Монголын эдийн засгийн төлөвийг БУУРУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Азийн хөгжлийн банкнаас 2021 оны ээлжит эдийн засгийн төлөв тайланг танилцууллаа.

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд цар тахлын дөрвөн удаагийн давлагаа үүссэн. Сүүлийн хоёр давлагаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш цар тахлын дельта хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, халдварын дэгдэлт эрс нэмэгдэж, давлагааны давтамж ойртсоор байна. Энэ нь бүс нутгийн хэмжээнд нөхцөл байдал сайжраагүй илтгэж байгаа. Харин ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дордсон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард бүс нутгийн эдийн засгийн талаар гаргасан төлөвөө бууруулахад нөлөөлсөн гэдгийг тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран онцоллоо. Үүнийг дагаад Монголын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4.8-аас 4.6 хувь болгон бууруулжээ.

Өнгөрсөн 2020 онд хасахтай гарсан Монголын эдийн засаг ийнхүү өсөхөд Хятадын огцом эрэлт  голлон нөлөөлөх магадлалтай. Улмаар 2022 онд эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрч нэмэгдэх хүлээлт бий болжээ. Гэхдээ 2022 онд КОВИД-19 цар тахлын эрсдэл буурах, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах тохиолдолд ингэж өсөх боломжтой.

Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын хүн амын 65 гаруй хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан ч эрүүл мэндийн эрсдэл өндөр, эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байгаа. Тиймээс эдийн засгаа тогтвортой сэргээхэд эрүүл мэндийг сахин хамгаалах хариу арга хэмжээг үргэлжлүүлэх, бизнесийн салбарыг дэмжих бодлогоо үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэнэ.

Мэдээллийн үеэр тус банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд "Цар тахлын эрсдэлийг бууруулахгүйгээр Монголын эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй. Энэ нь бодлогын хамгийн том тулгуур зүйл. Монгол Улсын эхний хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүллээ. Харин хөдөө аж ахуйн салбарыг өснө гэж тооцсон ч сөрөг үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн хавар, тавдугаар сард хөл хориотой байсан учраас барилгын салбар уналтад ороод байгаа.

Түүнчлэн нүүрсний тээвэр саатсан нь санаа зовоох асуудал. Нүүрсний экспортын улирал энэ сард дуусна. Нүүрсний тээвэр өнгөрсөн оныхоос ч муу байна. Нүүрсний үнэ бидний тооцсоноос өндөр болсон. Гэтэл тээвэр саатсан нь Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой.

Монгол Улс гадаад худалдаа, экспорт шоконд орсон. Хятад нийтийн эрүүл мэндийн төлөө хатуу бодлого явуулж байна. Монгол Улс энэ бодлоготой хөл нийлүүлж чадсангүй. Дээр нь хүнсний үнэ 14 хувиар өссөн учраас инфляцын дарамт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна.

Цар тахлын эрсдэл ирэх жил арилахгүй. Тиймээс дэмжлэг зайлшгүй шаардлагатай буюу зорилтот бүлгийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ёстой. Учир нь тэд богино хугацаанд ажилтай, орлоготой болж чаддаггүй. Халамжаа эдийн засгийн өсөлт тогтворжсоны дараа танах нь зөв. Банк санхүүгийн салбарын зээлийн тасалдал арилж, зээл олголт ихэссэн. Зээлдэгчдэд банкууд их хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. Ирэх оноос эдгээрийн хугацаа дуусна. Тэр нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үе шаттайгаар дуусгах нь зөв болов уу. Зээл эргэн төлөлтийг хойшлуулахгүй байх нь чанаргүй зээлийг өсгөх эрсдэлтэй. Улсын төсөвт зарим эерэг өөрчлөлт гарсан ч цар тахлын улмаас төсвийн алдагдал төдийлөн буурахгүй гэж тооцсон” гэв.

Эргэн сануулахад, Азийн хөгжлийн банк өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан “Азийн хөгжлийн төлөв” тайландаа Монгол Улсын эдийн засгийн 2021 оны өсөлтийг 4.8 хувиар төсөөлсөн байдаг. Тэгвэл энэ удаад цар тахлын нөхцөл байдал хүндэрснээс шалтгаан 4.6 болгож бууруулсан байна. Мөн тус банкны зүгээс өнгөрсөн удаад Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болж, түлш шатахууны үнэ, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүйг анхааруулж байсан юм.

Бүс нутгийн хувьд 2021 он гарсаар Хятад, Сингапур, Малайз гэсэн гурван улс цар тахлын халдварыг бууруулж, өвчлөлийг нам түвшинд барьснаар 2020 оны эдийн засгийн уналтын сөрөг үр дагаврыг зөөлрүүлж чаджээ. Тус улсууд 2021 оноос эхлэн эдийн засгийн өсөлтөө дэмжих багц бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь эдийн засгийн  сэргэлтэд дотоодын эрэлт, хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт нөлөөлсөн болохыг энэ удаагийн тайланд өгүүлжээ. Гэхдээ бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд гуравдугаар улиралд цар тахлын дэгдэлт өндөр байгаа нь эдийн засгийн сэргэлтийг хэврэг гэж үзэхэд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top