Цар тахлаас шалтгаалж Богд ууланд алхагчид улам олширчээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Шөнийн жавар хурсан жихүүн салхитай өглөө Богдхан уулын бэлээс улсын нийслэл Улаанбаатар хот дуниартан харагдана. Өнгөрсөн бямба гарагт Богд уулнаа өгсөж явахад ийм л дүр зурагтай байв. Амралтын энэ өдөр нийслэлийн ихэнх иргэд ажлын тав хоногт хуралдсан ядаргаагаа тайлахаар үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг билээ. Гэхдээ бас эрүүл мэнддээ анхаардаг эртэч шувуухайнууд байна аа. Саяхан ой моддын исгэрээнээс өөр чимээлэх зүйлгүй аниргүйд автан байсан газар элдвийг ярин инээлдэх хүмүүсийн дуу шуу цаг цагаар улам л өтгөрөн ихсэх аж. Улс орон даяар цар тахалтай нүүр тулсан энэ цаг үед иргэд амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгөө агаарт гарч эрүүл мэнддээ анхаарахыг илүүд үзэх болжээ.

 

Таван мянган төгрөгийн үнэтэй зогсоолд тавих машин олдохгүй нь

Бямба гарагийн 06.30 цагт Богд уулын аманд. “Яахаараа таван мянган төгрөг болчихдог юм. Наад нэг юмаа ав. Ард иргэдээ шулж мөлжиж ханахгүй байна уу” гэх зэрэг бухимдлын үгс ар араасаа цувраад, байдал нэлээн хүндэрсэн шинжтэй сонсогдоно. Тэнд байсан хүн бүрийн анхаарал өнөөх маргаан дээр тогтчихов. Маргаан үүдсэн шалтгаан нь зогсоолын төлбөрөөс болжээ. Тус газрын машины зогсоолын төлбөр хоёр өөр байна. Дээд талд нь байрлаж байгаа нь нэг мянган төгрөг бол доод талд нь байрлах зогсоол нь таван мянган төгрөгийн төлбөртэй ажээ. Аль түрүүлж ирсэн авхаалжтай хүмүүс нь арай хямд төлбөртэйд нь машинаа байршуулаад, хожимдож ирсэн иргэд нь таван мянган төгрөгөө төлж байж зогсоол олохоос өөр аргагүйд хүрдэг байна. Иргэд үүнд ихэд бухимдаж байгаа нь илхэн харагдана. Маргааны хажуугаар өнгөрөх зарим хүн “Битгий мөнгийг нь өг. Наадахаа зүгээр онгойлгооч ээ” гэх зэргээр өнөөх залууд хүч нэмнэ. Үүнд цухалдсан 50 эргэм насны үүдний харуул тийм ч амар мөчөөгөө өгөхгүй бололтой. Чухамдаа тэр үнэтэй гээд байгаа зогсоол нь таван мянган төгрөгийн ваучир ажээ. Өөрөөр хэлбэл иргэд мөнгөө төлөөд ваучираа аваад, машинаа зогсоолд байршуулсныхаа дараа өнөөх ваучираараа дотор байрлах зоогийн газраас ус, ундаа авах эрхтэй юм байна. Бараг л үнэгүй машинаа байрлуулна гэсэн үг. Гэхдээ хүн бүхэн таван мянган төгрөг төлөөд ус ундаа авах хүсэлгүй байгаа байх. Энэ талаар иргэн Ж.Ууганбаяр “Сайндаа ч биш борлогдохгүй байгаа хэдэн ус, ундаагаа бидэнд албан хүчээр шахаж байгаа юм. Ганц зогсоолд машинаа тавих гэж таван мянган төгрөг төлөөд байж байдаг хүн манай улсад хэд байх вэ. Энэ Хан-Уул дүүргээс явуулж байгаа бодлого биз” хэмээлээ. Энэ маргаан үргэлжилсээр ард үлдэв.

 

Уул өгсөх замыг боломжийн хэмжээнд тохижуулсан байна

Богдхан уулын амралтын хаалгаар ороод хэсэг алхсаны дараа кофе шоп  байрлаж байв. Хүмүүс муугүй үйлчлүүлдэг бололтой. Урдуур алхах хэд хэдэн хүмүүс гартаа кофе барьсан байв. Орж үнийг нь сонирхвол кофегоо 5500 төгрөгөөс 7500 төгрөгийн хооронд худалдаалах ажээ. Харин жигнэмэг, сэндвич зэрэг нь 3500 төгрөгөөс эхэлж байна. Үүгээр ч зогсохгүй алим, жүрж, нимбэг гээд хэд хэдэн төрлийн жимснүүд байх юм. Хотын кофе шопын үнээс ялгараад байх зүйл алга. Үүдэнд машинаа байрлуулаад, эндээс халуун уух юм авлаа гэхэд дор хаяж 10 мянган төгрөг давах нь ээ. Намрын сэрүү орохын хамт өглөөний жавар хайрсан иймэрхүү өдөр дийлэнх хүмүүс хүйтэн ус, ундаа  гэхээс илүү халуун уух зүйлийг илүүд үзэх биз ээ. Тус газрын худалдагчийн хэлж буйгаар тав тухтай дулаахан орчинтой газар нээгдсэн нь иргэдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа гэнэ. Үйлчлүүлэгчид нь ам сайтай байдаг нь илт. Кофены мухлаг байрласан энэ байшинтай залгаад нийтийн 00 байрлажээ. Үнийн хувьд 400 төгрөг юм. Хот доторх нийтийн бие засах газар 200 төгрөг байдаг. Жаахан үнэтэй юм даа хэмээх бодол зурсхийн цааш алхлаа.

07.00 цаг. Богдхан уул аль хэдийн хүмүүсийн хөлд дарагджээ. Энд ихэвчлэн 30-аас дээш насны хүмүүс байна. Нэг талд хүмүүс өглөөний нарнаас энерги авч байхад нөгөө талд хөнгөн гүйж, зарим нь дасгал хийж байх юм. “Өглөөний цэвэр агаарт гарахаар өдрийн эрч хүчээ авчихдаг. Гэртээ суугаад байхаар хамаг бие хөшчих юм. Ууланд аль болох эрт гарч байвал сайн даа” зэргээр ууланд алхагчид хуучилна. Цааш алхсаар ногоон байгууламж руу нь орлоо. Энд хогийн сав болон модон жорлон нэмж барьжээ. Түүгээр ч зогсохгүй “Ногоон төгөл” ойжуулалтын бүсэд нарс, шинэс зэрэг мод тарьсан байна.  Иргэд үүнд ихэд ам сайтай байлаа. ХУД-ийн иргэн М.Болортуул “Богдхан уул орчмын тохижилт олон жил хангалтгүй байлаа. Уул өөд алхахаар хогоор дүүрчихсэн, бие засах газар нь хүн орох аргагүй, суух саравч, сандал хомс байсан. Одоо бол хүүхдүүдээ дагуулаад амралтын өдрүүдээр ууланд алхахад хамаагүй дээрдсэн байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Энэ оны гуравдугаар сарын эхээр “Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллагаас Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс Дугуйцагааны орой хүртэлх 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн хийх аян эхлүүлжээ. Эдгээр хийгдсэн ажлууд нь тус аяны хүрээнд бий болсон байна. 07.50 цаг. Уул өөд гарсан хүмүүсийн түрүүч нь бууж ирж байлаа. Богд уулын хормойд байсан зогсоолын харуул “Ууланд гарах эхний хүмүүс нь үүрийн таван цаг өнгөрч байхад эхнээсээ ирдэг” хэмээн хэлж байсан нь санаанд оров. Тийм ч бололтой. Өглөөний сэрүүнд уулын оройд гарсан хүмүүс буухдаа жинджээ. Үүнийг ч соргогоор анзаарсан жижиглэнгийн худалдаачид бий болсон байна. Тэдний “Халуун аарц, чацаргана, кофе, сүүтэй цай аваарай” гэх дуунаар ууланд авирагчид зорин очих аж. Энд аарц, чацаргана нэг аяга нь хоёр мянган төгрөг, сүүтэй цай болон кофег бол аягыг нь нэг мянган төгрөгөөр худалдаалж байна лээ. Нэг залруулга хийхэд аяга гэдэг нь бидний төсөөлж байгаагаас хэмжээний хувьд ялгаатай юм шүү. Бараг 500 граммын том цаасан аяга харагдаж байсан. Доор байрлах кофены газраас хоёр, гурав дахин хямд нь олзуурхууштай л юм. Уух зүйлсээ халуун барьдаг саванд хийгээд, саравчинд байрласан худалдаачин эмэгтэй аль хэдийн байнга ирдэг үйлчлүүлэгчтэй болжээ. “Нөгөө хоёр ах маань удахгүй ирнэ дээ” хэмээн тогтмол ирдэг хүмүүсээ ээлж дараалан хүлээдэг бололтой. Ийнхүү наймаа хийж буй жижиг худалдаа эрхлэгчид хэрхэн зөвшөөрөл авдаг талаар тодруулахад “Энд зөвшөөрөл авч түрээсэлдэггүй. Зөвхөн уух зүйл зарж байгаа болохоор одоохондоо гайгүй л байна. Та нар сонин сэтгүүлийн улс гэв үү. Хамаагүй юм биччихвэл биднийг бас хөөж туух болох вий” хэмээн болгоомжилсон янзтай асууж байх юм. “Арай ч тийм зүйл болохгүй байлгүй дээ” хэмээн тайвшруулаад замаа хөөлөө. 

Цэвэр агаарт цар тахлын дэглэм мартагдав

 

08.20 цаг. Одоо харин оюутан, залуус харагдаад эхэллээ. Залуус найзуудаараа нийлээд дуу тавин дан ганц цэвэр агаарт гарч алхахаас илүү хөгжилдөж явахыг илүүд үздэг бололтой. Тэд чанга хөгжим тавиад, дуулж, бүжиглэнгээ алхана. Энд балчир нярай хүүхдүүдээс авахуулаад насан өндөр хүмүүс ч байна. Цэвэр агаарт цар тахлын дэглэм ор тас мартагджээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цар тахлаас шалтгаалан ууланд алхдаг иргэд олширсон байв. Энэ талаар машины зогсоолын харуулаас эхлээд кофе шопын ажилтнууд ч хэлж байна лээ. Хүмүүсийн хэлэхээс илүүтэй нүдэн баримжаагаар ч илт аж. Ноднин жилийн өдийд ирж байсантай харьцуулахад хүмүүсийн хөл хөдөлгөөн, дуу шуу ч ихэссэн нь мэдэгдэж байв. Амны хаалт зүүсэн хүн тэр бүр харагдахгүй байна. Уулын оргил өөд алхаж байхад ойр ойрхон замын тэмдэглэгээ, ойн түймэр, модны хулгай, ан амьтны хомсдолын талаарх мэдээллийн самбаруудыг байршуулжээ. Энэ орчимд амны хаалт, ус, ундааны сав, гялгар уут зэрэг хог хаягдлууд ганц нэгээр үзэгдэнэ. Үүнээс гадна модны наагуур, цаагуур орон иргэд хүүхэд, нохойгоо бие засуулж байх юм. Олон улсын жишигт явган аяллын зам дагуу бие засах газар байдаггүй билээ. Тиймээс нийтийн бие засах газрыг зам дагуу барих боломжгүй. Доошоо буумагц хогийн сав, бие засах газар байсаар байтал, багахан хэмжээтэй иймэрхүү хогоо биедээ авч яваад, зориулалтын саванд хаях нь иргэн хүний  ухамсрын асуудал биз ээ.

 

Богд уулын аманд буй амралтуудыг цэгцлэх цаг болжээ

 

Цэлмэг тэнгэрээс нарны дулаан илч төөнөөд шөнөжин хургасан жаврыг хөөлөө. Уулын оргил руу өгсөх замд модод шуугиад, ус хоржигноод, шувууд жиргээд байгалийн дуу чимээнд хүмүүсийн тархи амарч байгаа бололтой. Энд хүмүүсийн хөл татарсангүй. Улам их нэмэгдэн ирсээр байлаа. Амралтын өдөр агаар салхинд гардаг гол бүс энэ болсон байна. Тэд Богдхан уулын тохижилтын талаар ам сайтай байгаа ч хангалттай гэж үзэхгүй байгаа ажээ. Учир нь сайжруулан засах зүйлс олон харагдана. Ялангуяа энд байрлах амралтын газрын асуудал юм. Эдгээр амралтын газрын 80 орчим хувь нь огт ашиглагдахгүй хоосон балгас болоод удаж байгаа. Үлдсэн хэдэн гэр нь архидалтын үүр болон хувирчээ. Арван жилийн хүүхдүүд ч хэсэг бүлгээрээ нийлээд энд ирж хоноглодог талаарх мэдээлэл байдаг билээ. Тиймээс стандартад нийцэхгүй, зориулалтын бусаар ашигладаг иймэрхүү байгууламжийг нурааж, оронд нь хүүхдийн тоглоомын талбай, хүрэлцэхгүй байгаа машины зогсоол зэргийг нэмэгдүүлсэн нь дээр биз ээ. Тохижилтын асуудал улам боловсронгүй болохын хамт амрагч иргэдийн ухамсар дээшилвэл байгалийн үзэсгэлэнт газраа тохь тухтайгаар ашиглах боломж байна. Цаашлаад энд саравч, гэрэлтүүлэг зэргийг нэмэх шаардлагатай байгаа талаар иргэд хэлж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Д.Мягмарзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top