Жижиг, дунд үйлдвэрийн газрын санаачилгаар “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах “Жишиг жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд таван сарын хугацаатай сургалт зохион байгуулжээ.
Энэхүү сургалтад хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өчигдөр (2021.08.23) гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа боллоо.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар “Зээлийн ерөнхий нөхцөл”-ийг баталсан байдаг. Энэ нөхцөлөөр жижиг, дунд зээл, орон нутгийн зээл, бичил зээл гэсэн гурван багцтай байхаар тусгасан. Үүний дагуу 249 төсөлд 22.8 тэрбум төгрөг, “Жайка-II үе шаттай төсөл”-ийн зээлд зургаан төсөлд 3.12 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс “Бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 93 төслийн 12.08 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. “Жишиг жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд компанийн засаглал, үйлдвэрлэлийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага зэрэг сэдвийн хүрээнд нийтдээ 66 зээлдэгчийг сонгон хамруулжээ.
Шилдэг зээлдэгч нараас сонгон есөн компанид санхүүгийн программ нэг жил үнэ төлбөргүй ашиглах, таван компанид урт хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх олгосон юм.
Сургалтад хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагааны үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Энэ сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа амьдрал дээр маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. ЖДҮГ та бүхэнд зээл олгосноо нүдээ олсон гэж өнөөдөр бодож, итгэж байна. Үүнийгээ харин олон нийт, амьдралд нотлох шаардлага бидний өмнө үүсэж байгаа. Бид 2009 оноос өнөөдрийг хүртэл 8239 иргэн, аж ахуйн нэгжид 991 тэрбум төгрөгийн зээл олгосон. Эдгээрийн хамгийн шилдгүүд нь өнөөдөр энд байгаа гэж бодож байна. Саяхан болсон “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд манайхаас зээл авсан, зээлтэй байгаа 50 орчим аж ахуйн нэгж оролцож, худалдан авагчдын талархлыг хүлээсэн. Тиймээс дараагийн энэ мэт үзэсгэлэн худалдаанд та бүхэн маань хамрагдаж сайн жишээ болж, улс эх орныхоо эдийн засагт дэм тус болно гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд бид бүхэн эргэх холбоо сайтай байх ёстой. Зовлон, жаргалаа ярилцаж, тулгарч байгаа асуудлаа хамтдаа шийдвэрлэдэг байх нь бидний цаашдын амжилтад түлхэц болно. Ирэх арваннэгдүгээр сарын 15-20-ны өдөр АНУ-д, 20-25-ны өдрүүдэд Канад улсад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн болно. Энэ бүхэнд та бүхэн маань амжилттай, идэвхитэй оролцоорой” гэлээ.
Мөн тэрбээр “Зээл өгөөд орхих нь нэг хэрэг. Харин зээл авсан хүмүүсээ чиглүүлж, чадавхжуулна гэдэг нь тэдгээрийн цаашдын ажил, амьдрал сайн сайхан байхад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг” хэмээн онцолсон юм. Жижиг, дунд үйлдвэрлэл нь цар тахалд хамгийн их өртөж байгаа салбар гэдгийг албаныхан хэлж байгаа. Гэвч цар тахалд өртлөө гээд гараа хумхиж суухыг хүсээгүй салбар нь жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн. Тиймдээ ч өнөөдөр тодорхой хэмжээнд ашигтай, ажлын байрыг хадгалж байгааг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс дуу нэгтэй хэлж байлаа. Мөн хүнд хэцүү цаг үед нь тодорхой арга замыг зааж, сургалт хийсэнд талархаж байгаагаа үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байсан юм. Энэ үеэр бид ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авч, өөрсдийн бизнесээ тодорхой түвшинд амжилттай явуулж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
“ЗУ ЗУ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭ: АЖИЛТНЫГ ЗӨВХӨН ЦАЛИНГААР АВЧИХАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙНА
-Манай компани ЖДҮГ-аас 2020 онд зээл авч байсан. Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байна. Анх удаа хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа нь энэ. Хүмүүсийн дунд “Дээгүүр, доогуур ярихгүй л бол зээл олддоггүй” гэсэн яриа байдаг. Гэвч үнэхээр тийм юм биш билээ. Хамгийн гол нь төслөө сайн бичээд, юу хийх гэж байгаагаа сайтар ойлгуулах нь л чухал юм байна гэж ойлгосон. Мэдээж үйл ажиллагаагаа хууль журмын дагуу л явуулах хэрэгтэй. Хэдийгээр цар тахлын үе хүнд байгаа ч гэсэн бид нар шиг зээл хүсэж байгаа олон хүмүүс, аж ахуйн нэгжийн жишиг болоод авчихсан юм чинь цаг хугацаанд нь зээлээ төлөх, энэ сургалтаар сурсан зүйлээ бизнесийнхээ үйл ажиллагаанд бодитойгоор тусгаж ашиг тусыг нь хүртэх нь чухал гэж бодож байна. Энэ сургалт үнэхээр надад, манай компанид асар их өгөөж өгсөн зүйл боллоо. Цахим орчин, XXI зуунд хэрхэн ажиллах, цаашид энэ мэт цар тахал болбол яах вэ гэдгийг сургалтаар хангалттай зааж, сургасан. Ажилтныг зөвхөн цалингаар авчихаж болдоггүй юм байна. Тиймээс компани хүн төвтэй, тэднийхээ төлөө байх ёстойг ойлгосон. Манайх ноос, ноолуурын сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг. Сүлжмэл бүтээгдэхүүн гэдэг маань хүний хэрэглэдэг оймсоос эхлээд малгай хүртэл бүхий л хувцас юм. Компанийн маань хэрэглэж байгаа тоног төхөөрөмж бүрэн автомат. Тийм ч учраас ажилчдаа сайтар бэлдээд олон тооны захиалга дээр ажиллах сонирхолтой. Гэвч ноднин болон энэ жил гадаад захиалгууд эрс багассан. Тиймээс энэ сургалтад хамрагдаж байх явцдаа хүүхдийн хувцас дээр сүлжмэл бүтээгдэхүүнээ түлхүү оруулья гэдэг санааг олоод, үйл ажиллагаагаа явуулж байна.
“ЕРӨӨЛТ ГАН СҮЛД” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БАЯРМАГНАЙ: АРД ТҮМНЭЭ ЭРҮҮЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАНА
-Манай компани сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. Өнгөрсөн онд ЖДҮГ-аас анх удаа зээл авсан. Анх хүүхдүүддээ цагаан идээ идүүлэх зорилгоор нөхөртэйгөө хамт хамтран жижиг цех байгуулж байсан. Үүнээсээ урамшаад монголынхоо нийт хүүхдүүдэд эко бүтээгдэхүүн хэрэглүүлэх зорилго өвөртлөөд төсөл бичиж зээл авч байлаа. Цар тахлын үед хаа, хаанаа хэцүү байгаа ч тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Банкуудаас бизнесийн зээл авъя гэхээр бид нар хэзээ ч төлж барахааргүй өндөр хүүтэй байдаг. Харин ЖДҮГ-ын энэ зээл жилийн гурван хувийн хүүтэй болохоор өөрсдөө л сайн ажиллаж чадвал зээл төлөлтдөө санаа зовох зүйл байдаггүй. Бид бүхэн цаашдаа Монгол Улсдаа уламжлалт цагаан идээний брендийг бий болгож, эко, эрүүл бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахыг зорьж байна.
“ДАРГИАД НАЙМАН ШАРГА” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЧАНЦАЛДУЛАМ: СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР АЙДСАА ДАВАН ТУУЛСАН
-Манайх “Ээзгий цаг” хэмээх нэртэй ээзгийний ширгээмэл үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүн бол зөвхөн манайх үйлдвэрлэдэг цоо шинэ учраас оюуны өмчийн ашигтай загварын гэрчилгээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх 2019 онд анх ЖДҮХС-д иргэнээр төсөл өгч байсан. Гэвч тэр жилдээ дэмжигдээгүй. Харин өнгөрсөн онд өөрсдийнхөө үйл ажиллагааг цех болгон өргөжүүлсэн хойноо төсөл бичиж байж зээлд хамрагдсан. Зээлд тэнцээд дансанд мөнгө ороод ирэх нэг бодлын айдас төрдөг юм билээ. Эхний ээлжинд зээлээ авах нь л чухал байсан бол авчихаар буцаан төлөх, үр ашигтай зарцуулах гээд айдас төрж эхэлсэн. Харин энэ сургалтад хамрагдсанаар айдсаа даван туулж чадлаа. Энэ сараас бид бүхэн ажилчдынхаа тоог нэмнэ. Жижиг үйлдвэр учраас маркетинг, санхүү гээд нэг хүн олон талт байхыг шаарддаг. Энэ бүхнийг маань энэ сургалтаар нөхөж өгсөн гэж бодож байна. Манай бүтээгдэхүүнд цэвэр ээзгий, овьёос, шар тос, элсэн чихэр ордог. Тийм болохоор бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл хэрэглэх боломжтой.
“ӨВӨР ГОВЬ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.БҮЗМАА: БИД АЖЛАА 10 ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨДӨГ БОЛСОН
-Манайх 1996 оноос үйл ажиллагаагаа эхлээд 2011-2016 онуудад барилгын угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилласан. Харин 2016 оноос барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна. Манай компани ЖДҮГ-аас 108.5 сая төгрөгийн зээл авч өвлийн хүлэмжийн угсралт хийх, өвлийн хүлэмж ажиллуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Гэвч зээл авсны дараа цар тахлаас үүдэн өвлийн хүлэмж барих бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, төслөө амжилттай хэрэгжүүүлэх эсэх дээр эргэлзээ үүсэж эхэлсэн. Харин энэ сургалтад хамрагдсанаар амжилттай ажиллах боломж бүрдсэн. Тав, зургаан жилийн хугацаанд суралцаж байж эзэмших маркетинг, менежмент, санхүүгийн боловсролыг тавхан сарын хугацаанд олгосон нь өөрөө асар их давуу талыг бий болгож байгаа. Өмнө нь жилдээ 50-100 сая төгрөг олчихвол ашигтай байх нь гэж боддог байсан бол одоо бид алсын хараагаа 10 жилээр төлөвлөөд явж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )