Хятад судлаач Х.Баатархүү
2001 оны зургаадугаар сарын 15-ны өдөр. Эртний түүхт Шанхай хотын Хуанпү мөрөний эрэг дэхь Шангри-Ла зочид буудлын олон улсын хурлын танхимын зүг олон улсын хэвлэл мэдээллийн дуран авай чиглэж нэгэн чухал үйл явдалыг даян дэлхийн чихний сонорт хүргэхэд бэлэн болжээ. Төд удалгүй их танхимийн хаалга нээгдэн БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсын төрийн тэргүүн нар орж ирэн суудлаа эзлэн, байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж буй “Шанхайн тав” хэмээн яриа хэлэлцээний механизмийн үүрэг гүйцэтгэдэг байгууллагынхаа статусыг өргөжүүлж Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ байгуулах тунхаглалд гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын дараа Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч 6 улсын төрийн тэргүүн нар үг хэлж, үүний дараахан БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Жан Дэгуан албан ёсны хэвлэлийн бага хуралд оролцон Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаж байгааг албан ёсоор зарласан билээ.
Тунхаглалд дурдсаны дагуу 2002 онд Москва хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын ээлжит дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын дүрмийг батлан байгууллагыг өөрийн төсөв, ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Байгууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ. Улмаар 2004 онд Бээжин хотноо ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газрыг байгуулан үйл ажиллагаа нь идэвхжсэнээр эдүгээ 20 жилийн түүхийг бичээд байна.
ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн байсан ч гол асуудлаа амжаагүй байтал ЗХУ задран, харин ч хилийн маргаантай Дундад Азийн улс орнууд улам нэмэгдэв. 1960-аад оны дунд үес эхлэлтэй ч ЗХУ-ын эрин үед намжмал байдалтай байсан хилийн маргаан нэмэгдэж улмаар хил залгаа оршдог БНХАУ-тай хамтарч бүс нутгийн санал зөрөлдөөнтэй асуудлаа шийдэхийн тулд 1996 оны дөрөвдүгээр сард БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистаны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар эдгээр улс орнуудын хилийн бүсэд цэргийн салбарийн харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах хамтийн ажиллагааны итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Энэхүү бичиг баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан юм. Харин 2001 онд “Шанхайн тав”-ыг 6 орны гишүүнчлэлтэйгээр ШХАБ байгуулагдснаар уг улс төрийн нэгдэлийн үйл ажиллагааны хүрээ улам өргөжиж, аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалаас гадна худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон түүхтэй.
ШХАБ нь байгуулагдсан цагаасаа хойш бүс нутгийн улс төрийн эв нэгдэл, хамтийн ажиллагааны томоохон платформийн үүрэг гүйцэтгэх зорилготой бусад хөрш зэргэлдээ улс орнуудтой олон улсын байгууллагын хүрээний харилцааг өргөжүүлж гишүүнчлэлээ нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
2004 онд анхны ажиглагч улсаар Монгол Улс элсэж байсан бол харин 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Азийн нөлөө бүхий Энэтхэг, Пакистан улс бүрэн эрхт гишүүнээр элссэн байна.
ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс: БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан
Ажиглагч улс: Монгол, Афганистан, Беларусь, Иран
Яриа хэлэлцээний түнш улс: Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри-Ланк
Зочин оролцогчид: АСЕАН, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Туркменистан гэсэн статустайгаар ШХАБ-ын үйл ажилагаанд оролцдог юм.
Одоогийн байдлаар Египет, Сири улс мөн ажиглагчийн статус авах хүсэлтээ хүргүүлсэн бол Израиль, Вьетнам, Мальдив, Ирак, Украин улс яриа хэлэлцээний түнш болохоор хүсэлт тавиад байна. Саудын Араб, Бахрейн, Катар улс мөн ШХАБ-д элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
ШХАБ-д оролцогч улсууд нь дэлхий хүн амын 43%, дэлхийн дотоодийн нийт бүтээгдэхүүний 20%-г бүрдүүлдэг маш том эдийн засгийн интеграци болоод байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнгийн талаар нэгэн жишээг дурдахад 2001 онд ШХАБ-ын гишүүн орнуудын худалдааны нийт эргэлт 672 тэрбум ам.доллар байсан бол 2020 он 112 их наяд ам.доллар болтлоо өсжээ. Мөн хөрөнгө оруулалтийн хувьд ч гэсэн томоохон амжилттай төслүүд энэ хүрээнд хэрэгжиж зөвхөн БНХАУ-ын зүгээс ШХАБ-ын гишүүн орнуудад оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтийн хэмжээ 35.1 тэрбум ам.доллар болоод байгаа нь 2003 онд 101 сая ам.доллар байсантай харьцуулахад 348 дахин өссөн үзүүлэлт юм.
ШХАБ- Монгол Улс
2001 онд ШХАБ-ыг үүсгэн байгуулсан дээд хэмжээний уулзалтын үед БНХАУ-ын ГХЯ-ны сайд Тан Жяшуань хэвлэлд өгсөн ярилцлагадаа шинэ байгуулагдаж буй ШХАБ-ыг бүс нутгийн бусад орнууд сонирхож эхлэсэн бөгөөд жишээ нь Монгол Улс гэж онцлон нэрлэсэн нь ШХАБ ба Монгол улсын харилцааны эхлэл байж болох талтай.
Тухайн үед ОХУ, БНХАУ-ын зүгээс Монгол Улсад Төв Азид оршдог улсын хувьд ШХАБ-д элсэх санал тавьж үүний хүрээнд манай улсын Гадаад Харилцааны Яам 2001 оноос гурван жил судалгаа хийж, тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжинд ажиглагчаар оролцох улстөрийн шийдвэр гаргаж, 2004 онд Узбекистанд болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын ГХ-ын сайд Л.Эрдэнэчулуун оролцон уг дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсад ажиглагч статус олгохыг зөвшөөрчээ.
Өнгөрсөн хугацаанд манай улс ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Засгийн газрын тэргүүн нарын уулзалт, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцсоор ирсэн юм. 2007 оны дөрөвдүгээр сард ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев Монгол Улсад айлчлал хийж хоёр талын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр орүүлж байжээ.
2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны нэн ашигтай талбар мөн” гэж онцолсон нь гурван улсын эдийн засгийн коридор байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн ач холбогдолыг чухалчилсан бололтой.
Манай улсын ШХАБ дахь статусыг нэмэгдүүлж жинхэнэ гишүүнээр элсэх болон оролцоог өргөжүүлэх тухай асуудал сүүлийн хэдэн жил манай улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн, улс төр судлаачдийн хүрээнд албан бус байдлаар олон удаа яригдаж цөөнгүй хэлэлцүүлэг нийгэм дээр өрнөсөөр ирлээ. Харин энэ бүхэнд хариулт болгож 2020 онд ШХАБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнчлэлийн асуудлаарх энэ бүх эргэлзээг нэг мөр тайлж өгсөн юм. Тэрбээр онцлон тэмдэглэхдээ “Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна” гэв. Ингэснээр гишүүнчлэлтэй холбоотой манай улсын байр суурь тов тодорхой болж ирсэн юм.
(https://www.montsame.mn/mn/read/243850)
2019 оны 6 дугаар сард баталсан Бишкекийн тунхаглалд ажиглагч орнуудыг эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарын үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах нь зүйтэй гэдгийг дурдсанаас гадна ажиглагч улсууд, яриа хэлэлцээний түнш орнууд ба ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зургийг баталсан нь Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж байна.
Яг энэ өдрүүдэд буюу есдүгээр сарын 16-18-нд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан оролцож байгаа билээ.
Хэдийгээр Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн биш ч гэсэн энэхүү бүс нутгийн улс төр, эдийн засгийн нэгдлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнд тус байгууллагын гишүүн аль ч улс оронтой бид хамтран ажиллах эрх нь нээлттэй юм. Ялангуяа ШХАБ дахь эдийн засгийн нийт оролцооны дийлэнх хувийг бүрдүүлж буй Орос, БНХАУ-тай эдийн засгийн талаар улам нягт, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь маш чухал юм.
Сэтгэгдэл ( 0 )