Б.Ловуу-Игнэн: Хил дээр төрдөг тэр сайхан мэдрэмжийг амьд яваа насандаа нэг мэдэрч үзэх хэрэгтэй шүү

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Хилийн цэрэгт 24 дэх жилдээ отряд удирдаж байгаа туршлагатай хурандаа Б.Ловуу-Игнэнтэй эх орон, хил, хилчдийн талаар хөөрөлдлөө. Тэрбээр одоо хилийн 0253 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна.


 

-Эрхэм хурандаагийн амрыг эрье. Танд Хил хамгаалах байгууллагын түүхт 88 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Маргааш орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож байна. Мэргэжил нэгт нөхдөдөө хилчдийн өдрийн мэнд дэвшүүлье.

-Та Хилийн цэргийн ойн баяр, хилчдийн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хилчид ер нь баяр тэмдэглэж, нэг их баярлаад байдаггүй хүмүүс шүү дээ. Өөр дээрээ жишээ авахад 1983-2013 оныг хүртэл улсын баяр наадам ер үзээгүй юм байна. Харин аймгийн наадмыг ганц нэгхэн л удаа үзсэн болов уу. Дорноговийн наадмаар нэг явж таарсан санагдаж байна. Баяраар баярлах биш харин ч эсрэгээрээ хүч нэмэгдүүлж ажилладаг онцлогтой улс шүү дээ, бид чинь. Цагаан сар, улсын баяр наадмыг улс орон даяар тэмдэглэж байхад хилчид хил дээр хүч нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалтай, улам илүү сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай болдог. Хилчдийнхээ баяраар ч мөн адил нэг их баярлаад сүйд болж байхыг би хувьдаа мэддэггүй юм. Тэгш ой тохиосон үед байгууллагаа сурталчлах төвлөрсөн арга хэмжээг аймаг орон нутаг, улсын хэмжээнд зохиож байсан. Хилийн цэрэг гэдэг энэ том байгууллагын төрсөн өдрийг цаашид нэлээд утга төгөлдөр тэмдэглэж байх нь зүйтэй юм болов уу гэж боддог. Удахгүй байгууллагын маань 90 жилийн ой болох нь дээ.

-Та хилийн анги, салбарын даргаар хамгийн олон жил ажилласан туршлагатай хурандаа нарын нэг. Таны бодлоор хилчин хүн гэж хэнийг хэлэх вэ. Бид яагаад хилчдийг онцлох хэрэгтэй юм бол?

-2016 онд батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулинд “Хилчин хүн гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг хэлнэ” гэсэн хуулийн нэр томьёо бий. Сайн хилчин үү, муу хилчин үү гэдэг нь тусдаа асуудал байх. Мянга мянган эгэл хилчин ард түмний нүдэнд ил харагдаж ажил үйлс нь тодорч харагдахгүй ч бие, сэтгэл, оюун ухаан бүхнээ хилдээ зориулан эгэл даруухан ажиллаж, амьдарч байна. Залуу сайхан үеэ улсынхаа хил дээр өнгөрүүлж, хилийн төлөө зүтгэж яваад насыг бардаг эгэл даруу бор хилчдээрээ би бахархдаг юм. Эх орны торгон хилийн зааг дээр төрдөг тэр мэдрэмжийг амсч мэдэрсэн хүнийг л хилчин хүн гэнэ дээ. Хилийн шугам дээр хилээ манаж хоносон хүнд насан туршид нь эх орноо гэх үзэл, сэтгэл суучихдаг. Ийм хүмүүсийг л эгэл хилчид гэдэг юм даа.

-Эх орны дархан хилд үүрэг гүйцэтгэх хугацаанд тохиолдсон хамгийн дурсамжтай, сургамжтай үйл явдал?

-Хил хамгаалах байгууллагад ажилласан энэ олон жилийн хугацаанд сайнтай муутай олон л зүйл тохиолдож байлаа. Гэхдээ саараасаа сайн нь олон. Сайн хамт олон, сайн дарга нарын буянд сайхан дурсамж дэндүү олон үлдэж дээ. Би Монгол-Хятадын хил дээр нэлээд олон жил ажилласан хүн. Монгол-Оросын хил дээр ажиллах аз завшаан надад мөн л тохиосон. Энэ үе их дурсамжтай санагддаг. Хойд, урд хилийн ялгааг тэгэхэд олж харсан. Өдөр шөнө шиг ялгаатай байсан. Нэгэн үе урд хилд ихээхэн анхаарал хандуулж, хойд хилийг ах дүүгийн найрамдлын хил хэмээн орхигдуулсан тал бий. Хил хамгаалалт, ар тал хангалт, анги байгууллагын тохижилт гээд л харьцангуй өөр мэдрэгдсэн шүү. Баян-Өлгий аймагт 10-аад жил ажиллахдаа олон зүйлийг сурсан. Үндэсний цөөнхтэй ажиллаж сурсан. Урд хилийн анги ямар байх ёстой, яг тэр хэмжээнд нь хүргэхийг зорьсон. Хамт олонтойгоо цаг наргүй ажиллаж байж санаж зорьсондоо хүрсэн гэж боддог. Мөн Сулинхээрийн отрядод ажил сайжруулах зорилгоор томилогдон ажиллах хугацаанд хүндрэлтэй зүйлүүд олон тохиолдсон ч хамт олны хүчээр даван гарч байлаа.

-Хил хамгаалах байгуулагын 88 жилийн түүхийн хичнээн жил нь таны амьдралтай холбогддог вэ. Энэ хугацаанд ямар замналыг туулав?

-Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдаад 88 жил болсон байна. Үүний 38 жилд нь би энэ байгууллагын бүрэлдэхүүнд ажиллажээ. Хил хамгаалах байгууллагын 50 жилийн ойгоор буюу 1983 онд би анх энэ их айлын босгыг алхаж байжээ. Тухайн үед боловсон хүчнийг бэлтгэхдээ хугацаат цэргийн албыг заавал зургаан сар хаалгадаг, хэлний бэлтгэлд хамруулдаг, улмаар цэргийн сургуулийн сонгон шалгаруулалт явуулж ЗХУ-д таван жил сургадаг байсан. Яг энэ журмаар би 1983 онд аравдугаар ангиа төгсөөд үеийн нөхдийн хамт цэргийн сургуулийг сонгосон. Өмнөговь аймгийн хилийн отрядод томилогдож, хилийн цэргийн баярын парадад хөл тавьсан тэр үеэс хойш 38 жил өнгөрчээ. Сургуулиа төгсөөд бусдын адил хилийн отряд, ангид томилогдон ажилласан. Ажлын гараагаа Сулинхээрийн отрядоос эхлүүлж, заставын орлогч, заставын даргаар ажиллаад дараа нь Овоотын отрядод долоон жил ажиллахдаа хилийн албаны дарга, штабын дарга, ангийн захирагчаар томилогдож байлаа. Анх 1998 онд отрядын дарга гэдэг хариуцлагатай бөгөөд хүндтэй албанд томилогдож олон сайхан дарга, хамт олонтой ажиллаж байлаа. Тэднийхээ хүчинд нэлээд их зүйлийг сурч, нэлээд хүмүүжиж төлөвшин өдий зэрэгт хүрчээ. Төгссөн сургууль маань ажил, амьдралын их сургууль байж дээ. Мөн эцэг эхийн олгосон хүмүүжил чухал. Бид багаасаа хар бор ажил хийж сурсан. Хаа яваа газраа хийж бүтээх хүсэл сэтгэлээр жигүүрлэн ажиллаж, ар гэрээ умартаж явсан. Хар залуугаасаа л отрядын даргаар томилогдож, өнөөдөр 24 дэхжилдээ ажиллаж байна. Хурандаа цолыг 20 жил зүүжээ. Энэ цол, албан тушаалыг дааж явахсан гэж дотроо мэрийж, бодож явдаг даа. Байгууллага, хамт олныхоо итгэлийг дааж, орон нутагтаа хил хамгаалах байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх юмсан, хил хамгаалалтын үр дүнг сайжруулж, ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх юм сан гэж сэтгэлийнхээ үзүүрт байнгын бодолд дараастай явсаар өдий хүрчээ. Нэг мэдэхэд олон жил өнгөрсөн байна.

-Та өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлаас юуг нь онцлох вэ?

-Хилчдийн үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлийг төр хариуцах ёстой. Гэвч улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал юу билээ. Очсон газар бүхэн маань төв суурин газраас алслагдмал анги салбарууд байсан учраас эхний ээлжинд ахуй нөхцөлийг сайжруулахын төлөө шаргуу ажилласан. Мэдээж хэрэг нэн түрүүнд хил хамгаалалтад анхаарал хандуулалгүй яахав. Гэвч ажиллах ахуй орчныг сайжруулахгүй бол ажил урагшлахгүй нь ойлгомжтой. Аливаа юм ахуйгаас шалтгаалдаг учраас энэ тал дээр түлхүү ажилласан даа. Дөрвөн хилийн ангид ажиллахдаа алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөл, нийгмийн асуудалд анхаарал хандуулж, үлгэр жишээ анги болгохыг зорьж байлаа. Аж ахуйн тал дээр их анхаарч ажилласан. Хилийн зөрчлийг биечлэн саатуулсан тохиолдол надад олон байдаг ч “би илрүүлсэн” гэж ярихыг хүсдэггүй. Хилийн анги, салбар, харуулын байрыг ая тухтай байлгахад илүүтэй анхаарч ирсэн. Ахуй тав тухтай, соёлтой орчин бүрдэх юм бол хүмүүсийн ажилдаа хандах хандлага эрс өөрчлөгддөг. Энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл. Ахуй сайжирвал хүссэн хүсээгүй хүмүүсийн ажилдаа хандах хандлага нь сайжраад, албаны үр дүн нь дээшлээд ирдэг.

-Та хилчин хүний хувьд эх оронч үзэл, эх орны үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?

-Эх оронч үзлийн талаар олон ч хүний амнаас сонсож, олон ч хүн ярьж байхыг харсан. Хүн бүр өөрийнхөөрөө тайлбарладаг. Би 1983 онд дөнгөж цэрэг болсон үеэ санаж байна л даа. Тухайн үед заставын дарга маань биднийг хилийн багана дээр дагуулан очиж анх танилцуулж байлаа. Энэ бол хүйтэн дайны үе шүү дээ. Хилийн багана дээр очоод надад нэг мэдрэмж төрсөн юм. Тэр баганаас цааш харагдах харийн нутаг манантай ч юм шиг, бүрсгэрдүү ч юм шиг санагдсан. Эргээд харахад манай нутаг сайхан ч юм шиг. Энэ шугамаас цааш харийн нутаг үүнээс нааш монгол эх орон чинь шүү дээ, үүнийг л хамгаалах хэрэгтэй гэж бодогдсон. Тодорхой хугацаагаар харийн нутагт амьдарч, эх орноо санаж үзсэн хүнд эх оронч үзэл илүү их суудаг юм болов уу. Эх орныхоо дархан хил хязгаарт өдөр шөнөгүй хилээ хамгаалж, 10-20 жил ажилласан хүнээс эх орны тухай асуух нь илүүц. Эх орон, хил хязгаарын тухай ярихаар аяндаа нулимс мэлмэрч, хоолой зангирдаг болчихдог юм. Эх оронч үзэл гэж ярихаас илүү хүүхэд багачуудад эх орны сайхан байгаль, дураар эрх чөлөө, нүүдэлчний соёл, өв уламжлалын талаар ойлгуулаад өгчих юм бол насан туршдаа түүнийгээ хайрлаж явах болов уу гэж боддог. Одоо цагт эх орноо мэдэхгүй байж энд тэндэхийн гадаадын улс оронд очиж үзсэнээ нэг нэгэндээ гайхуулдаг болчихож дээ. Харин цар тахлын нөлөөгөөр монголчууд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аялж, одоо л нэг эх орныхоо сайхныг мэдэрч байх шиг байна. Энэ сайхан эх орноо хайрлаж, харамлаж, хамгаалахгүй байхын аргагүй. Эх орон гэдэг чинь газар нутаг. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж байгаа учраас эх орноо хайрлахаас аргагүй юм. Хамгийн харамсалтай нь бидний насаа барж, хайрлаж хамгаалсан эх орны газрын хэвлийг ухаж, сэндийчиж байгааг харахад өр өвдөхгүй байхын аргагүй. Бид газар нутгаа зарж, үрж болохгүй шүү дээ. Ухаж төнхсөн ч эргүүлээд нөхөн сэргээдэг байх хэрэгтэй. Ойр дотно, хайртай бүхнээ хайрлаж харамлахыг л би эх оронч үзэл гэж хэлнэ. Амьдардаг гудмаа, эцэг эх, үр хүүхэд, найз нөхдөө хайрлана гэдэг нь эх орноо хайрлаж байна гэсэн үг.

-Та хөдөө хөхөрч, гадаа гандаж, зөвхөн үүрэг хариуцлага, тушаал шийдвэрт захирагдсан. Энэ бүх хугацаандаа юуг золиослож, юуг олж авсан гэж боддог вэ?

-Хилчдийн ар гэр, амьдрал ахуй, нийгмийн асуудал бол үргэлж хөндөгддөг сэдэв. Ойлгомжтой доо, сургууль соёл ч үгүй, гэрэл цахилгаан ч үгүй газар олон жил ажиллана гэдэг тийм амар биш шүү дээ. Миний хувьд урд хилд 14 жил ажилласан байдаг юм. Сумын төвөөсөө ч хол газар. Тэнд ямар юмных нь гэрэл гэгээ, боловсрол байх вэ дээ. Өөрийнхөө хувьд эрүүл мэндээрээ хохирсон. Ундны ус муутай газруудад эрүүл мэндээрээ нэлээд хохирдог юм билээ. Гэр бүлийн хүний хувьд үндсэн мэргэжлийнхээ ажлыг нь хийж чадаагүй, хүүхдүүд олон сургууль дамждаг гээд асуудал их бий. Би хоёр хүүхэдтэй эцэг хүн. Нэг нь Дорноговьд, нөгөө нь Өвөрхангайд төрсөн байх жишээтэй. Гэхдээ хүүхдүүд маань сургуулийн программаас хоцорч байгаагүй. Тэд хар багаасаа л бие дааж сурсан. Гурав, дөрөвдүгээр ангиасаа ээж, ааваасаа тусдаа амьдарч өөрсдийгөө аваад явдаг болсон. Одоо тэд боловсрол мэдлэгтэй, боломжийн сайхан ажил төрөлтэй ажиллаж, амьдарч явна. Намайг дагаж Монгол Улсын хилийг тойрч явсаар ялангуяа хүү маань их хэрсүүжсэн байсан. Үеийнхээ хүүхдүүдийг бодвол Увс, Баян-Өлгийд очоод үзчихсэн нутгийн аялга, хэл усыг нь хүртэл сурчихсан гүйж явдаг байлаа. Биднийг дагаж явсаар хүүхдүүд маань хүртэл хатууждаг бололтой юм билээ. Хүүхдүүд сэтгэлийн хат сууж, шинэ газар хурдан дасан зохицохын тулд хүний ая эвийг олоод сурчихсан байдаг юм байна. Амьдрал ахуйн тал дээр хэдэн ч удаа айл гэр болов доо, мэдэхгүй.  Нэг газар очоод овоо гайгүй тохижиж байтал тушаал гарч гэнэтхэн л нүүх болдог. Нүүхдээ хамаг юмаа орхиод нүүнэ шүү дээ. Монгол Улсын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл ор, шкаф ачаад давхиад байх хэцүү. Томилогдсон газраа дахиад л айл гэр болж, орон гэрээ төвхнүүлнэ дээ. Гэсэн ч бид хил хамгаалах байгууллагынхаа ачаар сайхан амьдарч, Монгол Улсын хилийг бүтэн тойрч дээ. Энэ бол хил хамгаалах албаны буян. Олон ч газар сайхан нөхөдтэй ч болсон доо.

-Хүний төлөө, албаны төлөө нойргүй хоносон шөнүүд танд хэр их олон байв?

-Ажил, албаны эрхээр нойргүй хоносон шөнүүд их олон бий дээ. Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжиж, хилийн гадаад дотоод цагийн байдалд нэлээд өөрчлөлт орсон юм. Хилийн зөрчлийн арга, хэлбэр өөрчлөгдсөн тэр үед бид их ачаалал авсан шиг байдаг. Өмнөговьд ажиллах үеэр яг долоо хоног машин дотор хувцастайгаа суугаагаараа ажиглалт хийж, ээлжилж нүдний хор гаргасан болж явсан тохиолдол бий. Энэ үед хил дамнасан спирт, машины наймаа ид хүчээ авч хилчдийг зовоож байлаа. Энэ мэт ачаалалтай үеүд байсаан, байсан. Албаны ажил явж л байгаа хойно санаа зовоод шөнө нойргүй хонох үе зөндөө. Гэхдээ энэ бол миний хувьд зовлон биш ээ. Ялангуяа шинэ ажил эхлүүлээд түүнийгээ бүтээчих юмсан гэж бодохдоо босоод суучихсан, зурж бичээд хонох үе ч бий. Энэ нь манай хилчдийн албандаа хэт их санаа зовдгийн илрэл байж мэдэх юм шүү. Дарга гэхээр л цалин хангамж сайтай, унаа тэрэг хөлөглөсөн хүн давхиад байдаг гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Дарга гэдэг чинь ер нь бол дарамт гэсэн үг шүү дээ. Дарга хүнд сэтгэл санааны ачаалал их ирдэг. Бусдын төлөө, хилийн төлөө үргэлж бодол, сэтгэл зовниж явдаг юм. Асар их ачаалал авч байгаагаа заримдаа өөрөө ч мэддэггүй. Нэг ангийн даргын ажлыг хүлээлгэж өгөөд гарын үсэг зурахад нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячих шиг санагддаг. Хүмүүс ярьдаг л юм, “Ялыг нь үүрч байгаа бол ямбыг нь эдэлнэ” гэж. Би хувьдаа ямба эдлэх дургүй. Яагаад гэвэл бид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ. Миний унаж яваа машин хүртэл тэр л татвар төлөгчдийн мөнгөөр авсан эд. Би нэг жип уначихаад гайхуулаад байвал ард түмэн намайг юу гэж харах билээ? “Даруухан байлдагч нүдэнд дулаахан” гэж үг бий. Ер нь төрийн албан хаагчид ёс зүйтэй, хэм хэмжээндээ байх ёстой. Төрийн албанд тавих хяналт сүүлийн үед сайжирсан. Энэ бол их зөв зүйл.

-Бусдын төлөө, хилийн төлөө зүтгэж явахдаа өөрийн амин хувийн амьдралыг борлуулж явсан бол илүү амар, сайхан амьдрах байж дээ гэсэн бодол танд төрж байв уу?

-Хаа очиж надад ёстой тийм бодол төрж байгаагүй юм байна. 1989 онд сургуулиа төгсөөд Сулинхээрийн отрядод очиход 12 дэслэгч төгсөж очиж байлаа. 1994 онд тус отрядоос шилжихэд би ганцаараа үлдчихсэн байсан. Одоо тэдний зарим нь гадаадад бий. Миний үе тийм л үе байлаа шүү дээ. Ажлаа хаяад ганзагын наймаанд их явдаг байлаа. Найз нөхдүүд ч “Мөнгө их олж байна, хамт наймаа хийе” гэж санал тавьж байсан. Миний хувьд нэгэнт зорьж сурсан сургуулийнхаа үр дүнг үзье гэж бодсон. Албаа орхиё гэсэн бодол надад нэг өдөр ч төрж байгаагүй. Нэгэнт хилчин гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн бол тууштай, нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй. Нэг үеэ бодвол хилчдийн нийгмийн асуудал сайжирч байна. Гэвч цалин хангамжийн тал дээр цаашид анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж эрдэмтэн мэргэд санал гаргасан нь үндэслэлтэй зүйл. Хилийн цэргийн ирээдүй шүү дээ.

-Хилд ажиллахын сайхан нь юундаа байдаг вэ?

