг эс олсон байх юм. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсноор энэ үүд нээгдсэн гэж үздэг. Дээр нь Япон, Солонгос тэргүүтэй орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихсан байдаг.  Эдгээрийг худалдааны бодлого хариуцсан яам цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой. Түүнийг нь мэргэжлийн дипломат алба дэмжих учиртай. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top