-Засгийн газар хүүхдийн мөнгийг танаж эдийн засгаа сэргээнэ-
Монголын олон айл өрх маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзэн аж төрж байгаа. Нийт өрхүүдийн бараг тэн хагас хэзээ ирэхийг нь мэдэхгүй, магадгүй хэзээ ч ирэхгүй хангалуун амьдралаас илүү өнөөдөр олгогдож буй тэтгэвэр тэтгэмжээр амьжиргаагаа залгуулдаг. Тэдгээр тэтгэмжүүд дундаас хүүхдийн 100 мянга амьдралд нь овоо дэм болоод удаж байна.
Цар тахлын үед байдал бүр дордсон бөгөөд энэ тэтгэмжийн нөлөө нэмэгдсэн. Тоймтой тоо дурдвал, Монгол Улс нийт 900 мянга гаруй айл өрхтэй гэж үзвэл үүний 50 орчим хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээр өрхийн хэрэглээгээ нөхөж ирсэн. Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа. Мөн тооны хүн ямар нэг хүндрэл тохиоход ядуусын эгнээнд элсэх эрсдэлтэй гэдэг судалгаа ч үүнтэй нийцэж буй.
Тэгэхээр өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлд хүүхдийн мөнгө бол маргаашийн өөхтэй зүйрлэшгүй үнэтэй өнөөдөр олдох уургаар баян уушги юм.
УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх сургаар энэ тэтгэмжийн хэмжээг танах асуудал эрчээ авав. Сайхан цагт бол буруу алхам биш. Халамжаас хөдөлмөрт хэмээн зүтгүүлэх шинэчлэл байж мэднэ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын алба хашиж байхдаа хэлснээр бол төрөөс хэрэгжүүлж буй дэмжлэгүүд дундаас цар тахлын үед айл өрх бүрийн үүдээр орсон, хамгийн зөв зүйтэй арга хэмжээгээр хүүхдийн мөнгө тодорсон. Тиймээс хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлэн олгох шийдвэрийг зоригтой гаргаж байлаа. Монголын эдийн засгийн талаар дүн шилжилгээ хийж нийтэлдэг Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч үүний үр нөлөөг сайшааж байлаа. Саяхан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гаргасан бүс нутгийн эдийн засгийн талаарх шинэчилсэн тайландаа Монгол Улс ирэх онд зөв зүйтэй халамжийн бодлогоо үргэлжлүүлэхийг зөвлөсөн нь бий. Монголын төрөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөрүүдийг гэнэт зогсоовол, айл өрхүүдийн өрийн дарамт нэмэгдэж, хүнс тэжээлийн хомсдолд орох зэрэг томоохон эрсдэлүүд дагуулж мэдэх талаар анхааруулсан.
Ийм зөвлөмжүүд хөврөхтэй зэрэгцэн Засгийн газрын гишүүд өөрсдөө хүүхдийн мөнгө хямрал дагуулсан мэт мэдэгдэл хийж, том том мөнгөн дүн зарлаж эхлэв. Нийт 1.2 сая хүүхдэдээ 1.2 их наяд төгрөг тараах нь жижиг эдийн засагтай, төсвийн менежмент сул улсын хувьд эдийн засгийн том дарамт болж ирээд байгаа. Байгаа ч гэж байсаар ирсэн зүйлийг шинэ хувилбараар зарласан. Монголын төр хүүхдийн мөнгө хөтөлбөрийг 2006 онд анх хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайн үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийн сар бүр олгох хэмжээ 3,000 төгрөг байсан бол өдгөө 100 мянган төгрөг болж үржсэн. Ийнхүү нэмэгдүүлснээр өнгөрсөн 2020 онд төсвөөс 800 гаруй тэрбум, 2021 онд 1.2 их наяд төгрөгийг энэхүү тэтгэмжид зарцуулж байгаа. Тэгвэл ирэх 2022 онд 1.4 их наяд төгрөг зарцуулах тооцоо байна. Ингэснээр Засгийн газрын ирэх онд халамжид төсөвлөхөөр төлөвлөж буй гурван их наяд төгрөгийн талыг нь хүүхдүүд авчихаж байгаа аж. Энэ нь төсөөлөл төдий бөгөөд ирэх онд хүүхдийн мөнгөнд энэ хэмжээний хөрөнгө зарцуулахгүй, хүүхдийн мөнгийг 20 мянган болгож танана гэдгийг Сангийн сайд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.
Тэрбээр “Энэ оны тавдугаар сард баталсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20 мянган төгрөг байхаар баталсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө нь хүүхдэд очих халамжаас гадна цар тахлын хүнд үед өрхийн орлогыг дэмжсэн билээ. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянган төгрөг рүү шууд буух нь хэрэглээний шок үүсгэх тул аажмаар шилжих хувилбар судалж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар гаргаж байна. Тухайлбал, хүүхдүүдийг ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулах боломжийг бий болгож, Ирээдүйн өв сангаар баталгаажуулна.Энэ хугацаанд зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 50 хүртэл хувийг нь бэлнээр авдаг болох зэрэг бодлого руу шилжинэ гэж төлөвлөж байгаа. Ирээдүйн өв сангаар баталгаажуулбал, зургаан настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 18 нас хүрэхэд 18-20 сая төгрөгтэй болно” хэмээсэн.
Сайдын энэхүү мэдэгдлээс Засгийн газар юутай ч нүүр тулсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэдэг агуулга харагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр өгөхгүй маргааш. Мөн энэхүү шидэт шийдлээ зөвтгөх тайлбарыг хэдийн бодоод олчихож. Өнөөдөр төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөний 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь шууд авдаг. Шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд буюу архи, согтууруулах ундаа худалдан авдгийг судалж тогтоон гаргаад ирсэн байх юм. Уг нь Монголын төр энэ мэтээр өрх бүрийнхээ үүдээр орж ажиллаж чаддаг бол хүүхдийн мөнгө яг хэнд хэрэгтэй байгааг хэдийн тогтоочих байсан. Үүний сацуу Засгийн газар ирэх онд эдийн засгийг сэргэнэ гэдэгт бат итгэлтэй байгаа бөгөөд төсвийн бодлого түүнийг дэмжихэд чиглэнэ гэсэн. Тиймээс нийт зарлагаа 16 их наядад хүргэхээр тооцсон. Энэ хэрээр хүүхдийн мөнгөний төсөвт эзлэх жин буурах учиртай. Тэгээд ч хүүхдийн мөнгийг танаснаар эдийн засаг сэргэнэ гэдэг өөрөө эргэлзээтэй.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх бүрд Засгийн газрууд хүүхдийн мөнгө дагасан улстөржилттэй тулгардаг. Энэ удаад Сангийн сайдын зүгээс үнэнээ хэлж, асуудлыг алгуур тойрох гэж байгаа нь илт. Өнөөдрийн нөхцөлд ганхаж эхэлсэн Засгийн газрын тогтож үлдэх арга нь хүүхдийн мөнгө болтлоо байдал хурцдаж мэдэхээр байна. Тиймээс хүүхдийн мөнгөний 80 хувийн хуримтлуулна гэх аргыг сэдэж, олон нийтийг тайвшруулах арга сүвэгчилж байгаа бололтой. Гэхдээ Монгол Улс хүүхдүүддээ сар бүр хэдэн төгрөгийн тэтгэмж өгөх талаар эцсийн шийдвэрийг УИХ гаргах бөгөөд хэлэлцэх үед хүүхдийн мөнгө дагасан улстөржилт улаан цагаандаа гарах нь ойлгомжтой. Уг нь олон жилийн турш үргэлжилсэн энэ маргааныг “Хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно” гэж хуульчлах замаар нэг мөр шийдчихсэн байсан юм. Үүнийг энэ удаагийн Засгийн газар сэдрээчихлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )