Хөдөө орон нутагт бензиний хязгаарлалт тогтоож байна гэсэн гомдол ихээр ирэх болсон бол сүүлийн үед нийслэлд ч ийм асуудал гарах болжээ.
Нийслэлийн шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 бензин орлого ирэхгүй байгаа гэх шалтгаанаар тасалджээ. Зарим клонк 20-30 мянган төгрөгөөр нэг удаа авах квот тогтоосон байв. Үлдсэн шатахуун түгээх газруудад "АИ-92 дууссан" гэсэн бичиг наажээ. Квот тогтоосон шатахуун түгээгүүрт бензин авах гэсэн машинуудын дараалал үүсэж, иргэдийг бухимдуулаад байна.
Тухайлбал, "Сод Монгол"-ын шатахуун түгээгүүрт АИ-92 орлого багасаж, ирэхгүй болжээ.
ЗАРИМ ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРТ НЭГ ХҮНД 20-30 МЯНГАН ТӨГРӨГИЙН КВОТ ТОГТООЖЭЭ
Манай улсад нийт хэрэглэж буй шатахууны 30-40 хувь нь АИ-92 шатахууны хэрэглээ эзэлдэг бол 60-70 хувийг дизель шатахуун эзэлж байна. Тиймээс хомсдолд ороод буй АИ-92 шатахуунаар хангаж чадахгүй байгаа тул хүмүүс эрх баригчдыг шүүмжилж байв. Мөн иргэд өөр өөр газраас бага багаар шатахуун хийж явах нь машины эвдрэл гэмтэл үүсгэх шалтгаан болоод буйг ч хэлж байлаа. АИ-92, АИ-95 шатахуун байхгүйн улмаас АИ-98 шатахууныг авбал ав гэсэн тулгалт хийж байгаад ундууцсан хүн ч олон байсан юм. Хэдхэн хоногийн өмнө албанынхан “Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна гэж байсан. Тухайлбал, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бол бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй. Монгол Улсад оруулж ирдэг шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-ын компани жил болгон найм болон есдүгээр сард урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор тус улсаас нийлүүлдэг шатахууны нийлүүлэлт есдүгээр сард тодорхой хэмжээгээр буурсан” гэлээ.
Мөн тэрбээр “БНХАУ-аас 11.500 тонн АИ-92 шатахууны захиалга өгсөн. Наашаа ачигдаад явж байна. Одоогийн байдлаар “Петровис”-оос 22 вагон, хятадаас 32 вагон шатахуун ороод ирчихсэн байгаа. Төр хэзээ ч хувийн хэвшилтэй үгсэн хуйвалдаж ажилладаггүй. Нийт 23 компанийн 120 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэхээр гэрээ хийж ажиллаж байна. ОХУ-ын компанийн урсгал засвартай холбоотойгоор ирэх сарын 1-н хүртэл татан авалттай холбоотой тасалдал үүснэ. Бид шат дараатайгаар асуудлыг зохицуулахаар ажиллаж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
"ПЕТРОВИС" КОМПАНИ ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТТАЙ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ АИ-92 ОЛГОЖ БАЙВ
Тэгвэл томоохон шатахуун түгээх компаниудын аль ч салбарт АИ-92 дууссан учир "Петровис" компани хөнгөлөлтийн карттай байнгын хэрэглэгч нартаа болон гэрээт байгууллагын албаны автомашинд л зөвхөн АИ-92 бензинийг өгөх зохицуулалт хийжээ. Шатахуун түгээхийн ажилтнууд “Шатахуун импортлогч компаниуд биш жолооч нар өөрсдөө хомсдол үүсгээд байна. Амнаас ам дамжсан хий хоосон цуурхалд итгэж шатахуун дуусах гэж байна гээд өөрсдөө урт дараалал үүсгээд байна шүү. Үүнээс болж нөөц нь долоо хоногоор буураад байгаа юм” гэж тайлбарлаж байлаа. АМГТГ-аас цар тахлын үед бензиний үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжтэй зөвшилцөж ажилласан гэдгээ ч тайлбарлаж байв.
Иргэд бензиний үнэ өсөх вий гэсэн дээрх хардлагын дагуу АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбар өгөхдөө “Үнийн өсөлтийг дотооддоо тогтвортой байлгах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Монгол Улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөцийг 30 мянган тонн болгохоор ажиллаж буй. Авто бензиний үнэ шилэн байдаг учраас бензиний үнэ огцом нэмэгдэхгүй. Энэ тал дээр тайван байж болно” гэж мэдэгдэв. Манай улс нийтдээ 1.5 сая тонн авто бензин дизелийн түлш хэрэглэдэг. Үүний 10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг бол нийлүүлэлтийн хэмжээг өсгөх тал дээр ярилцаж байгаа аж. Бензиний үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учир бензиний үнийг тогтвортой байлгахын тулд үнийг өсгөсөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ. Юутай ч албаныханы зүгээс иргэдийг тайван байж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг хүссэн бол иргэдийн зүгээс шатахуунд хязгаарлалт тогтоохгүй байхыг шаардлаа. Ам, ажил зөрсөн албаныханы мэдэгдэл ачир дээрээ өөр байгаа нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Шатахуун түгээх газруудад “АИ-92 дууссан” гэсэн бичигний цаана хэн нь зохиомол хомсдол үүсгээд байгааг асуулт хэвээр үлдээе.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )