Хятадын Хэйлонжян мужийн Харбин хотод коронавирусний халдвар тархсан нь “дельта” хувилбартай холбоотой гэж тус улсын CCTV мэдээлжээ.
Өнгөрсөн хоногт тус хотын Баян хошуунд 15 шинэ тохиолдол бүртгэгджээ. Вирусийн генийн дарааллыг тогтооход бүх тохиолдол “дельта” хувилбар болох нь тогтоогдсон байна.
Энэ сарын 21-нд Ковид-19 халдварын ганц тохиолдол бүртгэгдсэний дараа Харбин хотын эрх баригчид олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, халдвар хамгааллын арга хэмжээг чангатгажээ. Орон нутгийн засгийн газрын мэдээллээр, халдвар авсан өвчтөн энэ сарын 7-нд Жянши мужаас тус хотод иржээ. Тэрбээр энэ сарын 7-19-ны хооронд Харбин хотын аялал жуулчлалын хэд хэдэн газруудаар аялж, ресторан, кафегаар үйлчлүүлж, хэд хэдэн зочид буудалд байрласан байна.
Хотын эрх баригчид оршин суугчиддаа хандан онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг зөвлөжээ. Үүнээс гадна махжонг тоглоомын газрууд, саун, кино театр, караоке, шөнийн цэнгээний газар, массажны салон, интернет кафе, спорт заал, цэнгээний болон сургалтын төв, дэн буудлуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Түүнчлэн, автобус, такси зэрэг нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цонхоо заавал онгойлгох, зорчигчид амны хаалттай үйлчлүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.
Энэ сарын 24-нд Хэйлонжян мужид гурван зөөвөрлөгдсөн, 26 дотоодын халдварын тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )