“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн нэгжийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.
-Олон жилийн турш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэхэд ойрхон ирээд байна. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний системд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дан эрчим хүчний систем төдийгүй Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлагад нийцэж буйг томоохон бүтээн байгуулалт юм. Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээнээс гадна цэвэр усны нөөц бий болгох, ашиглах давхар ач холбогдолтой. Тухайлбал, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээн дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ 2008-2020 онд 8-10 хувь өссөн үзүүлэлт байна. Монгол Улс энэ эрэлт хэрэгцээгээ дотоодын нөөцөөсөө хангана гэж үзвэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах зайлшгүй шаардлага бий. Ийнхүү Баруун бүс өөрийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй болсноор дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Том зургаараа үндэсний татварын орлогыг нэмэгдэж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжлэг болох юм. Одоогийн байдлаар баруун аймгууд эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа. Үүнд жил бүр улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулдаг.
-Төслийн ТЭЗҮ хэд хэдэн удаа шинэчлэгдсэн байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Анх 1964-1965 онд хуучин ЗХУ-ын Цахилгаан шугам сүлжээ, зураг төслийн институтээс Ховд гол дээр барих усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ хийсэн. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр Шижигтийн хавцлын боомтыг урьдчилсан байдлаар тооцож, хамгийн дээд өндөр нь 75 м, урт нь 300 м, суурилагдсан хүчин чадал нь 95 МВт гэж тогтоосон байдаг. Улмаар 2008 онд Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн захиалгаар “М-Си-Эс Интернэшнл” болон Японы Кюшу цахилгаан сүлжээ, Японы инженерийн зөвлөх компаниуд хамтарч хуучин судалгааны ажлын үр дүн, ЗХУ-ын хийсэн боомтын тооцоог судалж дахин ТЭЗҮ хийсэн. Мөн 2018 оны эцсээр БНХАУ-ын “BIDR” компани энэ төслийн ТЭЗҮ-ийг дахин шинээр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх болсон. Тус компанийн техникийн ажилтнууд 2019 оны II улдиралд газар дээр нь геологи, хайгуулын судалгаа хийж ажилласан. Тэр оны аравдугаар сард ТЭЗҮ-ийн тайланг боловсруулж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн юм.
-Тэгэхээр анхнаасаа л Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд хийхээр төлөвлөж байжээ. Ямар үндэслэлээр энэ байршлыг сонгосон байдаг юм бол?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбай өөрөө Монгол Улсын баруун хэсэгт орших Ховд аймгийн Ховд хотоос 120 км-ийн зайд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд оршиж байгаа. Уг хавцлаар урсдаг Ховд гол Алтай таван богдоос эх авч баруунаас зүүн тийш Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Сагсай, Өлгий сумаар дайрч, Ховд аймгийн Мянгад сумаар дамжин урсаж Хар-Ус нуурт цутгана. Нийт урт нь 516 км, сав газрын талбай нь 60,200 хатгай дөрвөлжин км бүхий Ховд гол баруун монголын хамгийн том, дотоод урсгалтай гол гэдэг утгаараа хамгийн боломжит хувилбар гэдгийг удаа дараагийн судалгааны дүнд тогтоосон.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүс эрчим хүчний системд ямар үүрэг вэ?
-Монгол Улсын эрчим хүчний систем таван эрчим хүчний системээс бүрддэг. Үүнд, Төвийн бүс, Баруун бүс, Дорнод бүс, Өмнөд бүс, Алтай-Улиастай эрчим хүчний систем багтдаг. Эдгээрээс Баруун бүсийн эрчим систем тусдаа үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Одоогоор Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 12 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Дөргөний усан цахилгаан станц дангаараа цахилгаан эрчим хүчийг нийлүүлж, хэрэглээний тодорхой хувийг хангаж байна. Баруун бүсийн эрчим хүчний систем Өлгий, Ховд, Увс аймгийн 42,898 хэрэглэгчдийг хангадаг. Оргил ачаалал нь 35 МВт хүрдэг. Дөргөний усан цахилгаан станц үүний 30 орчим хувийг хангадаг бөгөөд жилд 45 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Баруун аймгууд хэрэглээнийхээ үлдсэн 70 гаруй хувийг ОХУ болон БНХАУ-аас импортлодог. Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2015-2018 онд 147-163 сая кВт.цаг байсан. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын шинэчилсэн ТЭЗҮ-гээр баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах тооцоо бий. Жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая кВт.цаг бөгөөд энэ нь, их ачаалалын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
-Дан ганц Баруун бүс төдийгүй Монгол Улсын эрчим хүчний нийт системд шинэ эх үүсвэр шаардлага байгаа. Энэ нь бүс нутгийн хөгжилд нэмэр оруулах байх?
-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хүрээлэн буй орчин, бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирч, Баруун бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дагаад баруун хязгаарын дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжирна. Бүс нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээ тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд сайн дэмжлэг болох ач холбогдолтой. Эрчим хүчний хангамжийг сайжруулах замаар орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болно.
-Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усан цахилгаан станц хамгийн найдвартай, тохиромжтой гэж үздэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Сэргээгдэх эрчим хүч бол байгаль дээр нөхөн сэргээгдэж баялаг юм. Дэлхий нийтэд нар, салхи, ус, биомасс, далайн татралт, түрэлт, газрын гүний дулаанаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Судалгаагаар дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13 хувийг уламжлалт түлш болох модноос, гурван хувийг уснаас, 1.3 хувийг нарны эрчим хүчнээс, үлдсэн 0.8 орчим хувийг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байгаа. Сэргээгдэх эрчим хүч өөрөө хүлэмжийн хийг бууруулах, бүс нутгийн сэргэлт, онцгой байдлын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зэрэг давуу талтай. Тэр дундаа усан цахилгаан станц өндөр газраас нам дор газарт усыг унагах замаар турбинийг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэдэг учраас тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авч байгаа. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 96 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий. Манай улс Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээрт бодлогын баримт бичигт том болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулахаар тусгасан.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг яг хэзээ эхлэх вэ?
-Манай тал БНХАУ-ын Power China-Power China Chengdu түншлэлтэй энэ сарын 17-нд түлхүүр гардуулах нөхцөлтэй усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан. Одоогоор гүйцэтгэгч тал судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа. Барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлж, нийт 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90МВт-ын хүчин чадалтай, 271.5 сая ам.доллар өртөгтэй байх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Д.Дулмаа
Сэтгэгдэл ( 1 )
YUM L BOL HUJAA....TER DURAMJHAN BAIGAA ORSUUDAAR UURSDUUR N BARIULAN SANAL TAVJ BOLDOGGUI YUM UU