-Би хойд хилд ч ажиллалаа, урд хилд ч ажиллалаа. Олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсан. Олон сайхан дарга нарын удирдлагад ажиллаж үзлээ. Сайхан бүхнийг дурсана гэхээр их олон хүний нэр дурдагдах байх. Хилийн 0253 дугаар ангид ирээд урлаг, спортын хүмүүстэй хамт ажилласан үеэ жишээ болгож ярихад тэднийхээ гаргасан амжилтаар би үнэхээр бахархаж, өөрийн эрхгүй нүдэндээ нулимстай явсан үе надад олон бий. 2010 онд дөнгөж тус ангийн захирагчийн ажлыг аваад удаагүй байтал МУГТ С.Батцэцэг дэлхийн аварга болж байлаа. Олон сайхан тамирчид харь оронд амжилт үзүүлээд ирэхэд нь тосож авч байсан. Энэ бүхэнд сэтгэл огшихгүй байхын аргагүй. 2012 оны Улсын баяр наадмаар манай хилчин бөхчүүд үндэсний бөхийн бүх цолыг авч байсан. Энэ бүхэн миний сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээсэн. Цаашид энэ хэвээр урлаг, спорт улам хөгжөөсэй гэж боддог доо.

-Эрчүүдийн нөхөрлөл ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Энэ бол цаг хугацаа, байгалийн шалгарлын асуудал юм билээ. Сархад дарс хүртэж, залуу сайхан явахад найз нөхөд их олон байдаг юм байна. Нас ахиад ирэхээр зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зарим нь ч холдоод оддог юм байна.  Дэндүү олон найз нөхөд сөрөг олон нөлөөтэй байдаг. Сүүлийн үед жаргал зовлонгоо хуваалцдаг цөөн хэдэн найзтай байх нь зөв юм гэцгээх болжээ. Үнэхээр сайн нөхөр бол насан туршийнх байдаг. Цаг зуурын нөхөр бол цаг зуурын л нөхөр байдаг. Нөхөрлөл дотроо янз бүр шүү дээ. Мөнгөтэй, ажилтай явахад найз нөхөд мундахгүй. Жаахан ядраад ирэхийн цагт найзын тоо цөөрөөд явчих жишээтэй. Би энд нэг зүйлийг дурдахгүй бол болохгүй нь. Нөхөрлөл, тэр дундаа цэргийн нөхөрлөл гэдэг их сайхан, үнэ цэнтэй зүйл шүү дээ. Би 1998 онд хамт отрядын дарга болсон хурандаа Д.Батцэнгэлтэйгээ үй зайгүй нөхөрлөж яваад сайхан нөхрөө саяхан бурхны оронд алдчихлаа. Их л сонин мэдрэмж төрдөг юм билээ. Аав, ээж, ах дүүсээ алдах нэг өөр, анд нөхрөө алдах бас нэг өөр юм. /санаа алдав. сурв/ Би заримдаа нэг их олон найзтай хүнийг хараад хамаагүй явж байж алдах вий дээ л гэж боддог доо. Үнэнийг хэлэхэд зарим найз бол найз биш шүү дээ. Залуучуудыг хараад байхад найз нь ирээд архи дарс уулаа гэж ярих юм. Тэр хүнийг чинь найз нь гэж ойлгох уу, дайсан нь гэж харах уу. Албатай, ажилтайг нь мэдсээр байж ирж архи өгдөг, уухгүй гэхэд нь элдэв үгээр “утаж” байж уулгаад ажил, амьдралгүй болгодог жишээ зөндөө бий. Залуус маань зөв юмаар л нөхөрлөх хэрэгтэй. Ялангуяа дуртай спорт, сонирхлоороо нөхөрлөх нь зүйтэй юм даа. Жишээ нь, би дугуйн спортод сонирхолтой. Энэ сонирхлоороо нэгдсэн найзууд олон бий. Архинаас л хол явбал зөв хүнээ олоод нөхөрлөчихдөг юм даа.

-Отрядын дарга хүнд туршлага хэр чухал вэ?

-Бусдын туршлагаас гадна өөрийн туршлага гэж юм бий. Анх анги, отряд удирдаж байгаа хүнд ямар юмных нь туршлага байх вэ дээ. Энэ дарга ингэдэг байсан, тэр дарга тэгдэг байсан гэдэг арга барилаар ажиллах л байх. Хараад байхад бусдыг даган дуурайх хандлага их ажиглагдаад байдаг. Дээхэн үеийн туршлагатай дарга нарын хэлдэг үгийг хэлж, хийдэг үйл хөдлөлийг дуурайж ч байх шиг. Энэ нь их буруу юм. Тэр хүний биеэ авч явдаг байдал, үг хэллэг тэр хүндээ л их тохирдог байсан болохоос өөр хүн дуурайвал харин ч инээдтэй шүү дээ. Хүн өөрийнхөөрөө ажиллах хэрэгтэй. “Өөрөө сэтгэдэггүй юм гэхэд өрөөлийг дуурайх чадвартай байх хэрэгтэй” гэж нэг үг бий. Залуу дарга нар надаас туршлага судалъя гэж ирэх тохиолдол байдаг л даа. Удирдагч хүн бол хүн шиг хүн байх ёстой. Хиймэл дүр эсгэж, хүнийг ялгаж харьцаж болохгүй. Өөрөө манлайлаад ажиллаж явахад чи нэг л мэдэхэд туршлагатай дарга болно доо гэж би хэлдэг. Гэхдээ хоёр, гурван анги удирдаж байсан хэдий ч дараагийн ангид ирээд өмнөх арга барилаараа ажиллаж болдоггүй. Яагаад гэвэл тэр хамт олонд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байдаг. Урьд нь удирдаж байсан ангиудаа боломжийн сайн удирдсан байж болно л доо. Гэвч шинэ хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас хичээж яваа хүний нэг л болчихдог байхгүй юу. Жишээлбэл, хилийн 0253 дугаар ангийн хамт олон намайг хүлээн зөвшөөрөөгүй байхад би хүнд сургамж айлдаад, дарга ийм байх ёстой гэж яриад байх нь утгагүй зүйл. Би 7-8 жил дарга хийсэн гэдэг чинь зүгээр л тоо юм шүү дээ. Тэр хамт олны дарга нь болохын тулд өөрөө хичээж ажиллах ёстой. Олон жил ажилласан гээд хамт олондоо шууд хүлээн зөвшөөрөгдчихдөггүй. Шинэ хамт олон чинь шинэ ангийн захирагч л гэж чамайг хүлээж авна. 

-Та ингэхэд хэдэн удаа “дарга болж”, хэдэн удаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн билээ?

-Би нийт дөрвөн ангийн захирагчаар ажилласан. Одоо ч хилийн 0253 дугаар ангид хүлээн зөвшөөрөгдөхөөр барахгүй “хөөгдөх” шахуу юм болж байна даа /инээв. сурв/.

-Дарга хүнээс албан хаагчдын амьдрал ахуй, албанд итгэх итгэл, хамт олны уур амьсгал ихээхэн хамаардаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тийм ээ, энэ нь цэвэр даргаас шалтгаалах зүйл. Буруу хүнийг шагнаад л, буруу хүнийг дэвшүүлэн томилоод байвал хамт олон идэвхгүй, ажиллах сонирхолгүй, амьдралын зорилгогүй болно. Тэгэхээр захирагч хүнд хамтын шийдвэр маш чухал. Ялангуяа элдэв улстөржсөн томилгоо нь залуучуудын сэтгэл рүү ус хийсэнтэй адил байдаг. Хэн зүтгэж, сэтгэл гаргаж, сурч боловсорч, албандаа өөрөөс шалтгаалах бүхнийг хийж чадаж байна тэр хүн л дээшээ “явах” ёстой.

-Хилийн албаны хамгийн гол онцлог юу вэ?

-Хилийн тухай ойлголт бол асар нарийн. Орчин үед техник технологийн дэвшлийг ашиглах талаар яригдах болсон. Би үүнийг маш их дэмждэг. Бид 40 жилийн өмнөх шигээ байж болохгүй л дээ, заавал өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр хилийн отрядуудын байшин барилга 1970-80-аад онд баригдсан тул балгас болчихсон байгаа. Барилга байгууламжийн шинэчлэлийг хийх тал дээр Хууль зүйн сайд санаачилгатай ажиллаж байгаад би маш их баяртай байгаа. Улс байгаа цагт хил байна, хил байгаа цагт хилчид байна. Гагцхүү хөрш зэргэлдээ улсуудын хил хамгаалах байгууллагуудын түвшинд хүргэхээ байг гэхэд түүнд дөхүүлэх хэрэгтэй л дээ. Дэлхийн улс орнууд хил хязгаартаа анхаарал хандуулж, хиймэл дагуулаар хамгаалдаг боллоо. Бид ч мөн хил хязгаартаа нэлээд их анхаарал хандуулах хэрэгтэй. Манай хилчдэд нэг “хэцүү” зан бий л дээ. Болохгүй юмыг ч болгоод байдаг.  Болоод байгаа юм шиг яваад байдаг. Энэ байдал нь дээд түвшинд “наад хэд чинь болоод л байгаа юм байна” гэж ойлгогддог шиг байгаа юм.  Гэтэл бодит байдал дээрээ тийм биш. Барилга байгууламж, зэвсэг техник, хүний нөөцийн тал дээр нэлээд их анхаармаар зүйлүүд байх шиг санагддаг. Ер нь Хил хамгаалах байгууллагын хөгжлийн оргил үе бол 1970-80 он шүү дээ. Харамсалтай нь зах зээлийн шуурганд хүнээ ч хаясан, хилээ ч хаясан. Маргааш цэргийнхээ хоолонд юу өгөх билээ гэж бодож асан их л горигүй үе байсан даа. Бид хүнд цаг үеийг туулсан. Одоог тэр үетэй харьцуулахын аргагүй сайхан болж дээ. Гэвч өнөөдөр олон улсын нөхцөл байдлыг аваад үзсэн ч ихэд эвгүй цаг үед бид амьдарч байна. Дэлхийн улс орнууд хилийн аюулгүй байдалдаа их анхаарал хандуулах болсон. Манайх ч аль болох хоцролгүй ажиллах ёстой.

-Таны авч байсан хамгийн том шагнал?

-Надад итгэж даалгасан үүргийг хэлснээс нь илүү чанартай биелүүлчихээд тухайн үүрэг өгсөн хүнээсээ урмын үг сонсох л сайхан даа. Үе үеийн дарга нараасаа урмын үг сонссон би их азтай хүн. Ганц үг байсан ч их том шагнал авсан юм шиг баярлаж, эрч хүч, урам зориг авдаг. “Цэргийн хүн тэнэг хүн хоёр тэмдэгт дуртай” л гэдэг. Би тийм элдэв тэмдэг, материаллаг шагналд дургүй. Төрд 30-40 жил зүтгэсний баталгаа болсон хоёр одон бий, надад. Гэхдээ түүнийг гуйж авсан хүмүүсийн дэргэд зүүхээсээ жаахан санаа зовоод байдаг юм. Насаараа төрд ажиллаагүй хүн “Алтан гадас” зүүчихээд л давхиад байна шүү дээ. 

-Та хүүхдүүддээ юуг захиж, сургадаг вэ?

-Зарим хүн ярьдаг л даа. Манай аав тэгдэг байсан, ээж ингэдэг байсан гээд. “Үггүй зэмлэсэн харц” гээд дуунд гардаг даа. Түүн шиг л үгээр биш үйл хэргээрээ хүмүүжүүлдэг нь монголчуудын ухаан юм биш үү. Хань минь их ажилд зүтгэлтэй хүн. Хоёргүй сэтгэлээр зорьсон хэргээ бүтээдэг зан хүүхдүүдэд маань өвлөгдсөн.  Би хүүхдүүддээ “та нар ийм бай” гэж хэлж байсан удаа нэг ч байхгүй. Хүүхдэд их хайртай учраас хүүхдүүдээ загнаж зодож байгаагүй юм байна.

-Таны хань таныг хилээр олон жил дагаж явахдаа “гандаж гундлаа” хэмээн гомдоллож байсан үе байдаг уу?

-Хань минь нэг удаа ч тэгж гомдоллож үзээгүй юм шүү. Харин ч ханийнхаа буянд хил хязгаараа үзлээ гээд их сэтгэл өндөр байдаг. Сүүлдээ надаас илүү хилчин болчихсон шиг байгаа юм.

-Хилийн отряд удирдаж, анги хамт олондоо хүндлэгдэж нэр нөлөөтэй явахад ханийн нөлөө хэр их байдаг вэ?

-Энэ бол хамгийн чухал зүйл. Отрядын даргыг олон жил хийх үү, хоёр сар эсвэл хоёр жил хийгээд хөөгдөх үү гэдэг чинь ханиас шалтгаална. Манай зарим дарга нарын нэг алдаа бол гэр бүлийн хүн нь ажил албанд оролцож, хөндлөнгөөс шийдвэр гаргалтад нөлөөлөх явдал шүү дээ. Баримтаар батлагдсан олон жишээ бий. Хүний хань гэдэг амьдралын гол тулгуур юм шүү дээ. “Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй бий” гэсэн үг хүртэл байдаг. Би өнөөдрийг хүртэл гэрт юу болж байгааг мэдэхгүй шахам ажлын төлөө зүтгэж ирсэн. Гэр орныг гэргий маань авч явдаг. Би сайн ханьтай, сайн ар гэртэй байсан учраас өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө боддог. Эр хүний ажилдаа амжилт гаргах үндсийн үндэс ар гэр нь байдаг. Ханьдаа зөв нөлөө үзүүлэхэд эмэгтэй хүний ур ухаан шаардагдана. Хатууг зөөллөх байтал улам дэврээж дэгжээчихэж болохгүй л дээ. Амьдралын туршлагаас хараад байхад хань сайтай хүн яаж ч алдсан өөрийгөө засаад аваад явчихдаг юм билээ.

-Хилийн анги, салбарт огт очиж үзээгүй хүнд хил, хилчдийг цөөн үгээр хэлж ойлгуулаач гэвэл та юу гэж тайлбарлах байсан бол?

-Хил дээр төрдөг тэр сайхан мэдрэмжийг амьд яваа насандаа нэг мэдэрч үзэх хэрэгтэй шүү л гэж хэлнэ дээ. Ямар боломж бололцоо байдаг юм, түүнийгээ ашиглаад Монгол Улсынхаа хойд юм уу урд хилийн аль нэг багана дээр очиж үзээрэй, найз минь. Маш гоё мэдрэмж төрөх болно шүү. Тэнд байгаа застав, харуул дээр очоод байгаагаараа дайлж цайлаад угтдаг хүний мөрөөсөл болсон хэдэн бор хилчидтэй уулзаад үзээрэй. Хилийн багана үзүүлдэг аялал зохион байгуулж, зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй монгол хүн бүрт үзүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдох боллоо. Хил, хилийн багана гэж юу байдгийг үзэж мэдэрсэн цагт эх оронч үзлийн талаар яриад ч хэрэггүй дээ, хилийн багана дээрээ очсон хүн уйлдаг байхгүй юу. Нэг уйлчихаад ирсэн хүн юманд арай л нэг өөр өнцгөөс ханддаг болно доо. Олон монгол залуучууд хилээ үзээсэй. Залуучуудын ойлголт өөр болсон цагт эх оронд хөгжил хурдан ирэх болно. Манай хойд хөрш ОХУ л гэхэд дайн дажин, зовлон үзсэн ард түмэн учраас энэ тал дээр маш хариуцлагатай хандаж, хүүхэд багачуудад ойлгуулах үүднээс аялал зохион байгуулдаг, мундаг туршлагатай улс шүү дээ. Тэд цэргээ хараад залбирч мөргөдөг. Гэтэл манайд ард түмэн нь цэрэг рүүгээ, цэрэг нь ард түмэн рүүгээ яаж хардаг билээ? Хандлага ямар байгаа билээ гээд бодох асуудал их бий.

-Ярилцлагынхаа төгсгөлд бидний цаг гаруй ярилцсан ярилцлагыг тэвчээртэй уншсан уншигчдад хандаж юу хэлэх бол?

-Би хилийн албаараа их бахархдаг. Энэ албаны маань ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай гэж хүсдэг. Тэр дундаа хүний хөгжилд их анхаараасай, залуучууд тал бүрийн өргөн мэдлэгтэй байгаасай, тэр чинээгээрээ шинэ техник технологи эзэмшиж, хил хамгаалах алба маань хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа эн зэрэгцэхүйц болж олон улсын жишигт хүрээсэй, хууль эрх зүйн шинэчлэл улам боловсронгуй болоосой гэж хүсдэг. Нийт хилчдэдээ хандаж Монгол Улсын хилийг хамгаалах ариун бөгөөд хариуцлагатай үйл хэрэгтээ бие сэтгэл харамгүй зориулаарай гэж хэлэх байна. Харин ард иргэд маань тусгаар улсынхаа хил хязгаарыг очиж нэг үзээрэй, торгон хилийн баганадаа залбирахад төрдөг мэдрэмжийг аль болох мэдрэхийг хичээгээрэй гэж хэлье. Үгээр хэлшгүй мэдрэмж төрдөг юм шүү. Тэнд, хилийн баганын дэргэд очоод эргээд нэг хараарай, эх орон чинь ямар харагдахыг...

Ярилцсан: Ахмад Ж.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батбаяр. (202.126.90.98) 2023 оны 06 сарын 12

Эрхэм даргадаа маш их баярлаж явдаг шүү.

0  |  0
hishigbat(66.181.161.5) 2021 оны 10 сарын 13

dargadaa bayrlaj ywdag shvv

0  |  0
батэрдэнэ(203.91.115.51) 2021 оны 09 сарын 20

эрхэм даргадаа ажлын амжилт хүсэе.

0  |  0
Сайдолда(202.179.21.243) 2021 оны 09 сарын 20

Хилчин хүн шүү. Амжилт хүсье

0  |  0
Зочин(66.181.161.37) 2021 оны 09 сарын 19

Мундаг сайхан хүн байна бхяр хүргэж амжилт хүсье

0  |  0
зочин (66.181.181.207) 2021 оны 09 сарын 18

сайхан ярилцлага бна би 1984 оны хилчин байлдагч хилийн баганын цаана бгаа хүний нутгийн жижигхэн чулуу хүртэл өөр өнгөтэй хүйтэн харагддаг юм энэ үнэн шүү хил манаж бсан хилчид сайн мэднэ дээ бүх хилчиддээ баярын мэнд хүргэе хурандаа бас баярын мэнд хүргэе биеэ бодоорой хөгшөөн

0  |  0
Sodoo(66.181.161.39) 2021 оны 09 сарын 18

Mundag darga shvv ervvl enh ajliin ajilt husie

0  |  0
Сэтгэгдэл(103.212.118.39) 2021 оны 09 сарын 17

2002 онд 1р курсын сонсогч байхдаа Сулинхээрийн заставт дадлага хийж яваад энэ хүнтэй таарч байлаа. Тэр үед танкны хар өмөсчихсөн зах нь том болхоор цолыг нь дараад харагддаггүй хэнд гэж рапард өгөхөө мэдэхгүй их сандарч байлаа. Залуухан маш гое хурандаа байж билээ. Танд баярын мэнд хүргэе! Сайн сайхныг хүсье!

0  |  0
Ru(162.158.89.227) 2021 оны 09 сарын 17

Ухаалаг хүн байна

0  |  0
Говийн хүн(202.9.41.14) 2021 оны 09 сарын 17

Танд баярлалаа, жинхэнэ төрийн хүн, хилчин хүн ийм л байх учиртай.

1  |  0
хилчин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 17

би хилд гурван жил алба хаасан.бүх хилчиддээ баярын мэнд хүргье.монгол улс.унгар улсын онц хилчин ахмад хилчингээс

1  |  0
ҮНЭН ҮГ(192.82.91.204) 2021 оны 09 сарын 17

Б.Ловуу-Игнэн: Хил дээр төрдөг тэр сайхан мэдрэмжийг амьд яваа насандаа нэг мэдэрч үзэх хэрэгтэй шүү

1  |  0
Top