ЖДҮ эрхлэгчдэд урам, дараагийн ЖДҮ-чдэд хүсэл нэмсэн өдөрлөг

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” арга хэмжээ болж байгаа билээ. Энэ жил худалдан авагчдынхаа оролцоог нэмэгдүүлэх, өдөрлөгт оролцогчдынхоо үйл ажиллагааг сурталчлахын тулд өдөр өдрийг өөр газруудын нэрэмжит болгон хийж байгаа юм.

Харин бямба гарагт буюу есдүгээр сарын 18-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэрэмжит өдөрлөг боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа тус өдөрлөгт биднийг очиход хүний хөдөлгөөн их байлаа. Цэнгэлдэхийн хиймэл ногоон зүлгэн дээр ямар нэгэн худалдааны асар бариагүй нь үр хүүхдээ дагуулсан, настай хүмүүс сууж амрах, зарим бүтээгдэхүүний тухай санал бодлоо солилцох нэгэн таатай газар болжээ. Ээж, аавыгаа дагаж яваа бяцхан хүүхдүүд хөөцөлдөн тоглож, тэр хооронд томчууд нь санаа зовох зүйлгүйгээр бараа, бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байлаа. Арванзургаадугаар хаалгаар дотогшоо оронгуут зүүн гар талаар нь ихэвчлэн тариалан эрхлэгчид, хоршоолол үүсгэн ногоо тарьсан хүмүүсийн асар гарчээ. Худалдагч нар нь толгой өндийх завгүй байгаа нь харагдана. Арга ч үгүй биз, сүүлийн үед монголчууд хоол, хүнснийхээ эрүүл ахуй, органик байдалд ихээхэн анхаарах болсон.

Тийм ч учраас эх орныхоо хөрсөнд ургуулж, гар дамжуулалгүй өөрсдөө худалдаж байгаа ногоочдоос дуртай худалдан авч байв. Тэгвэл гол хэсгээрээ оёдлын цехүүд, хөнгөн үйлдвэрүүд өөрсдийн бараа бүтэгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Харин баруун жигүүрт нь нутаг, нутгийн брендүүдийг голдуу байрлуулсан байна. Өдөрлөгийн нээлт дээр Ноос, ноолуурын холбоо, Оёдлын холбоо, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран шинэ загварын бүтээгдэхүүнээ танилцуулсан нь хүмүүст ихээхэн таалагдсан юм. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг дунд үйлдвэрийн сан 2009 онд анх байгуулагдсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 8230 төсөлд 991 тэрбум буюу нэг их наяд орчим төгрөгийн зээл олгоод байна. Ингэснээр 50 мянга гаруй ажлын байр бий болж, цоо шинээр 2000 гаруй үйлдвэр, үйлчилгээний газар ашиглалтад орсон гэсэн судалгаа, тооцоо байдаг. Энэ тоон мэдээллээс харахад улс орны эдийн засагт, хүмүүсийг ажилтай, орлоготой байлгахад өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно” гэсэн юм. Манай улсад төдийгүй дэлхий дахинд цар тахлын нөлөө хамгийн их нөлөөлж байгаа салбар бол жижиг, дунд үйлдвэрийн салбар байгааг албаныхан энэ үеэр онцолж байсан. Тийм ч учраас төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж цахилгаан, ус, дулаан, хогны мөнгийг тэгэлж, Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авсан зээлдэгчдийн төлбөрийг ноднин жилийн гуравдугаар сараас энэ жилийн долоодугаар сар хүртэл хойшлуулах зэрэг олон арга хэмжээг авчээ.

Арван тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” өдөрлөг энэ жил анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа бөгөөд 400 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас 50 гаруй нь ЖДҮГ-аас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж байгаа аж. Цар тахлын үед хамгийн их хэрэг болж байгаа ариутгалын бодис, "Норов-7", "Мана-4" тан зэргийг хийж, хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байгаа нь анхаарал татаж байлаа. Мөн дархлаа дэмжих цай, хармаг жимсний хандыг ч худалдан борлуулж байсан юм. Говь нутгийн “Зэрлэг чацаргана” хэмээн алдаршсан хармаг жимсээрээ монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилго тавьсан “Хатан хармаг” компанийн захирал Ц.Ууганжаргалын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Бид 2012 оноос “Хатан хармаг хөгжлийн хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна. Энэ хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд хармаг жимсийг хамгаалах, тариалах, шинээр нутагшуулах ажлуудыг хийж ирсэн. Харин 2017 оноос уг жимсээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Бид нар жимсээ байгаль дээрээс нь түүх биш, өөрсдөө тариалж, ургадаг нөөц бий болгоод явж байна” гэлээ. Эднийх мөн л ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авч, өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх эх үүсвэртэй болжээ.

“Намрын намарт тарьж ургуулсан хэсэг ногоогоо борлуулах гээд тавиад суудаг байсан бол энэ жил тус өдөрлөг улам өргөжин, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрийнхнийг оролцуулан бүтээгдэхүүнийг нь сурталчилж байгаа нь үнэхээр цоо шинэ зүйл боллоо. Ковидын дараа эдийн засгаа сэргээх боломж, бололцоо маань хэр байгаа юм. Хэн нь юу хийчихээд түүнийгээ борлуулж чадахгүй байна гэдгийг энэ өдөрлөгөөр харж болохоор байна” хэмээн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар өдөрлөгийн нээлтийн үеэр онцолсон. Үнэхээр ч өмнө нь бараа бүтээгдэхүүнээ Хятад улсын аль нэг хотод дэлгүүрээ нээгээд зарж борлуулдаг байсан бол сүүлийн хоёр жил энэ байдал огт байхгүй болсон. Дээрээс нь дотоодын худалдан авалт эрс багассан хэмээн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид учирлаж байсан. Хил, гааль нээлттэй, цаг сайхан байхад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хоёр хөршдөө гаргаж борлуулах, дотоод, гадаадын жуулчдад лангуугаар борлуулах гээд ямар ч байсан ажлын байраа хадгалаад, зээлийнхээ төлөлтийг санаа амар хийдэг байсан гэнэ. Харин энэхүү өдөрлөгт оролцсоноор үнэгүй сурталчилгаагаа хийх, байнгын худалдан авагчидтай болох, төр засгийнхандаа тулгамдаж буй асуудлаа танилцуулах сайхан боломж болж байгааг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас зээл авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн өөр нэгэн газар бол “Абу трейд” компани юм. Тус компани цахилгаан халаагуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдний зохион бүтээсэн ялтсан цахилгаан халаагуур нь 20-30 метр газрыг халаах хүчин чадалтай, 200 мянган төгрөгөөр борлуулагддаг аж. Цахилгаан зарцуулалтын хувьд нэг квт, 1,5 квт, 2,5 квт гэсэн гурван янзаар ажиллуулж болдог юм байна. Энэхүү цахилгаан халаагуураа “Абу трейд” компанийн үүсгэн байгуулагч н.Батчулуун өөрөө зохион бүтээжээ. Харин Завхан нутгаас оролцож байгаа “Мөнхөд мандаг” компани нэлээд онцлогтой аж. Учир нь эднийх Монгол Улсдаа анх удаа шимийн архинд стандарт батлуулан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Тус компанийн захирал н.Баяраа өөрөө хими, технологийн мэргэжилтэй болохоор энэ талын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ихээхэн нөлөөлсөн гэнэ. Анх 2010 оноос монголынхоо уламжлалт аргаар шимийн архи гаргая, уламжлалаа сэргээе гэсэн бодолтойгоор шимийн архи үйлдвэрлэж эхэлжээ. Тараг, шар сүүнээс хатуулаг багатай архи үйлдвэрлэж эхэлсэн ч шинжилгээнд хамруулах, дагаж мөрдөх стандарт зэргийг мэргэжлийн байгууллагууд шаардаж эхэлжээ. Гэтэл тэр үед манай улс шимийн архиндаа стандарт батлаагүй байж. Тийм болохоор н.Баяраа захирал гурван жилийн хугацаанд шинжилж, судалсны хүчинд шимийн архинд стандарт бий болгоод түүнийгээ үндэсний хэмжээний стандарт болтол нь хөгжүүлж чаджээ. Нэрмэл архи бол бидний ойлголтоор бидон, шилэн сав зэрэгт гэрийн нөхцөлд хадгалдаг зүйл. Харин үүнийг болиулж гаднын улс орнуудад гаргахад ч нүүр улайхааргүй шил сав, хаяг шошготой байхаар бодолцон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэнэ. Үүнээс гадна алтан гагнуур, хуш модны самар зэргийг нэрмэл архинд дараад виски гаргасан байна. “Мөнхөд мандаг” компани нь орон нутагтаа 20 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд дийлэнх нь тэтгэврийн насны хүмүүс байдаг аж. Мөн гэрээт борлуулагчаар дамжуулан нийслэлийн худалдан авагч нарынхаа хэрэгцээг хангаж байгаа бөгөөд И-Март, Сансар сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг. Харамсалтай нь өнөө л хил, гааль хаалттай, өвчин тахалтай байгаагаас үүдэн бүтээгдэхүүнийхээ шил сав, баглаа боодлыг авч чадахгүйд хүрчээ. Манай улсад үйлдвэрлэдэг цөөн газруудын бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүсэл, шаардлагыг хангадаггүй хэмээн н.Баяраа захирал хэлж байлаа.     

Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн онд 21 аймгийн 179 төсөлд 10.7 тэрбум төгрөгийн зээл, Улаанбаатар хотод 70 төсөлд 12.08 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлжээ. Энэ нь нийтдээ 249 зээлдэгчийн төсөлд санхүүжилт олгосон гэсэн үг бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 1497 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Нэг хэсэг хөнгөлөлттэй зээл яг эзэндээ очдоггүй гэсэн шүүмжлэл их байсан. Харин “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” өдөрлөгөөс харахад энэ асуудал харьцангуй гайгүй болжээ. Үнэхээр тухайн хувь хүн, жижиг, дунд үйлдвэрүүд өөрсдөө хийе гэж хичээгээд төсөл хөтөлбөрөө сайн бичиж чадвал хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн боломж байна. Ингэж хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар манай улсын жижиг, дунд үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж, тэр хэрээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх олон бараа, бүтээгдэхүүн бий болох учиртайг албаныхан онцолж байсан. Энэ л өдөрлөгөөр бусдынхаа хийж хэрэгжүүлсэн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, заримаас нь суралцаж яваа дараагийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нар цөөнгүй байгаа нь лавтай. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top