ХХААХҮЯ-аас бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар өнөөдөр /2021.09.20/ баталлаа.
Энэхүү төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой гэж төлвлөгөөг боловсруулагчид үзэж байна.
Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах аж. Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.
Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэрийн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Хөгжиж буй орнуудад 10 ажлын байр тутмын долоог нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог.
Дэлхийн олон орны засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор 2030 он гэхэд шаардлагатай 600 сая ажлын байрны энэ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байгаа юм. 2020 оны байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )