Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын байр суурийн асуудлаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Хуягбаатартай ярилцлаа
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалт Душанбе хотноо саяхан болж өндөрлөлөө. Уулзалтад улс орнууд ямар байр суурьтай оролцож, ямар асуудлыг хэлэлцэв?
-ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 17-ны өдөр Тажикистан улсын нийслэл Душанбе хотод биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. АНУ Афганистанаас цэргээ гаргаж, АНУ-ын тус бүс нутагт гүйцэтгэх үүрэг буурсан, бүс нутгийн аюулгүй байдалд бодит асуудал тулгарсан үед уг дээд хэмжээний уулзалт болсноороо онцлогтой.
Дээд хэмжээний уулзалтаар Афганистаны нөхцөл байдал, дэлхий дахинд үзүүлж буй үр дагавар, нөлөөг голчлон хэлэлцсэнээс гадна Иран улсыг ШХАБ-ын байнгын гишүүнээр элсүүллээ. Афганистан улс ШХАБ-ын ажиглагчийн статустай боловч Талибанчууд эрх мэдлийг булаан авсны улмаас Душанбед уригдаагүй. ШХАБ-ын хуралдаанаар оролцогч улсууд Афганистаны талаар хэд хэдэн байр суурь дээр санал нэгдсэн. Тодруулбал, Афганистанд тайван, тогтвортой байдлыг бий болгоход бүс нутгийн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний дайн үүсгэхгүй байх, дүрвэгчдийг олноор нь нүүлгэхгүй байх тал дээр хамтран ажиллах, тус улсыг эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаар санал нэгдсэн. Афганистаны өмнөх Засгийн газар гадаадын зээл тусламжаас ихээхэн хамааралтай байсан. Бусад улсуудаас ирэх зээл тусламж зогссоноор тус улс эдийн засгийн уналтад орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Афганистанд үлдсэн хүмүүсийн гуравны нэг орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд орж, таваас доош насны хүүхдүүдийн тал орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд ороод байгааг НҮБ-аас мэдээлэх боллоо. Түүнчлэн Талибаны эрх баригчдыг Афганистаны тогтвортой байдлыг хангах үүднээс бүх үндэстний төлөөллийг оролцуулсан улс төрийн хүртээмжтэй бүтэцтэй байх амлалтаа биелүүлэх ёстой гэж хуралдаан даргалагч орны зүгээс үзэж, энэ байр суурь дээр Пакистаныг илүү идэвхтэй оролцоотой байхыг уриалсан. Талибан хөдөлгөөнийг албан ёсны Засгийн газрыг төлөөлөх чадамжтай эсэх, хүлээн зөвшөөрөх асуудлаар ШХАБ-ын гишүүн орнууд нэгдсэн байр суурьтай байх талаар мөн асуудал яригдсан.
-Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар Иран улсыг байнгын гишүүнээр элсүүлсэн нь анхаарал татлаа. Иран улс ШХАБ-д элссэнээр бүс нутгийн орнуудад ямар өөрчлөлтүүд гарах бол. Иран улсдаа ямар ашигтай байх вэ?
-Тегеран ШХАБ-д бүрэн гишүүнээр элсэх хүсэлтээ 2008 онд гаргасан. Гэсэн ч тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудалд НҮБ, АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний улмаас өнөөг хүртэл элсэх хүсэлт, санал удааширсан юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Иран улс албан ёсоор элссэн нь Иранд олон талын ашиг тустай, олон шинэ арга замыг бий болгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөрш орнууд болон Ази руу чиглэсэн гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаанд шинэ, шинэ өөрчлөлтүүд бий болно. Үүнд, бүс нутгийн аюулгүй байдал, харилцаанд ахиц гарахаас гадна эдийн засгийн чиглэлээр ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж нээгдэж байна гэж үзэж байна. Иран улс нь Евразийн бүс нутгийн дэд бүтцийн төслүүдийн холбоос болдог улс. Тэгэхээр ШХАБ-ын гишүүн болсноороо Еврази даяар эдийн засаг, худалдааны замд нэгдэх боломжтой болно. Ази тивийн асар том зах зээлд нэвтрэх боломжтой. Иран газрын тос, бусад бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, улсын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай технологийн шинэчлэлт хийгдэх боломж бүрдэнэ гэж бодож байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси “...Иран улс ШХАБ-д элссэн явдал нь Хятад улсаас хэрэгжүүлж буй "Нэг бүс-нэг зам" санаачилгад тус улсыг нэгдэх явцыг түргэсгэж байгаад баяртай байна..” гэж хэлсэн нь Хятад улсын оролцоо өндөр байсныг илтгэж байна. Нөгөөтэйгүүр Афганистаны тогтвортой байдал, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Иран улсын үүрэг оролцоо чухал байгаагаас ШХАБ-ын байнгын гишүүн орноор элсүүлэх явдлыг түргэтгэсэн байх боломжтой.
