БНХАУ -ын эх газрын 31 мужийн 16-д цахилгаан тасалдаад байгаа ажээ. Хятадад үйлдвэрийн цахилгааныг хязгаарлах тохиолдол байдаг ч өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн айл өрхүүдээ цахилгаанаар хангаж чадахгүйд хүрээд байгаа ажээ. Тус улсын эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг болох Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн сард Гуандун, Жянсу, Юньнан, Фужян, Шаанси, Гуанси, Нинсиа, Цинхай, Шинжаан гэсэн есөн мужийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоосон, дахин 10 мужийн эрчим хүчний хэрэглээний түвшинг бууруулах зорилт тавиад байгаа тухайгаа онцолжээ. Жилийн өмнө Ши Жиньпин дарга 2060 он гэхэд БНХАУ нүүрстөрөгч ялгаруулдаггүй улс болно гэсэн амлалт өгсөн юм. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид 2017 онд НҮБ-ын хоригийн хүрээнд Хойд Солонгосоос нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргасан билээ.
Улмаар Хойд Солонгостой хил залгаа Хятадын Жилин, Ляонин болон ойролцоох Хэбэй, Хэйлунзян муж нүүрсний хомсдолд орж, шинэ эх үүсвэрүүдээс түүхий эд татах шаардлагатай болсон юм. Мөн Бээжин энэ онд нүүрсний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбоотойгоор зарим бүс нутагт эрчим хүчний хуваарилалт хийх үүрэг өгч, тариф тогтоосон. Ингэснээр Хятадын эрчим хүчний компаниуд ихээхэн алдагдалд орж, түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдлыг хурдан хугацаанд арилгахыг орон нутгийн удирдлагуудаас шаардах болжээ. Тус улсын Төрийн Зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн дэд ерөнхийлөгч асан Лю Шижин “Утааг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хэт хүнд сурталтай хандаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авч байна” гэжээ. Түүхий эдийн ханш тэр тусмаа нүүрсний үнэ огцом өсөөд байгаа билээ. Өнгөрсөн сард л гэхэд 40 орчим хувиар өссөн бөгөөд наймдугаар сарын дундуур нэг тонн нь 780 орчим юань (121 ам.доллар) байсан бол сүүлийн хэдэн долоо хоногт нэг тонн нь 1100 орчим юань болоод байгаа юм. БНХАУ Австралиас нүүрс импортоор авахаа больсон. Хятадад цахилгаан тасалдаж буйг мэргэжилтнүүд нүүрсний хомсдолтой шууд холбон тайлбарлаж байгаа. Үүний нэг баталгаа нь тус улсын Үндэсний эрчим хүчний ерөнхий газраас баруун хойд нутгийн хэд хэдэн мужид нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг шаарджээ. Цахилгааны хязгаарлалт тогтоосноор ихээхэн хор уршиг дагуулжээ. Тухайлбал, Ляонинд үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийнд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн хийн зуух ашиглан өрөөгөө дулаацуулах гэсний улмаас хордсон хүмүүс ч олон байгаа аж. Хятадын цахилгаан сүлжээний улсын томоохон компани ойрын өдрүүдэд эрчим хүчний хангамжийг сэргээнэ гэдгээ амлаад байна. Гэхдээ байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. Цахилгааны тасалдлын улмаас олон үйлдвэрүүд тэр дундаа “Tesla” , “Apple” компанид эд анги нийлүүлдэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ.
“Apple” компанид плат нийлүүлдэг компаниудын нэг болох “Unimicron Technology Corp” компани есдүгээр сарын 26-30-ныг дуустал таван өдрийн турш гурван үйлдвэрээ зогсоосон байна.Үүнээс гадна БНХАУ-ын эрчим хүчний хямрал бусад түүхий эдийн ханшид нөлөөлж байна. Тухайлбал, никель, цагаан тугалганы үнэ огцом буурчээ. Лондоны Металлын биржид никелийн үнэ 2.3 хувиар буурч, тонн нь 18 мянга 946 ам.доллар болоод байна. Харин цагаан тугалганы үнэ өнгөрсөн долоо хоногийн дээд түвшнөөс 3.9 хувиар буурч, тонн нь 35 мянга 100 ам.доллар болжээ. БНХАУ-ын томоохон үйлдвэрүүдийн цахилгааныг хязгаарлаад байгаа нь түүхий эдийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл бий болоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )