Газрын ховор металлын хомсдол хүн төрөлхтөний амьдралд заналхийлж эхэлсэн тухай шинжээчид онцолж эхэлжээ. Ийнхүү газрын ховор металл хомсдож эхэлсэн нь АНУ, БНХАУ гэх хоёр их гүрний таарамжгүй харилцаанаас үүдэлтэй. Учир нь, дэлхий дахины хэрэглэж буй нийт газрын ховрын металлын дийлэнхийг нийлүүлдэг БНХАУ экспортоо хумьж эхэлжээ. Гар утас, утасгүй чихэвч зэрэг бидний өдөр тутамамдаа хэрэглэдэг бүхий л цахилгаан хэрэгслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь газрын ховор элемент юм. Хятадын зүгээс ийм арга хэмжээ авснаар АНУ-ын технологийн компаниудад ч гэсэн том хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Урд хөршийн зүгээс газрын ховор металлын экспортоо хумих бодлого барьж байгаа нь огт шинэ зүйл биш юм. Бээжингийн зүгээс сүүлийн жилүүдэд худалдан авагчдаасаа нүүр буруулах хандлага гаргаад байгаа. Тус улс экспортын хэмжээгээ эрс хумьж, ховор элементийн зарим томоохон уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд газрын ховор элементүүдийн экспортын татварыг нэмсэн байна. Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээрх зарим ховор металлын үнэ ганцхан жилийн дотор даруй гурав дахин өсжээ. БНХАУ-ын дарга асан Дэн Сяопин нэгэнтээ "Ойрхи Дорнод газрын тостой бол Хятад газрын ховор металлтай" гэж хэлж байжээ. Нэг жилийн тоо баримтыг харахад л дэлхийн хэмжээнд 124 мянган тонн газрын ховор элемент зах зээлд нийлүүлсний 120 мянгыг нь Хятадад олборложээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд БНХАУ дэлхийн газрын ховор металлын нийлүүлэлтийн 80 хувийг хянаж, дэлхийн улс орнуудад хэр том "булчинтай" вэ гэдгээ харуулсаар ирсэн.
Хэдийгээр дэлхийн улс орнуудад газрын ховор металлын нөөц байдаг ч олборлож, боловсруулах амаргүй. Түүнчлэн олборлох, боловсруулах стандарт гэж байдаггүй тул БНХАУ газрын ховор металлын экспортод давамгайлж байгаа юм. Калифорнийн цөл дэх Америкийн цорын ганц газрын ховор металл олборлодог уурхай бүтээгдэхүүнээ Хятад руу илгээж эцсийн боловсруулалт хийдэг. БНХАУ газрын ховор элементийн дийлэнх хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа ч өөрийн орны үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах болсон нь технологийн болон түүхий эдийн хараат байдлыг бий болгож зах зээлд үнэ өсөх, хомсдол үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын мэдэгдсэнээр БНХАУ экспортоо хумьж байх зуур газрын ховор элементийн эрэлт жилд 8-11 хувиар өсөж байгаа аж. Ерөнхийдөө газрын ховор металлын нийлүүлэлт Хятадаас хамааралтай байдал цаашид ч үргэлжилж, хүчирхэг эдийн засгийнх нь томоохон баталгаа болох болно гэдгийг шинжээчид хэлж байна. Дэлхийн хэмжээнд жилд хэрэглэгдэж буй газрын ховор элементийн 20 гаруй хувийг катализатор (холимог исэл) ихэвчлэн түүхий нефтийг цэвэршүүлэхэд, 20 орчим хувийг шил шаазангийн үйлдвэрт шил өнгөлөгч, өнгө оруулагч, хэт ягаан долгион шингээгч болон оптик линз хийхэд, 10 орчим хувийг металлургийн үйлдвэрт төрөл бүрийн өндөр чанарын гангийн хольцоор ашигладаг. Тэгвэл 13 хувийг зайн үйлдвэрлэлд, 25 орчим хувийг өндөр хүчин чадлын тогтмол соронзон материал үйлдвэрлэхэд, зургаан орчим хувийг гэрлийн болон зурагт үйлдвэрлэлд, үлдсэн хувийг бусад салбарт хэрэглэж байна. Эдгээр бүтээгдэхүүний нийт үнийн дүн 1.5-2 их наяд ам.доллар хүрч байгаа нь дэлхийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний таван хувийг эзлэх томоохон зах зээл юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Manai hamag chuhal elementuud tuuhiigeeree barag unegui shahuu China- d ochdog bh! Naad zah ni tuuhii nooluuriig min abaad erguulj hubtsasnuud bolj orj irj bgaag bid absaar bdag.Manai zarim jijig uildberlegchid urd hyjaad buteegdehun hiij oruulj irdegiig tur hyadaggui!Huurug,g.m bolon busad goemsog edleluud manai gobiin min hamag unet,ungut chuluu genelee! Bid yagad iim t1 bn bee .Bodlogoor 32 jil shahuu buh uildberlelee ustgaj ...hyjaa naraas importlodog t1 uud bol Mongol,afrik bn.Dotooddoo uildberlel hugjuuleh estoig Hurelsukh helsen ni zub! Mod tarih ni hamgiin zub.yadajil bid Eruul amid