-Монгол Улсын хувьд ШХАБ-ын уулзалтад ямар байр суурьтай оролцов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд Чиндаод болсон дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байна, ингэхдээ зохих хэлэлцүүлгийг бүх шатанд эхлүүлсэн талаар мэдэгдэл хийсэн. Монгол Улс гадаад бодлогын тогтвортой байр суурьтай орон гэдгээ батлан харуулах шаардлага үүсэн бий болсон үед Душанбен дээд хэмжээний уулзалтад ямар байр суурьтай оролцох нь анхаарал татаж байлаа. Душанбед болсон 21 дэх дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар үг хэлсэн нь идэвхтэй ажиглагчийн статусыг харуулсан үйл явдал гэж дүгнэж байна.
-Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статусаа шат ахиулан оролцох боломжийн талаар 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Чиндаод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэж байжээ. Тэгвэл одоогийн манай улс төрийн нөхцөлд асуудалд яаж хандах бол. Монгол Улс 2006 оноос хойш дандаа ажиглагч улс л байлаа. Оролцооны хувьд ч тэр ШХАБ-ын гишүүн улс болчихвол давуу тал ихтэй юу?
-Давуу талууд бий. АНУ Афганистанаас цэргээ гаргаснаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах гол чиг үүргийг БНХАУ хэрэгжүүлэх талаар судлаачид хэлэх болсон. Тэгэхээр Монгол Улс геополитикийн хувьд өөрийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. ШХАБ-ын хүрээнд хэрэгжих хамтын ажиллагааны төслүүдэд оролцсоноор эдийн засгийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах бололцоо нэмэгдэнэ. Жишээлбэл, “Нэг бүс-нэг зам” бодлогын хүрээнд эдийн засгийн коридорын тоог нэмэгдүүлэх боломжтой. Улмаар бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын нэр хүнд өснө. ШХАБ-ын гишүүн орнуудын хэрэгжүүлж буй шинэ техник технологийн хөгжлийг ялангуяа хил гаалийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг авч хэрэгжүүлснээр бараа эргэлтийн хурд нэмэгдэнэ. Бүс нутгийн дэд бүтцэд холбогдож тээврийн зардал, бусад улсад тохиолддог хүндрэл чирэгдэл багасна. Төв Азийн орнуудтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрэх талтай юм. Терроризмийн аюулаас урьдчилан сэргийлэх, терроризмтэй тэмцэх ажил эрчимжинэ гэх мэт сайн талууд байж болох юм.
-Тэгвэл ШХАБ-д гишүүнээр элсвэл Монгол Улсад ямар сул тал үүсэж болзошгүй вэ?
-ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын хөгжлийн зөрүүтэй байдлаас үүдэн тус байгууллага төлөвшихөд цаг хугацаа шаардлагатай байгаа явдал нь анхаарах асуудал. Түүнчлэн шинээр гишүүн болсон орон өмнө нь байгуулсан олон талт хэлэлцээрүүдэд заавал нэгдэн орох үүрэг хүлээдэг. Энэ тухай 100 орчим гэрээ хэлэлцээр байгаа хэдий ч манай улсын зүгээс бүрэн судалсан зүйл байхгүй нь харамсалтай. Цаашлаад ШХАБ-д гишүүнээр элсвэл гуравдагч хөршийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд сорилт тулгарна. Эдийн засгийн болон бусад хамтын ажиллагаа нь гол төлөв гишүүн орнуудтай идэвхжих хандлагатай байж болзошгүй.
-Монгол Улс ШХАБ-ын гишүүн орноор элсэх асуудалд давуу ч тал байна, сул ч тал байна. Ер нь цаашдаа аль талыг нь барьж, ахисан түвшинд ШХАБ-тай харилцаагаа яаж сайжруулах нь зүйтэй юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд манай улс ШХАБ-ын зарим арга хэмжээнд оролцож, өөрийн нутагтаа зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой санаачилгууд дэвшүүлж ирсэн ч ажиглагчийн статусаа хэт хадгалж тус байгууллагын үйл ажиллагаанд төдийлөн идэвхтэй оролцож чадахгүй байна. Үүнээс дүгнэхэд, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас гадна, салбарын сайд нарын уулзалт, ШХАБ-ын хүрээнд зохиогдож буй бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын үүрэг оролцоог эрчимтэй нэмэгдүүлэх, цаашид манай улсын байр суурь хэр байхыг тодорхой болгох шаардлагатай юм.
Хамгийн чухал нь ШХАБ-ын үйл ажиллагаа, өнөө болон хэтийн төлвийн талаар мэдээ, мэдээлэлтэй байх үүднээс эрх зүйн, геополитикийн, эдийн засгийн, терроризмийн чиглэлээр судалгааны нэгж байгуулж ШХАБ-д элсэх, эс элсэх асуудлаар дотооддоо нэгдмэл ойлголттой болох шаардлагатай байна.
-Ер нь ШХАБ-ын орнуудын улс төр, олон улсын харилцаанд 2020 оноос хойш ямар онцлох өөрчлөлтүүд гарав?
-2020 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар боловсруулж гаргасан “Москвагийн тунхаглал” нь цаашид ШХАБ-ын анхаарч, ач холбогдол өгөх гол асуудлуудыг тусгасан чухал баримт бичиг болсон. Гишүүн орнууд олон улсын тавцанд гадаад бодлогын уялдаа холбоогоо бэхжүүлэх, дэлхий дахины тогтвортой байдал, зэвсгийн хяналтыг зохицуулж буй одоо байгаа механизмыг хадгалахыг дэмжиж, олон улсын терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа тунхаглалд тусгасан байна. Цар тахалтай тэмцэх, хор хөнөөлийг бууруулах нь ойрын ирээдүйд ШХАБ-ын гишүүн улсуудын анхаарал хандуулах гол сэдвүүдийн нэг байсаар байна. Одоогийн байдлаар ШХАБ-ын орнууд ковид-19 халдварын тархалтыг хохирол багатай даван туулахын тулд мэдээлэл, эмчилгээний практик, эм тариа солилцох системийг байгуулан ажиллахаар санал нэгдсэн. ШХАБ-ын орнууд коронавирусний тархалтын эсрэг өөр хоорондоо туслалцаа, дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд одоо ч үргэлжилж байна.
-ШХАБ-ын гишүүн орнууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-ШХАБ-ын гишүүд Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, дүрэмд үндэслэн нээлттэй, ил тод, шударга, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй олон талт худалдааны системийг тууштай дэмжихээ илэрхийлсэн. Олон талт худалдааны системийг алдагдуулж, дэлхийн эдийн засагт заналхийлж буй нэг талын протекционист хандлагыг шүүмжилдэг. Сүүлд Пакистаны дэвшүүлсэн Ядууралтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулах санаачилгыг дэмжиж байгаа. Түүнчлэн худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, гааль, харилцаа холбоо, мэдээллийн технологи, инноваци болон бусад салбар дахь хамтын ажиллагааг цаашид нээлттэй, хүртээмжтэй, шинэлэг, ногоон, хөгжил, тогтвортой байдлын төлөө өргөжүүлэх нь чухлыг ШХАБ-ын гишүүд онцлоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )