Ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн төслийг Төв банкны ерөнхийлөгч өчигдөр /2021.09.27/ УИХ-ын даргад өргөн барилаа.
Цар тахлаас үүдсэн нийгмийн эрүүл мэндийн хямрал арилаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед уг төсөл боловсруулагдаж буйг Төв банкнаас онцолж байна. Төсөлд тусгасан гол зорилтуудаас эдийн засгийн өсөлт болон инфляцын талаар тодотгоё.
ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 5.9 ХУВЬ БАЙНА ГЭЖ ТООЦОВ
Цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Засгийн газар, Төв банкнаас багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж байна. 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ гэж тооцжээ.
Төв банк ийнхүү эдийн засгийн өсөлтийг 5.9 хувиар тооцож буй бол Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн долоо хоногт /2021.09.22/ мэдээлэл хийхдээ, Монголын эдийн засаг 2022 онд 6 хувиар өсөх төсөөлөлтэй байна гэж мэдэгдсэн. 2022 онд цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрахаар төсөөлөгдөж байгааг Азийн хөгжлийн банкнаас мэдэгдсэн юм.
Гэхдээ цар тахлын халдварын тархалтын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй гэдгийг Ахлах эдийн засагч С.Болд хэлж байсан. Энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сард тооцож байсан 4.8 хувиас 0.2 нэгж хувиар бууруулан, 4.6 хувь болгосон нь “Оны хоёрдугаар хагаст хатуу хөл хорио байхгүй ч, цар тахлын улмаас аж үйлдвэрлэлийн салбарт ирж буй шок, бусад салбарууд дахь нөлөөллийг тооцож үзсэн" гэж тайлбарласан.
Ер нь бол цар тахлаас үүдсэн эдийн засаг дахь эрсдэл ирэх оны эхний хагаст ч нэлээд өндөр байх төлөвтэй. Тиймээс Мөнгөний бодлогын төсөлд тусгаж оруулж ирж буй 5.9 хувийн өсөлтөд хүрэхийн тулд нэн тэргүүнд цар тахлын эрсдэлээ бууруулах шаардлага бидний өмнө байна.
ИНФЛЯЦЫН ШАЛТГААНАА ЗӨВ ТАНЬЖ, ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ГЭВ
Инфляцыг 6 хувийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Мөнгөний бодлогын төсөлд тусгажээ.
Сануулахад, Үндэсний статистикийн хорооны тооцооллоор инфляц буюу үнийн өсөлт өнгөрсөн наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч, Төв банкны зорилтын дээд хязгаараас давсан.
Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр энэ онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусган, батлуулсан.
Тэгвэл ирэх 2022 онд баримтлах Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн төсөлд энэхүү хувь хэмжээг хэвээр нь тусгаж оруулж ирж байгаа юм.
Мөнгөний бодлогын хороо энэ сарын хурлаараа Бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дараа Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын төлөвийн талаар байр сууриа илэрхийлсэн.
Тэрбээр “Инфляцын бүтцийг сайн судлах ёстой. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой юу, гаднаас импортлогдож орж ирж байгаа юу, нэг удаагийн нийлүүлэлтийн шинжтэй байна уу гэдэгт үндэслэн инфляцыг онилсон мөнгөний бодлогын шийдвэрүүд гарах ёстой. Наймдугаар сард Улаанбаатар хотын инфляц 9.1 хувьтай гарахад, дөөрвөн барааны үнийн өсөлт инфляцын 52 хувийг эзэлж байна. Үүний дотор шатахууны үнийн өсөлт 1.7 нэгж хувь, мах 1.7 нэгж хувь, хатуу түлш, түлээ нүүрсний үнэ 0.8 нэгж хувь, автомашины үнийн өсөлт 0.6 нэгж хувийг бүрдүүлж байна. Эдгээр барааны үнийн өсөлт инфляцын талаас илүү буюу 52 хувийг тайлбарлаж байх жишээтэй.
Инфляц бүх улс орнуудад байна. Улс орнууд инфляцтай нүүр тулж байгаа нь ижил шалтгаантай. Ихэнх улс оронд хүнс, нефтийн үнэ, тээвэр, логистик нөлөөлж байгаа нь нийтлэг дүр зураг байна.
Төв банкууд эрэлтийн буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой инфляциа зөв таньж байж бодлогын шийдвэр гаргахад анхаарч байна. Сүүлд 31 Төв банк бодлогын хүүндээ 56 удаагийн өөрчлөлт хийгээд буйн 48 нь өсгөсөн, 8 нь бууруулсан байна.
Манайд өнөөдөр эдийн засгийн өсөлт бүрэн сэргээгүй, секторуудын өсөлт жигд бус байна. Өрхийн хэрэглээ бууралттай байгаа. Хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар агшилттай байгаа.
Инфляц 2021 оны сүүлээр зорилтоос давж байгаа ч, 2022 оны сүүлийн хагасаас буурна. Инфляцын зорилтын интервал руу буугаад ороод ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ оны төгсгөл 12 сар болон ирэх нэгдүгээр сарын инфляц интервалаас давж, 8-9 хувьтай гарах болов уу. Ирэх оны сүүлийн хагаст 6-7 хувь руу орно гэсэн хүлээлттэй байгаа. Өнөөдрийн инфляцын шалтгаан бусад улс орнуудтай ижил. Төв банкууд Бодлогын хүүн дээр тэвчээртэй хандсан төлөв байдалтай байна” гэсэн юм.
Мөнгөний бодлогын төсөлд тусгасан бусад гол асуудлуудаас дурдахад, ирэх жил зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд байхаар төсөөлж тусгажээ. Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.
Төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийн хувьд 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )