Шатахууны "гуйлгачлал" ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ

2021 оны 09 сарын 23

 

Хот, хөдөөгүй ид ажил өрнөдөг есдүгээр сард иргэд түлш, шатахууныг картын бараа авч байгаа аятай хэмжээ, хязгаартай авч буйдаа бухимдалтай байна. Нөгөө талд, Засаг төрийн түвшинд ч нөхцөл байдлыг өдий хэмжээнд хүргэсэн, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага ярих ёстой гэсэн асуудлыг ярьж, “бухимдал”-тай байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

 

Ер нь бол бухимдах нэг хэрэг, гол нь шийдэл чухал байсаар өнөөдрийг хүрсэн. Бид стратегийн чухал ач холбогдолтой шатахууны хэрэглээнийхээ 90 давсан хувийг  ОХУ-аас импортоор хангаж ирсэн. Шатахууны импортын энэхүү хэт хамааралтай зэрэгцэн том эрсдэл байгаа шүү гэдгийг өчигдөр ч, өнөөдөр ч ярьсан хэвээрээ л байна. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар манай улс нийт импортынхоо 27 хувийг ОХУ-аас авсан байгаа. Тэрдундаа нийт импортын бараа, бүтээгдэхүүний 15 орчим хувь нь нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Түрүүн хэлсэнчлэн ийм үзүүлэлт тогтмол хадгалагдаж ирсэн бөгөөд жилдээ шатахууны импортод  1 тэрбум давсан ам.долларыг гадагшаа урсгасаар өнөөдрийг хүрсэн. Нефтийн бүтээгдэхүүний үнийн гадаад зах зээлийн хөдөлгөөн манай эмзэг мэдрэмтгий дотоод эдийн засагт цохилтуудыг үзүүлсээр ирсэн.

Тэгэхээр өнөөдөр шатахуунаар дамжин нийгэмд үүсээд буй асуудал бол нефтийн хэт хамаарлын эрсдэл үнэхээр бодитой зүйл гэдгийг л дахин давтамжтайгаар сануулж буй хэрэг.

 

Шатахууны салбар, импортын хэт хамаарал  хэвээр байж өдийг хүрсний  цаадах  улс төр, эдийн засгийн өөр түвшний ашиг сонирхлууд гээд хөшигний цаадах асуудлууд бийг ч цухас дурдахад илүүдэхгүй байх.

 

Гэхдээ одоо бид хаа хаанаа хэмлэлдээд байх биш, гарц, шийдлээ л тодорхойлох нь гол байна.

Засгийн газраас өчигдөр өгсөн мэдээллээр: Эхний ээлжинд БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахуун ачсан 723 вагонцистерний  төмөр замын тээвэрлэлт болон цаашид хийх тээвэрлэлтийг саадгүй, шуурхай явуулах, татан авах ажлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгажээ.

УУХҮЯ-наас өчигдөр өгсөн мэдээллээр: БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд  ОХУ-ын “Роснефть” НХН болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын жилийн уулзалтыг 2021 оны есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсон гэсэн мэдээллийг өгсөн.

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр: Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийжээ.  Энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ” гэв.

Тэгэхээр цаашид  шатахууны татан авалт хийхэд ямар өөрчлөлтүүд гарах талаар шинэ мэдээлэл хоёр хөршөөс ирэх байх гэсэн хүлээлттэй байна.

2021 оны гуравдугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болон ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он хүртэл шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээгээр бол ямар ч байсан бид тэднийхээс шатахуун татан авах тохиролцоотой байгаа.

ОХУ-ын зүгээс эдийн засгийн идэвхжил, шатахууны үйлдвэрийн засвар зэрэг дотоод шалтгаануудаа өмнө нь мэдэгдэж байсан ч, манай талаас бол дээр дурдсан хурлын протокол, компани хооронд байгуулсан гэрээ зэргийг  урдаа бариад, үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллана гэсэн мэдээллийг засгаас өгч буй юм.

Тэгэхээр төр засгийн түвшинд хэлэлцэн ярьж буй асуудлууд тодорхой хугацаанд шийдвэрлэгдэх хүлээлт байна.

Цаашид яах вэ гэхээр нөгөө л газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ гэдэг асуулт л хамгийн эхэнд тавигдана.

Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийг Г.Ёндон сайд өгсөн.

Энэ үйлдвэрээс өмнө өөр олон үйлдвэрийн тухай яригдсан ч, цаасан дээрээс буугаагүй. 

Харин уг үйлдвэр баригдах болсон үүх түүхийг сануулахад, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байв.

Модигийн айлчлалаас 10 сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцож байсан.

Түүнчлэн энэ зээлээр Дорноговь аймаг дахь газрын тосны үйлдвэрийг барьж, байгуулж байгаа юм.  Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн зээлийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх хуваарьтай.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр  ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлснийг Засгийн газар мэдэгдэж байсан. Түүнчлэн 2023 онд үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна гэж байсан. Харин одоо  УУХҮ-ийн сайдын мэдэгдэж буйгаар үйлдвэр ашиглалтад орох хугацаа одоогоор 2024 он болж, нэг жилээр хойшлоод байна. Өмнө нь 2022 онд ашиглалтад орно гэх мэдээллийг ч албаныхан өгч байсан удаатай.

Одоо УУХҮЯ-наас өгч буй мэдээллээр: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байгаа аж. Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэлтэй асуудлууд байгааг төсөл гүйцэтгэгчид хэлж буй. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгана гэж төслийн  гүйцэтгэгч Энэтхэгийн “JMC Projects India” компанийн удирдлагууд мэдэгдсэн. Төслийн  “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ сард багтаан нээнэ гэсэн мэдээллийг салбарын сайд өгч буй юм.

Ер нь бол газрын тос боловсруулах энэ үйлдвэр элдэв улс төржилт, ашиг сонирхлоос арай ангид байж, ашиглалтад орох нь Монгол Улсад үнэхээр чухал байна. Үйлдвэрээс гадна боловсруулах тосныхоо нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ хэдийнэ тооцож тодорхой болгосон байх шаардлагатай. Аливаа бүтээн байгуулалтын автор нь байх гэсэн явцуу ашиг сонирхлоос давсан улс төр нутагших нь энэхүү газрын тосны үйлдвэр болоод бусад шаардлагатай бүтээн байгуулалтууд хэрэгжих эсэхэд нөлөөлнө гэдгийг тодотгоход илүүдэхгүй байх. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.241) 2021 оны 09 сарын 23

Петро Чайнагийн гэрээг сунгадаг эрхтэн дархтангууд хариуцлага хүлээх ёстой бишүү. Өөрсдөө баялагаа хэрэглэж чадахгүй, гуйлга гуйж байгаа тэнэгүүд монголчууд л байна. Өнөөдөр Монголыг ийм байдалд хүргэсэн хүмүүсийг цаазлах ч багадаад байна.

1  |  0
(172.69.252.138) 2021 оны 09 сарын 23

Ойрын 2 хөрш орон болон 3 дагч хөрш гэж хөөрөөд байгаа орнууддаа томилж байгаа Элчин Сайдуудаа хар. Ойрын 2 хөршдөө цэрэг захирахаас өөр боловсролгүй нөхдүүдийг томилсон, 3 дагч хөрш гэж сайрхдаг АНУд зүгээр нэг дэмий тэнэгч нөхөрийг томилчихоод байгаа. Энэ бүхнийг чинь дэлхийн том гүрнүүд зүгээр нэг хараад сууна гэж бодож байна уу? Ер нь манай улсад ГХЯ байх хэрэг байна уу?

0  |  0
Top