Д.Гантөмөр: Монголд жуулчид ирсэн ч аялах нөхцөл байхгүй

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

КОВИД-19 цар тахлын дэгдэлт нэмэгдэж, хөл хорионоос болж, Монголын эдийн засаг том цохилтод өртөөд буй. Тэр дундаа аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод байгаа билээ. Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа.


-Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын аялал жуулчлал зогсонги байдалд орсон. Аялал жуулчлалын салбар хэр хэмжээний хохирол амссан бэ?

-Аялал жуулчлалын салбарын алдагдлыг шууд утгаар тодорхойлох боломжгүй. Ерөнхийдөө бол төрөл бүрийн алдагдал хүлээсэн. Зөвхөн манай улс ч гэлтгүй дэлхий даяар аялал жуулчлалын салбар нөхөж баршгүй алдагдал хүлээлээ. Дэлхий даяар ойролцоогоор нийт дөрвөн их наяд ам.доллар алдсан гэдэг тойм мэдээлэл бий. Энэ бол зөвхөн эдийн засгийн алдагдал юм. Эдийн засгийн алдагдлаас гадна хүний нөөц талаасаа маш хор хохирол амссан.

-Хүний нөөцийн алдагдалтай байгаа талаар сая дурдлаа. Манай улсад аялал жуулчлалын салбарт ажилладаг хэчнээн хүн байдаг вэ?

-Манай улсын аялал жуулчлалын салбар 83 мянган хүний нөөцтэй гэдгийг Номадик трэйлс компаниас судалгаа хийн танилцуулсан юм. Одоо бол энэ тоо буурсан. Салбарын ажиллагсад өнөөдрийг хүртэл хоёр жилийн турш ажилгүй байснаас үүдэж өөр салбарт шилжсэнээр хүний нөөцийн хомсдол бий болоод байна. Хоёроос гурван жил зогсонги байдалд байгаа салбарт хэн үлдэх вэ дээ. Ар гэрээ тэжээж, амьдралаа бодохын тулд ажиллах хэрэгтэй. Ажиллаж буй байгууллагууд нь цалингаа тавьж өгөхгүй бол хэн ажиллах юм бэ. Өмнө дурдсан 83 мянган хүнд нийт 884 тэрбум төгрөгийн цалин ногддог. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөний эргэлт аялал жуулчлалын салбарт байхгүй болсон гэсэн үг.

-Гадаадын улс орнууд КОВИД-19 цар тахалтай зэрэгцэн амьдрахаар шийдээд үүд хаалгаа жуулчдад нээж эхэлсэн. Манай улсын хувьд хилээ нээх тал дээр хоёрдмол байр суурьтай байгаа. Салбарын төлөөллийн хувьд хилээ нээх эсэх дээр ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсыг хилээ нээсэн хэмээн бодож буй хүн олон байх шиг байна. Гэвч тусгай албаныхан, оюутан, сурагчид, яаралтай эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүд, дипломат алба гэсэн тодорхой хүрээнд л зорчих эрх нээгдсэн байгаа. Цаана нь хүн бүр чөлөөтэй зорчих эрхээ эдлэхийн тулд Монгол Улс хилээ нээгээсэй гэсэн хүсэлтэй байна. Хөл хорионоос үүдэлтэйгээр эдийн засгийн бүхий л эргэлтүүд зогссон. Нөхцөл байдал хилийн хяналтаа чангаруулахаас эхлээд бүх талаараа хорио цээрийн дэглэм шаардаж байгаа. Мөн хилээ нээх эсэх нь дан ганц манайхаас хамаарахгүй. Тухайлбал, МИАТ компани онгоцоо Солонгос улс руу нисгэлээ гэж бодъё. Гэтэл Солонгос улс нь тухайн онгоцыг хүлээж авахгүй бол яах вэ. Тухайн улс манай улсын иргэдийг ямар нөхцөлөөр хүлээж авах вэ гэдэг зүйл яригдана. Харин эсрэгээрээ манай улс гаднын жуулчдыг ямар нөхцөл тавьж хүлээн авах вэ гэх мэт асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг зүйл нь ганц улсын шийдэх зүйл биш. 

-Яг өнөөдөр Манай улс хилээ нээлээ гэж бодоход гаднын жуулчдыг хүлээн авахад бэлэн байна уу. Нөгөө талаас гаднын жуулчид Монголыг аялахад тохиромжтой улс хэмээн үзэж байна уу?

-Бидний хамгийн гол асуудал бол аялал жуулчлалын нэгйдсэн стандарт. Манай аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудад жуулчин хүлээж авах ямар нэгэн стандарт байгаа юу гэдэг өөрөө эргэлзээтэй. Ялангуяа цар тахлын үед. Өнөөдрийн нөхцөлд сургууль, цэцэрлэгээ хичээллүүлж чадахгүй байхад гаднаас жуулчин авна гэдэг бараг л боломжгүй мэт зүйл болоод байна. Тухайн жуулчныг авч ирлээ гэж бодоход хаагуур аялуулах юм бэ. Магадгүй, Улаанбаатар, Хархорин, Дундговь зэрэг газруудыг ногоон бүс гэж зарлаад, тэр газруудаар долоо хоногийн аяллын маршрут зохиогоод явж болно. Ядаж ийм зэргийн маршруттай байх зохицуулалт хэрэгтэй. Тийм зохицуулалт байж гэмээн жуулчдыг аялуулах боломжтой. Гэтэл өнөөдөр бүхий л аймаг, сумдад КОВИД-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэн. Ногоон бүс гэж байхгүй. Зүгээр л хил нээгээд болчихдог зүйл биш байгаа биз дээ.

-Энэ жил гаднын хэчнээн иргэн жуулчны визээр Монголд орж ирсэн бэ?

-Аялал жуулчлалын зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй байгаа ч өнгөрсөн зун 60 орчим хүн аялал жуулчлалын ангиллын визээр ирсэн. Эдгээр хүмүүс цэвэр жуулчид байсан.

-Монгол Улс Аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд ямар бодлого барьж ажиллах шаардлагатай байна вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсыг сурталчлах маркетингийн бодлого хэрэгтэй. Цар тахалтай холбоотойгоор бидэнд цоо шинэ маркетингийн бодлого хэрэгтэй байна. Халдварт өвчний тархалтгүй байсан үеийн маркетингийн бодлого энэ цаг үед тохирохгүй шүү дээ. Хоёрдугаарт, аялагчид ямар улс руу зорчих вэ гэдгийг шийдсэн ч агаарын тээврийн зохицуулалт нь байхгүй учраас асуудал үүссэн. Тэгэхээр аялал жуучлалын гол гүүр болсон агаарын тээврийн салбар  дорвитойхон шийдэл хэрэгтэй байна. Гуравдугаарт, хүний нөөцийн асуудал. Өмнө хэлсэнчлэн энэ салбарт 83 мянга гаруй хүний нөөцтэй байсан. Аялал жуулчлал бол хүний мэдлэг, чадвар, олон жилийн туршлагад суурилж үйл ажиллагаагаа явуулдаг салбар юм. Цаашдаа нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож бизнесээ үргэлжлүүлэх, юуг зайлшгүй анхаарах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс юу байгааг ярилцаж, шийдэлд хүрэхийн тулд ажиллаж шаардлагатай байна. Бүх асуудлыг төрд нялзаахгүй. Хувийн хэвшлүүд өөрсдөө шийдэл хайж, дотоод хамтын ажиллагаагаар шийдвэрлэж болох зүйлээ шийдье гэдэг байр суурьтай байгаа. Сүүлийн үед цар тахлын дараах сэргэлт гэдэг зүйлийг ярьж байна. Аялал жуулчлалын салбарын хувьд сэргэлтийн үйл ажиллагааг системтэйгээр хийх хэрэгтэй. Тухайлбал, хүний нөөцөө хэрхэн авч үлдэх вэ, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэг болж байгаа, хаанаас нь эхэлж нээх, ямар маягаар үйл ажиллагаагаа явуулах зэрэг системтэйгээр хөтөлбөржүүлэх шаардлага байгаа юм. Ингэхдээ хувийн хэвшлүүд өөрсдөө тулгарч буй бэрхшээлүүдээ нэгтгэх замаар томоохон шийдлээ дэвшүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хувийн хэвшлүүд нэгдсэн шийдлээ гаргасан тохиолдолд төрийн бодлого зөв зүг рүү явах байх.'

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Н.Анужин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодох л бодол(103.57.94.141) 2021 оны 10 сарын 01

Энэ хүн яг үнэн юм хэллээ. Аялал жуучлалаас мөнгө олно л гээд байхаас биш Манай маршруут ямар гэдгийг огтоос ярьдаггүй. Жуулчны баазууд нь орчны тохижилт гэж ярих юм байхгүй Адаглаад биен тамирын талбай, аятайхан суучих газаргүй баазууд олоон

0  |  0
zochin(122.201.23.226) 2021 оны 10 сарын 01

yadahnaa Darkhani zamaa duusgachihaad juulchidin tuhai yarimaar bnaa

0  |  0
Бат(202.9.46.247) 2021 оны 10 сарын 01

Бидний хүнд хүрч үйлчлэх соел дутна хулгай ч нар хармаа суйлана чухамдаа одоохондоо Монголд яах гэж ирнэ гэж

0  |  0
сэржээ(172.69.45.134) 2021 оны 10 сарын 01

манай жуулчны компаниуд сэтгэл сэтгэлгээ маш муу яваад очино гэр гэж навсайсан юм орход маш мухай үнэртэй хэдэн яайжгий модон ор ширээ хоол авах юм байхгүй шал худлаа европ нэртэй хоол оо халуун ус эд бараг бйхгүй

0  |  1
зочин (162.158.178.182) 2021 оны 10 сарын 01

тногоон бүсээ нээх талаар асуудал хариуцсан та нар л ажлаа сайн хийгээч монголд аялах нөхцөлгүй юм бол аялал жуулчлал хариуцсан гэж суугаад яахын болдоо

0  |  0
.(192.82.80.94) 2021 оны 10 сарын 01

ha

1  |  0
Top